Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01209

 


Ш.Хүрэлчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00208 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 827 дугаар магадлалтай,

Ш.Хүрэлчулууны нэхэмжлэлтэй,

“Эрүүл агаар” ХХК-д холбогдох,

5.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюунчимэг, өмгөөлөгч Г.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Хүрэлчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрүүл агаар ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрладаг Хатан туул сувилалд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх талаар харилцан тохиролцож хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр өөрийн мэдлэг мэргэжил, туршлагын хүрээнд сувиллын газарт эмчилгээ сувиллын үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцож, сувиллын газрын эмчилгээ үйлчилгээг удирдан зохион байгуулан багаа бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн. Хатантуул сувиллын орчин нөхцөл эмчилгээ үйлчилгээний байдал хүндхэн наад захын шаардлага хангахгүй байсан бg  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш сувиллын үйл ажиллагаа хэвийн явагдcан боловч ажиллуулагч талаас гэрээнд заасан хөлсийг өгөхгүй хойшлуулж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцлах тухай бичиг өгсөн. Бид гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлын хөлсөө авъя гэхэд өгөхгүй гэсэн. Хатантуул амралт, сувиллын газарт 2017 оны 6 сард 46 хүн, 7 сард 47 хүн нийт 93 хүн хэвтэн амарсан байна. Амрагчид тус бүр харилцан адилгүй ор хоног хэвтэн амардаг сувилалд ахмад настан 1 хоногт 30.000 төгрөгөөр, энгийн амрагч 1 хоногт 40.000 төгрөгөөр үйлчлүүлдэг. Бид эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн амрагч тус бүрээс хоногт 10.000 төгрөгийг тооцож ажлын хөлс болгон авахаар тохиролцсон тул  93 хүний төлбөрт ногдох 1/3 хувийн төлбөр 5.880.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Эрүүл агаар” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг ахмад настанд амралт сувиллын үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэх үед эмнэлгийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, ажиллагч нь амрагч сувилуулагч нарт стандартад нийцсэн сувиллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх, ажиллуулагч нь ажиллагчид олгох ажлын хөлсийг нэг үйлчлүүлэгчийн үйлчилгээний төлбөрийн 3-ны 1 хувь, сарын эцэст тооцоо нийлж дараа сарын 05-ны дотор саадгүй төлөх гол нөхцөлтэйгээр байгуулсан. Гэрээний үргэлжилсэн хугацааг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгосон гэдэгтэй хариуцагч тал маргахгүй бөгөөд ажил эхлэхдээ нэхэмжлэгч нь өөрийн биеэр байсан, харин нэхэмжлэгч гэрээт ажлыг биечлэн гүйцэтгээгүй, нэхэмжлэлд дурдсан эмч нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, мэргэжлийн диплом, гэрчилгээг ирүүлэхийг удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй.Нэхэмжлэгчид 6, 7 сарын ажлын тайлангаа гарган өгч, тооцоо нийлэхийг шаардсан боловч тайлан гаргаж өгөөгүй, тооцоо нийлээгүй. Нэгэнт гэрээний 2.1.6-д заасан тооцоо нийлж ажлыг хөлсийг олгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчид тооцоо нийлсний дараа ажлын хөлс хэдэн төгрөг олгох асуудлыг шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч өөрийн гаргасан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд олгох хөлсийг тооцож үзэхэд 2017 оны 5 сард 1.710.000 төгрөг, 6 сард 1.910.000 төгрөг, 7 сард 1.280.000 төгрөг, нийт 4.900.000 төгрөгийн хөлс олгохоор байна. Үүнээс төлсөн 2.880.000 төгрөгийг хасч одоо 2.020.000 төгрөгийг төлөхөөр байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00208 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хариуцагч Эрүүл агаар ХХК-аас 5,320,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Хүрэлчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ш.Хүрэлчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 100,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Хүрэлчулуунд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 827 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.30-ний өдрийн 182/ШШ2018/00208 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.02-ны өдрийн 827 дугаартай магадлалтай иргэний хэрэгт дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Хариуцагчийн Хатан туул амралт, сувилалд ирсэн үйлчлүүлэгч нар амралт болон сувиллын үйлчилгээг дангаар болон хавсарч авдаг. Нэхэмжлэгч тал иргэний хууль болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу зөвхөн эмнэлгийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэхээр тохирсон бөгөөд ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн байдлыг үйлчлүүлэгч нарт үзлэг хийж нээсэн сувилуулагчийн түүх, бариа заслын эмчилгээний картыг үндэслэн хэнд, хэдэн удаагийн үйлчилгээ үзүүлснээр тооцох ёстой гэж марган үүнийг нотлохоор нэхэмжлэгчийн хөтөлж үйлдсэн баримтыг үндэслэн тооцож зарим хэсгийн эс зөвшөөрч байгаа нь нотлох баримтаар авагдсан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж 3.300.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ш.Хүрэлчулуун нь хариуцагч “Эрүүл агаар” ХХК-с 5.880.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа 2017 оны 6, 7 дугаар сарын ажлын хөлс гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч “...ажлын хөлсийг амрагчдын сувиллын үйлчилгээ авсан өдрөөр тооцох ёстой...” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч эмнэлгийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсийг нэг үйлчлүүлэгчийн үйлчилгээний төлбөрийн гуравны 1 хувиар тооцон төлөхөөр харилцан тохиролцсон ба талууд  мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан, энэ хүртэл хугацаанд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн нь тогтоогдсон, ажилласан хугацааны талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 7, 8 дугаар сарын хөлс төлсөн эсэх, хөлсийг хэрхэн тооцох эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч нь “Эрүүл агаар” ХХК-ийн Хатан туул сувиллын амрагч, сувилуулагч нарт сувиллын үйлчилгээ үзүүлэх, хариуцагч түүнд хөлс өгөхөөр тохиролцсон тул зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т нийцжээ.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хөлсөөр ажиллах гэрээний 2.1.6-д “ажиллуулагчид олгох ажлын хөлс нь нэг үйлчлүүлэгчийн үйлчилгээний төлбөрийн 3-ний 1 хувь байна” гэж заасан, нэхэмжлэгч  “...амрагчийн нэг хоногийн төлбөр 30.000 төгрөг тул ажлын хөлс 10.000 төгрөг” гэж тодорхойлон, хөлсний хэмжээг 6 дугаар сард 46, 7 дугаар сард 47 нийт 93 хүн амарсан гэж тооцож нэхэмжилжээ.

Эрүүл агаар ХХК-ийн сувилалд 2017 оны 6 дугаар сард 39, 7 дугаар сард 44 амрагчид амралт, сувиллын үйлчилгээ үйлчилгээ үзүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган, нэхэмжлэлээс 5.320.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00208 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 827 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 67.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ