Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 130

 

        О.Б-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Нямсүрэн,

            шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч А.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1251 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.Б-д холбогдох 1711008620221 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн О-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо, ...-ийн .. дүгээр байрны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .... дүүргийн .. дугаар хороо, ..... 18-.... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ....../;

О.Б нь 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62-715 тоотод оршин суух О.Х-ын гэрийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 55 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Б-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Б-д холбогдох эрүүгийн 1706015500226 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №1706 дугаартай захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэжээ. Нөгөө талаар өөр өөр шүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хэд, хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд, хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсч, түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх, түүнчлэн цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад ял нэмж нэгтэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч О.Б-д холбогдох дээрх хэргүүдийг зайлшгүй нэгтгүүлэн шалгуулахаар эрүүгийн 1711008620221 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Б-д холбогдох хэргийг 1251 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

- О.Б-д холбогдох эрүүгийн 1706015500226 дугаартай хэргийг Баянзүрх дүүрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Чингэлтэй дүүрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн өөр өөр бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад "хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно" гэж заасан хуулийн зохицуулалттай байхад эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэн буцаасан нь үндэслэлгүй байна.

-  О.Б-д холбогдох хэргийг шүүх хүлээн аваад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрээ гаргаад улмаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ", мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна" гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1251 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Б-д холбогдох хэрэгт прокурор хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн хэрэг нь хулгайн гэмт хэрэг байсан. Гэтэл шүүгчийн захирамж, улсын яллагчийн эсэргүүцэлд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж бичсэн байна... Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг нэгтэх боломжтой байхад энэ талаар ажиллагаа хийгдээгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах ажиллагаа огт хийгээгүй. Улсын яллагчийн эсэргүүцэлд “эрх зүйн байдалд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж буцаах нь үндэслэлгүй байна” гэсэн. Хэрэв хэргийг нэгтгэхгүй тус тусад  нь шийдвэрлэвэл хуулийг буруу хэрэглэж, яллагдагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “гэмт хэрэг хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдсан бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.                                              ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх, О.Б-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч О.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 1706015500226 дугаартай хэрэг үүсгэж, Баянзүрх дүүргийн прокурорын газар О.Батжавхланд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1706 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу О.Б-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд ялуудыг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Учир нь, хоёр өөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгээр зохицуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуульд дээрх зохицуулалтыг халсан тул О.Б-д оногдуулах ялуудыг нэгтгэх боломжгүй юм.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн, жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсан.

Харин шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зохицуулаагүй байна.

Иймд О.Б-д холбогдох хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй тул прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.