Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0169

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа,

Нэхэмжлэгч: Г.Н,

Хариуцагч: Эрүүл мэндийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Г.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2021/0601/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Н нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Г.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Г.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Н-г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан сонсох ажиллагааны явцад сонсголын хуудас дээр хүлээн зөвшөөрөхгүй гэж бичсэн хэдий ч дараа нь Төрийн нарийн бичгийн даргатай биеэр уулзахдаа хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын газар руу 2021 оны 01 дүгээр сараас шилжин ажиллаж байгаа болно.

3.2.Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолын даруу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/130, А/135 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны албан хаагчдыг чөлөөлж, томилсон байдаг.

3.3.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нийт албан хаагчдад сонсох ажиллагааг явуулсан бөгөөд тус ажиллагаанд нэхэмжлэгч хамрагдсан болно.

3.4.Нэхэмжлэгч Г.Н нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлэн ажиллуулахыг хүлээн зөвшөөрч биеэр очиж ажиллаж байгаа мөртлөө хүлээн зөвшөөрөөгүй мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч Г.Н-аас “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Г.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагын “урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” хэсгийг “Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, удирдлагын хэлтэст Эрүүл мэндийн даатгалын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч /Ц.Т түр томилогдон ажиллаж буй /-ийн албан тушаалд нэхэмжлэгч Г.Нг томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” гэж тодруулжээ[1].

2.2.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалаар[2] “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан эрүүл мэндийн даатгалын зохицуулалт, хяналт хийх бүтцийг нэгдмэл, оновчтой болгох” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Нг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

2.3.Энэхүү маргаан бүхий А/136 дугаар тушаалыг нэхэмжлэгчээс хууль бус гэж хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хянан үзээд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/642 дугаар албан бичгээр[3] “нэхэмжлэгчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, албан ажлын зайлшгүй шаардлага гараагүй байхад тэдгээртэй харилцан тохиролцож, баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, нийт албан тушаалын орон тоо хасагдаагүй албан тушаалын чиг үүрэг нь хадгалагдсан 26 сул орон тоо байхад албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх журмыг ноцтой зөрчсөн” гэж үзэн  маргаан бүхий А/136 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн яаманд холбогдох албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж ирүүлэхийг хариуцагчид үүрэг болгожээ.

2.4.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”, Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно. гэж тус тус заасан.

2.5.Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулах” журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна”, 2.2-д “Албан ажлын зайлшгүй шаардлага гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх хэсгийн тайлбарт дурдсанаар ойлгоно” гэж тус тус зохицуулжээ.

2.6.Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан.

2.7.Эрүүл мэндийн яамны нэхэмжлэгчийг шинэ албан тушаалд шилжүүлэхээс өмнөх үед мөрдөгдөж байсан бүтэц, чиг үүрэг болон нэхэмжлэгчийг шинэ албан тушаалд шилжүүлсний дараа батлагдсан тус яамны шинэ бүтэц, чиг  үүргийн талаархи хэрэгт авагдсан баримтуудыг[4] харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Г.Н-ийн урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах зохион байгуулагчийн албан тушаалын чиг үүрэг нь шинэ бүтцийн[5] дагуу Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, удирдлагын хэлтэст Эрүүл мэндийн даатгалын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч гэсэн албан тушаал болж хэвээр хадгалагдан үлдсэн, тус яамны шинэ бүтцээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй гэдэг нь тогтоогдов.

2.8.Мөн хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцсон, нэхэмжлэгч өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тогтоогдсонгүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлэн ажиллуулах тушаалын төслийг танилцуулах үед “саналыг зөвшөөрөхгүй, ажиллаж байсан чиг үүрэг Эрүүл мэндийн яамны бүтцэд хэвээрээ байгаа тул цаашид Эрүүл мэндийн яамандаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна” гэсэн саналыг өгсөн гэдэг нь сонсох ажиллагааны тэмдэглэлээс[6] нотлогдож байна.

2.9.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэгж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг шинэ бүтцээр хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулалгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, ийнхүү шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй зэрэг хариуцагчийн үйлдэл нь нь дээр дурдсан хууль, журмын тодорхой заалтуудад нийцээгүй бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн “хуульд зааснаас бусад үндэслэлээр өөр албан тушаалд шилжүүлэн ажиллахгүй байх” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

2.10.Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Г.Нг шилжүүлэн ажиллуулах үндэслэл бүрдээгүй байхад харилцан тохиролцолгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.11.Харин хариуцагчийн “нэхэмжлэгч Г.Н нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлэн ажиллуулахыг хүлээн зөвшөөрч биеэр очиж ажиллаж байгаа мөртлөө хүлээн зөвшөөрөөгүй мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

2.12.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгч Г.Н-г урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хариуцагчаас биелүүлэхэд ойлгомжтой, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх тодруулбал, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх нөхцөл шаардлагад нийцэхгүй байна.

2.13.Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь шинэ бүтцийн дагуу хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаал болох Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, удирдлагын хэлтэст Эрүүл мэндийн даатгалын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч /Ц.Т түр томилогдон ажиллаж буй/-ийн албан тушаалд нэхэмжлэгч Г.Н-г томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалган шийдвэрлэх нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Г.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, удирдлагын хэлтэст Эрүүл мэндийн даатгалын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч /Ц.Т түр томилогдон ажиллаж буй /-ийн албан тушаалд нэхэмжлэгч Г.Н-г томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 2-р хавтас 102-105 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 65 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 74, 78, 79, 213, 231, 2-р хавтас 1, 13 дах тал

[5] Хэргийн 1-р хавтас 231, 2-р хавтас 1 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 246 дахь тал