| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0167/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 187
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Ш.З /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............ овогт .................ын ......................д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000186 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... овогт ............ын ........... /регистрийн дугаар ТК................./, .......... оны .......... дугаар сарын ............-ний өдөр ................аймгийн ..............суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл......, хүүхдийн хамт ............ аймгийн .........сумын ......... дүгээр баг ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 1995 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 90.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ш.З нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Орон сууцны 4 дүгээр байрны 2 тоотод хувийн маргааны улмаас иргэн Б.А-ийн толгойн тус газар нь аягаар цохиж хүний эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.З мэдүүлэхдээ: “А манай талийгаач хоёр дүүгийн минь найз юм. Архи уугаад сууж байхад тэдний талаар яриад байснаас болж маргалдсан. Намайг хоёр удаа цохихоор нь би хохирогчийг зөрүүлээд толгойн тус газар нь аягаар цохисон. Буруугаа хүлээж байна. Хохиролд 96.000 төгрөгийг бэлнээр өгсөн.” гэв.
Эрүүгийн 2018000000186 дугаартай хэргээс:
Хохирогч Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 14 цагийн үед гэртээ ганцаараа нэг 0.5 литрийн архи уучхаад***** ахынд ортол З ах тэр хоёр архи ууж байсан намайг орж суугаад удаагүй байхад***** ах согтоод унтаад өгсөн. З ах бид хоёр үлдсэн архийг нь хувааж ууж байгаад маргалдаж хэрэлдсэн. Би З ахын нас барчихдаг хоёр дүүтэй нь найз байсан юм. Тэр хоёрын тухай ярьж байгаад маргалдсан тэгээд бид хоёр барьцалдаж аваад би З ахыг хоёр хацар руу нь нэг нэг удаа алгадсан тэгээд барьцалдаж байснаа тавилцсан чинь З ах ширээн дээр байсан шинжтэй шилэн аягыг барьж аваад миний дух орчимд цохисон чинь цус гарсан. Тэгэхээр нь би гарч яваад эмнэлэг орсон. Тухайн үед З ах бид хоёр л байсан өөр хүн байгаагүй.***** ах унтаж байсан.” гэх мэдүүлэг[1],
Гэрч ***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 4 дүгээр сарын 3, 21-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...З бид хоёр банкнаас тэтгэврээ авсан. З тэтгэвэр авдаг юм уу халамж авдаг юм уу тэрийг нь мэдэхгүй лав л энэ хоёрын нэгийг авдаг би тэтгэврээ авсан ингээд бид хоёр манайд ороод би 0.75 граммын архи авснаа ууж дуусаад З 0.5 граммын архи авсныг задлаад ууж байтал гаднаас *****орж ирээд Дархан явах гэж байгаа гэж хэлээд архинаас нэг хийж өгөхөд түүнийг уучхаад удаагүй гараад явчихсан. Тэгээд З бид хоёр яриад сууж байсан цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Би тасраад унтчихсан байсан. Сэртэл гэрт хүн байхгүй гал зуухны өрөөнд ширээний хажууд цус болчихсон архины шил хагарчихсан байсан түүнийг цэвэрлэж байтал гаднаас миний дүү***** орж ирээд ***** толгойг З хагалчихсан байна архи уулаа гэж намайг загнаж байгаад явсан тэгээд би З ***** зодож гэж бодсон. З *****маргалдаад толгойг нь аягаар цохиж хагалсан байсан. Би ***** сонссон өөр манай гэрт хүн орж ирээгүй байхаа би тасарсан байсан. Манай гал тогооны өрөөний шалан дээр жижиг жижиг шилний хагархай байсан. Шалан дээр нэлээн цус болсон байдалтай байхаар нь би цэвэрлээд хогоо хаясан. Би хүнтэй маргалдаагүй” гэх мэдүүлэг[2],
Гэрч***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны04 дүгээр сарын 2-ны өдөр үдээс хойш цаг мэдэхгүй байна ойролцоогоор 16 цагийн үед байх би Хонгор сумын эмнэлэгт хэвтэж байсан учир гадаа нарлаад сууж байхад манай найз *****эмнэлэг уруу орсон тэгэхээр нь араас нь ортол танай ах*****ынд архи ууж байхад З намайг аягаар цохичихлоо гэж хэлэхээр нь би ах*****ынд очоод үүдэнд нь зогсоод ахыг яах гэж хүн цуглуулж архидаад байгаа юм ***** З танайд зодсон байна гэж уурлаж байгаад гараад явсан цаашаа өрөөнүүд рүү нь ороогүй үүдэнд зогсож байгаад гарсан. Намайг ороход ах бага зэргийн согтолттой байсан юм. Ах надад юу ч хэлээгүй би загнаж байгаад л гарсан. ***** дух хэсгээс цус гарчихсан сувилагч үзэж байсан өөр ил харагдах гэмтэл харагдаагүй би ахынхаа нэрийг сонсоод гарч явсан юм.” гэх мэдүүлэг[3],
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.Ал-ийн биед духны шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.А-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 313 дугаар шинжээчийн дүгнэлт[4],
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн “...Хэсэг газрын үзлэг: Духны зүүн хэсэгт 2.5 см шархтай.” гэх хуудас[5],
Шүүгдэгч Ш.З урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[6] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ш.З-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.З нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Орон сууцны 4 дүгээр байрны 2 тоотод хувийн маргааны улмаас иргэн Б.А-ийн толгойн тус газар нь аягаар цохиж хүний эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.З нь хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ш.З нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.З-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Б.А-ийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас бусадтай зүй бус харьцсан харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд учирсан духны шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *****холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 96.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З-д нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ш.З-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгч Ш.З-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ш.З-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. овогт ..........-ын .........-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 10-11 тал
[2] Хавтаст хэргийн 15, 16-17 тал
[3] Хавтаст хэргийн 18 тал
[4] Хавтаст хэргийн 24-25 тал
[5] Хавтаст хэргийн 26-27 тал
[6] Хавтаст хэргийн 41-58 тал