| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/00402/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 396
2017 оны 02 сарын 03 өдөр Дугаар 181/ШШ2017/00396 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 5 байр, 61 тоотод оршин суух, Өндөр овогт Гүүнээгийн Дуламсүрэн /РД: ХД82102461/-ийн хүсэлттэй,
“Эн Ар Си” ХХК/РД: 5071224/, түүний гүйцэтгэх захирал Л.Ганхуяг, ерөнхий захирал н.Нарангэрэл нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Дуламсүрэн би 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Эн Ар Си” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Лхагважавын Ганхуяг, тус компанийн борлуулалтын менежер Э.Бямба-Очир нарын хамт байлцан, “Эн Ар Си” ХХК-тай 2-6/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр “Эн Ар Си” ХХК-ийн ХУД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр барьж байгаа 9 давхар орон сууцны барилгын 6 дугаар давхарт 12 тоот урагшаа, хойшоо харсан цонхтой, 64.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1м.кв-ийн үнийг 1,200,000.00 төгрөгөөр тооцож, нийт 77,376,000.00 (далан долоон сая гурван зуун далан зургаан мянган) төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.
Миний бие тус гэрээнд заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт дээрх гэрээг байгуулсан өдөр буюу 2012.6.27-ны өдөр 20,000,000.00 (хорин сая) төгрөгийг бэлнээр, 3,376,000.00 төгрөгийг 2012.8.16-ны өдөр компанийн менежер Э.Бямба-Очирт бэлнээр, 2012 оны 5 дугаар сард 4,000,000.0 төгрөгийг захирал Л.Ганхуягт бэлнээр тус тус хүлээлгэн өгсөнөөр нийтдээ 27,376,000.00 төгрөгийг Гүйцэтгэгч компанид шилжүүлсэн.
“Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний 1.3-т заасны дагуу “Эн Ар Си” ХХК нь орон сууцны барилгыг 2013 оны 3-р улиралд барилгын батлагдсан стандарт, дүрэм журмын дагуу барьж дуусгаж захиалагчид түлхүүр хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.
Гэтэл гүйцэтгэгч тал тухайн гэрээний 1.3 болон 3.1-д заасаныг зөрчиж, гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд Л.Ганхуягаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад “Би чиний байрыг өөр хүнд ахиу үнээр худалдахаар тохирчихсон, Чи ТОСК-ийн байранд захиалгаа өг, эсвэл чи 1 м.кв-ыг нь 1,350,000.00 төгрөгөөр худалдаж ав, чиний байрыг би цемент, арматур төмөрийн оронд бартераар хүнд худалдчихсан учир чиний захиалсан байр одоо байхгүй, чи мөнгөө хүлээж байгаад буцааж ав, чи шүүхдээд олигтой үр дүнд хүрэхгүй” гэх мэтээр янз бүрээр тулгаж, намайг хохироож эхэлсэн.
Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр талууд “Гэрээ цуцлах тухай” гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагч талд нийтдээ 31,376,000 төгрөгийг нэг сарын дотор буюу 2014.5.23-ны өдөр төлж дуусгах, хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн cap бүрийн хүү төлөхөөр заасан байдаг.
Үүнээс хойш дараах буцаан төлөлт хийгдсэн 2014 оны 08 сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 09 сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 11 сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 02 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 02 сарын 17-ны өдөр 500 000 төгрөг нийт 30 500 000 төгрөг буцааж төлсөн.
Дээрх хугацаанд “Эн Ар Си” ХХК-иас дараахь агуулгатай албан бичгүүдийг надад тус тус ирүүлсэн байдаг. Үүнд:
2014.8.26-ны өдрийн А/114 тоот албан бичигт:
“төлбөрийн үлдэгдэл 31,376,000 төгрөг дээр хүүгийн төлбөр 4,183,470 төгрөг нийт 35,559,470 төгрөгийг 2014.9.01-ний өдөр төлөх болно.” гэж, 2014 оны 10 сарын 27-ны өдрийн А/230 тоот албан бичигт: “таны захиалсан орон сууц давхар зарагдсан тул таны тушаасан төлбөр 27,376,000 төгрөг дээр сарын 1.7 хувийн хүү тооцож, нийт 28 сараар (2012.6.27- ны өдрөөс 2014.10.27-ны өдөр хүртэл) тооцож буцаан олгох болно. Тус хүүгийн төлбөр болох 13,030,976 төгрөгийг нэмээд нийт 40,406,976 төгрөгийг 2014.12.01-ний өдрийн дотор бүрэн барагдуулна.” гэж, 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 15/42 тоот албан бичигт: нийт 40,406,976 төгрөг төлөх байснаас нийт төлсөн 30,500,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 9,906,976 төгрөгийг 2015.6.20-ны өдрийн дотор бүрэн төлнө гэж тус тус бичиж ирүүлсэн байдаг.
Гэтэл Гүйцэтгэгч тал дээрх албан бичгүүдэд заасан үлдэгдэл 9,906,976 төгрөгийн төлөлтийг огт хийгээгүй байна. Түүнчлэн “Гэрээ цуцлах тухай” гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй үлдэгдэлд cap бүрийн 4 хувийн хүү тооцож (Өнөөдрийн байдлаар тооцож үзэхэд 8,443,626.67 төгрөгийн үлдэгдэлтэй гарч байна.) төлөлт хийх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.
Миний бие Л.Ганхуягтай уулзахаар хэдэн жил ажил дээр нь очиж, утсаар ярих гэж олон удаа оролдсон боловч огт уулзахгүй, утсаар залгахад таслах, утсаа унтраах, дугаараа хаалгах байдлаар байнга зугтсан хэвээр өнөөдрийг хүрч байна. Л.Ганхуягийн эх бөгөөд ерөнхий захирал Нарангэрэл гэх хүнтэй холбогдоход “компанийн үйл ажиллагаа зогсонги байна, мөнгөгүй байна, объект зарж мөнгөтэй болно, тэгээд төлнө ” гэх мэтээр шалтаг хэлж аргацаасаар сүүлдээ янз бүрийн саад бэрхшээл учруулж хохироож эхэлсэн тул тэвчээртэй хүлээсээр аргагүйд хүрч, миний бие Эн Ар Си ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр:
“Хэрэв “Эн Ар Си ” ХХК, түүний гүйцэтгэх захирал Л.Ганхуяг нь хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн бол миний бие тухайн үед захиалсан орон сууцаа хүлээн авах ёстой байсан бөгөөд түүний залилан мэхлэх, санаатайгаар хохирол учруулах үйлдлээс болж өнөөдрийг хүртэл 4 жил гаруй хугацаанд тэдний үгэнд итгэж явсаар сэтгэл санааны болон эд материалын хувьд хохирол чирэгдэл амссаар өнөөдрийг хүрч байна.
Миний бие “Эн Ар Си” ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 2-6/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний 6.1-д “Талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд хохирол учирвал гэрээг зөрчсөн тал тухайн хохирлыг бүрэн хариуцна”, 8.1-д “Гэрээний явцад гарсан маргааныг талууд зөвшилцлийн журмаар шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ'' гэж заасан, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйг, 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”, 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.” гэж заасныг тус тус баримтлан үлдэгдэл 9,906,976 төгрөгийг гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэл гаргасан хэдий ч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/Ш32016/5953 дугаар захирамжаар Эн Ар Си ХХК нь УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 15-2 тоот хаягт бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор ноптогдож байгаа тул уг нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн хаяг, оршин байгаа газрыг тодруулж, харъяалагдах шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг мэдэгдсэн.
Үүний дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн хаягийн мэдээллийг олгож өгөх хүсэлт гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 002411483 тоот албан бичгээр Эн Ар Си ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 40-51 тоотод байрлахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг мэдэгдсэн. Гэвч тус хаяг дээр Эн Ар Си ХХК байрладаггүй байх ба Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 7 дугаар байрны урд байрлах Дэлгэр төвийн 2 давхарт байрлах түрээсийн байранд байрладаг хэдий ч ихэвчлэн ажлын байран дээрээ очицгоодоггүй болохыг тодруулсан.
Үүний дараа би 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 181/Ш32017/01063 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Иймд “Эн Ар Си” ХХК-ийн хаяг, тус компанийн гүйцэтгэх захирал Л.Ганхуяг, ерөнхий захирал бөгөөд Л.Ганхуягийн эх Нарангэрэл нарыг эрэн сурважилж өгнө үү.” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Г.Дуламсүрэн нь “Эн Ар Си” ХХК/РД: 5071224/, түүний гүйцэтгэх захирал Л.Ганхуяг, ерөнхий захирал н.Нарангэрэл нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
“Эн Ар Си” ХХК-ийн оршин байгаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01063 дугаар шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь “Эн Ар Си” ХХК/РД: 5071224/-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.”, 83 дугаар зүйлийн 83.8-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасан.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг гүйцэтгэх захирал төлөөлж, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах тул хүсэлт гаргагчийн “Эн Ар Си” ХХК-ийн ерөнхий захирал н.Нарангэрэлийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх хүсэлт гаргагч Г.Дуламсүрэнгийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эн Ар Си” ХХК/РД: 5071224/, түүнийг төлөөлүүлж гүйцэтгэх захирал Л.Ганхуягийг эрэн сурвалжлуулах тухай шаардлагыг хангаж, “Эн Ар Си” ХХК-ийн ерөнхий захирал н.Нарангэрэлийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Эн Ар Си” ХХК/РД: 5071224/, түүнийг төлөөлүүлж гүйцэтгэх захирал Л.Ганхуяг/РД: ЧМ73042611/-ийг эрэн сурвалжилж, “Эн Ар Си” ХХК-ийн ерөнхий захирал н.Нарангэрэлийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Эн Ар Си” ХХК/РД: 5071224/-ийг, түүнийг төлөөлүүлж гүйцэтгэх захирал Л.Ганхуяг/РД: ЧМ73042611/-ийг эрэн сурвалжилж, “Эн Ар Си” ХХК-ийн оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ