Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 202

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Х.Н, Т.О,

Хохирогч Х.Н, Н.Н нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Хохирогч Т.О-ийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Ц.С, С.Б, тэдний өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт .......... овогт ........-ийн ........... , ........... овогт ........... .............. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006430481 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ............. овогт ........-ийн ........... /регистрийн дугаар: .......... /, ......... оны .......... дугаар сарын ......... -ны өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, эмэгтэй, .........  настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “..........” ХХК-д .........  ажилтай, ам бүл ........ , ............  аймгийн ............  сумын..........  дүгээр баг .............. дугаар гудамжны ............ тоотод оршин суух хаягтай,  хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 103А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

  

2. Монгол Улсын иргэн, ........... овогт .......... ............ /регистрийн дугаар: .................. /, ........... оны ...........  дүгээр сарын .......... -ны өдөр .............  аймгийн ..........  суманд төрсөн, эмэгтэй, ...........  настай, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл..... ,...................... хамт ............  аймгийн ............. сумын ..............  дугаар баг .............дүгээр гудамжны ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.С нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Б-аас 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5108182062 дансаар 1,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 4,500,000 төгрөгийг иргэн Г.У-ийн  эзэмшлийн Хаан банкны 5019172928 дансаар тус тус шилжүүлэн авч нийт 5,500,000 төгрөгийг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Б-ээс 6,500,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.С, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Н-ийн өмчлөлийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч 68,000,000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Н-аас шилжүүлэн авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө орон сууцыг барьцаалж иргэн Т.О-ээс 35,000,000 төгрөгийн шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2020  оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Н-аас  15,200,000 төгрөгийг Ц.С-ийн эзэмшлийн Хаан банкны 5108182062 дугаарын дансаар шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                  ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “Хохирогч Х.Н-ийн байрыг залилан авсан гэж намайг буруутгаж байна. Би Х.Н-аас байрыг нь авахаар Х.Н-ийн нөхөртэй хэлэлцэж тохирсон. Би эхлээд 10 сая төгрөг өгье үлдсэн мөнгийг нь банкнаас зээл хөөцөлдөж мөнгө авч өгнө гэж ярилцсан. Гэтэл манай ахын бие муудаж банкнаас зээл хөөцөлдөх боломжгүй болсон тул найз С.Б-г чи банкнаас зээл хөөцөлдөөд аваач гэсэн. С.Б тэр байрыг үзээд авахаар тохиролцож, зээл хөөцөлдөхийн тулд С.Б-ийн нэр дээр Х.Н-ийн байрыг шилжүүлсэн.

Т.О-ээс 35 сая төгрөг аваагүй. Т.О С.Б-ийн данс руу 28,500,000 төгрөг шилжүүлсэн. Б-ийн нэр дээр байгаа байрыг барьцаанд тавьж мөнгө зээлэх гэж би анх Т.О-тэй уулзсан. Т.Оюбайрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхээс өмнө шалгах ёстой байсан. Би өөрөө С.Б-ийн нэр дээр байгаа бичиг баримт авч очиж байхад надаас асуугаагүй. Би Т.О-ээс мөнгө аваагүй. Миний дансанд мөнгө ороогүй.

С.Б-аас мөнгө авсан үнэн. Хохирогч С.Б зээл чөлөөлнө гэж мөнгө авсан гэж мэдүүлсэн байсан. Тийм зүйл би яриагүй. Би С.Б-аас зээлж авсан 5,500,000 төгрөгөө төлсөн. С.Б гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн.

Хохирогч С.Б 6,500,000 төгрөг зээл хаана гэж хэлээд авсан гэж мэдүүлсэн байдаг. Би мөнгө авахдаа зээл хаана гэж хэлж байгаагүй. Зээлж авсан.

Н.Н-аас  15,200,000 төгрөг авсан нь үнэн. 15,200,000 төгрөг авч зээл банкны зээл хаалгасан. А.Отгонцэцэг эхлээд зээлээ хаалгах санаатай Н.Н-тай уулзсан боловч зээл хаахгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд А.О надад зээл хаадаг хүний дугаар гэж хэлээд Н.Н-ын дугаарыг өгсөн. Өөрөө очвол намайг танина гээд байсан. Би Н.Н-аас  мөнгө аваад 11,100,000 төгрөгийг Цолмон гэх хүний данс руу хийж өгсөн. 15,200,000 төгрөгийг А.Отгонцэцэгийн зээлийг хааж, 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 12,600,000 төгрөгийг Отгонцэцэг авсан байхад Отгонцэцэгийн оролцоо байхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Анх Х.Н-ийн нөхөртэй урьдчилгаа мөнгө төлөөд үлдсэн мөнгийг банкны зээл хөөцөлдөж байгаад төлнө гэж зээлийн гэрээ байгуулаад 4 өрөө байрыг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дараа нь Ц.С Т.О-тэй миний нэр дээр байгаа 4 өрөө байрыг барьцаанд тавиад 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ гэж ярьсан байсан. Би Х.Н-тай банкны зээл хөөцөлдөж дуусаад үлдсэн мөнгийг нь төлнө, төлж чадахгүй бол байрыг нь буцаагаад шилжүүлнэ гэсэн утга бүхий 2 удаа зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Би банкны зээл хөөцөлдөж байгаад Х.Н-ийн байрыг авах санаатай байсан. Залилах санаа бол байгаагүй. Банкны зээл хөөцөлдөөд бүтэхгүй бол буцаагаад гэрчилгээг нь өгөх санаатай байсан.

Н.Н-аас  15.200.000 төгрөг авахад А.Отгонцэцэг хамт яваагүй ч Отгонцэцэгийн өрөнд зарцуулагдсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Н мэдүүлэхдээ: “2019 оны 7 дугаар сарын эхээр манай охин оюутан болсон учраас байраа зараад Улаанбатар хот шилжих санаатай байсан учраас байраа зарах зарыг “ЛХА”, “ДБС” телевизүүдэд өгсөн. Зар өгчхөөд би 2 хүүхдээ аваад хот явсан. Хотод байхад над руу 2 дугаараас ээлжлээд залгаад байсан. 68 сая төгрөгөөр шууд авъя гээд хэд хэдэн удаа залгаад байхаар нь би авах сонирхолтой байна гэж ойлгоод нөхөртөө энэ тухай хэлсэн. Ц.С манай нөхөртэй уулзаж байр үзсэн. Манай нөхөр бид нар шиг ээжүүд байна. Дажгүй ахмад настай итгэж болохоор хүмүүс байна гэж хэлсэн. Би нөхрийнхөө үгэнд итгэсэн. Ц.С Японоос ирсэн хүн байлгана. Хүмүүс нь ирэх гэж байгаа болохоор яараад байна гээд залгасан. Тэгэхээр нь би 7 дугаар сарын 30-ны өдөр Дарханд ирсэн. 7 дугаар сарын 31-ний өглөө гэрчилгээгээ аваад гараад ир гэж залгасан. Бид нар 7 дугаар сарын 31-ний өглөө нэг цонхны үйлчилгээний гадаа уулзсан. Тэр үед л би Ц.С, С.Б нартай анх удаа уулзсан. Нас тогтсон, над шиг л ээж хүн шиг санагдсан. Ц.С гэх эмэгтэй танай байрыг авахаар боллоо гэхдээ 68 сая төгрөг арай хүрэхгүй юм Парк таун хотхонд хүүгийн нэр дээр 2 өрөө байр байгаа тэр байрыг эгч нь С.Б-ийн нэр дээр шилжүүлээд Голомт банкнаас зээл авна гэж хэлсэн. Би итгэсэн. Тэгээд бид нар татвараас код авдаг гэхээр нь аваад “Соёмбо” кино театрт байрлах нотариатын газар очсон. Нотариат ямар нөхцөлөөр байраа 68 сая төгрөгөөр шилжүүлж байгаа юм бэ гэж асуухаар нь Банкны зээлээр шилжүүлж байгаа юм гэхэд Ц.С, С.Б нар бэлэн мөнгөөр өгч байгаа гээд хэлчхээ гээд байсан. Тэгээд татварын мөнгө 400,000 төгрөг болсон чинь чи талыг нь гарга гээд 200,000 төгрөг гаргуулсан. 7 хоногийн дараа байрны гэрчилгээ гарна гэж хэлсэн. 7 хоногийн дараа юу болж байна гэхэд 8 дугаар сарын 15-ны өдөр Японоос хүмүүс ирнэ. Түр хүлээж бай гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа дахин яриад манай байрыг зээлтэй байна гэж байна гэж надад хэлсэн. Өмнө “Транс Капитал”-аас зээл авч байсан юм. Зээлээ төлж дуусаад бүртгүүлэх ёстой байсныг нь мэдээгүй байсан юм. 2 өдрийн дараа юу болж байна гээд залгахад Голомт банкны эдийн засагч амралтаа авсан байна гэж хэлсэн. Түүнээс  хойш хэд хоногийн дараа манай гэрт ирээд зээл бараг бүтэж байгаа гэж хэлээд өрөөнүүдийн зураг аваад явсан. Тухайн үед би мөнгө найдвартай юу, би хотод амьдрах байраа хайж байх уу гэхэд мөнгө найдвартай 1 дэх өдөр тал мөнгийг чинь өгнө. Байраа хайж бай гэж хэлсэн. Тэгээд би хотод ирээд байраа хайсан. Гэтэл нэг өдөр манай охин залгаад “Т.О гэх хүн ирээд та нар энэ байрыг түрээсэлдэг хүмүүс мөн үү, энэ байр миний нэр дээр шилжсэн гэж хэллээ” гэсэн. Би энэ талаар Ц.С-ээс залгаж асуухад санаа зоволтгүй. Буруу ойлгосон байх гэж хэлээд 68 сая төгрөгийг 8 дугаар сарын 25-ны өдөр өгч чадахгүй бол гэрчилгээг буцааж өгнө гэж хэлсэн. Гэрээгээ 3 удаа сунгасан. Сүүлдээ манай байрыг барьцаанд тавиад Т.О-рээс мөнгө авсан гэдгээ хэлсэн. Би та нар мөнгө өгчхөө би Т.О-ээс өөрөө нэрээ шилжүүлээд авчихъя гэхэд дансанд байгаа мөнгийг чамд өгчих юм бол данс хоосрох гээд байна. Япончууд ирэхэд данс хоосон байж болохгүй гэсэн. Нэг юмаа дахин дахин ярьсаар байсан. Би итгэсээр л байсан. Сүүлд нотариат дээр очин дахин гэрээгээ сунгах гэхэд нотариат ингэж болохгүй гэсэн болохоор цагдаагийн газарт өргөдөл гаргасан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.О мэдүүлэхдээ: “Ц.С гэх хүн залгаад байсан. Танихгүй хүн болохоор нь би зөвшөөрөхгүй байсан. Гэтэл найз эмэгтэйгээр дамжуулаад надтай холбогдсон. Би бизнес эрхлэх санаатай мөнгө хадгалж байсан юм. Ц.С өөрийнхөө байрыг найз С.Б-ийн нэр шилжүүлсэн байгаа юм. Банкнаас зээл авах гэсэн боловч олон зээлтэй учраас зээл гарахгүй байна. 20 хоногийн дотор байраа зараад мөнгө өгнө гэсэн. Тэгээд би байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж байж зээл өгнө гээд 35 сая төгрөгөөр гэрээ хийсэн. 35 сая төгрөгөөс Оюунчимэгээс зээлсэн байсан 5 сая төгрөгийг суутгуулна гэж Оюунчимэгийг цуг байхад ярилцаж тохирсон. Миний мөнгө хүрэхгүй байсан болохоор нь өөрт байсан мөнгөн дээрээ нэмж хуурай дүүгээсээ 3 сая төгрөг, эгчээсээ 4 сая төгрөг зээлж өгсөн. Би С.Бо-г танихгүй ээ. Байр С.Б-ийн нэр дээр байсан. Ц.С С.Б-г дуудахад С.Б албатай юм шиг хүний нэр дээр шилжүүлчхээд дахин дахин дуудаад байх юм гээд уурлаад байсан. Их үнэмшилтэйгээр ярьж байсан. Татварын мөнгө нэмэгдээд 29,250,000 төгрөг болсон. С.Б 3 сая төгрөг өгсөн. С.Б-аас 11,625,000 төгрөг, Ц.С-ээс өмнөх 5 сая төгрөгтэй нийлээд нийт 20,375,000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

Эрүүгийн 1918006430481 дугаартай хэргээс:

 

Хохирогч С.Б-ийг залилсан  талаар:

 

Хохирогч С.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 15, 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Миний охин Энхжингийн нөхөр болох Батзоригийн ээж Цэндсүрэн овогтой С нь надаас зээл чөлөөлж өгөөч би дахиж зээл аваад танд буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед 1,000,000 төгрөгийг өөрийнх нь 5108182062 дугаарын дансанд нь хийсэн. Тэгтэл дараа нь утсаар олон дахин удаа залгаад мөнгө зээлчих, эгч нь Голомт банкны эдийн засагч хүүхнийг таньдаг юм аа. Тэрний эгч нь зээл чөлөөлөөд өг гэсэн юм гээд над руу залгаад байсан. Тэгээд би 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Төрийн банкны 104400325274 дугаарын данснаас интернет банкаар 4,500,000 төгрөгийг Ц.С-ийн хэлсэн Хаан банкны 5019172928 гэсэн Уранчимэг гэх хүний данс руу зээл төлөх гэсэн утгатай хийсэн. Ингээд би нийт 5,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хүн хэд хоноод өгнө гэснээ банкнаас зээл гарахгүй байна. Хамтран зээлдэгч ирээгүй гэх зэргээр худлаа хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Д.М-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын Хаан банкны Мангирт тооцооны төвд 2014 онд эдийн засагчаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай байгууллага 2018 оны 9 дүгээр сард “Элит хөгжил” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ц.С нь 2019 оны 1 дүгээр сард 12 орчим сая төгрөгийн зээл авах талаар над дээр ирж уулзсан. Тэгэхээр нь би тооцож үзтэл орлого нь хүрэхгүй байсан. Тэгэхээр нь таны орлого хүрэхгүй юм байна. Тогтмол цалинтай хамтран зээлдэгчтэй байх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд тухайн үйл явдал болсноос хойш ажлынхаа газрын хүмүүсийн нэрийг бариад би үйлдвэрчний эвлэлийн дарга нь байгаа юм гээд нэрийг нь асуугаад энэ хүнээс зээл гарах боломжтой эсэх, боломжтой бол хэдэн төгрөгийн зээл гарах боломжтойг хэлээд өгөөч гээд асууж ирээд байхаар нь та тухайн хүмүүсийг өөрсдийг нь явуул гээд буцаасан. Тухайн үед Ц.С-ийн нэр дээр Монгол банкны лавлагаа авч байсан. Тэгэхэд манай банкинд ямар нэгэн зээл байгаагүй. Өөр банканд зээлтэй байсан эсэхийг санахгүй байна.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Г.У-гийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Ц.С гэх хүнийг би танина. Ц.С бид хоёр “Элит хөгжил” ХХК-д автобусны кондуктороор хамт ажиллаж байсан. Би одоо ажиллахгүй байгаа. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад С ирээд “картаа өгч байгаа ч, би хүнээс мөнгө авах гэсэн юм. Миний карт байдаггүй ээ” гэж хэлсэн юм. Тэгээд миний картыг С эгч авч яваад банк орчихоод буцаад ирсэн юм. Миний гар утас дээр банкны мэдээлэл ирдэг. Тэгсэн миний дансаар 4,500,000 төгрөгийн орлого ороод буцаад 4,500,000 төгрөгийн зарлага хийгдсэн юм. С эгч миний данснаас 4,500,000 төгрөгийг бэлнээр авсан.”[3] гэх мэдүүлэг,

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга[4],

 

Хохирогч С.Б-г залилсан талаар:

 

Хохирогч С.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Манай нөхөр Шинэбаяр 2019 оны хавраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” гэдэг газар алтны олборлолт компанитай ажлын гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд Дарханаас алтны компанид нь түлш ачуулах шаардлагатай болсон юм. Би таньдаг эгч Одончимэгээр дамжуулан ажлаа бүтээлгэхээр Дархан-Уул аймагт амьдардаг С гэдэг эмэгтэйтэй уулзаж алтны уурхайд түлш нийлүүлэх талаар ярихад “болноо, хүрээд ир” гэсэн юм. Ингээд би өөрийнхөө Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 103 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээгээ барьцаалж мөнгө олох, эсвэл байрны гэрчилгээгээ барьцаанд тавьж түлшний гэрээ хийх хэрэгтэй болсон юм. Ингээд С эгч намайг дагуулаад Шатахуун түгээх станцаар ороход бүтэхгүй болохоор нь больсон. Тэгээд С “би ББСБ-д 6,500,000 төгрөгийн зээлээ хаачихвал дахин 25,000,000 төгрөгийн зээл авчихна. Чи 6,500,000 төгрөг олоод өгчих, би 25,000,000 төгрөгийн зээл авчихъя” гэж хэлсэн. Ингээд би найз Болор-Эрдэнээс 6,500,000 төгрөгийг өөрийнхөө данс руу авч С-т бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч С.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би Б гэдэг хүнийг танина, 2019 оны 6 сарын үед С над руу залгаад “Манай нэг хуурай дүү Улаанбаатар хотоос ирсэн юмаа, чи машинтайгаа үйлчлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би С-ийг хуучин захын тэндээс аваад С “Ихэр могой” худалдааны төвд очиж 2 эмэгтэй хүнтэй уулзахад нэг нь жирэмсэн эмэгтэй байсан. Тэр жирэмсэн хүүхнийг нь Б гэдэг юм. Б Улаанбаатар хотоос эгчтэйгээ ирсэн гэж байсан. Тэгээд Б эгчтэйгээ, С-тэй хамт тэр өдөр Шунхлай, Петрожамп гэсэн шатахуун түгээх станцаар ороод уулзаад яваад байсан. Б, С нарыг мөнгө төгрөг өгөлцөж байхыг хараагүй, Харин Б манайд хонож байхдаа “С эгч 6.500.000 төгрөг авсан юм гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч О.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Би С-ийг танина. 1989 онд Баянхонгор аймгийн 1-р 10 жилийн сургуулийг 8 дугаар ангийг хамт төгссөн юм. Манай найз С бид хоёр 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод уулзсан. Тэгээд Одончимэг эгч надтай уулзах гэж ирээд хоорондоо танилцсан. Тэгээд С манай хүүхэд ноолуурын ченж хийдэг, би өөрөө зээл чөлөөлдөг гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сард Одончимэг эгч надаас С-ийн дугаарыг аваад хоорондоо холбогдсон байх. Сүүлд сонсоход Одончимэг эгч хэлэхдээ манай жирэмсэн дүү шатахуун худалдаж авах гээд С зээл гаргаж өгдөг гэхээр нь би Б-д холбож өгсөн. Тэгээд С зээл бүтээж өгнө гээд 6,500,000 төгрөг өгчих гээд авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Ч.О-гийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...би 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний таньдаг дүү Дэчинтөгс гэх хүнээр дамжуулж С гэх хүнтэй танилцсан. Б гэх хүн нь манай Алтанцэцэг гэх хүний дүү юм. С-тэй анх танилцахдаа Дарханд хадгаламж зээлийн хоршоо ажиллуулдаг. Ноос ноолуур, газар тариалангийн босс гэж танилцуулж байсан. Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б С гэх хүнд 6,500,000 төгрөг өгсөн гэж Б над руу ярьсан.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч Б.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Манай бага охин С.Б миний картыг ашигладаг юм. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 6,500,000 төгрөг шилжиж орж ирээд удалгүй миний данснаас 3,000,000 төгрөгөөр хоёр удаа, 500,000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээ хийгдсэн. Ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй. Сүүлд сонсоход манай охин хүнд зээлүүлээд нөгөө хүндээ залилуулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[9],

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга[10]

  

Хохирогч Х.Н, Т.О нарыг залилсан талаар:

 

Хохирогч Х.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 7 дугаар сараас Дарханы “Лха”, “DBS” гэх кабелийн телевизүүдээр “Хээтэй хороолол 4 өрөө байр хямд яаралтай зарна” гэж зар өгсөн. Тэгээд 2019 оны 7 сарын 25-нд намайг Улаанбаатар хотод байхад над руу байр авна, үзнэ гэж 80259191, 80116902 гэх хоёр дугаараас ярихаар нь би манай гэрт нөхөр хүүхэд байгаа очиж үзэж болно гэж хэлсэн. Би тэр үед энэ хоёр дугаарыг хоёр тусдаа хүн манай байрыг сонирхож байна гэж ойлгосон. Тэгээд 80259191 гэх дугаараас ярьсан Сараа гэж өөрийгөө танилцуулсан хүн ирж уулзаад, “Бэлэн 10 саяыг өгөөд үлдэгдэл мөнгийг банкны зээлээр авна” гэж хэлсэн. Тэгээд “80116902 гэх дугаараас бас ярьсан тэр манай эгч байгаа юм. Байрыг манай эгч нэр дээрээ шилжүүлж авах юм” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатараас ирээд Дарханы иргэний бүртгэлийн нэг цонхны үйлчилгээ орсон. Тэгээд Сараа гэх эмэгтэй нь “Манай эгч Б байрыг чинь авч цаашаа зээл хөөцөлдөнө. Тэгэхээр Б эгчийн нэр дээр байрны чинь гэрчилгээ гарч байж зээл авах нөхцөл бүрдэнэ. Бас зээлийн гэрээ байгуулж байраа шилжүүлбэл банкнаас зээл авч болохгүй. Харин худалдах, худалдан авах гэрээ хийвэл банкнаас зээл гарна.” гэж надад хэлсэн, тэгэхээр нь тухайн үед нь тийм байх гэж ойлгосон. Тэгээд байрны гэрчилгээг Б гэх хүний нэр дээр шилжүүлэхээр болсон. Нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийхээр болж, нотариатчид байраа 68,000,000 төгрөгөөр худалдаж байгаагаа хэлээд, худалдах, худалдан авах гэрээгээ 20,000,000 төгрөгөөр хийлгэх гэсэн юм гэхэд ямар учраас 68,000,000 төгрөгөөр зарж байгаа байраа 20,000,000 төгрөгөөр гэрээ хийхэв дээ гэхэд Б татварын мөнгийг нь багасгах гэсэн юм гэж гуйсаар байгаад 20,000,000 төгрөгөөр гэрээгээ хийсэн. Тухайн үед байр зарахад гарсан зардлаа тавь тавин хувиар төлнө гэж тохирсон болохоор татвар, нотариат, гэрчилгээ гээд нийт 460,000 төгрөг болж, 230,000 төгрөгөө Б-ийн данс руу шилжүүлсэн. Сараа, Б нар байрны гэрчилгээ 3 хоногийн дотор гарна, банкны зээл 7 хоног л болох байх гэж надад хэлэхээр нь асуудал үүсэхгүй байраа зарчих юм байна гэж ойлгосон. Тэгээд 3 хоногийн дараа Б руу гэрчилгээ чинь гарсан уу? гэж залгатал, “Танай байр цахим бүртгэлд ороогүй болохоор байрны гэрчилгээ удаж гаргах юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр манай гэрт Б,  Сараа хоёр орж ирээд “Байрны гэрчилгээ маргааш гарна. 2019 оны 8 сарын 15-наас өмнө мөнгийг чинь өгнө гэхдээ банкны зээлээс гадна мөнгө орж ирэх ёстой. Та нар яарч байгаа юм чинь 2019 оны 8 сарын 12 буюу даваа гаригт өгч болж байна” гэж хэлээд явсан. Тэгээд 2019 оны 8 сарын 12-нд Б руу залгаж та нар юу болж байна гэхэд “Банкны зээл түр хойшилсон. 2019 оны 8 дугаар сарын 25-наас өмнө та нарт 68,000,000 төгрөгийг чинь бэлнээр өгнө, санаа зоволтгүй” гэхээр нь үнэхээр л тийм юм байх гээд тайвшраад хүлээсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 21-нд манай охин дүү над руу залгаж гэрт О гэх хүн ирж байна. Бид нарыг түрээсийн хүмүүс үү? Түрээс нь хэзээ дуусах вэ? гэж асууж байна гээд над руу залгасан. Тэгэхээр нь тэр хүн рүү залгаж асуутал “Б, С гэх хүмүүс Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот байрыг надад барьцаанд тавьсан” гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар судлаад, хүмүүсээс тодруулахад Б, С нар манай байрыг О гэх хүнд 35,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан.” гэх мэдүүлэг[11],

 

Хохирогч Т.О-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын сүүлээр Оюунчимэг гэх найзаар дамжуулж надаас Сараа гэх эмэгтэй 4 өрөө байр барьцаанд тавьж зээл авах гэсэн юм гэж холбогдсон. Сараа гэх эмэгтэй “Манай ахын бие маш муу байгаа, эмчилгээний зардалд нь мөнгө хэрэгтэй байна” гээд надаас 35,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 10%-ийн хүүтэй, Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд 35 сая төгрөг авсан. Тэгэхээр нь би зээлийн гэрээ хийлгүй худалдах худалдан авах гэрээ хийгээд, амаар сарын 10%-ийн хүүтэй гээд байрны гэрчилгээг шилжүүлэхдээ хүүгээ тооцож авна гэж тохирсон. 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэрчилгээ гараад Сараа гэх хүнээс энэ байранд ямар хүмүүс байгаа вэ гээд асуухад “Өрөө, өрөөгөөр нь түрээсэлсэн” гэж хэлсэн. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа манай нөхөр ажлаасаа бууж ирээд нөгөө байрыг очиж үзье гээд очоод байранд байгаа хүмүүстэй уулзаж, түрээсэлж байгаа хүмүүс нь хэзээ хугацаа чинь дуусах вэ? гэж асуухад “Түрээсэлдэггүй, энэ манай байр” гэхээр нь гайхаад, нөгөө Сараа гэх хүн рүү залгаад асуусан чинь “Асуудал байхгүй, наад байрыг чинь худалдаж авч байгаа юм. Удахгүй мөнгийг чинь төлнө” гэхээр нь би тэр байранд байгаа хүмүүстэй уулзаж, болсон асуудлын талаар бүгдийг хэлж, эртхэн асуудлаа шийдэхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[12],

 

Гэрч Д.Мөнхсайханы хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...Манай эхнэр 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дарханд ирээд, маргааш өглөө нь С гэх хүнтэй яриад Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс дээр яваад очтол С гэх эмэгтэй Б гэх эмэгтэйтэй хамт ирчихсэн байсан. Тэгээд С гэх эмэгтэй “Энэ манай эгч байгаа юм аа, би эгчийн нэр дээр авах юм аа” гэж хэлсэн. Тэгээд нотариат дээр очоод худалдах худалдан авах гэрээ байгуулчхаад буцаж Улсын бүртгэл дээр очоод Б-ийн нэр дээр өөрсдийн байраа шилжүүлж өгсөн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 7-нд эхнэр, хүүхдүүд бид нар байж байхад Сарантуяа, Болорчимэг нар хамт манай гэрт ирээд бэлэн 10,000,000 төгрөгөө авч байх уу? гэж асуухаар нь яах юм бэ, нэг мөсөн гүйцээгээд өгчих гэсэн чинь “За за 1 дэх өдөр мөнгө бүтнэ ээ, нэг мөсөн гүйцээгээд өгөе” гэж хэлсэн. Тэгээд ярьж тохирсон 1 дэх өдөр нь болтол банкан дээр гацаад байна аа жоохон хүлээж байгаарай, удахгүй бүтчихнэ ээ” гэж хэлсэн. Тэгээд ярьж тохирсон хугацаа эцсийн байдлаар болчхоод байдаг, мөнгөө өгөхгүй. Асуухаар хүлээж бай гээд л байгаад байсан. Тэгээд байж байтал 2019 оны 8 сарын сүүлээр манай гэрт хоёр хүүхэд маань байж байтал байрны чинь эзэн байна гээд О гэдэг хүн ирээд байраа суллаж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд гайхаад О гэдэг хүүхэнтэй уулзсан чинь танай байрны чинь гэрчилгээ миний нэр дээр байгаа шүү. С, Б нар энэ байрыг миний нэр дээр шилжүүлээд надаас хүүтэй мөнгө зээлж авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[13],

 

Гэрч М.Хишигбаатарын мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Х.Н, С.Б гэж хоёр хүн орон сууц худалдан авах гэрээ батлуулахаар над дээр ирж нотариат хийлгэсэн. ...Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр С.Б, Т.О гэдэг хүмүүс худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлэхээр мөн над дээр ирж нотариатын үйлчилгээ авсан. Тэгээд би Б-аас энэ байр 7 хоногийн өмнө Н гэдэг хүнээс авсан байр мөн үү? гэж асуухад тийм ээ мөн, гэрчилгээ нь сая гарч байна гэж хэлсэн. Тэгээд би Б-аас та байраа хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ? гэж асуухад 5-10 сая төгрөгөөр зарах гэж байгаа юм аа гэж надад хэлсэн. Тэгээд би гайхаад ямар учраас 7 хоногийн өмнө авсан байраа хямдхан зарах гэж байгаа юм бэ? гэж асуухад энэ Т.О гэж хүнээс мөнгө зээлж байгаа юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би та тэгвэл зээлийн гэрээ хийхгүй юм уу? гэж асуухад Т.О хажуунаас би заавал өөрийн нэр дээрээ шилжүүлж байж мөнгө зээлэх юм аа гэж хэлсэн. Б бас би нэр дээр нь шилжүүлэхийг зөвшөөрсөн юм аа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[14],

 

   “Капитал Зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан[15],

 

   Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот улсын бүртгэлийн 2003010001 дугаартай гэрчилгээний хуулбар[16],  

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга[17],

 

2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн С.Б, Т.О нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар[18],

 

Хохирогч Н.Н-ыг залилсан талаар:

 

Хохирогч Н.Н-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр фэйсбүүкийн Дархан зар дээр “зээл чөлөөлнө” гэсэн зар тавьсан. Би өөрт байсан 22,200,000 төгрөгийг дансандаа байлгаж байхаар эргэлдүүлье гэж бодсон юм. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед 80259191 гэсэн дугаараас нэг эмэгтэй залгаад зээл чөлөөлүүлэх гэсэн юм. 8,250,000 төгрөгийн зээл хаагаад 8,320,000 төгрөг болгож өгье, өдөрт нь буцаагаад өгье гэж хэлсэн юм. Тэгээд 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11:30 цагийн үед манай ажил дээр хоёр махлагдуу эгч ирсэн. Тэгээд нэг нь “хотод манай ах өвчтэй байдаг юмаа, ахад эмчилгээний мөнгө хэрэг болоод байна. Банкнаас зээл авах гэтэл өмнөх зээлээ хаагаад ир, тэгээд 11,350,000 төгрөг өгч болно гэж хэлсэн гэсэн юм. Тэгэхээр би барьцаа хөрөнгө асуухад манай дүүгийн хашаа байшингийн гэрчилгээ байгаа гэж хэлсэн. Тэгээд би аваад үзэхэд Дархан сумын 3 дугаар баг Улиастайн 3-14 тоот хашаа байшингийн гэрчилгээ үзүүлсэн. Тэр хашаа байшингийн гэрчилгээ нь Б.Оюунболд гэж хүний нэр дээр байсан. Тэгээд би хашаа байшингийн гэрчилгээг нь аваад 8,250,000 төгрөгийг Ц.С-ийн 5108182062 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд С тухайн өдрөө 13 цагийн үед 8,350,000 төгрөг болгож миний данс руу шилжүүлсэн. Тэгээд байж байтал тэр өдрөө 1 цаг орчмын дараа С гэдэг эмэгтэй над руу залгаад “Манай цуг ажилладаг Нарансолонго гэдэг охин зээл авах гэсэн юм байна, тэгсэн зээлээ хаах хэрэгтэй гэсэн гэнэ. Намайг таньдаг эдийн засагчтайгаа яриад өгөөч гэж байна. Манай цуг ажилладаг охин 15,200,000 төгрөгийн зээл хаах хэрэгтэй байна, чи зээлийг нь хаагаад өгөх арга байна уу? зээлсэн мөнгөнийхөө хүүнд 200,000 төгрөг өгөх юм гэнэ. 2 хоногийн хугацаатай зээлэх юм байна” гэж ярьсан. Би Тэгэхээр нь ирээд уулз гэж хэлсэн. Тэгсэн С гэдэг хүн манай ажил дээр өмнө нь цуг ирж байсан Б гэдэг эмэгтэйтэй хамт ирээд энэ тухайгаа ярьсан. Би тэгээд барьцаа яах юм гэж асуухад нөгөө дүүгийнхээ хашаа байшинг барьцаалъя даа гэж хэлсэн. Тэгээд өмнө барьцаалсан хашаа байшингийн гэрчилгээг нь аваад надаас мөнгө зээлж байгаа юм чинь бичиг хийгээд өг гээд хийлгэж аваад 15,200,000 төгрөгийг С-ийн дансанд шилжүүлсэн. Маргааш орой нь утастаж асуухад банкны сүлжээ унаад болохгүй байна, нөгөө охин банкан дээр ирчихсэн байна, эдийн засагч нь хуралд орчихсон байна, үдээс хойш болох юм байна гэх мэтээр худал хэлээд яваад байсан. Би С-ийг худал хэлээд яваад байхаар нь барьцаанд тавьсан хашаа байшингийн гэрчилгээний хаягаар очоод Нарансолонго гэж хүнтэй уулзахад С, Б нарыг залилсан гэдгийг мэдсэн юм.” гэх мэдүүлэг[19],

 

Гэрч Ц.Нарансолонгын мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би ээжийнхээ төрсөн дүү болох Д.Оюунцэцэгээс 2019 оны 10 дугаар сард нөхөр Оюунболдынх нь нэр дээр байдаг хашаа байшингийн гэрчилгээг нь барьцаанд тавьж хэдэн төгрөг аваад өөрийнхөө Голомт банкнаас авсан зээлээ төлөх бодолтой байсан юм. Тэгээд Б эгчтэй уулзаж хашаа байшинг барьцаанд тавьж зээл аваад Голомт банкны зээлээ хаах тухай ярихад Б эгч надад туслахаар болсон юм. Тэгээд Б эгч надаас 2019 оны 12 сарын сүүлээр хашаа байшингийн гэрчилгээгээ өгч байгаа ч гээд надаас авсан. Тэгээд 1 сар орчим чимээгүй байсан. Би тэгээд Б эгчийг өөрөө зээл бүтээгээд надад мөнгө зээлэх гэж байгаа гэж бодож байсан болохоор “та яасан бэ? нөгөө юм чинь юу болж байна” гэж асуухаар “болох гэж байна, удахгүй бүтнээ, одоо бүтэх гэж байна” гэж хэлдэг байсан. Нэг өдөр Б эгч зээл бүтэх гэж байна, “чи шинэ Дарханы төрийн банкны 2 давхарт гараад байж бай” гэж хэлээд намайг дагуулаад явсан юм. Замдаа нийгмийн даатгалын тэр хавиас нэг эмэгтэйг машиндаа суулгаад Төрийн банкан дээр очсон. Төрийн банкны 2 давхарт тэр замд суусан эмэгтэй бид хоёр гарсан. Сүүлд сонсоход нэрийг нь Отгонцэцэг гэдэг юм байна лээ. Бид хоёр байж байхад Отгонцэцэг утсаар яриад гараад явсан. Тэгээд Сараа гэдэг эмэгтэй над дээр хүрч ирээд намайг дагуулаад гарсан. Тэгээд Сараа гэдэг эмэгтэй надад “чи манайд кондуктор хийдэг шүү, чимээгүй сууж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би гарч ирээд Б эгчийн машинд суусан юм. Тэгсэн С эгч утсаа гаргаж ирээд эдийн засагч нь алга байна, одоо яриадхъя гээд нэг дугаар руу залгаад “ирчихлээ, чи ажил дээрээ байхгүй байгаа юм уу? манай нөгөө хүн зээлээ авах гээд ирчихлээ” гэж хэлэхэд утасны цаанаас одоо амжихгүй шүү дээ, би наад хүнийг чинь өдөр 3-4 удаа дуудсан, одоо нэгдэхээс болохоос” гэж хэлсэн. Тэр машин дотор Б эгч, бас нэг залуу байсан. Тэгсэн тэр машинд байсан эрэгтэй “за дараа яръя” гээд буугаад явсан юм. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа Б эгч манайд ирээд “нөгөө хүн чинь чамтай уулзмаар байна гэнээ, нөгөө зээл болох гээд байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд Б эгч намайг дагуулаад машинд явж байхдаа “Чи эмнэлгээр яваад зээл арай бүтсэнгүй ээ, маргааш нөгөөдөргүй бүтнээ, хүүтэй нь өгнө гэж хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Б эгч бид хоёр Дархан их дэлгүүрийн тэнд очоод нөгөө залуутай уулзахад “за юу байна, яагаад худлаа яриад байнаа” гэхээр нь Б эгчийн хэлээрэй гэснийг хэлсэн. Тэгээд тэр залуу 3 дахь өдөр гэхэд бүтээгээд өгөөрэй гээд буугаад явсан. Тэгэхээр нь би Б эгчээс та зээл авсан юм уу? хэдэн төгрөг авсан юм бэ? гэж асуухад “харин тиймээ, хэдэн төгрөг авсан юм аа, С, Отгонцэцэг бид гурав хуваагаад авсан юм аа гэж хэлсэн юм. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа тэр залуу манай гэрт ирээд энэ асуудлыг мэдсэн. Би амьдарч байгаа хашаа байшингаа алдчихгүйн тулд хөөцөлдөж байгаа зээл нь бүтчихвэл өөрийнхөө Голомт банкны зээлээ хаачихъя гэсэн бодолтой туслаад яваад байсан юм.” гэх мэдүүлэг[20],

 

Гэрч А.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...С эгч надад “өөр зээл чөлөөлөх дугаар орж ирсэн үү, чи фэйс дээрээс хараад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би 2 удаа зээл чөлөөлнө гэсэн дугаар олж өгсөн юм. С эгчийг зээл чөлөөлөх хүнээс хэдэн төгрөг аваад хаашаа шилжүүлж байгааг нь мэдэж байсан. Яг хэдийг аваад хэдийг урьд нь мөнгө зээлж авсан хүнд өгөөд байгааг нь мэдэхгүй ээ. Би найз Тогтохбаатараар зээл хаадаг хүний дугаар олоод өгөөч гэхэд фэйс дээр ийм дугаар байна гээд олж өгсөн юм. Тэр дугаар нь Н-ын дугаар байсан байна лээ. Тэгээд С эгч тэр дугаар руу залгаж Н-аас 8,250,000 төгрөгийг авсан гэж байна лээ. Тэр мөнгөнөөсөө 8,150,000 төгрөгийг урьд нь 8,000,000 төгрөг зээлсэн хүндээ 8,150,000 төгрөг болгоод өгсөн байсан. Тэгээд тэр хүнээсээ дахин 11,000,000 төгрөг зээлж аваад Н-т 8,350,000 төгрөг болгож буцааж өгсөн байдаг юм. Тэгээд Н-аас С эгч Б эгч нар дахин зээл чөлөөлүүлье гэж хэлээд 15,200,000 төгрөг авсан байна лээ. С эгч, Б эгч хоёр тэгж ярьж байхыг би сонсож байсан юм. С эгч, Б эгч бид гурав урьд нь авсан хүний мөнгийг буцааж олж өгөхийн тулд зээл чөлөөлнө гэсэн зарын дагуу холбогдож цалингийн зээл чөлөөлүүлнэ гэж С эгч худлаа хэлж тэр хүнээс нь мөнгө аваад урьд нь авсан хүнд нь буцааж өгч байсан юм.” гэх мэдүүлэг[21],

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга[22],

 

Шүүгдэгч Ц.С, С.Б нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[23] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ц.С, С.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Ц.С нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Б-аас 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5108182062 дансаар 1,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 4,500,000 төгрөгийг иргэн Г.Уранчимэгийн  эзэмшлийн Хаан банкны 5019172928 дансаар тус тус шилжүүлэн авч нийт 5,500,000 төгрөгийг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Б-ээс 6,500,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.С, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Н-ийн өмчлөлийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч 68,000,000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Н-аас шилжүүлэн авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө орон сууцыг барьцаалж иргэн Т.О-ээс 35,000,000 төгрөгийн шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2020  оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Н-аас  15,200,000 төгрөгийг Ц.С-ийн эзэмшлийн Хаан банкны 5108182062 дугаарын дансаар шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.С, С.Б нар нь бүлэглэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Хохирогч Х.Н, Н.Н нарын өмгөөлөгч Л.Оюунсувд:  ”Шүүгдэгч нар нь хохирогч Х.Н-ийн өмчлөлийн байрыг худалдан авна гэж хууран мэхэлж зээлийн гэрээ хийж С.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Хохирогч Н.Н-аас  зээл чөлөөлүүлээд буцаагаад зээл авч төлнө гэж хуурч 15,200,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Шүүгдэгч нар нь бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдэж хохирогч нарт хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналтай байна. Мөн хохирогч Х.Н-ийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг сэргээлгэх, шүүгдэгч нараас 12,800,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Н-т   олгох саналтай байна.”гэв.

 

Хохирогч Т.О-ийн өмгөөлөгч П.Батжаргал: “Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналтай байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.О өөрт учирсан 35 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд шүүгдэгч нараас 35 сая төгрөг гаргуулж хохирогч Т.О-т олгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.С,  С.Б нарын өмгөөлөгч Н.Баттунсаг: “Шүүгдэгч нар залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар маргахгүй. Харин хэргийн зүйлчлэл дээр санал хийлэхгүй байна. Хэргийг бодитоор тал бүрээс нь шалгах зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд бодит хохирол гэдэг шууд хохирлыг хэлнэ гэж заасан байдаг. Хохирогч Т.О-т бодитоор 28,500,000 төгрөгийн хохирол учирсан. Оюунчимэгийн 5 сая төгрөг нь бодит хохирол биш. Оюунчимэг Ц.С-ээс 5 сая төгрөг нэхэмжлэхийг бол үгүйсгэхгүй, 5 сая төгрөгийг суутгая гэдэг бол залилах гэмт хэрэг биш. Хуульд заасны дагуу хохирлыг тооцох хэрэгтэй. Х.Н-ийн өмчлөх эрхийн бичгийг аваад тухайн өмч өмчлөгчийн эрхийн бичгийг ашиглаад байгаа нь өөрөө гэмт хэрэг. Хохирогч Х.Н 68 сая төгрөгөөр хохирсон зүйл байхгүй. Нотлох баримт ч байхгүй. Шүүгдэгч нар шууд орон байр авсан зүйлгүй тул материаллаг хохирол гэж үзэхгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Өмчлөгчийн эд хөрөнгийн хувьд өмчлөх хөрөнгийн эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авсан болохоос, 68 сая төгрөг авсан зүйл байхгүй байна. Хүү тооцох асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Мөн А.Отгонцэцэг хохирогч Н.Н-ын хэрэгт хэрэгт  оролцсон. Өөрөө ч энэ талаар мэдүүлсэн байдаг. Нэг хүн ял завшаад, хохирол төлбөр төлөхгүй байж болохгүй. А.Отгонцэцгийг шалгах хэрэгтэй. Н.Н-ын мөнгөнөөс А.Отгонцэцэг тодорхой хувийг авсан. А.Отгонцэцэгийн оролцоог шалгуулахаар прокурорын шатанд буцаах саналтай байна.” гэж маргаж, мэтгэлцсэн болно.

Ц.С, С.Б нар нь залилах гэмт хэрэг төгссөний дараа Н.Н-аас  шилжүүлэн авсан 15,200,000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулах тэдний өөрсдийнх нь асуудал бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дээрх санал нь хэрэгт авагдсан Ц.С-ийн эзэмшлийн Хаан банкны 5108182062 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга[24]-аар үгүйсгэгдэж байна.

 

Учир нь дээрх дансны хуулгаар Ц.С, С.Б нар нь 15,200,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой харагдаж байна.

Залилах гэмт хэргийн объектив шинж нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авсан үйлдлээр хангагддаг ба А.Отгонцэцэгийн үйлдлийн улмаас Н.Н-т   15,200,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин хохирогч, гэрч нь хуульд зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх замаар өмчлөгч, эзэмшигчийг эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг.

Залилах гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцааны зээлийн гэрээнээс ялгагдах гол шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, хугацаа авахад чиглэсэн идэвхтэй үйлдэл байдаг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ц.С, С.Б нар нь хохирогчдоос байшинг чинь худалдаж авъя,  өөрийн эзэмшлийн байраа барьцаалж мөнгө зээлье, зээлээ чөлөөлүүлээд цалингийн зээл аваад буцаагаад төлье, зээлээ хаачхаад буцаагаад зээл аваад шилжүүлье гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Х.Н, Т.О, Н.Н, С.Б, С.Б нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ц.С, С.Б нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”

2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.С, С.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилжээ.

Хохирогч Т.О 35,000,000 төгрөг, хохирогч Н.Н 15,200,000 төгрөгийг шүүгдэгч Ц.С, С.Б нараас, хохирогч С.Б 6,500,000 төгрөг, хохирогч С.Б 5,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.С-ээс тус тус нэхэмжилсэн ба хохирогч Х.Н нь Ц.С, С.Б нараас өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага гаргажээ.

Шүүгдэгч Ц.С, С.Б, тэдний өмгөөлөгч Н.Б нар нь хохирогч Т.О-ээс 35,000,000 төгрөг аваагүй 28,500,000 төгрөг авсан гэж хохирлын хэмжээн дээр маргаж байгаа боловч Т.О нь Ц.С, С.Б нарын хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр орон сууцны гэрчилгээ шилжүүлэхтэй холбоотой гарсан 750,000 төгрөгийн зардлыг гаргаж, Ц.С-ийн хүсэлтээр иргэн Оюунчимэгт төлөх байсан 5,750,000 төгрөгийн зээлийг нь суутгаж, бэлнээр 28,500,000 төгрөгийг өгсөн байх тул түүнийг 35,000,000 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С, С.Б нар нь бэлэн авсан 28,500,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр орон сууцны гэрчилгээ шилжүүлэхтэй холбоотой гарсан 750,000 төгрөгийн зардлыг тус бүр хувь тэнцүүлж,  Ц.С нь иргэн Оюунчимэгт төлөх 5,750,000 төгрөгийн зээлээ суутгуулсан тул дангаар хариуцах тул шүүгдэгч Ц.С 20,375,000 төгрөг, С.Б 14,625,000 төгрөгийг тус тус хариуцахаар байна.

Шүүгдэгч Ц.С нь хохирогч С.Б-д учруулсан 5,500,000 төгрөгийг, шүүгдэгч С.Б нь хохирогч Т.О-т төлөх төлбөрөөс 3,000,000 төгрөг, хохирогч Н.Н-т   төлөх төлбөрөөс 2,400,000 төгрөгийг тус тус нөхөн төлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалж, шүүгдэгч Ц.С-ээс 12,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-т,  6,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д, шүүгдэгч С.Б-аас 11,625,000 төгрөг, шүүгдэгч С.С-ээс 20,375,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О-т тус тус олгож, хохирогч Х.Н, шүүгдэгч С.Б нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 588 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, шүүгдэгч С.Б, хохирогч Т.О нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан 601 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хохирогч Х.Н-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.С-т  6 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-д 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв.

 

Хохирогч Х.Н,  Н.Ннарын өмгөөлөгч Л.Оюунсувд:  ”Хохирогч Х.Н-ийн өмчлөх эрх сэргээхийг дэмжиж байна. Хохирогч Н.Н-ын хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч нарт хуульд заасан хариуцлага хүлээлгэх зөв гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Ц.С, С.Б нарын өмгөөлөгч Н.Баттунсаг: “Хохирол төлбөрийн асуудлыг шийдэх гэж хичээсэн. Богино хугацаанд мөнгө олох асуудалтай байсан. Улсын яллагчийн санал болгосон ялын саналтай санал нийлэхгүй байна. Шүүгдэгч нар гэм буруутай боловч 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь хүнд ял санагдаж байна. Шүүгдэгч нарт бага ял оногдуулаад, ял эдэлж дууссаны дараа шүүгдэгч нараар ажил хийлгэж хохирогч нарын хохирлыг нь барагдуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Ц.С, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч, С.Б нь залилах гэмт хэрэгт урьд 1 удаа, шүүгдэгч Ц.С нь залилах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.С, С.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.С-т  6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  шүүгдэгч Ц.С, С.Б нарын урьд цагдан хоригдсон 17 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.С, С.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003001495, Ү-2003016391 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 6 дугаар гудамжны 90а тоот хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............. овогт ............-ийн .......... , ..........  овогт ........... ..............нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.С-т  6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, С.Б нарын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ээс 12,800,000 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Н.Н /утас-95118520/-т, 6,500,000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “King tower” хотхоны 124 дүгээр байрны 121 тоотод оршин суух хохирогч С.Б /90078688, 70120896/-д, шүүгдэгч С.Б-аас 11,625,000 төгрөг, шүүгдэгч С.С-ээс 20,375,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 27 дугаар байрны 85 тоотод оршин суух хохирогч Т.О /99230989, 80230989/-т тус тус олгосугай.

 

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хохирогч Х.Н, шүүгдэгч С.Б нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 588 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, шүүгдэгч С.Б,, хохирогч Т.О нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан 601 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

7. Хохирогч Х.Н-ийн улсын бүртгэлийн Ү-2003010001 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө 50.5 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг сэргээхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.С, С.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын бүртгэлийн Ү-2003010001 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө 50.5 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.С, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Сэлэнгэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 


[1] 1 дэх хавтаст хэргийн 107-110 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 114 тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 211 дугаар тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 90, 98-99 тал

[5] 2 дахь хавтаст хэргийн 82-85 тал

[6] 2 дахь хавтаст хэргийн 91-92 тал

[7] 2 дахь хавтаст хэргийн 94 тал

[8] 2 дахь хавтаст хэргийн 95 тал

[9] 2 дахь хавтаст хэргийн 96 тал

[10] 2 дахь хавтаст хэргийн 113 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 44-47 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 50-52 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 65-66 тал

[14] 1 дэх хавтаст хэргийн 69-70 тал

[15] 1 дэх хавтаст хэргийн 34-35 тал

[16] 1 дэх хавтаст хэргийн 14-15 тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 19, 150-151, 142-144 тал

[18] 1 дэх хавтаст хэргийн 25-26 тал

[19] 2 дахь хавтаст хэргийн 137-140 тал

[20] 2 дахь хавтаст хэргийн 143-144 тал

[21] 2 дахь хавтаст хэргийн 159-160 тал

[22] 2 дахь хавтаст хэргийн 124-126 тал

[23] 1 дэх хавтаст хэргийн 157-184 тал

[24] 2 дахь хавтаст хэргийн 124 тал