Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 213

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Н.Идэр, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт ........... овогт ............ ийн ...-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018001260122 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............  овогт ..........-ийн ............. /регистрийн дугаар: ............../, ..........оны .......... дүгээр сарын .........-ны өдөр .............. аймгийн .......... суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., ............ хамт ...........аймгийн .........сумын ............ баг, .............. дугаар гудамж ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ............. нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 17 цагийн орчим ..............аймгийн ........... сумын ............. баг, Шивээтийн ............ гудамжны ...........  тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн А.А-ийн нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь нуруунд сээрний 5 дугаар нугалмын нум, хатуу хальс гэмтээж, харалдаах нугасны хатуу хальсны доор цусан хураа үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн хөл, аарцгийн эрхтэний саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 2 дугаар сарын 1-ний өглөө би ажлаасаа тараад хамт ажилладаг залуутайгаа дэлгүүр орж 0,5 литрийн нэг шил архи авч манай гэрт хувааж уусан. Тэгээд ажлын залуу гэр лүү явсан. Тухайн үед би мах чанасан байсан бөгөөд манай нэг хуурай дүү эхнэр, хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд махнаасаа хүнд өгөхөөр яваад буцахдаа хоёр охиндоо аарц, ундаа, жигнэмэг, өөртөө 0,33 литрийн нэг шил архи аваад гэртээ ортол А.А манай эхнэртэй 0,75 литрийн нэг шил архи ууж байсан. Тэгээд бид гурав хамт сууж байхад А.А надтай огт ярихгүй, чи цаашаа байж бай гээд байхаар нь би уурлаад мах идэж байсан хутгаараа хатгасан. Тухайн үед би согтуу байсан тул болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн мэдүүлэг нь түүний анх өгсөн мэдүүлэгтэй тохирохгүй байна. Анх манай аавыг мах ид гэж дуудсан гэж мэдүүлж байсан. Одоо болохоор хардсан гэж мэдүүлж байна. Манай аав шүүгдэгчийн урдаас харж сууж байсан бөгөөд босох үед нь хутгаар хатгаж алахыг завдсан гэж үзэж байна. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул болсон явдлыг санахгүй байна гэх боловч тухайн үед болсон үйл явдлыг ойлгох ухаантай байсан. Намайг аавын цусыг дараад сууж байх үед үхээгүй байна уу гээд нулимс, шүлсээ гоожуулаад хэлсэн. Хохирлын хувьд баримтын хүрээнд 500,000 төгрөг өгсөн. Мөн уучлалт гуйж 4,590,000 төгрөг өгсөн. Шүүгдэгч уучлалт гуйж, олон удаа ирсэн ч аав маань намайг алахыг завдсан гээд уулзахгүй байсан юм. Тэгээд удаа дараа гэрт ирээд уучлалт гуйгаад байхаар нь би уулзаад 4,590,000 төгрөгийг бэлнээр авсан. Аавын маань зүүн хөл дахин мэдээ орохгүй, баруун хөл 15 жил дотор мэдээ орох магадлалтай, дэлхийд эмчилгээ байхгүй гэсэн. Аав маань одоо байнга бусдын асаргаанд, сэтгэл санааны хувьд их хүнд байгаа. Одоо шүүгдэгчээс сувилалд эмчлүүлсэн 972,690 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Эрүүгийн 2018001260122 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хохирогч А.А-ийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[3],

 

Хохирогч А.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн мэдүүлсэн: “...2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр аймгийн төв явж ирчхээд Б ахынх аймгийн төв явах болж байгаа байх гэж бодоод Оюунгэрэл эгч рүү залгаад та нар аймгийн төв рүү явах уу гэж асуухад өнөө маргаашдаа явах ажил байхгүй, 13 дахь сарын цалин буухаар явж хөлдөөгч авна. Манайх адууны мах чанаж байна ирж мах идээч гэхээр нь 1 шил архи аваад очъё гэж хэлээд дэлгүүрээс 0,75 граммын “Хараа” нэртэй архи аваад Б ахын гэрт нь очиход Оюунгэрэл эгч 2 зээ охиныхоо хамт байсан. Авч ирсэн архиа задлаад 1 хундага уучхаад махнаас нь идээд сууж байтал Б ах гаднаас 1 шил 0,33 литрийн Хараа архи авч орж ирсэн. Б ах, Оюунгэрэл эгч хоёр надаас өмнө архи уучихсан хоёулаа халамцуу байдалтай байсан. Б ахыг ирснээс хойш би жижиг архины аягаар 2-3 удаа уусан. Тэгээд нөгөө хоёр хоорондоо бага зэрэг муудалдаад архиа хувааж уугаад байхаар нь та 2 чинь яасан сонин юм бэ хүн дуудчихаад хоорондоо маргалдаад байх юм. Би явлаа гэж хэлэхэд тэр хоёр маргалдахаа болиод сууцгаасан. Тэр хоёр тухайн үед надаас хамаагүй илүү уугаад байсан. Сүүлдээ нэлээн согтоод ирсэн. Тэгээд Оюунгэрэл эгч надад архинаасаа нэг аягалаад өгсөн. Тэр архийг нь аваад ширээн дээр тавьчхаад сууж байтал Б ах миний хажуугаас босоод ар талаар тойрох шиг болоход би сандлаасаа түг хийгээд доошоо унасан. Тэгэхэд миний нуруугаар халуу дүүгээд хөдлөх гэхэд хөл мэдээгүй болчихсон байхаар нь та яаж байгаа юм бэ? Б ахаа гэж хэлэхэд ахыгаа уучлаарай гээд миний өөдөөс сандал дээр суучхаад уйлаад байсан. Гэмтэл согогын нугас нурууны тасагт очоод эмчлүүлж байгаад 2 сарын 05-ны өдөр нугас тасарсан учир нугас орлуулах хагалгаанд ороод хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр эмнэлгээс гэртээ ирсэн. Одоо миний бөгсөн бие ямар ч мэдээ байхгүй, байнгын живхтэй хэвтэрт байна. Би гомдолтой байна. Одоо хүний асаргаанд орчихсон байнгын хэвтэрт байгаа болохоор хэцүү байна. Би эмчилгээндээ одоогийн байдлаар 4 сая гаран төгрөгийн зардал гаргачхаад байна. Эмчилгээнийхээ зардлыг баримтаар нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч У.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн: “Манай нөхөр А нь өнөөдөр 16 цаг 30 минутын үед Хонгороос хүний нүүрс авчрахаар гэрээсээ гараад явсан. Тэгээд гарч яваад удаагүй байтал 17 цаг 29 минутад Б-ын эхнэр Оюунаа над руу 95398059 дугаарын утсаар залгаад хурдан хүрээд ир, манай нөхөр танай нөхрийг хутгалчихлаа гээд согтуу ярьсан. Би хоёр хүүгийн хамт Оюуны гэрт очиход манай нөхөр Оюуны өвөр дээр дээш хараад хэвтчихсэн, цус нуруу хэсгээс нь гарч байсан. Энэ үед Б сандал дээр суучихсан би хүн алчихлаа гээд уйлаад сууж байсан.” гэх мэдүүлэг[5],

 

Насанд хүрээгүй гэрч А.Анхзулын мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн: “...Орой гэрт байж байхад Анхзаяа аниа гадаа гарч шээхээр явж байтал манайд эмээ өвөөтэй хамт архи ууж байсан ах хойшоо саваад уначихсан. Тэгээд эмээ тэр ах дээр очоод хувцсыг нь сөхөөд хартал хутганы үзүүр харагдсан. Эмээ өвөөг “Чи яаж байгаа юм бэ хүн аллаа шүү дээ” гээд загнаад байсан. Эмээ эхлээд тэр ахын эхнэр лүү утсаар залгаад “Нөхрийг чинь хутгалчихлаа” гэж хэлсэн чинь эхнэр нь юу гэнээ” гэж хэлээд утсаа салгасан. Дараа нь ах утсаар залгаад намайг Б хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгж байтал удаагүй гаднаас хоёр ах орж ирээд манай өвөөг өшиглөөд байсан. Тэгээд нөгөө хутгалуулсан ахыг аваад явсан. Бариултай хутга байсан тэр ахын нуруунд зоочхоод өвөө буцаагаад авах гэж байсан юм шиг байна лээ тэгсэн чинь хутга нь үлдээд бариул нь гараад ирсэн.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...А, Б бид 3 ширээ тойроод авч ирсэн архийг хуваагаад ууж байсан. Тэгээд бид 3 юм яриад сууж байхад гэнэт А Б ахаа та намайг яаж байгаа юм бэ намайг хутгалчихлаа шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би харсан чинь А унах гэж байхаар нь би түшиж аваад айгаад байсан болохоор миний дүү яриад байгаарай гэж хэлсэн чинь А эхнэр лүүгээ утсаар яриад Б намайг хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд удалгүй эхнэр нь орж ирсэн. А Б ахаа та намайг яагаад хутгалчхаж байгаа юм бэ гэж хэлэхээр нь би харсан чинь нуруунд нь манай талх зүсдэг жижиг хутга иштэйгээ холбогддог хэсэг нь цухуйж харагдсан. Тухайн хутгалсан хутга нь жижиг талх зүсдэг бариул нь улаан цагаан өнгөтэй, урд талын хэсэг нь эрээн өнгөтэй хутга байсан. Манай гэрт бас яг түүнтэй ижил том эрээн хутга байдаг юм. Юу болоод хутгалсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Б-ын дургүйг нэг юмнаас болж хүргэсэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг[7],

 

Б.Б-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...А-ийн авч ирсэн 0,75 литрийн архи, миний авч ирсэн 0,33 литрийн архийг ууж дуусгачхаад сууж байгаад Би А-тэй жаахан маргалдсан. Учир нь чи манай гэрт архи авч ирлээ гээд маргалдаж байгаад гэнэт миний уур хүрээд мах хэрчиж идэж байсан улаан эрээн өнгийн бариултай, жижиг хутгыг махтай таваг дотроос аваад А-ийн ар нурууны дал хэсэг рүү нь хутгаад хатгасан. Тэгээд хатгасан хутганы ажлын хэсэг нь А-ийн ар нуруунд зоогдоод үлдсэн ба бариул хэсэг нь миний баруун гарт байсан бөгөөд А-ийн ар нуруунаас нь цус гарч байсан. Би нэлээн согтолттой байсан. Гэхдээ болж байгаа үйл явдлыг санаж байгаа.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч А.Билгүүний мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 17 цагийн үед ээжийн гар утас дуугараад ээж утсаа авч ярьснаа гэнэт орилоод уйлсан. Тэгэхээр нь би нэг юм болчихлоо гэж бодоод ээжийн утсыг аваад ярихад нэг эмэгтэй хүн танай аавыг манай нөхөр хутгалчихлаа хурдан ирээрэй гэж хэлэхээр нь та хэн бэ гэхэд Оюунгэрэл байна гэж хэлээд тасалсан. Тэгээд ээж дүү хоёрыгоо дагуулаад Б-ын гэрт явж очоод би түрүүлээд орсон. Тэгэхэд манай аав А.А гал тогооны өрөөний шалан дээр дээшээ хараад их хэмжээний цус гарчихсан хэвтэж байсан. ...Аавыгаа тэврээд шархнаас нь цус гаргахгүй гээд гараараа дараад байж байхад аав бид хоёрын өөдөөс Б хараад сууж байснаа шүдээ хавираад яасан чи үхээгүй байна уу гэж хэлэхэд нь би босох гээд өндийхөд аав миний гараас бариад болохгүй шүү миний хүү чи өөрөө буруудна гэж хэлээд миний зүүн гараас татсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд аавыг Хонгор сум ороод цус тогтоох тариа хийчхээд яаралтай Дархан-Уул аймаг руу яв гэхээр нь аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд эмч нар үзчихээд хутганы ажлын хэсэг нь бие дотор нуруунд нь байна. Бид нар хутгыг нь аваад өгье. Та нар яаралтай Улаанбаатар хот руу яв гэж хэлээд аавын ар нуруунаас 15 см орчим урттай хутганы ажлын хэсгийг гаргаж ирээд надад үзүүлээд шарханд нь оёдол тавьж өгсөн. Манай аав А.А-ийн биеийн байдал сэтгэл оюун санааны хувьд эрүүл саруул байгаа. Харин бие махбодын хувьд гарын суганаас доош мэдээгүй байгаа. Байнгын хэвтэрт эмчлүүлж байна. Үнэхээр их гомдолтой байна.” гэх мэдүүлэг[9],

 

Яаралтай тусламжийн хуудас[10],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 245 дугаартай “...А.А-ийн биед нуруунд сээрний 5 дугаар нугалмын нум, хатуу хальс гэмтээж, харалдаах нугасны хатуу хальсны доор цусан хураа үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн хөл, аарцгийн эрхтний саажилт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэвтээ, босоо аль ч байрлалд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсч болох шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт[11],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хантаазны захын хойд хэсгийн залгаас оёдлоос эгч доош 2.5 см, баруун ханцуйн хойд залгаас оёдлоос эгц зүүн тийм 20 см зайд 14мм хэмжээтэй зүсэгдэлт, цэнхэр өнгийн цамцны захын хойд хэсгийн залгаас оёдлоос эгч доош 2.5 см, баруун ханцуйн хойд залгаас оёдлоос эгч зүүн тийш 20 см зайд 16 мм хэмжээтэй зүсэгдэлт, цагаан өнгийн богино ханцуйтай цамцны захын хойд хэсгийн залгаас оёдлоос эгч доош 2.5 см, баруун хойд залгаас оёдлоос зүүн тийш 19 см зайд 16 мм хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдэлт нь шинээр үүссэн зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн 14.5х2см хэмжээтэй хутганы ажлын хэсгээр үүссэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүд нь хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[12],

 

Б.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...гэр лүүгээ буцах заамдаа дэлгүүр ороод 2 ширхэг аарц, 1 ширхэг печень, 0,33 граммын Хараа нэртэй архи 1 шил аваад гэртээ ирэхэд манай гэрт Салхитын таксины жолооч А.А ирчихсэн. 1 шил 0,75 граммын Хараа нэртэй архи задлаад тавьчихсан мах идээд сууж байхаар нь Оюунгэрэл, А бид гурав архийг нь хувааж уугаад уусаад. Тэгээд миний авчирсан 0,33 граммын архийг мөн хувааж уусан. Тэгээд манай эхнэр Оюунгэрэлтэй А юм яриад тоохгүй байхаар нь ширээн дээр байсан тавагтай махан дотроос хутга аваад А.А-ийн нуруунд хутгаар хатгасан. Тэгээд А чи яагаад намайг хутгалчихав гэж асуухад нь миний ухаан балартаад сандал дээрээ суусан. Тэгэхэд манай эхнэр Оюунгэрэл Алтангэрэлийг өвөр дээрээ толгойг нь тавиад хэвтүүлчхээд А-ийн эхнэр лүү залгаад Б танай нөхрийг хутгалчихлаа хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй А-ийн эхнэр, хүүхдүүд нь ирээд том хүү болох Билгүүн нь над руу хуванцар халуун сав шидэж миний зүүн талын дал орчим оносон. Тэгээд цусыг цусаар гээд орилж хашхираад байж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад машиндаа суулгасан. Тухайн үед би нэлээн согтолттой байсан.” гэх мэдүүлэг[13],

 

Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд[14],

 

Хохирогч А.А-ийн өвчний түүх[15],

 

Хохирогч А.А-ийн эмчилгээний зардалтай холбогдох баримтууд[16] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг, Шивээтийн 10 дугаар гудамжны 11-67 тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн А.А-ийн нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь нуруунд сээрний 5 дугаар нугалмын нум, хатуу хальс гэмтээж, харалдаах нугасны хатуу хальсны доор цусан хураа үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн хөл, аарцгийн эрхтэний саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ын зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн байна” гэх дүгнэлт гаргасан.

Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба хохирогч А.А-ийн эрүүл мэндэд учирсан нуруунд сээрний 5 дугаар нугалмын нум, хатуу хальс гэмтээж, харалдаах нугасны хатуу хальсны доор цусан хураа үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн хөл, аарцгийн эрхтэний саажилт бүхий хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан “нугасны хөндийд нэвтэрсэн шарх Үүнд: нугас гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр нугасны хөндийд нэвтэрсэн шарх хамаарна” гэх хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-д  холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ыг  зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 5,998,190 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д  9 жил 5 сарын хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа: “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д  эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11.5 см урттай хутганы иш 1 ширхэг, нийт урт нь 14.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай ишгүй хутга 1 ширхэг, цагаан өнгийн энгэр хэсэгтээ “Columbia” гэсэн бичиглэлтэй фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, ногоон өнгийн хантааз 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...................  овогт ...............-ийн .....................-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д  5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д  оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11.5 см урттай хутганы иш 1 ширхэг, нийт урт нь 14.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай ишгүй хутга 1 ширхэг, цагаан өнгийн энгэр хэсэгтээ “Columbia” гэсэн бичиглэлтэй фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн хоолойтой цамц 1 ширхэг, ногоон өнгийн хантааз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Хохирогч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч А.Б нар нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ

 

                                                                         ШҮҮГЧ                            Н.ИДЭР

 

                                                                         ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР

 

 


[1] Хавтаст хэргийн 3-10 тал

[2] Хавтаст хэргийн 14-15 тал

[3] Хавтаст хэргийн 16-17, 18 тал

 

[4] Хавтаст хэргийн 22-24 тал

[5] Хавтаст хэргийн 25-26 тал

[6] Хавтаст хэргийн 28 тал

[7] Хавтаст хэргийн 31-32 тал

[8] Хавтаст хэргийн 33-34 тал

[9] Хавтаст хэргийн 35-36 тал

[10] Хавтаст хэргийн 38 тал

[11] Хавтаст хэргийн 41-43 тал

[12] Хавтаст хэргийн 55-58 тал

[13] Хавтаст хэргийн 68-69 тал

[14] Хавтаст хэргийн 70, 76-87 тал

[15] Хавтаст хэргийн 87-112 тал

[16] Хавтаст хэргийн 116-144 тал