Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 055

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Ф,

шүүгдэгч Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж т холбогдох эрүүгийн 2013000480052 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдөр БӨ  аймгийн Ө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б сумын * дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Ж , регистрийн дугаар БЮ81******.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Ж  нь 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө 02-03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед эхнэр К гийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрх чөлөөнд халдан галын хайчаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Ж  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013000480052 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

2. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 05-06 дугаар хуудас/,

3. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/

4. Хохирогч К ийг 3 сартай жирэмсэн болохыг тодорхойлсон эмнэлгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

5. Шүүх шинжилгээний албаны шинжээч Б гийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

6. Гэрч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

7. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

8. Шүүгдэгч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж  нь 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед эхнэр К ийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрх чөлөөнд халдан галын хайчаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнийн 02 цагийн үед шөнөжингөө гадаа явж байгаад орсон чинь нөгөө залуугаа манай оронд хэвтүүлсэн, хөнжил хучсан байхаар нь би нөгөө нөхрийг босгох гэсэн чинь чи наадахаа яах гэж байгаа гээд галын хайч аваад над руу шидсэн, миний нуруунд оносон, дараа нь галын хайчаа дахин аваад хөлний шилбэ, нуруу, хавирга тус газарт олон удаа галын хайч махийтал нь цохисон. Би гэрээс гараад зугтсан араас галын хайчаа барьж хөөсөн, намайг гүйцэж ирээд барьж аваад зодож байхад О  эхнэртэйгээ ирээд салгаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 31 дүгээр хуудас/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 05-06 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/

- Хохирогч К г 3 сартай жирэмсэн болохыг тодорхойлсон эмнэлгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

- Шүүх шинжилгээний албаны шинжээч Б гийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн 1. Иргэн К ий бүсэлхийн хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, бүсэлхий, зүүн талын гуя, зүүн талын өвдөгний хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Иргэн К ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Энэ гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

- Гэрч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...малыг бэлчээрт гаргачхаад зогсож байтал гэрээс Ж ийн эхнэр К  зугтаж гүйж гарсан араас нь Ж  галын хайч барьсан К ийг цохиод хөөсөн, тэгээд эхнэр бид хоёр очиж салгаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

-  Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад Ж ийн гэрт нөхөр О ийн хамтаар мал услахаар болж очиход гэрт эхнэр нь К  байгаагүй, буйданд Х  хэвтэж байсан. Ж  газарт хэвтэж байлаа. Надад гал түлж цай шанаад өг гэхээр нь би айлын галын түлэхгүй гэж хэлээд К ийг асуухад К  аймаг руу явсан гэж хэлсэн, тэгээд бид гараад явж хашаанаас мал гаргаж байхад К  гэрээсээ зугтаж гараад бид нар луу чиглээд гүйсэн ба араас нь Ж  гартаа галын хайч бариад хөөсөн, зугтаж явж байгаад гадаа байсан хөнгөн цагаан данхыг Ж  рүү шидэх шиг болсон тэр Ж ийн толгойнд оносон, Ж  гүйж ирээд К ий нуруу, гуянд 2 удаа галын хайчаар цохиж зодсон, тэр үед О  бид хоёр очоод салгаад авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

- Шүүгдэгч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би эрт босоод гал түлээд явж байтал эхнэр К  босож ирээд чи архичин хонууллаа гэж хэлээд над руу данхыг шидэхэд уг данх надад хүрээгүй. Тэгэхээр нь би дургүй хүрээд гартаа барьж байсан галын хайчаар түүний нуруу, бэлхүүс, зүүн талын гуя руу хэд хэдэн удаа цохсон. Би архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр К ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж  нь эхнэр болох К ийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг гараараа зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ж ийн хохирогч К ий эрүүл мэндэд “бүсэлхийн хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, бүсэлхий, зүүн талын гуя, зүүн талын өвдөгний хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг бие махбодын хүчирхийлэл; сэтгэл санааны хүчирхийлэл; эдийн засгийн хүчирхийлэл; бэлгийн хүчирхийлэл гэж заасан байх ба гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлох зорилгоор гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг хийх, мөн цагдаагийн албан хаагч нь гэр бүлийн аюулгүй байдлыг шалгах буюу хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээг хийхээр хуульчилсан байна.

БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Бугат сум хариуцсан мөрдөгчөөс 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч К ий асуулт тавьж, Аюулын зэргийн үнэлгээг тогтооход эрсдэлийн түвшин “өндөр” гарч, цаашид шүүгдэгчийн зүгээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ж ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн архидан согтуурсан болон догшин байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К ий эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн бөгөөд хохирогчоос хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ж т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ж  нь хохирогч К тэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаартай саналд яллагдагч Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ж  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Ж т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч, хохирогч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч, хохирогч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах Д  даалгасугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т