| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/00445/И |
| Дугаар | 443 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 443
2017 оны 02 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2017/00443 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, өөрийн байранд байрлах, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн хүсэлттэй,
З.Чинбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Зоригт овогтой Чинбат нь тус банктай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 2015/000397/0021-н тоот “Цалингийн зээл ба барьцааны гэрээ”-г байгуулж 3 500 000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийн зээлийг сарын 1.7-н хувийн хүүтэйгээр, 18-н сарын хугацаатай, машин шинэчлэх зориулалтаар зээлж авсан билээ.
Зээлдэгч нь “Цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, Худалдаа, хөгжлийн банкны 463003194-н тоот цалингийн картын дансны орлогоо барыдаалсан юм.
Зээлдэгч З.Чинбат нь зээл авснаас хойш оршин суугаа хаягаа өөрчилж, хаана байгаа нь тодорхойгүй болсон бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүулээгүйгээс 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тэлбөр нь нийт 1 255 823.80 (нэг сая хоёр зуун тавин таван мянга найман зуун хорин гурван тэгрөг, наян мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч нь Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Зүрх Уул, Сэлбийн 41 дүгээр гудамжны 955-н тоотод оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32016/32104-н тоот шүүгчийн захирамжаар нотлогдсон болно.
Иймд, З.Чинбатын оршин суугаа хаяг, холбоо барих утас тодорхойгүй байх тул Иргэннй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь Харчин овогт Зоригтын Чинбат/РД: ЧЗ85022311/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Харчин овогт Зоригтын Чинбатын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32016/32104 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Харчин овогт Зоригтын Чинбатыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харчин овогт Зоригтын Чинбат/РД: ЧЗ85022311/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Харчин овогт Зоригтын Чинбат/РД: ЧЗ85022311/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Харчин овогт Зоригтын Чинбат/РД: ЧЗ85022311/-ыг эрэн сурвалжилж, З.Чинбатын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ