| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0050/Э |
| Дугаар | 059 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 059
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч К
шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М д холбогдох эрүүгийн 2013040000042 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавья шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, М , регистрийн дугаар Б3*******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч М нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед эхнэр нь Б ыг гэр бүлийн маргааны улмаас баруун талын далны хэсэгт хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч М мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013040000042 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,
2. Эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн иштэй, хутганы ажлын хэсэг нь 17.3 см, иш нь 11.2 хэмжээтэй хутга /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
3. Б ы аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 30-40 дугаар хуудас/,
4. Хохирогч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,
5. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/
6. Шүүгдэгч М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед эхнэр нь болох Б ыг гэр бүлийн маргааны улмаас баруун талын далны хэсэгт хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн иштэй, хутганы ажлын хэсэг нь 17.3 см, иш нь 11.2 хэмжээтэй хутга /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
- Хохирогч Б ы БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 30-40 дугаар хуудас/,
- Хохирогч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр М ыг 19 цагийн үед архи уусныг мэдээд гэрийн хажуугийн дэлгүүрт очиж яагаад архиар утас сольсон бэ гэж хэрүүл хийгээд гэрт ирэхэд М чи дэлгүүрийн хүнтэй хэрүүл хийлээ, дахин архи өгөхгүй шүү дээ гэж хэлээд миний нуруу руу цохих шиг болсон. Би тухайн үед өвлийн хар өнгийн куртик өмсчихсөн байсан тоохгүй зогсож байтал нөхөр маань саарал өнгийн иштэй хутгыг шидээд гэрээс зугтаж гарсан. Би түүнийг хаанаас хутга авсныг гайхаад харж байтал нуруу нойт оргихоор нь хартал нуруунаас цус гарч байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дугаартай “1. Иргэн Б ы биед баруун дал орчим хатгагдаж зүсэгдсэн шархтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна.
3. Иргэн Б ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
4. Иргэн Б ы биед үүссэн гэмтэл ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтад түр нөлөөлөх болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
- Шүүгдэгч М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гэрийн хажуугийн “Мини маркет” нэртэй дэлгүүрээс утас, боорцгийн тос, иргэний үнэмлэх зэргээ барьцаанд тавиад ”Нутаг” нэртэй архинаас 4-ийг аваад ганцаараа уусан. Уг 4 шил архины 2 шил нь 0,33 граммтай, 2 шил нь 0,5 граммтай байсан. Уг архийг уугаад ухаан мэдрэлээ алдсан байна, надад санаж байгаа зүйл байхгүй байна. Би 7 хоногийн ихэнхэд согтуу байдаг, ер нь их архи уудаг маань үнэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд хоносон ба эрүүлжүүлэхээс гараад Б эмнэлэгт хэвтэж байхад нь би очиж уулзсан. Намайг очиж уулзахад Б чи өчигдөр согтуу ирээд надтай маргалдаад гэрт байдаг том хутгаар намайг хутгаллаа гэж хэлсэн, би өөрөө юу ч санахгүй байгаа юм. Одоо Б гэрт байгаа, биеийн байдал нь сайн байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М нь эхнэр Б ыг гэр бүлийн маргааны улмаас баруун талын далны хэсэгт хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч М ы хохирогч Б ы эрүүл мэндэд “биед баруун дал орчим хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М ы архидан согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Б ы БӨ аймгийн Прокурорын газарт хаяглан бичсэн “Миний нөхөр Ө сумын 6 дугаар багт оршин суудаг М намайг энэ оны 1 дүгээр сарын сүүлээр хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Тэр энэ хэрэгтээ гэмшин надаас уучлалт гуйсан юм. Би түүнийг уучиллаа. Бид хоорондоо эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хөнгөрүүлэн хянан шийдвэрлэж өгөхөд хохирогч миний хувьд татгалзах зүйлгүй болно. Миний бие шүүх хуралд оролцохгүй болно” гэх хүсэлтээс үзэхэд шүүгдэгч М ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч М нь хохирогч Б тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай саналд яллагдагч М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч М д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Жанибект эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан саарал иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн саарал өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т