| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0058/Э |
| Дугаар | 066 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 066
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
Улсын яллагч Ф,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А,
Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц д холбогдох эрүүгийн 2013000880070 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ц сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Тува, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мапчин, БӨ аймгийн Ц сумын 0 дугаар багт оршин суудаг, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай шийдвэрээр 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц , рөгистрийн дугаар БЛ78******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Ө сумын 10 дугаар багийн иргэн Б Х банкны дансанд мөнгө орсон эсэхийг Х банкны “Хостерек” худалдааны төвд байрладаг АТМ-ээс картаар нь шалгаж өгөхдөө мөнгө ороогүй байна гэж хуурч мэхлэн уг картанд орсон 200.000 төгрөгийг өөрөө гарган авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Ц мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000880070 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/
2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/
3. “СД” бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/
4. Хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13-14, 17 дугаар хуудас/
5. Гэрч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/
6. Шүүгдэгч Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
7. Шүүгдэгч Ц гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багийн иргэн Б “Х банкин дахь дансанд мөнгө орсон эсэхийг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу Ө сумын 5 дугаар багт байршилтай, “Хостерек” худалдааны төвд байрладаг Х банкны АТМ-ээс картыг нь шалгаж өгөхдөө “мөнгө ороогүй байна” хэмээн хуурч мэхлэн уг картанд орсон 200.000 төгрөгийг өөрөө гарган авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...миний бие 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед “Хостерек” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах Х банкны АТМ-ээс Төрөөс олгодог эхийн нэгдүгээр одонгийн мөнгө орсон эсэхийг шалгахаар очсон бөгөөд би АТМ-ээс яаж мөнгө авдгийг мэдэхгүй болохоор тэнд мөнгө авахаар зогсож байсан үл таних эрэгтэй хүнд “миний дансанд мөнгө орсон эсэхийг шалгаад өгөөч” гэж өөрийн Х банкны картаа өгөхөд нөгөө эрэгтэй хүн миний картыг АТМ-д хийж үзээд таны дансанд мөнгө ороогүй байна гэж буцааж өгсөн.
Тэгээд хэсэг хугацааны дараа миний бие банканд очиж дансанд одонгийн мөнгө орсон эсэхийг шалгуулахад теллер миний дансыг шалгаж үзээд таны дансанд одонгийн мөнгө орсон боловч өнөөдөр 12 цагийн үед АТМ-ээс гаргаад авсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/
- “СД” бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/
- Хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13-14, 17 дугаар хуудас/
- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...миний бие 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед эхнэрийн хамт “Хостерек” худалдааны төвд байрлалтай Х банкны АТМ-ээс одонгийн мөнгө авахаар очсон. Эхнэр бид хоёр АТМ-ээс яаж мөнгө авдгийг мэдэхгүй болохоор эхнэр маань урьд нь зогсож байсан үл таних залууд картаа өгөөд миний дансанд мөнгө орсон байна уу шалгаад өгөөч гэхэд нөгөө залуу картаа АТМ руу хийж шалгаж үзээд мөнгө ороогүй байна гэж картаа буцааж өгсөн. Тэгээд эхнэр маань Х банк орж асуухад таны данснаас 12 цагийн үед 200.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн байна лээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/
- Шүүгдэгч Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр БӨ аймгийн “Хостерек” худалдааны төв дотор байдаг Х банкны АТМ-ээс танихгүй эмэгтэй мөнгө аваад өг гэхээр нь картнаас нь 200.000 төгрөг гаргаж авах команд өгсөн боловч мөнгө нь гарч ирээгүй, тэгэхээр нь би уг эмэгтэйд таны дансанд мөнгө байхгүй байна гэж хэлээд картыг нь өгч явуулсан. Тэгээд би өөрийнхөө картыг шалгах гэж байтал АТМ-ээс мөнгө гарч ирэхээр нь түрүүний эмэгтэйн мөнгө байна гээд аваад өгөх гээд гартал тэр эмэгтэй байхгүй болохоор нь уг мөнгийг өөрөө аваад цагаан сарын бэлтгэлдээ зарцуулчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
- Шүүгдэгч Ц гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Залилах гэмт хэрэг нь “хуурч, эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй үйлдэл юм.
Шүүгдэгч Ц нь иргэн Б Х банкны дансанд мөнгө орсон эсэхийг Х банкны “Хостерек” худалдааны төвд байрладаг АТМ-ээс картаар нь шалгаж өгөхдөө мөнгө ороогүй байна гэж хуурч мэхлэн уг картанд орсон 200.000 төгрөгийг өөрөө гарган авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б д 200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн БӨ аймгийн Прокурорын газарт хаяглан бичсэн “Миний бие Б нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ц д өөрийн Х банкны картын үлдэгдлийг шалгаж өгөхийг хүсэж картаа өгч өөрийн данснаас 200.000 төгрөг залилуулсан юм. Миний картнаас 200000 төгрөг залилсан Ц миний мөнгийг буцааж надад өгсөн ба одоо надад ямар нэгэн хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн хавтаст хэрэгт мөнгө хүлээлгэж өгсөн болон хүлээн авсан талаар баримт хийж өгсөн болно” гэх хүсэлтээс үзэхэд шүүгдэгч Ц г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ц нь хохирогч Б тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай саналд яллагдагч Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ц хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Ц д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц г хохирогч Б г хуурч, түүний 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т