Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 073

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч Е ,

шүүгдэгч Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж д холбогдох эрүүгийн 2013000000086 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд найрамдах Казахстан Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 38 настай. эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Бүгд Найрамдах Казахстан улсын Алма-ата хотын Узынагаш дүүргийн Хайназарын 69 тоотод оршин суух хаягтай, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 265.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б .

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Ж  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 30 минутын үед БӨ аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х банкны урд талд байрлах таксины зогсоол дээр иргэн Ө ыг таксинд явсангүй гэх шалтгааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Ж  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013000000086 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,

2. Хохирогч Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,

З. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25- 26 дугаар хуудас/,

4. Хохирогч Ө ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б  2020 оны 03 сарын 16-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж  нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед  30 минутын үед БӨ аймгийн Ө сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х банкны байрны урд талд байрлах таксины зогсоол дээр иргэн Ө ыг таксинд явсангүй гэх шалтгааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Үүнд:- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,

- Хохирогч Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 30 минутын үед миний бие Ө сумын 8 дугаар багт байрлах Х банкны урд байрлах таксины зогсоол дээр таксинд явах гэж зогсож байсан юм. Тухайн үед миний бие машиныхаа гадна талд таксинд явдаг Е , С  нартай цуг хоорондоо юм яриад зогсож байх үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үл таних хүн ирээд таксинд явах юм уу гэж асуух үед миний бие тухайн хүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан болохоор нь явахгүй гэж хэлсэнд тухайн хүн намайг хэл амаар доромжилж байгаад хажуу талд зогсож байсан С  гэх хүний машинд суусан. Энэ үед С  машинаа асаагаад хөдөлж байгаад зогссон. С ын машинаас тухайн үл таних хүн бууж газраас чулуу аваад над руу шидсэн ба тухайн чулуу нь намайг оноогүй. Дахиж чулуу аваад шидэх гэхэд нь миний бие очиж тухайн хүнийг барьж авсан ба тухайн үл таних хүн гараараа миний нүүрэн тус газарт 3 удаа цохисон энэ үед миний бие тухайн хүнийг гараараа хамгаалаад чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлэх үед тухайн үл таних хүн зодохоо болиод миний хажууд зогсож байсан бөгөөд миний бие цагдаагийн газар луу залгаж мэдээлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,

- Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Ө сумын 8 дугаар багт байрлах Х банкны урд талд байрлах таксины зогсоол дээр миний бие Ө , Е  гэх хүмүүсийн хамт таксинд явах гэж хоорондоо юм яриад зогсож байх үед нэг үл таних залуу ирээд Ө ыг таксинд явах уу гэж хэлсэн. Энэ үед Ө  би таксинд явахгүй гэж хэлсэнд тухайн үл таних залуу газраас чулуу авч Ө  руу шидсэн. Тэрээр тухайн шидсэн чулуу нь Ө ыг оноогүй дахин газраас чулуу авч шидэх гэж байх үед Ө  гүйж очиж тухайн үл таних залууг барьж авсан. Тухайн үед үл таних залуу түүний нүүрэн тус газарт цохиход Ө  миний амнаас цус гарч байна чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлэх үед үл таних залуу дахиж цохиогүй юм. Тэгээд Ө  цагдаа руу залгаж удалгүй цагдаагийн машин ирээд тэр хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25- 26 дугаар хуудас/,

- БӨ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 сарын 16-ны өдрийн 145 дугаартай “1. Иргэн Ө ын биед дээд эрүүний зүүн талын 1, 2, 3 дугаар шүднүүд нь хэсгээрээ хугарч унасан, доод уруулын дотор талд язарсан шарх, зүүн талын хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1 дэх хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварын 10% тогтонги алдагдуулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 10% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

- Яллагдагч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Монгол Улсын БӨ аймгийн Ө суманд 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. Ө сумын төвд сургуульд сурч, амьдарч байгаад 2008 онд Бүгд Найрамдах Казахстан улс явж тэрнээс хойш Казахстан улсын иргэншлийг авсан. Миний бие Казахстан улс руу очсоноос хойш бага оврын автобусаар улс хооронд таксины үйлчилгээ хийдэг болсон  бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Казахстанаас Ө д ирсэн.

2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр аймгийн төвд найзууд болох А , Ж  нарын хамт Малын захын хажууд 14 цагаас 21 цаг хүртэл хэд хэдэн шил архи уусан. Архи дуусахаар Ж , А  бид гурав таксигаар Ө сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х банкны АТМ-ийн хажууд ирээд буусан. Тэрээр А , Ж  нар АТМ-ээс мөнгө аваад архи авахаар дэлгүүр руу явах хооронд би такси барьж харих гэж таксины зогсоолд очиж нэг таксины жолоочид явах уу гэсэн чинь би явахгүй гэсэн. Би согтуу учир мөнгө өгөхгүй гэж бодож байна уу гэж маргаан гараад улмаар таксины жолооч Ө ыг нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тэр үед зах шүд уначихлаа гэхээр нь би дахиж гар хүрэлгүй зогссон бөгөөд тэрээр Ө  цагдаа дуудсан. Би явчих бол зугтаад явчихсан гэж хэлэх бол уу гэж бодоод цагдаа ирэхийг нь хүлээж байсан.

Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан бөгөөд эрүүлжүүлэгдэж маргааш нь харсан чинь Ө ын үүдэн 3 шүд нь хугарч унасан байсан тул Ө аас уучлалт гуйж эмнэлэгт дагуулж очиж үзүүлээд улмаар 3 ширхэг хиймэл шүд хийлгэхэд 700.000 төгрөг гарна гэхээр нь бэлнээр төлж өгсөн. Ө  өөрөө шүдээ хийлгэж авахаар болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Миний хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж  нь иргэн Ө ыг  хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ж ы хохирогч Ө ын эрүүл мэндэд “дээд эрүүний зүүн талын 1, 2, 3 дугаар шүднүүд нь хэсгээрээ хугарч унасан, доод уруулын дотор талд язарсан шарх, зүүн талын хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж ы архидан согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж  нь хохирогч Ө тай сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршигт 700.000 төгрөгийг төлж өгсөн байна.

Мөн хохирогч Ө ын бичсэн “Миний бие Ө сумын 0 дүгээр багийн иргэн Ө  би эрүүгийн 2013000000086 дугаартай хэргийн хохирогч бөгөөд яллагдагч Ж аас нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай баталгаа гаргаж байна” гэх баталгаанаас үзэхэд шүүгдэгч Ж ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ж  нь хохирогч Ө тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай саналд яллагдагч Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ж  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Ж д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж  нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ж ы Казахстан улсын паспортыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт ирүүлсэн эд мөрийн баримтгүй  зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ж ы Казахстан улсын пасторыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т