Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Оюун |
Хэргийн индекс | 116/2018/0016/З |
Дугаар | 22 |
Огноо | 2018-12-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...... тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг 69.1% дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргаас Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг 69.1 хувь, дутагдалтай гэж дүгнэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Дээрхи үр дүнгийн гэрээний биелэлтийг 69.1 хувь, “дутагдалтай” гэж дүгнэснийг үндэслэж Дорнод аймгийн Засаг даргаас 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг гаргасан бөгөөд .... дээрхи захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоол гарсныг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр гардаж авсан.
Миний хувьд 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг 69.1 хувь дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь: Байгаль орчны газар нь улсад салбарын хэмжээнд 86 хувьтай дүгнэгдэж, аймаг нь улсад 4-р байранд орсон байгаа. Энэ юугаар нотлогддог вэ гэхээр, Дорнод аймгийн Засаг даргаас Байгаль орчны сайдтай байгуулсан гэрээ нь яаман дээр дүгнэгддэг. 2016 онд ч гэсэн манай салбар улсад 3-р байранд орж дүгнэгдэж байсан. Дээр нь 2017 онд манай байгууллагад Төрийн аудитын шалгалт орж, санхүүгийн үйл ажиллагаагаараа зөрчил дутагдалгүй гэсэн дүгнэлт гарсан. Миний зүгээс мэргэжилтнүүдтэй “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг. 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтээ манай мэргэжилтнүүд 80-аас дээш хувиар дүгнүүлсэн. Миний хувьд мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээний заалт бүрийг уншиж, танилцан, тэмдэглэл хөтөлж бодитойгоор дүгнэдэг, Тендерийн ажлууд маш ихээр зарлагддаг бөгөөд эдгээрээс 100 хувийн гүйцэтгэлтэй, улсын комисс хүлээж авсан ажлууд дээр хүртэл 10, 15 хувийн үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Засаг дарга “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлт дээр гарын үсэг зурахдаа зөвхөн дүгнэх хуудас дээр гарын үсэг зурж, миний үр дүнгийн гэрээний илтгэх хуудасны заалт бүртэй танилцаагүй нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогддог. Засаг дарга сайдтай байгуулсан хамтын гэрээний 17 зүйл заалт нь миний Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээтэй давхцдаг. Эдгээр заалтуудын хүрээнд Байгаль орчны яаман дээр тодорхой хэмжээгээр үнэлэгдчихээд байхад миний үр дүнгийн гэрээн дээр хангалтгүй, “0” оноо хүртэл тавьсан асуудал байгаа.
Энэ асуудал дээр улсын комисс актаар хүлээж авсан ажлуудын талаархи нотлох баримтыг гаргаж өгсөн. Зарим мэргэжилтнүүдийг гэрчээр асуулгасан байгаа. Бид 2017 онд сар бүр хийсэн ажлын тайлангаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж ажилласан. Яаман дээр ажлын үзүүлэлтүүдийг дүгнэж явдаг. Би өөрөө төрийн албанд 20 гаруй жил ажиллахдаа “С” үнэлгээ ч авч үзээгүй. Сахилгын шийтгэлийг ч хүлээж байгаагүй. Иймд үр дүнгийн гэрээг 69.1 хувь гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа юм гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргаас аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай байгуулсан 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-г 69.1 хувь “дутагдалтай” гэж дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах үндсэн шаардлага гаргасан. Аймгийн Засаг даргаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Үр дүнгийн гэрээг дүгнэсэн шийдвэр, түүний үр дүнд гарсан тушаал бууруулах шийдвэрүүд нь хууль бус бөгөөд ******* төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдгийг нэхэмжлэл дээрээ дурдаж өгсөн.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу үнэлж дүгнэх журам гэсэн хоёр шаардлагыг л тавьж байгаа. Тогтоосон хугацаанд зохих журмын дагуу дүгнэх ёстой. Гэтэл Үр дүнгийн гэрээг тогтоосон хугацаанд дүгнээгүй гэж ярьж байна. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь “Үр дүнгийн гэрээ байгуулна” гээд, журмын 1.6-д “Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө байгуулна. Гэрээний хугацаа нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж заасан, журмын 2.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээг байгуулах үүрэгтэй” гэж заасан. Төсвийн жил гэдгийг Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж заасан байгаа. Хуульд заасан хугацааг баримтлан дүгнэх ёстой. Гэтэл Үр дүнгийн гэрээгээр дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор дүгнэнэ гээд өөр хугацаа тохирсон байна. Энэ хугацаандаа ч дүгнээгүй, 02 дугаар сарны 24-ний өдөр дүгнэсэн. Үүнийг няцаах баримт гаргаагүй. Ингэж дүгнэж танилцуулж байгаа нь Үр дүнгийн гэрээг тогтоосон хугацаанд дүгнэх гэсэн эхний шалгуур зөрчигдөж байна.
Хоёрдугаарт, Үр дүнгийн гэрээг зохих журмын дагуу дүгнээгүй. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу дүгнэнэ гээд энэ журмын 1.5-т хэзээ дуусгавар болохыг заасан байгаа, журмын 2.2-т ”Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслийг хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавих, шаардлага хангуулах үүрэгтэй”, 2.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40.1-т заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээг байгуулах үүрэгтэй”, 2.4-т “Төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхгүй байгаа Төсвийн ерөнхийлөн захирагчид шаардлага тавих эрхтэй” гээд хугацаандаа ирүүлээгүй нь хуульд заасан хариуцлага тооцох үндэслэл болно гэж тус тус заасан байгаа. Хариуцагч нарын өөрсдийнх нь тайлбараар үр дүнгийн гэрээний биелэлтийг хугацаандаа ирүүлээгүй гэж байгаа. Тэгвэл хугацаандаа ирүүлээгүй бол шаардлага тавих үүрэг нь Төсвийн ерөнхийлөн захирагчид байна. Мөн хариуцлага хүлээлгэсэн зүйл байдаггүй. Журмын 3 дахь хэсэг Үр дүнгийн гэрээтэй хамааралтай учраас танилцаж анхаараасай гэж хүсэж байна. Журмын 6 дахь хэсэгт гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах талаар байгаа, журмын 6.1-т “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ” гэж заасан. Гэтэл асуулт хариултын хэсэгт ярилцлага хийгээгүй гэдэг нь тодорхой болсон. Энэ талаарх баримт байхгүй байсан. журмын 6.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ” гэсэн жагсаалт байгаа. 6.2.1-6.2.6-д заасан бүхий л холбогдох мэдээллүүдийг үндэслэн “Үр дүнгийн гэрээ”-г дүгнэх тухай заасан байгаа.
Гэтэл ганц Үр дүнгийн гэрээний илтгэх хуудас үг үсгийн алдаатай зэрэг үндэслэл яриад, бусад мэдээллүүдийг хараагүй юу гэж асуухаар тэр мэдээллээ яамандаа өгсөн байх гээд ирсэн ирээгүйг нь ч мэдэхгүй сууж байна. Мөн энэ журмын 6.1, 6.2-ыг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дээрх байдлаас харахад Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт бүхэлдээ зөрчигджээ гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал” байгаа. Үүнд огт ажил хийгээгүй бол “0” оноо, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил хийгдэж эхэлж байгаа бол 1-4, .... гэх мэтээр заасан байна. Энэ аргачлалаар заалт бүрээр яаж дүгнэж хэдэн оноо өгснөө шүүхийн хэлэлцүүлэг дээр ч тайлбарлаж чадахгүй байна. Энэ нь зохих журмын дагуу үнэлээгүй гэдэгт орно, энэ аргачлалыг бариагүй байна. “Шинжээчийн дүгнэлт” дутагдалтай байна, эргэлзээтэй байна гэж үзэж байгаа бол дахин дүгнэлт гаргуулах, эсхүл нотлох баримтаас хасуулах эрх хэн алинд нь байгаа. Энэ хүсэлтийг шүүхэд албан ёсоор тавиагүй. Хоёр дахь бичгээр өгсөн тайлбарт байгаль орчны салбарын ажил дутагдалтай байгааг харуулж байна гэж дурдагдсан нь бодит байдалтай нийцээгүй. Аймгийн Засаг дарга 2017 оны хамтран ажиллах гэрээгээ 86 “В” үнэлгээтэй дүгнүүлж, аймгийн Байгаль орчны салбар улсын хэмжээнд 4-рт эрэмбэлэгдсэн гэж байгаа. Мөн Төрийн аудитын газраас гаргаж өгснөөр төсөв санхүүгийн зөрчилгүй дүгнэлттэй. Гэтэл санхүү дээр нь дан тал оноо тавьсан. Мөн шинжээчийн дүгнэлт дээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэдэг тодруулсан үгийг аваад буруугаар тайлбарлах оролдлогуудыг хийж байна. Шинжээчийн дүгнэлт дээр юуг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар маш тодорхой зааж өгсөн.
Хамтын ажиллагааны гэрээ болон Үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг харьцуулан эцэслэн дүгнэх боломжгүй гэсэн. Учир нь эдгээрийн бүх заалт давхардсан биш. Тодорхой заалтуудаар давхардаж байгаа учраас 100 хувь эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үүний хүрээнд л хэлсэн. Эцэст нь дүгнэж хэлэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх гэдэг бол араасаа энэ хүнийг албан тушаал дэвшүүлэх үү, бууруулах уу, төрийн албанаас халах уу гэдэг эрх зүйн үр дагаврыг шууд дагуулж байдаг цогц үйл ажиллагаа. Бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тал бүрээс бүрэн нотлогдож байна.
Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтууд, мөн дээрх журам, аргачлалыг тус бүр харгалзан үзэж, эдгээр заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж, ... албан тушаал буурч ажилласан цалингийн зөрүү 2 689 281 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан 4 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төсвийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу ерөнхий менежерүүд төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулдаг. Энэ тогтоолоор мөн үнэлж дүгнэх журмаа баталсан. Гэрээг үнэн бодитой дүгнэсэн эсэхийг хэн тогтоох вэ, 134 дүгээр тогтоол дээр гэрээтэй холбоотой үүссэн маргааныг яаж шийдвэрлэх талаар “Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны салбар зөвлөлөөрөө дамжуулж шийдвэрлэнэ” гэж зааж өгсөн байгаа. Энэ журмын дагуу асуудлыг шийдвэрлэж байж харъяалал харгалзахгүй, гомдол хэлэлцэхгүй, гэрээний дүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, нэгжийн гаргасан дүнгээр өнөөдрийн гэрээний дүнтэй холбоотой бодитой юу, бодитой биш үү гэдэг асуудлыг шийдвэрлэх бол хамгийн үндэслэлгүй гэж бодож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэрээг ямар байдлаар дүгнэснийг хэд хэдэн алдаатай зүйл байна гэж үзэж байгаа. 1-рт: Засаг дарга аймгийн хэмжээний Байгаль орчин, аялал жуулчлалын хүрээнд сайдад ажлаа дүгнүүлдэг. ******* хувьд Засаг даргын өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхаа үүрэг чиглэл, гэрээнд тусгасан үүрэг чиглэлийг хэрхэн зохион байгуулсан талаар дүгнүүлдэг. Дээр нь гэрээг дүгнэхдээ ямар байдлыг дүгнэсэн бэ гэхээр аймгийн Засаг дарга, ******* хоёрын гэрээг дүгнэх гэж байж Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тэр газрын хүргүүлсэн тайланг дүгнэчихсэн.
Уг нь А. ******* ажилласан тайлангаа манайд дүгнүүлэх байтал өөр газар тайлагнасан тэр тайлантай харьцуулж дүгнэсэн нь алдаатай болсон, 17 заалтын хүрээнд харьцуулж харахад дүгнэсэн нь ингэж гарч байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн тайлангийн хүрээнд гэж байгаа. Ердөө аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн тайлангийн хүрээнд гээгүй юм.
Мөн дээр нь “Шинжээчийн дүгнэлт” дээр маш тодорхой заасан байгаа. Сайд Засаг даргатай байгуулдаг гэрээг хамтран ажиллах гэрээ гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын газар яаманд тайлан хүргүүлдэг. Мөн тус газрын дарга аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Ийм 3 зүйл байдаг юм. 1-рт, ******* өөрөө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн тайлан байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын өгсөн тайлан байгаа. 2-рт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай Засаг даргын байгуулсан гэрээний биелэлт байгаа. Түүнээс биш ******* өөрөө “Үр дүнгийн гэрээ” байгуулсан зүйл байхгүй. Газрын нэгжийн дарга гэдгээрээ албан тушаалаараа байгуулсан гэрээ байгаа. Үүнээс бид юу гэж үзэж байна вэ гэхээр, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан ******* нь яамандаа илүү ач холбогдол өгч ажилладаг юм байна. Аймаг, орон нутагтайгаа ач холбогдол багатай, ялгаатай ажилладаг юм байна гэдэг нь харагдаж байна. Гэрээний биелэлтийг ямар байдлаар дүгнэх вэ гэдэг нь журам дээр маш тодорхой байгаа. Шалгуур үзүүлэлт, түүний хүрсэн түвшин, үр дүн зэргийг маш тодорхой тусгаж байж та гэрээгээ дүгнүүлнэ.
Мөн Засаг даргыг гэрээ байгуулагч нөгөө тал буюу ******* өөрөө гэрээгээ дүгнүүлэхдээ мэдээллээр хангана гэж заасан. ******* яамыг мэдээллээр хангах биш өөрийнхөө үр дүнгийн гэрээг дүгнүүлж байгаа бол Засаг даргыг мэдээллээр хангах ёстой. Энэ мэдээлэл гэдэг нь үр дүнгийн гэрээний биелэлт юм. “Шинжээчийн дүгнэлт”-ийг бид заалт бүрээр харьцуулж үзсэн давхардаж байгаа гэсэн 17 заалтын тухайд 5 заалт дээр л үнэлгээ зөрүүтэй байгаа. Энэ 5 заалт нь ямар заалт вэ гээд гэрээн дээрээс шүүж үзэхэд дандаа тайлагналтын хувьд алдаа дутагдалтай, үр дүн, хүрэх зүйлүүд нь харагдаагүй. Журман дээр гэрээнийхээ биелэлтийг дараа жилийн гэрээний төсөлтэйгээ хамт ирүүлнэ гэж байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр таны ирүүлсэн гэрээний биелэлт маш тодорхой, үр дүнд хүрсэн зүйлүүд нь харагдаж байж түүнд үндэслэн дараагийн гэрээг байгуулах ёстой гэсэн агуулгаар батлагдсан журам байгаа. Гэрээнд байгаа 47 заалтын хүрээнд үзлээ гээд шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Үүнээс 27 заалт нь бодитой зөрүүтэй үнэлгээтэй байгаа. Бид дутуу хараад дүгнэсэн юм болов уу гээд эргээд харахад мөн л үр дүнд хүрсэн зүйл харагдахгүй, бүрэн тусгаагүй асуудлууд байсан. Эцэст нь хэлэхэд Засаг дарга өөрийн биеэр дүгнэх байсан гэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд маш тодорхой заасан байгаа. Тамгын газар бол Засаг даргын ажлын алба туслах чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой, Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой туслах чиг үүрэгтэй учраас өмнөх гүйцэтгэлийн бүх ажлуудыг хийнэ. Шат шатны удирдлагуудаар ороод гэрээний дүнг оруулсан. Засаг дарга дээр орсон. Засаг дарга гэрээний дүн болон гэрээтэй танилцаад А. ******* өөрийг нь дуудаж уулзсан байгаа. Гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өөрөө тайлбар гаргах эрхтэй. Засаг дарга тайлбартай танилцаад шаардлагатай бол үнэлгээнд өөрчлөлт оруулна. Шаардлагагүй бол тэр чигээр нь батлаад явна. Энэ бүх зүйлийг хангаж байхад шууд шүүхэд хандсан.
Энэ гэрээг ингэж дүгнэсэн нь байгууллагынх биш тухайн албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэж байгаа хэлбэр шүү гэж хэлмээр байна. Мөн гэрээг дүгнэхдээ тайлагналтыг цэвэр 134 дүгээр тогтоолыг барьж дүгнэсэн, заалт болгоныг хүрсэн түвшин, зорилт, биелэлтийг харьцуулсан байдлаар тайлангаа тайлагнах ёстой гэж маш тодорхой заасан байгаа. Үнэхээр бид *******антулгыг шахсан байдлаар үнэлэе гэж байгаа бол яамны үнэлгээтэй манай зарим үнэлгээ зөрж, зарим үнэлгээний хувьд яам “0” гэсэн байхад манайх өндөр үнэлгээтэй дүгнэсэн зүйлүүд ч байгаа. Ирүүлсэн тайлангийн хүрээнд дүгнэсэн юм шүү. Мэргэжилтэн Соёлмаагийн ажлын байрны тодорхойлолт дээр Үр дүнгийн гэрээ дүгнэх ажлыг зохион байгуулах гэж байна. Дүгнэх гэсэн зүйл байхгүй гэж байна. ... дүн оруулснаар дүгнэсэнд тооцохгүй. Засаг дарга болон шууд захирагч гарын үсэг зурж батагаажуулсанаар дүгнэсэн гэж үзнэ.
Бид яамны дүгнэлтийг бүрэн дүүрэн гэж үзэхэд хангалтгүй байна. Жишээ нь, сая Эко сургуулийн талаар ярилаа. Эко сургууль гэдэг зөвшөөрөгдөж байж, хөтөлбөр хэрэгжүүлье гэж шийдвэр гарч байж хэрэгжинэ. Гэтэл энэ сургуулиудад зөвхөн анхан шатны сургалт нь явсан. Хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр ажил нь зохион байгуулагдаагүй, сонгогдоогүй байж байгаа юм. Энэ хэмжээний мэдээллүүд зөрүүтэй байгаа учраас үүнийг бодитой дүгнэлт гэж хэлэхэд эргэлзээтэй байна. Хэрэгт нотлох баримтаар авагдаагүй боловч надад хамтарч ажиллаж чадахгүй гэж хэлсэн зүйлүүд байгаа. Бат-Өлзий дарга, миний бие, ******* бид нар байж байгаад ярилцсан зүйлүүд байгаа. Үүнийг бид сонсгох ажиллагаа гэж ойлгож байгаа гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсвийн шууд захирагч буюу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ******* нь өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийнхаа хувьд “Үр дүнгийн гэрээ”-гээ аймгийн Засаг даргатай Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасны дагуу байгуулдаг. Дүгнэх эрх бүхий субъект нь Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга байгаа. Дараагийн нэг асуудал нь Хамтын ажиллагааны гэрээ гэж зүйл харьцуулсан байдлаар орж ирж шинжээчийн дүгнэлт дээр зөрүүтэй байдлыг бий болгосон байна. Хамтын ажиллагааны гэрээ бол үр дүнгийн гэрээнээс ялгаатай асуудал байгаа. Энэ 2 гэрээг хооронд нь харьцуулахад үр дагаврын хувьд ч тэр, бусад байдлаараа нийцэхгүй асуудал байгаа юм
Аймгийн Засаг даргын хамтран ажиллах гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын Үр дүнгийн гэрээнд тусгагдсан нийт 17 ажил агуулгын хүрээнд харьцуулж болохоор байна гэж шинжээч дүгнэлтдээ дурдсан байна. Үүнтэй холбогдуулж илт зөрүүтэй байгаа зүйлүүд дээр тодруулга хэлье. 17 ажил буюу шинжээчийн дүгнэлтийн 3-р хуудас, 24-дэх заалт 2.1.6 дээр заасан “сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хог хаягдлыг дахин ашиглах, бүтээлч сэтгэлгээг дэмжих, сурталчлах ажлыг зохион байгуулна” гэдэгт шинжээчийн дүгнэлтэд 30 гэсэн оноог дурдсан байна. Зөвхөн аймгийн хэмжээнд Байгаль орчны салбарыг хариуцаж байгаа төсвийн шууд захирагч буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд орон нутгийн хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар байтал зөвхөн Хан-Уул цогцолбор сургууль дээр анхан шатны сургалтуудыг зохион байгуулсан гэдэг асуудлыг л оруулж ирсэн байсан. Иймээс гүйцэтгэлийн үр дүн, хүрэх түвшин тодорхой бус байгаа учраас энд үнэлгээ зөрсөн байдаг. Мөн 2.3.5-д “Баяндун сумын биотехникийн арга хэмжээ авч, түймэрт өртсөн хадлан тэжээлийн өвс ургамал тачир газарт зэрлэг ан амьтад, өвс хужир тавих ажлыг хэрэгжүүлнэ” гэсэн ажлыг дурдсан байдаг. Үүнтэй холбоотой 2017 оны 2 дугаар сард Цагаан-Овоо, Баяндун сумдад тодорхой газрын нэр дурдаад өвс, хужир аваачиж тавьсан гэдэг боловч энэ ажлыг тодорхой судалгаанд үндэслэж, зохион байгуулах байтал үр дүнгүй газруудад хийсэн. Мөн Хэрлэн, Баян-Уул, Цагаан-Овоо сумдын Ерөнхий боловсролын сургуульд эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Эко сургууль хөтөлбөр нь Олон улсын байгууллагын хөтөлбөрөөр хэрэгждэг, болзолтой, шалгуур үзүүлэлттэй байдаг. Шаардлага хангасан тохиолдолд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Гэтэл гэрээ байгуулсан, хүлээж авсан ажил нь энэ гэсэн байдлаар оруулж ирсэн. 2017 онд хэрэгжих ажилд 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг оруулж ирсэн харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-г 69.1 хувь “дутагдалтай” гэж дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан, Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах”[1] нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, “Шинжээчийн дүгнэлт” зэргийг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар[2], нэхэмжлэгч ******* албан тушаал бууруулсан шийдвэрийг гаргаж, тэрээр үндэслэлээ, “...аймгийн Засаг даргатай 2017 онд байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-гээ хангалтгүй биелүүлж, “69.1 хувь, дутагдалтай” дүгнэгдсэн, аймгийн Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй” гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар[3] аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар томилогдож улмаар, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга М.*******, төсвийн шууд захирагч Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга ******* нарын хооронд “Үр дүнгийн гэрээ” байгуулж[4], ...2017 оны 1 дүгээр сарын 30-наас 2018 оны 1 дүгээр сарын 15-ны дотор багтаан гэрээний биелэлтийг дүгнэх”-ээр байгуулжээ. “Үр дүнгийн гэрээ” нь байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах талаар менежерийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлох, талууд болох ...төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг, шууд захирагчийн хүлээх үүрэг “...шалгуур үзүүлэлтийг хамтран тодорхойлох зорилгыг агуулсан байна.
Нэхэмжлэгч ******* Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан үеийн 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн, “Илтгэх хуудас”-аар[5], ...нийт арга хэмжээ /гарц/-ийн биелэлт 0-30 оноогоор дүгнэгдэхээс 19.8, тусгай арга хэмжээ /гарц/-ийн 0-40 онооноос 29.3, манлайлал зорилт 0-30 онооноос 20, нийт 69.1 хувь “D” буюу “дутагдалтай” гэж дүгнэгдсэн байна. Тодруулбал: 1.Байгаль орчны талаархи хөтөлбөр, хууль тогтоомж шийдвэрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээ: 1.1.1-1.1.4 хүртэл 28+12+20+20 оноонууд, 2.1. Байгаль орчны нөхөн сэргээлтийн арга хэмжээ: 2.1.1-2.1.6 хүртэл 29+30+30+30+25+15, 2.2. Байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг хангах арга хэмжээ: 2.2.1-2.2.5 хүртэл 23+0+15+20+15, 2.3. Байгаль орчны хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ: 2.3.1-2.3.16 хүртэл, 26+20+10+30+15+25+25+30+15+10+10+30+5+0+20+15, 2.4. Аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлж, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ: 2.4.1-2.4.4 хүртэл, 20+22+20+25, 2.5. Ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын ажлын мэдээлэл хийж, сурталчлах арга хэмжээ: 2.5.1-2.5.5 хүртэл 20+28+25+15+10, 2.6. Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын бүртгэл мэдээллийг сайжруулах арга хэмжээ: 2.6.1-д 10 оноо, Байгаль орчны салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ: 2.7.1. 25 оноо, 2.7.2. 20 оноо, Тусгай ажил үйлчилгээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг, Тусгай захиалгат ажил: 1,2,3 дугаарт 25+25+38 оноо, Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт: 1-2-рт 30+10 оноонуудаар тус тус ...гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийг дүгнэсэн илтгэх хуудсыг ирүүлжээ.
Тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ”Шинжээч томилох тухай” 77 дугаар захирамжийн[6] дагуу, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас ирүүлсэн, “Шинжээчийн дүгнэлтэд[7]: Төрийн албаны салбар зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ыг[8] баримтлан, Төсвийн ерөнхийлөн захирагч Дорнод аймгийн Засаг дарга М.*******гийн баталгаажуулсан, Төсвийн шууд захирагч-Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга *******аттулгын 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-ний илтгэх хуудас, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны дэлгэрэнгүй боть тайланг үндэслэн, хяналт шинжилгээ үнэлгээг хийж дүгнэлт гаргахад, 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ 85.5 хувь “B” буюу “сайн” биелүүлсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүнд: 2017 оны “Үр дүнгийн гэрээ-”нд 46 арга хэмжээ тусгагдсанаас нийт ажил үйлчилгээ 43 арга хэмжээ: 30 оноо, Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд бүрэн хүрсэн 33 арга хэмжээ: 30 оноо, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй 1 арга хэмжээ: 25 оноо, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн 3 арга хэмжээ: 10-13 оноо, ...хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил хийгдэж эхэлж байгаа 2 арга хэмжээ: 4 оноо, ...тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ямар нэгэн ажил хийгдээгүй 2 арга хэмжээ: 0 оноо, үнэлэх боломжгүй буюу өөрсдөөс шалтгаалаагүй -1 арга хэмжээ, гэх зэргээр ******* “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг харьцуулан дүгнэсэн задаргаа тайлбарыг хүснэгтээр 1-рт: Арга хэмжээний дугаар, 2-рт: Байгаль орчин аялал жуулчлалын яамны хяналт шалгалтын үнэлгээ, 3-рт: Үнэлгээ өөрчлөгдсөн үндэслэл зэргийг харьцуулан дүгнэж ирүүлсэн байна. Тодруулбал: 1.1.1-1.1.4 хүртэл: 30+4+30+30 оноо, 2.1.1-2.1.6 хүртэл: 30+30+30+30+30+30, 2.2.1-2.2.5 хүртэл: 30+30+30+30+30, 2.3.1-2.3.16 хүртэл 30+30+10+30+30+30+25+30+15+10+30+13+4+ /үнэлэх боломжгүй/ +30+30, 2.4.1-2.4.4 хүртэл: 0+30+30+30, 2.5.1-2.5.5 хүртэл 30+30+30+30+30, 2.6.1. 0 оноо, 2.7.1-2.7.2 хүртэл 30+30, тусгай захиалгат ажил үйлчилгээ: 1-2-3-рт 40+40+40, мэдлэг чадвараа дээшлүүлэх: 1-2 хүртэл 30+10 оноонуудаар тус тусад нь дүгнэсэн “Шинжээчийн дүгнэлт”-ийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хавсралт баримт, материалын хамт ирүүлсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагч Дорнод аймгийн Засаг даргын ...“Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийн дүгнэлт болон Байгаль орчны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “Шинжээчийн дүгнэлт” зэргийг харьцуулахад 69.1 хувь “D” буюу “дутагдалтай” болон 85.5 хувь буюу “B” буюу “сайн” үнэлгээ гарч байгаа болно. Энэхүү үнэлгээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу, Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээ болон үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хангахад чиглүүлэн, төсвийн шууд захирагч үйл ажиллагаандаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх үүргийн хүрээнд дээрхи үнэлгээг гаргасан гэж үзэж байна.
Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргын 69.1 хувь “D” буюу “дутагдалтай үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажилтнуудаас өөрсдийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт хамааралтай хэмээн /нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр/ гэрчийн мэдүүлэг гаргасан болно. Үүнд: Газрын биологийн төрөл зүйл, хяналт шалгалт, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, гэрч Э.Б-ын мэдүүлэгт[9]: ...байгууллагын дарга, Засаг даргын хооронд байгуулсан Үр дүнгийн гэрээний 2.2.5, 2.3.2, 2.3.5, 2.3.11 заасан шалгуур үзүүлэлтийн хувьд хамааралтай юм..., 2017 оны үр дүнгийн гэрээг “80.4 хувь” буюу “B” үнэлгээтэй дүгнэгдсэн... гэх, Байгаль орчин бодлогын хэрэгжилт ойжуулалт, цөлжилт, нөөц, ХАСХОМ хариуцсан мэргэжилтэн, гэрч Ц.Н-гийн[10]: ...уг гэрээний 1.1.3, 2.1.2, 2.1.3 тусгай ажил үйлчилгээний 1-б зэрэг асуудлын хүрээнд үйл ажиллагааны тайлангийн 1-р хуудас бодлогын баримт бичгүүд болон аймгийн Засаг даргын захирамж төлөвлөгөөтэй холбоотой тайлангийн хэрэгжилтийг оны эцсээр дүгнэж оруулсан байгаа. 2.1.2-т тусгагдсан ажлаас онцлог ажил орон нутагт НҮБ-ын даган зохицох сангаас МОН/12/301 төсөл хэрэгжсэн..., 2.1.3 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр мод тарих үндэсний өдрийг хавар, намар зохион байгуулдаг, ...2017 онд Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардалд 5.0 сая төгрөгийн төсөл батлуулж, 12 ажил бүхий төлөвлөгөөг гаргаж бүрэн хэрэгжүүлсэн. 2017 оны үр дүнгийн гэрээгээ 89.4 хувь буюу “B” үнэлгээтэй дүгнэгдсэн. Гэрч Б.Г-ийн[11]: ...уг гэрээний 2.4.1, 2.4.2, 2.4.3 заасан асуудлын хүрээнд хариуцан ажилладаг. 2.4.1-ийн хувьд 2017 оны 4 дүгээр сарын 15-16-ны хооронд ...аялал жуулчлалын инноваци олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Энэ хурлын үр дүнд БНХАУ, Улаанбаатар хотоос судлаач эрдэмтэд ирж илтгэл, мэдээлэл хэлэлцүүлж ажилласан ...уг заалтад ажлыг бүрэн хэрэгжүүлж ажилласан. ...үр дүнгийн гэрээг 87.1 хувь буюу “B” үнэлгээтэй дүгнэгдсэн гэжээ. Аялал жуулчлалын мэдээллийн төв, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн гэрч Г.А-ын[12]: ...уг гэрээний 2.1.6, 2.5.4, 2.5.5 заасан асуудлын хүрээнд хариуцан ажилладаг, үр дүнгийн гэрээгээ 84 хувь буюу “B” үнэлгээтэй дүгнэгдсэн, ...Хэвлийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, гэрч Х.Б-ийн[13]: ... уг гэрээний 2.1.4, 2.2.2 асуудлын хүрээнд хариуцан ажилладаг..., үр дүнгийн гэрээгээ 88.75 хувь буюу “B” үнэлгээтэй дүгнэгдсэн. Усны асуудал хариуцсан мэргэжилтэн, гэрч Н.Т-ын[14]: ...уг гэрээний 2.2.2, 2.3.3, 2.2.4 заасан асуудлын хүрээнд хариуцан ажилладаг. Аймгийн Засаг дарга 2017 оны хамтран ажиллах гэрээгээ “86 хувь буюу “В” үнэлгээтэй дүгнүүлсэн талаар тус тус мэдүүлжээ. Тэрээр Дорнод аймаг нь Байгаль орчин аялал жуулчлалын салбарын ажлаар улсын хэмжээнд 2016 онд 3, 2017 онд 4-р байранд шалгарсан зэргээс үзэхэд тухайн байгууллагын ...хэрэгжүүлсэн ажлын үр бүтээл тодорхой хэмжээгээр үнэлэгдсэн гэж үзэж болно.
Нэхэмжлэгчийн тайлбарт: ...тайлангаа хугацаанд нь хүргүүлсэн, ...“Үр дүнгийн гэрээ”-г дүгнэсэн мэргэжилтэн нэг ч удаа уулзаагүй, ...хийсэн ажлын баримт мэдээллийг ч аваагүй, ...үр дүнгийн гэрээг дүгнэхгүй маш их удаж байгаад 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ******* дарга өрөөндөө дуудаж ...ингэж дүгнэгдсэн байна гэж танилцуулсан, ...ямар ч байдлаар тайлбар хийх хугацаа байгаагүй хэмээн тайлбарлаж байгаа болно[15].
Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн жил эхлэхээс өмнө байгуулаад гэрээний хугацаа нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно”. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга нь аймгийн Засаг даргад дүгнүүлэх “Үр дүнгийн гэрээ”-гээ 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн болох нь аймгийн Засаг даргын Архив бичиг хэргийн бүртгэлд[16] бүртгэгдсэн зэргээс үзэхэд ...хугацаа алдаагүй байгаа бөгөөд хариуцагч нь ... гэрээг хугацаанд нь дүгнэсэн эсэх нь мэдэгдэхгүй хуулийн хугацаа алдагдуулж 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өөрт нь мэдэгдэж, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар албан тушаалыг бууруулсан шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-нээс 17 заалтыг аймгийн Засаг дарга Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай байгуулсан 2017 оны хамтран ажиллах гэрээний заалттай харьцуулж үнэлгээ өгсөн гэсэн тайлбарын тухайд: Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлтэд: Аймгийн Засаг даргын “Хамтран ажиллах гэрээ”-нээс БОАЖГ-ын дарга ******* үр дүнгийн гэрээнд тусгагдсан нийт 17 арга хэмжээг дүгнэсэн байдлыг заалт бүрээр нь тусад нь харьцуулан гаргасан байгаа бөгөөд ... “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг харьцуулан дүгнэсэн задаргаа тайлбарыг гаргахдаа Засаг даргын баталсан үнэлгээ, БОАЖЯ-ны ХШҮДАГ-ын үнэлгээ тус бүрийг тусад нь заалт тус бүрээр нь оноогоор харьцуулан дүгнэж тогтоосон байна. Харин Дорнод аймгийн Засаг даргын Хяналт шинжилгээний ажилтаны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн байдлыг шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд: ...тэмдэглэл ноорог маягаар, баллаж засварласан, тусгай бичвэр хийсэн, ... аргачлал тайлбаргүй, ...ойлгогдох хэмжээний биш, албажуулаагүй... ирүүлсэн зэрэг нь шаардлага хангаагүй гэж үзэхээр байгаа бөгөөд ... шалгасан мэргэжилтнийг гэрчээр асуусан мэдүүлэгт[17] ...гэрээг дүгнээд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргад нэгдсэн байдлаар танилцуулахаар өгсөн, миний үнэлгээ бол эцсийн шийдвэр биш юм ... гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Үр дүнгийн гэрээ”-ний дүгнэлтийг Засаг даргад шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд танилцуулагдсан, тусгай “тэмдэглэл” байхгүй талаар тайлбарлаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* нь “Үр дүнгийн гэрээ”-г хуулийн хугацаанд хүргүүлсэн байгаа боловч түүний биелэлтийг хуулийн хугацаанд нь дүгнээгүй /2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн/, Төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг дарга М.*******д хуулийн хугацаа алдаж, хэрхэн ямар байдлаар танилцуулагдсан, эцсийн дүгнэлтэд хүрэх болсон шалтгааныг тогтоосон талаар нотлох баримт байхгүй байгаа ба ...бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан талаар ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Тамгын дарга бид гурав ярилцсан..., гэсэн хамааралгүй тайлбарыг гаргаж, ...”Үр дүнгийн гэрээ-”г дүгнэхдээ гэрээний дагуу тохиолдол бүрийн үндэслэлийг судлаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд тайлбар тодруулга аваагүй, Төрийн албаны салбар зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ыг баримталсан гэж тайлбарлаад байгаа боловч тогтоосон хугацаанд журмын дагуу дүгнээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч *******антулгыг албан тушаал бууруулсан шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 ”Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” баримталсан байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 “Төрийн жинхэнэ албан хаагчийн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” зохицуулалтыг хэрэглэх байсан бөгөөд Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжаар ногдуулсан “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй” хэмээн дурьдсан нь ...шат дараалсан арга хэмжээний зохицуулалтын хууль хэрэглээ гэж ойлгоно.
Нэхэмжлэгч *******антулгыг албан тушаал бууруулсан шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. Тухайлбал: “Үр дүнгийн гэрээ”-г байгуулсаны дагуу дүгнэх, дүгнүүлэх хоёр талын үүрэг хариуцлага, шууд хамааралтай байхад зайлшгүй ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож, гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай ярилцлага хийгээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 “Ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “ ...захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар “тайлбар, санал гаргах боломж олгоогүй” байна.
Иймд Дорнод аймгийн Засаг даргын “Үр дүнгийн гэрээ”-г 69.1 хувь “дутагдалтай” гэж дүгнэсэн шийдвэрийг үндэслэж гарсан, Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******антулгыг Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ...газрын даргын албан тушаалд 821799 төгрөгийн үндсэн цалин, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс албан тушаал буурч сард 628344 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллаж байсан цалингийн зөрүүг ирүүлсэн баримтыг[18] үндэслэн, цалин, нөхөн олговрын зөрүү 2 689 281 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, ******* урьд эрхэлж байсан Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн зөрүү болох нөхөн олговор 2 689 281 /хоёр сая зургаан зуун наян есөн мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, *******д олгохыг хариуцагч аймгийн Засаг дарга М.*******д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУН
[1] 1-р хавтас хэргийн 1-2, 40-41-р хуудас
[2] 1-р хавтас хэргийн 7-8-р хуудас
[3] 1-р хавтас хэргийн 206-р хуудас
[4] 2-р хавтас хэргийн 42-54-р хуудас
[5] 1-р хавтас хэргийн 18-37-р хуудас
[6] 1-р хавтас хэргийн 55-59-р хуудас
[7] 1-р хавтас хэргийн 72-78-р хуудас
[8] 1-р хавтас хэргийн 240-246-р хуудас
[9] 2-р хавтас хэргийн 21-23-р хуудас
[10] 2-р хавтас хэргийн 24-25-р хуудас
[11] 2-р хавтас хэргийн 26-27-р хуудас
[12] 2-р хавтас хэргийн 28-29-р хуудас
[13] 2-р хавтас хэргийн 30-31-р хуудас
[14] 2-р хавтас хэргийн 32-33-р хуудас
[15] 3-р хавтас хэргийн 26-27-р хуудас
[16] 2-р хавтас хэргийн 238-р хуудас
[17] 1-р хавтас хэргийн 227-229-р хуудас
[18] 1-р хавтас хэргийн 208-212-р хуудас