Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0181

 

 

 

 

 

 

       

Э.Х-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Н-ийн З д-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 тоот захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 804 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0739/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Х-аас Н-ийн З д-д холбогдуулан Н-ийн З д-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 804 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус баримтлан Э.Х-аас Н-ийн З д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н-ийн З д-ын2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

           3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: Э.Х-ын нэхэмжлэлтэй, Н-ийн З д-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 804 дүгээр шүүхийн шийдвэрийг бүрхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Н-ийн З д-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 тоот захирамжаар нэхэмжлэгч Э.Х-д Н-ийн З д-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Н-ийн З д-ын2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 болон 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн.

3.2. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан бөгөөд Н-ийн З д-ын  зүгээс 2021 оны А/263 дугаар захирамж гаргахдаа газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзсэн учраас 2021 оны А/603 тоот захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.3. Гэтэл шүүхээс үзэхдээ Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16/1804 дүгээр албан бичгээр ирүүлсэн Хан- Уул дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу /шүүхийн шийдвэр 7 дугаар тал/ гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Доод шатны засаг захиргааны нэгжийн төлөвлөгөөг үндэслэн Н-ийн З д-ыншийдвэрийг хууль бус гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 болон 21.5.3 дахь заалтыг тус тус зөрчин үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.4. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 50000 м.кв газрыг нийтийн эдэлбэрт тогтоосон. Тус шинээр тогтоосон нийтийн эдэлбэр газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай буюу маргаан бүхий газартай давхцалтай байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудал гэж үзэн шүүхээс уг асуудлыг хэлэлцээгүй орхигдуулсан.

3.5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн тохиолдолд нийтийн эдэлбэр газартай давхцалтай тул, нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжгүй юм. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4 “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг тус тус зөрчсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 804 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Н-ийн З д-ын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 дугаар захирамжаар “иргэн Э.Х-д газар эзэмшүүлэхдээ шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн байх тул” хэмээн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Х-ын Н-ийн З д-ын 2021 оны А/263 дугаар захирамжаар үүссэн газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.2. Үүнийг нэхэмжлэгч Э.Х-аас эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...шүүхээр ... миний зөрчигдсөн хууль ёсны эрх ашгийг сэргээж өгсөн. Гэтэл газар эзэмших эрхийг миний хүчингүй болгож шүүхээр сэргээлгэсэн эрхэд халдлаа” хэмээн тайлбарлан маргасан байна.

2.3. Маргаан бүхий актаас үзвэл хариуцагчаас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хот, тосгон бусад суурин газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг тус тус үндэслэжээ.

2.4. Анхан шатны шүүх маргааны тохиолдолд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, “....Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноос үзэхэд уг төлөвлөгөөг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ... нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар ... шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай давхцаагүй .. энэ нь маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр мөн тогтоогдсон” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

2.5. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... доод шатны засаг захиргааны нэгжийн төлөвлөгөөг үндэслэн Н-ийн З д-ын шийдвэрийн хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь захиргааны байгууллага иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” зааснаар бодит нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосны эцэст шийдвэр гаргах ёстой бөгөөд гаргасан шийдвэртээ үндэслэлийг тодорхой тусгах учиртай.

2.6. Маргаан актын үндэслэлийг үзвэл, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ “шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор олгосон”, “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрхийг олгоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Э.Х-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар олгосон 700 м.кв газрын эзэмших эрхийг дуусгавар болгосон атлаа хариуцагчаас маргаан бүхий акт гарсны дараах цаг хугацаанд хамаарах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэл, давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

2.7. Нэгэнт хэрэгт авагдсан баримт болон шүүхийн үзлэгээр шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай нэхэмжлэгчийн газар давхцаагүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчид анх 2016 онд маргаан бүхий газрын эзэмших эрх үүсч, 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, улмаар нэхэмжлэгчээс шүүхэд хандаж нэхэмжлэл гарган маргасан, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус маргаан шийдвэрлэгдсэний эцэст 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн байх бөгөөд захиргааны байгууллага 4 сар хүрэхгүй хугацааны дараа дахин нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй.

Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 804 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

            ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ