Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 662

 

Т.Нямдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00136 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Нямдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ганзоригт холбогдох

 

15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Нямдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сард Б.Ганзоригт 10 000 000 төгрөгийг түр хугацаагаар 5 хувийн хүүтэй бэлнээр хүлээлгэж өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ганзориг, Л.Ягаанхүү нар төлбөр тооцоогоо 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгах талаар бичиж өгсөн. Үүнээс хойш төлөхгүй байсан учир 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б.Ганзориг нотариатаар орж баталгаажуулъя гээд зээлийн гэрээ хийсэн. Б.Ганзориг зээлийг би авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 10 000 000 төгрөгийг хүүгийн хамт 15 000 000 төгрөг болгож өгнө гээд гэрээ хийсэн. Иймд зээл 10 000 000 төгрөг хүү 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг Б.Ганзоригоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ганзориг шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ганзоригоос 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Нямдоржид олгож, нэхэмжлэлээс 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нямдоржид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Нямдорж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Зохигчдын байгуулсан гэрээний агуулгыг хуульд нийцүүлэн дүгнээгүй. Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, 2014 оны 11 дүгээр сард 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр тооцоо барагдуулах тухай баримт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа зээлийн мөнгийг тухайн үед биш, өмнө нь хүлээлгэн өгсөн учир хүүтэй тохиролцоогүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, харин зээлдэгч тохирсон хугацаанд мөнгийг буцаан өгөх үүрэг хүлээдэг. Энэхүү зохицуулалтаар талууд зээлийн гэрээг бичгээр болон амаар хийж болох тул 2014 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Т.Нямдорж зээлдэгч Б.Ганзоригт 10 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, анхны зээлийн гэрээний талаар маргаагүй болно. Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бодит үйл баримтыг, түүний үр дагаврыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай холбон үзээгүйгээс дараагийн гэрээгээр тохирсон 15 000 000 төгрөгийг гаргуулах тохиролцоог үгүйсгэсэн байна. Учир нь зээлдэгч 10 000 000 төгрөгийн нэг жилийн хугацаатай зээлж авсан боловч тохирсон хугацаанд төлөөгүйгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн "төлбөр тооцоо барагдуулах тухай" бичгээр хийсэн хэлцлээр 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцсон баримтаар нотлогдож байна. Хариуцагч Б.Ганзориг зээлийн мөнгийг одоо хүртэл төлөөгүйгээс нэхэмжлэгчийг хохироож ирсэн бодит үйл баримт. Зээлдэгч Б.Ганзориг зээлийн мөнгөө төлөөгүйн хариуцлагыг хүлээхийг зөвшөөрч, зээлийн хүү, алдагдлыг тооцон 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг төлөхөөр зээлийн шинэчилсэн гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Ганзориг дээрх гэрээний талаар аливаа гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул хүчин төгөлдөр болно. Иймд хүчин төгөлдөр гэрээний дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжтой гэж үзнэ. Б.Ганзориг 15 000 000 төгрөг болгож төлөхөөр сайн дураар зөвшөөрч гэрээ байгуулсан. Шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалт нь "Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Энэхүү зохицуулалтаас үзэхэд зээлийн гэрээнд хүү тохирсон нөхцөлд л бичгээр хийхийг шаардсан байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол уг хэлцлийг хийсэн гэж үздэг. Зээлийн хүүг зөвхөн зээлдэгч л хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гэрээнд тусгадаг. Энэ дагуу хариуцагч Б.Ганзориг зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг хийсэн учир хуулийн дагуу хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч энэ гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг буруутгах боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчтай нэмж тохирсон 5 000 000 төгрөгийг үндсэн зээл дээр нэмж төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Хариуцагч Б.Ганзориг нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт "Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх эрх зүйн боломжтой байсан юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалт, талуудын байгуулсан гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байгаа гэрээнд эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйн дээр эсрэгээрээ өнгөрсөн 3 жилийн турш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээ нэхэмжлэгчийг хохироож ирсэн хариуцагч Б.Ганзоригт ашигтай шийдвэр гаргасныг шударга ёс хэрэгжиж байна гэж үзэх үндэслэлгүй болж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрт нэхэмжлэгч Т.Нямдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                        

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Нямдорж нь хариуцагч Б.Ганзоригт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Нямдорж нь хариуцагч Б.Ганзоригт 2014 оны 11 дүгээр сард 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулах тухай баримтаар тогтоогдож байна. /хх-6/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 10 000 000 төгрөгөө төлөөгүй тул уг мөнгийг талууд 5 хувийн хүүтэйгээр 2015 оны 11 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохирч 2015 оны 09 сарын 28-ны  өдөр төлбөр тооцоо барагдуулах тухай баримт үйлдэж гарын үсэг зуржээ. Уг төлбөр тооцоо барагдуулах баримтаар талууд сар бүр хүү тооцох эсэх талаар тохиролцоогүй байна.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчид зээлсэн 10 000 000 төгрөгийг 2015 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөөгүй тул зохигчид 2016 оны 07 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ нөхөн байгуулж, уг гэрээгээр 2016 оны 11 сарын 21-ний өдрийн дотор 15 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

Уг гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 11 сараас 2015 оны 09 сарын 28-ны байдлаар зээлсэн 10 000 000 төгрөгт сарын 5 хувийн хүү тооцож  5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нөхөж байгуулсан гэж үзэхээр байна.

 

Зохигч зээлийн гэрээгээр зээл төлөх хугацааг 2016 оны 11 сарын 21-ний өдөр гэж тохирсон боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 зүйлийн 222.1.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 000 000 төгрөг нэхэмжилсэн нь хэтэрсэн хугацаанд хүү шаардсан агуулгатай байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл үүргээ биелүүлээгүй тал нь хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх ёстой.

 

Хариуцагч нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ үүргийн зөрчилд 5 000 000 төгрөгийн хүү шаардсаныг шүүх тухайн зээлд хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү төлөх гэрээний үүрэг байдаг бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт хуулиар тогтоосон хүү төлөх үүргийг зохицуулсан юм.

 

Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж шийдвэрт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримталж 15 000 000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00136 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын  “...281.1...” гэсний дараа “...222 дугаар зүйлийн 222.5...” гэж нэмж, “…10 000 000…” гэснийг “…15 000 000…” гэж, 2 дахь заалтын  “...174 950 төгрөг...” гэснийг “...232 950 төгрөг...” гэж тус тус өөрчлөж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

            Б.НАРМАНДАХ