Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01237

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00182 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 780 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Г-т холбогдох,

Гэрээний үүрэгт 100.673.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Эрдэнэбат, өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой өглөг, авлагыг 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 1/39 дугаар тооцоо нийлэх гэрээгээр  тогтоож, Л.Г- нь “А” ХХК-д 120.000.000 төгрөг төлөхөөр тохирч, гэрээг баталгаажуулсан. Ингээд гэрээний дагуу төлөх төлбөрөөс 20.000.000 төгрөгийг төлж, үлдэх 100.000.000 төгрөгийг  тохиролцсон хугацаандаа төлж барагдуулаагүй. Гэрээний 2.2-т төлбөр төлөгч гэрээний 2.1.2-2.1.5-д заасан хугацаандаа төлбөр бүрэн барагдуулж дуусаагүй, хугацаа хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,01 хувь алданги тооцож төлөхөөр тохиролцсон. Алдангийг дараах байдлаар тооцсон бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 10.000.000 төгрөг, хугацаа 127 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги, 127.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөг, хугацаа 112 хоног хэтэрсэн, 0,01 хувь алданги 336.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөг, хугацаа 50 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги 150.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөг, хугацаа 20 хоног хэтэрсэн 0,01 хувь алданги 60.000 төгрөг, нийт 673.000 төгрөг болж байна. Иймд Л.Г-өөс 1/39 тоот тооцоо нийлэх гэрээний 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5-д заасны дагуу 100.673.000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.                                                

Хариуцагч Л.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр бүрэн барагдаж дууссан. Миний бие “А” ХХК-иар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд 10 ширхэг барилгын үндсэн цутгалтын ажил хийлгэсэн. Төлбөр тооцоог тухай бүрт хийж гүйцэтгэж явсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 120.000.000 төгрөг үлдсэнээс 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 100.000.000 төгрөгт 2015 оны 9 сард А ХХК-д ажлын явцад хүлээлгэн өгсөн байсан зах зээлийн үнэлгээгээр 130.000.000 орчим төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг өгч тооцоо дуусгавар болохоор тус компанийн захирал Д.Эрдэнэбат, Ш.Болдбаатар нартай тохиролцсон. Хэргийн материалд Монгол эм импекс Баянгол ХХК болон А ХХК нар барилга угсралт гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг барилгыг Л.Г- иргэнийхээ хувьд захиалаад, барилгын төлбөрийг өөрөө гаргаад, гарсан санхүүжилтийг А ХХК-д олгоод байсан зүйл байхгүй. Гэрээ хэний хооронд үүссэн гэдгийг тогтоох ёстой. Монгол эм импекс Баянгол ХХК нь барилга бариулсан санхүүжилтээ дутуу өгсөн бол үүнийгээ хариуцах ёстой. Гэтэл зөвхөн тооцоо нийлэх гэрээг үндэслээд хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчийг иргэнээр тодорхойлсон боловч жинхэнэ хариуцагч нь хуулийн этгээд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагч Л.Г- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Г- нь Финанс энд сервис ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд тус компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн барьж байгуулж байсан 10 блок, 16 давхар бүхий барилгын цутгалтын ажлыг А ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2011 оны 6 дугаар сарын 25, 2012 оны 3 дугаар сарын 15, 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тус тус барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Дээрх тооцоо нийлэх гэрээ нь бодит бус хуурамч гэрээ бөгөөд Д.Эрдэнэбат бусдыг дарамталж мөнгө авч буй гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хэрэгжүүлж байгаа арга хэлбэр юм. 

Д.Эрдэнэбат нь н.Ариунболдыг эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн үйлдэлтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан байдаг бөгөөд тус гомдлыг Улсын прокурорын газарт хянаж, Л.Г- гэрчийн мэдүүлэг өгсөн болно. Иймд А ХХК иргэн Л.Г- нарын хооронд байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ямар нэг хэлцлийг халхавчилж,  ажил гүйцэтгээгүй  байж  мөнгө авах гэж байгаа хууль бус үйлдэл гаргаагүй. Манай байгууллага Баянгол дүүргийн 18 дугаар хороо, модны 2-т Капитал таун хотхоны барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр орж гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж барилгын ажлыг дуусгаж өгсөн. Уг гэрээг хийхдээ ямар нэгэн байдлаар хариуцагч Л.Г-т хүч хэрэглэж хийгээгүй. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэсэн үндэслэл бас байдаг. Тухайн гэрээг байгуулахад талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00182 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Г-өөс 100.200.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 473.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан А ХХК, Л.Г- нарын хооронд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 1/39 дугаартай тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661.315 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г-өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 658.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 780 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2018 оны №780 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анж андууд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагч этгээд нь ИХШХШтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу Монгол эм импекс Баянгол ХХК бөгөөд иргэн Л.Г- биш юм. Учир нь нэхэмжлэгч Анж андууд ХХК нь Монгол эм импекс Баянгол ХХК-ийн захиалгын дагуу БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал таун хотхоны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба Анж Андууд ХХК болон Монгол эм импекс Баянгол ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Тухайлбал хэргийн материалд авагдсан Монгол эм импекс Баянгол ХХК-ийн 2014.11.03-ны өдрийн №1/26 тоот “Тодорхойлолт гаргах тухай” албан тоот, 2012.04.26-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх Анж андууд ХХК болон Монгол эм импекс Баянгол ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ2, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт3, мөн өдрийн техникийн комиссын хуралдааны тэмдэглэл4, 2014.09.25-ын өдрийн №2014/550 тоот Техникийн нөхцөлүүд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт5, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “Монгол эм импекс Баянгол ХХК-иас төлбөр гаргуулах боломжгүй тул Л.Г-өөс нэхэмжилж байгаа гэх агуулга бүхий тайлбар” зэрэг нотлох баримтуудаар Анж андууд ХХК болон Монгол эм импекс Баянгол ХХК-иудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдох байгаа ба харин Анж андууд ХХК нь иргэн Л.Г-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Монгол эм импекс Баянгол ХХК-ийг хариуцагчаар тодорхойлох бус иргэн Л.Г-ийг хариуцагчаар татаж шийдвэрлэснийг зөвтгөж буй нь үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулж, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн. Мөн давж заалдах шатны шүүх Финанс энд сервис ХХК нь 1 гишүүнтэй бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй иргэн Л.Г- нь тус хуулийн этгээдийн 1 гишүүн буюу хувьцаа эзэмшигч хэмээн ямар нэгэн баримтгүй /хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон дүрэмгүй/-ээр хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Нөгөөтэйгүүр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй ...” гэж заасан ба иргэн Л.Г- нь Финанс энд сервис ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан хэдий ч хуулийн этгээдийн хүлээх хариуцлагыг иргэнийхээ хувиар хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Л.Г- нь Анж андууд ХХК-тай ажил хэргийн ямар нэгэн харилцаанд орж байгаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагч биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан. Нөгөөтэйгүүр Анж андууд ХХК болон Монгол эм импекс Баянгол ХХК-иудын хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 886.500.000 төгрөгийг Монгол эм импекс Баянгол ХХК нь Юнико констракшн ХХК- иар дамжуулан төлж байсан болохоос биш иргэн Л.Г- иргэнийхээ хувиар Анж андууд ХХК-д ямар нэгэн ажлын хөлс төлж байгаагүй. Нэхэмжлэгч Анж Андууд ХХК нь иргэн Л.Г-т холбогдуулж нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01/06 тоот Капитал таун хотхоны барилгын ажлын гүйцэтгэл, мөн өдрийн №01/06 тоот Капитал таун хотхоны барилгын ажлын санхүүжилтын тооцоолол гэх баримтуудын нотлох баримтаар гаргасан ба ажлын гүйцэтгэл болон санхүүжилтын зөрүү нь 160.312.000 төгрөг ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь 18 964 м.кв байна хэмээн дурджээ. Гэвч Капитал таун хотхоны барилгын зураг төслийг Монгол эм импекс Баянгол ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр зураг төслийн Эрчим төсөл ХХК хийж гүйцэтгэсэн ба зураг төслийн Эрчим төсөл ХХК-ийн зүгээс Капитал таун ХХК-ийн барилга угсралтын нийт хэмжээ нь 14.899 м.кв болох талаар тодорхойлолтыг гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 18 964 м.кв бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг ажлын үлдэгдэл төлбөрт тооцоо нийлж, 2016 оны №1/39 тоот гэрээг байгуулсан хэмээн үлдэгдэл төлбөр шаардаж байх боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ нь 18 964 м.кв бус 14 899 м.кв болох нь дээр дурдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Дээр дурдсанчлан А ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг Монгол эм импекс Баянгол ХХК нь Юнико констракшн ХХК-иар дамжуулан нэхэмжлэгчид бүрэн төлсөн байтал иргэн Л.Г-өөс 100.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлж байх ба нэхэмжлэгчийн хийж гүйцэтгээгүй ажилд нь хөлс тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анж андууд ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын хэмжээ нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс дээрх зөрүүтэй үйл баримтуудыг тодруулах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шүүхийн зүгээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №780 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч “Анж андууд” ХХК нь хариуцагч Л.Г-т холбогдуулан ажлын хөлс 100.000.000 төгрөг, алданги 673.000 төгрөг нийт 100.673.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд тооцоо нийлэх гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, улмаар тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах  сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

“Монгол эм импекс Баянгол” ХХК-ийн захиалгаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Капитал таун хотхоны барилгыг ерөнхий гүйцэтгэгчээр “Юнико констракшн” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Анж андууд” ХХК барьж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ /хэргийн 1 дүгээр хавтас 58-59, 98, 111-113, 148-151, 155-158, 203-204, 205, 2 дугаар хавтас 170-250, 122-126, 3 дугаар хавтас 1-53, дугаар тал/.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болох ба энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.

Дээр дурдсанаас үзвэл “Юнико констракшн” ХХК нь барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр, харин нэхэмжлэгч “Анж андууд” ХХК туслан гүйцэтгэгчээр ажилласан байх ба энэхүү байдлыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна. 

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Зохигчид барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой өглөг авлагыг барагдуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 2 дугаар сарын 8-ний өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 120.000.000 төгрөг төлөхөөр тохирч, улмаар гэрээ байгуулсан өдөр 20.000.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 15-ний дотор хэсэгчлэн төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.01 хувийн алданги төлөхөөр тохирсон ба хариуцагч төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч байжээ /хэргийн 1 дүгээр хавтас 4-5 дугаар тал/.

Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээхээр Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т заасан, талууд тооцоо нийлэх гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр байна.

Зохигчид хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор төлөхөөр тохиролцсон, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тооцооны үлдэгдлийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т зааснаар шаардах эрхтэй.

Түүнчлэн гэрээнд заасан үүргээ хариуцагч хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд хугацаа хожимдуулан үүрэг гүйцэтгэх тохиолдолд алданги тооцохоор тохиролцсоноо баримтаар үгүйсгээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 100.200.000 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг зөрчөөгүй байна.

Л.Г- нь “Юнико констракшн” ХХК-ийн захирлаар ажиллаж, дээрх барилгатай холбоотой бүхий л ажлыг хариуцан гүйцэтгэж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсоноос гадна тооцоо нийлэх гэрээг байгуулсан байх тул хэргийн хариуцагч биш гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн  шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.  Гэвч шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дах зохицуулалтыг удирдлага болголгүй “...гомдол гаргах эрхгүй...”  болохыг дурдсан нь буруу боловч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 780 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 658.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ