Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 074

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Ф,

шүүгдэгчийн өмгөөлөгч К,

шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалтай явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох 2013001040079 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 23-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С , регистрийн дугаар БВ74******.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

С  нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр БӨ аймгийн Б сумын 2 дугаар багийн иргэн Ж , А  нарыг согтуугаар архины шилээр цохиж тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч С  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001040079 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

2. Хохирогч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

3. Насанд хүрээгүй хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

4. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

5. Хохирогч Ж ы биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон тухай шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

6. Насанд хүрээгүй хохирогч А гийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон тухай шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

8. Эд мөрийн баримт болох архины шилэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С  нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар БӨ аймгийн Б сумын 2 дугаар багийн иргэн Ж , А  нарыг зодсон, мөн архины шилээр цохисны улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

- Хохирогч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр миний бие Б сумын төвд явж байхад иргэн Б ий дэлгүүрийн гаднаас намайг С  “та наашаа хүрээд ирээч” гэж дуудсан ба бид хамт Б ийн дэлгүүрт ороход би чамайг үзнэ, аавын чинь толгой гэж шууд хэрүүл маргаан эхлүүлж, бид барилцаж аваад ноцолдсон. Тэгээд би түүнийг ам руу нэг удаа цохиж авсан. Тэр үед Б  бидний салгаж намайг дэлгүүрээс гаргаж явуулсан. Тэгээд би явган гэр лүү явж байхад С  мотоциклоор ирж надад мотоциклд суучих гэсэн би суугаагүй бид нарын хооронд хэрүүл болоод тэр сумын төв рүү явчихсан. Тэгээд би явган гэрт ирж дөнгөж гэрт орж байхад 17 цагийн үед миний араас удаагүй мотоциклоор С  хүрч ирээд би чамайг алах гэж ирсэн, чи цагдаа нартай нийлж хулгайч барьдаг нөхөр байна шүү гэж янз бүрийн хэлсэн тэр үед миний эхнэр С д “чи согтуу байна гэр лүүгээ яв” гэж хэлсэн.

 Тэр үед гэрийн хаалгыг савж хаалганы шилийг гараар цохиж агсам тавьсан. Дараа нь “би танд нэг юм хэлэх гэсэн юм, хамт архи уух” гэж ирсэн гэж куртканы ханцуйд байсан жижиг шилтэй Ерөөл архийг гаргаж ирсэн. Тэр үед би архи уухгүй, чиний архи хэрэггүй гэж хэлсэн. Тэр гадаа гарсны дараа бид нарыг хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үг хэлж гадаа үүдний хэсэгт надтай зууралдсан. Дараа нь мотоциклоо унаж аваад намайг дуудаж “наашаа хүрээд ир, би танд нэг юм хэлчхээд явна” гэж хэлсэн ба би хажууд нь очиход С  миний толгой руу гарт байсан архины шилээр цохиж авсан. Тэр үед архины шилийн ёроол хэсэг хагарч архи асгарсан. Мөн дахиж цохих үед би гараараа хамгаалсан. Тэр үед миний охин Ж  С ыг болиулах гэж хажууд нь очих үед түүний гар луу С  хагарсан архины шилээр цохиж авахад түүний зүүн гарын алганы хэсэг зүсэгдэж гэмтсэн.

Тэгээд бид цагдаа дуудсан болно. Миний баруун гарын хуруу тулж гэмтсэн юм шиг байна. Толгой шалбарч гэмтсэн. Баруун гарын долоовор хуруу хавдсан байгаа. Хавдсан байдал нь бүрэн эдгээгүй байгаа. Би гарын хурууны рентген зургийг авхуулж шинжээч эмч Х ад өгсөн. Эмч үзэж дүгнэлт гаргаж өгсөн. Охины биед өөр гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед манай гэрт мотоциклоор С  гэгч хүн ирсэн. Ирэхдээ нэг жижиг шилтэй архи барьж гэрт орж ирээд аав Ж д хамт архи ууя гэсэн. Аав би чамтай архи уухгүй гэхэд чи архи ууж чадахгүй гэх мэтээр үг хэлж маргаан үүсгэсэн. Аав “би чамд архи уухгүй гэж хэлсэн биз дээ, чи одоо гэр лүүгээ яв” гэсэн. Тэгээд тэд гадаа гарч хэрүүл маргаан үүссэн. Тэр үед С  аавыг архины шилээр толгой руу нь цохисон ба би “боль” гэж салгах гэж очиход С  миний гар луу архины шилээр цохиж авсан. Тэр үед архины ёроол хэсэг хагарч миний зүүн гарын алганы хэсгийг зүсчихсэн. Бид С д боль гэсэн боловч агсам тавиад дайраад байсан. Тэгээд цагдаа дуудсан. Миний аав гар өвдлөө, гарын хуруу мултарсан гэж хэлж байгаа“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед нөхөр Ж  гэрт явган ирсэн ба түүний араас удаагүй мотоциклоор С  ганцаараа ирж гэрт ороод Ж д “би чамайг алах гэж ирсэн, чи цагдаа нартай нийлж хулгайч барьдаг нөхөр байна шүү” гэж янз бүрийн үг хэлсэн, тэр үед би С  “чи согтуу байна, гэр лүүгээ” яв гэж хэлсэн. Тэр үед гэрийн хаалгыг савж хаалганы шилийг гараар цохиж агсам тавьсан. Дараа нь “би танд нэг юм хэлэх гэсэн юм, хамт архи уух гэж ирсэн” гэж куртканы ханцуйд байсан жижиг шилтэй Ерөөл архийг гаргаж ирсэн. Тэр үед Ж “би архи уухгүй, чиний архи хэрэггүй” гэсэн, би архи уулгахгүй гэр лүү яв гэж хэлсэн. Тэр гадаа гарсны дараа бид нарыг хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үг хэлж гадаа үүдний хэсэгт нөхөр Ж тай зууралдахаар нь би “чи мотоциклоор ирсэн одоо мотоциклоор буцаад яв” гэхэд тэр мотоциклоо унаж аваад Ж ыг дуудаж “наашаа хүрээд ир, би танд нэг юм хэлчхээд явна” гэж хэлсэн ба Ж  хажууд нь очиход Ж ы толгой руу архины шилээр цохиж авсан. Тэр үед миний охин Ж тэднийг салгахаар хажууд нь очих үед түүний гар луу С хагарсан архины шилээр цохиж авахад түүний зүүн гарын алганы хэсэг зүсэгдэж гэмтсэн. Тэгээд бид цагдаа дуудсан болно. Тэр үед “Б сумын цагдаа надад юугаа хийх юм бэ, дууд” гэж цагдаа ирэх хүртэл явахгүй янз бүрийн үг хэлээд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- БӨ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай: “1.2 Иргэн Ж ы биед зулайны урд хэсэгт хавдартай, шархтай, цус хуралттай, баруун гарын алаг, сарвуу, шивнүүрээр битүү хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугуй алганы болон сарвууны үйл ажиллагааны хөдөлгөөн 30-40 хэмд хязгаарлагдсан алдагдалтай зэрэг зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэл тогтоогдлоо. Бүгд шинэ гэмтэл болно.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн болно.

4. Иргэн Ж ы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.

5. Иргэн Ж ы биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөхөд түр нөлөөлөх болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаартай: “1. Иргэн А гийн зүүн талын гарын алганы дотор талд зах ирмэг тэгш 2 ширхэг мэс заслын оёдол тавьсан хатгагдаж зүсэгдэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Иргэн А гийн биед учирсан гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

- Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай сумын 2 дугаар багийн иргэн Ж ы гэрт очиж агсам тавьж, зодоон гаргаж Ж  болон охин нь болох А гийн биед гэмтэл учруулсан байна. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулан. Хохирогч нараас уучлалт гуйсан болно. Надад хэргийн талаар өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

- Эд мөрийн баримт архины шилэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С  нь маргааны улмаас Ж , А  нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С аас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч С ы  1. Хохирогч Ж ы эрүүл мэндэд “зулайны урд хэсэгт хавдартай, шархтай, цус хуралттай, баруун гарын алаг, сарвуу, шивнүүрээр битүү хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугуй алганы болон сарвууны үйл ажиллагааны хөдөлгөөн 30-40 хэмд хязгаарлагдсан алдагдалтай зэрэг зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэл”,

2. Хохирогч А гийн эрүүл мэндэд “зүүн талын гарын алганы дотор талд зах ирмэг тэгш 2 ширхэг мэс заслын оёдол тавьсан хатгагдаж зүсэгдэн шарх гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж , насанд хүрээгүй хохирогч А  нарын эрүүл мэндэд тус тус учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн бөгөөд шүүгдэгчээс хохирогч нарт нийт 132.000 төгрөгийг төлсөн тул хохирогч нараас хохирол нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч С ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч С д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С  нь хохирогч Ж , А  нартай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай саналд яллагдагч С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч С д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоохоор шийдвэрлэв. Шүүгдэгч С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Б сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Б сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Ерөөл” нэртэй архины шилийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С д 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Б сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Б сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч С  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Ерөөл” нэртэй архины шилийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т