| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0037/Э |
| Дугаар | 080 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 080
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Ф,
шүүгдэгчийн өмгөөлөгч З ,
шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж д холбогдох эрүүгийн 2013000000019 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ХМШЭ/134 дугаартай шүүгчийн захирамжаар Ж ын эдлээгүй үлдсэн 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж , регистрийн дугаар Б**********
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01 цагийн үед Б сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байрны баруун зүг талд машины замд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас Б сумын 4 дүгээр багийн иргэн Н ыг чулуугаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Ж оос мэдүүлэхдээ: Би мотоциклоос унаж, босож чадахгүй байхад, хажууд явж байсан хүмүүст надад туслаач гэж хэлсэн. Тэгэхэд Т намайг хэл амаар доромжлоод байсан. Харин хажууд нь байсан залуу босож чадахгүй байна, тусалъя гэж хэлээд, намайг босгосон. Тэгээд Т бид хоёр маргалдаж, зодолдсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлын барагдуулж өгсөн, ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000000019 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,
2. Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 19 дүгээр хуудас/,
3. Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
4. Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
5. Хохирогч Т эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 60-70 дугаар хуудас/,
6. БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01 цагийн үед БӨ аймгийн Б сумын төвийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байрны хажууд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас Б сумын 4 дүгээр багийн иргэн Т толгой тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 12 дугаар сарын 28-нд сумын Соёлын төвд болсон ёлконд оролцоод тэндээс гараад кафед орж пиво уугаад, дараа нь гэр лүү харих гэж явж байгаад андуураад өөр гудамжинд ороод буцаж гарч ирж байхад Аширын гэрийн гадаа мотоциклоос нэг хүн унасан байдалтай байсныг харсан ба тэр намайг дуудаж босгож өгөхийг хүссэн. Тэгээд би түүнийг босгож өгөөд явах гэж байхад араас минь барьж аваад толгойн тус газар чулуу юм шиг нэг юмаар цохиж авахад би газар унасан ба газар унахад минь нүүр аманд өшиглөж зодсон.
Би өөрийгөө хамгаалаад хэвтэж байхад мотоциклоо унаж аваад яваад өгсөн. Би тэндээс босоод эмнэлгийн хажууд ирээд ээжийг дуудаж хүнд зодуулсан тухай хэлсэн. Ээж удалгүй хүрч ирээд бид эмчид үзүүлээд толгойн хагарсан хэсэгт эмч оёдол тавьсан. Дараа нь би гэрт ирж байж байхад ээж намайг зодсон гэх залууг хайж байсан ба тэр залуу ээжийг дагуулаад өөрөө хүрч ирээд бид нараас уучлалт гуйж эмчилгээнд зарцуулаарай гэж 340.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 19 дүгээр хуудас/,
- Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед манай сумын эмнэлэгт толгойдоо гэмтэл авсан хүн ирсэн гэснээр миний бие очиж үзэхэд толгойны оройн үстэй хэсэг 3 см зүсэгдэж гэмтсэн, хамраас цус гоожиж хамрын дээд хэсэгт шалбарсан цус гарсан шархтай Т гэгч ирсэн байсан би түүний толгойд 2 ширхэг оёдол тавьж гарч байсан цусыг тогтоож анхны тусламж үзүүлж явуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
- Хохирогч Т эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 60-70 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай: “1. Иргэн Т тархи доргилт, дагз, хамрын зүүн хажуугийн хэсгүүдэд бүдэг ягаавтар өнгийн тав тогтож эдгэрч буй шарх, хамрын ясны далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Иргэн Т биед учирсан гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, газар унах үед үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө миний бие сумын соёлын төвд болсон МАН-ын өдөрлөг /ёлконд/ оролцоод мотоциклоор гэр лүү буцаж яваад замд Ашир гэгчийн гэрийн хажууд байсан замын мөсөнд халтирч унаад босож чадахгүй байж байгаад тэнд явж байсан залууг дуудахад миний хажууд ирж нэг нь монголоор энэ хогийн хэвтэж байгаа байдал нь гэж нуруу хэсэгт өчиглөж авахаар нь хэлсэн үг, хийсэн үйлдэлд нь уурлаж түүнийг барьж аваад бид хоёр ноцолдож байхад тэр намайг газраас чулуу аваад цохих гэхэд гараас нь чулууг булааж авч тэр чулуугаар түүний толгойн тус газар цохиж авч зодсон минь үнэн. Тэгээд гэрт ирсэн ба энэ тухай ээжид хэлсэн.
Тэгээд маргааш нь нөгөө залуу Т болохыг мэдэж, ээжийн хамт очиж уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн. Би түүнд толгойгоо эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй гэж 340.000 төгрөг өгсөн. Тэгээд саяхан миний толгой өвдөж болохгүй байна гэж хэлэхээр нь би аймаг руу аваачиж компьютер томографт үзүүлэхэд толгойд чинь гэмтэл байхгүй байна хамрын яс хугарч түүнээс болж толгой чинь өвдөж байна гэдгийг эмч нэр хэлж түүний картанд гэмтлийг нь бичиж өгсөн. Шинжилгээ хийлгэж, компьютер томографт үзүүлж, эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх үед гарсан, хөдөөнөөс аймаг очсон унааны зардал, авсан эмийн мөнгийг бүгдийг төлсөн. Мөн аймагт байгаа айлд сүү, мах хэрэгтэй гэхээр нь мах аваачиж өгч сүүний мөнгө гэж 35.000 төгрөг өгсөн. Тэд хамрын хагалгаа хийх үед гарах зардлыг төлүүлнэ гэсэн. Надад татгалзах зүйл байхгүй. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Хамрын хагалгаанд гарах зардлыг төлж өгч хохирогчийг хохиролгүй болгон. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.
Надад хөнгөн ял оноож өгнө үү. Би Т хамар луу цохиж зодсон. Ноцолдож байгаад газарт хоёулаа унасан. Тэр үед би түүний хамар луу гараар нэг цохиж авсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж нь Т г хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж оос гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ж ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т эрүүл мэндэд “тархи доргилт, дагз, хамрын зүүн хажуугийн хэсгүүдэд бүдэг ягаавтар өнгийн тав тогтож эдгэрч буй шарх, хамрын ясны далд хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж ын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан хохирогч Т бичсэн гарын баримтад “Б сумын 4 дүгээр багийн иргэн Т би яллагдагч Ж д гомдолгүй. Хамрын хагалгаа хийлгэх үед зарцуулах 1.041.000 төгрөгийг бидний дансанд шилжүүлж өгсөн. Бид нарт учирсан хохирлыг бүрэн төлж өгсөн. Цаашид шалгуулах зүйл, гомдол санал байхгүй. Ж оос цаашид ямар нэгэн хохирол нэмж нэхэмжлэхгүй. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлын талаар нэмж гаргаж өгөх баримт байхгүй. Яллагдагч Ж той сайн дураараа эвлэрсэн болно. Яллагдагч Ж д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэж бичсэн хүсэлтээс үзэхэд шүүгдэгч Ж ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ж урьд нь 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан байх ба Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ХМШЭ/134 дугаартай шүүгчийн захирамжаар Ж ын эдлээгүй үлдсэн 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байхад шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01 цагийн үед Б сумын төвд иргэн Т толгой тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ХМШЭ/134 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ж ын эдлээгүй үлдсэн 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ХМШЗ/134 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ж ын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 4 сар 28 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 90 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 сар, 28 хоногийн хорих ялаар тогтоож, 7 сар, 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй,иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 10.5 х 4 х 2 см-ийн хэмжээтэй чулууг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж д 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ХМШЗ/134 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ж ын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 4 сар 28 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 90 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 сар, 28 хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж д оногдуулсан 7 сар, 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 10.5х4х2 см-ийн чулуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т