Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 361

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 10 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00361

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 231 тоотод оршин суух, Авга тайж овогт Даваадоржийн Отгонхишиг /РД:ФБ85022314/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрны 3, 4 давхарт байрлах "Улаанбаатар смарт карт" ХХК /РД:5907489/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, USCC_2016083, USCC_2016084, USCC_20160918, USCC_2016096 дугаартай сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, түүний өмгөөлөгч Ч.Нямдорж, гэрч Б.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Отгонхишиг нь “Улаанбаатар смарт карт” ХХК-д 2015 онд Картын систем, карт хэвлэх, баталгаажуулалтын менежерээр ажилд орсон.

Ингээд ажиллаж байхад нь 10 дугаар сараас эхлэн ажил тасалсан, ажлаас хоцорсон гэх тушаалууд гарч ирээд эцэстээ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр USCC-20160102 тоот тушаалаар ажлаас халсан.

            Ажлаас халах болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг баримталсан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн баталгаажуулж, USCC_2016083, USCC_2016084, USCC_20160918, USCC_2016096  сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Отгонхишиг нь “Улаанбаатар смарт карт” ХХК-д ерөнхий захирлын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 тоот тушалааар томилогдон мэдээллийн технологийн хэлтсийн карт хэвлэлт, баталгаажуулалт, картын систем хариуцсан менежерээр ажиллаж байсан.

Ажиллаж байх хугацаанд нь хөдөлмөрийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. Ингээд ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 6, 10, 25, 26-ны өдрүүдэд ажил эхлэх цагаас хоцорсон байдаг.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 14, 15, 18, 21-ний өдрүүдэд мөн ажил эхлэх цагаас хоцорч хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг гаргасан. Ингээд гаргасан зөрчилтэй нь холбогдуулаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр USCC-2016083084 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 201691096 тоот тушаалаар мөн сахилгын шийтгэл авсан.

Манай компани 2016 он эхэлснээс хойш автобусны карт уншигчийг засварлах ажлыг байгууллагын бусад ажилчидтай ээлж дараалан хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байсан боловч ажлыг биелүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр серверийн өрөөнд хэлтсийн даргын зөвшөөрөлгүй нэвтрэн орж, интернет кабелыг тасалж, серверт тест хийсэн байдаг. Тухайн үед энэ нь эрсдэл дагуулаагүй боловч эрсдэл дагуулахуйц үйлдэл байсан.

Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Компанийн зүгээс Д.Отгонхишигт удаа дараа сануулга өгч байсан боловч ямар нэгэн засрах, ажилдаа хариуцлагатай хандах үйлдлийг гаргаж байгаагүй.

“Улаанбаатар смарт карт” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд удирдлагын зөвлөл, хэлтсийн дарга нар гадаад хүмүүс байдаг учраас ажил эхлэх, дуусах цагийг маш сайн баримталж, илүү цагаар ажилласан ажилтанд илүү цагийн хөлсийг олгодог гэх мэт онцлогтой.

Д.Отгонхишиг нь эдгээр зөрчлүүдийг удаа дараа гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан USCC-20160122 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болоод Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа учрас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонхишиг нь "Улаанбаатар смарт карт" ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, USCC_2016083, USCC_2016084, USCC_20160918, USCC_2016096 дугаартай сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Д.Отгонхишиг нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн захирлын 25 дугаартай "Ажилд томилох тухай" тушаалаар "Мэдээлэл технологийн хэлтсийн Картын хэвлэл, баталгаажуулалт, картын систем хариуцсан менежерийн албан тушаалд томилогдож, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж,  2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар талууд хөдөлмөрийн гэрээг сунгаж ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн ерөнхий захирлын №USCC_2016102 дугаартай тушаалаар "ажлын цагаас хоцорсон, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг сахилгын зөрчил давтан гаргасан бөгөөд  USCC_2016083, USCC_2016084, USCC_20160918, USCC_2016096, USCC_20160100 тоот сануулгуудыг оногдуулсан боловч ажилдаа хандах хандлага сайжраагүй" гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Д.Отгонхишиг нь "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн ерөнхий захирлын №USCC_2016102 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч нь удаа дараа ажлын цагаас хоцорч ажилдаа ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас Д.Отгонхишигийг Мэдээлэл технологийн хэлтсийн картын систем хариуцсан менежерийн үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6-Б, 9 дүгээр зүйлийн 9.3, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.12, 7.2.3, 8.2.3 заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж маргасан.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл: Компанийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6-Б-д "ажилтан хариуцсан ажилдаа сэтгэлгүй хандсан, мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон",

9 дүгээр зүйлийн 9.3-т "ажилтны ажилд ирсэн, явсан бүх цагийг бүртгэх бөгөөд ажилтан сард 2 удаа ажлаас хоцорвол сануулга өгнө. Сануулгыг 2 удаа авбал ажлаас хална. Хоцролт гэдэг нь уг журмын 5 дугаар зүйлд заасан ажил эхлэх цагаас хоцорсон тохиолдлыг хэлнэ",

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т "удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй",

7.2.3-т "3 удаа бол ажлаас халах",

8.2.3-т "Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл компанийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулж хохирол учруулсан нь тогтоогдсон" нөхцөлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болохоор зохицуулсан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг удаа дараа ажлын цагаас хоцорч удирдлагаас өгсөн USCC_2016083, USCC_2016084, USCC_20160918, USCC_2016096 сануулга өгөх тухай тушаалын дагуу ажилдаа хандах хандлага сайжраагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан" бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цулахаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т "ажлаас халах" хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

 

Гэвч талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.4-т "ажлын цаг Даваа-Баасан /09.00-18.00, завсарлага цаг 13.00-14.00/ гэсэн байх ба 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгасан сунгалтанд "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2016043 тоот тушаалаар гэрээний 2.2 дугаар заалтад өөрчлөлт оров. Энэхүү сунгалт нь 2015 оны хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байна" гэж харицан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын цаг нь 09.00-18.00, завсарлага цаг 13.00-14.00 цаг гэсэн байх тул ажлаас хоцорч ирсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Отгонхишигт сануулга өгсөн “Улаанбаатар смарт карт" ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016083, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016084, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн USCC_2016096 тоот “Сануулга өгөх тухай” тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж Солонгос хэл дээр бичигдсэн баримтыг "Анхзаяа" орчуулгын товчоогоор орчуулуулж өгсөн ба уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэсэн шаардлагыг хангасан байх боловч "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн удирдлага нэхэмжлэгч Д.Отгонхишигт ямар үүрэг даалгаврыг өгсөн болох нь уг баримтаар тогтоогдохгүй байх ба Солонгос хэл дээр бичигдсэн баримт нь он, сар, өдөр байхгүй байхад Солонгос хэлнээс орчуулсан орчуулга нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэсэн огноотой байх тул ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

 

Иймд "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн ерөнхий захирлын USCC_2016083, USCC_2016084, USCC_2016096, USCC_20160100 тоот Сануулга өгөх тухай тушаалыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцласан №USCC_2016102 тушаалаар ажил олгогчийн санаачлагаар Д.Отгонхишигийг  ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Отгонхишигийг  "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн "Мэдээлэл технологийн хэлтсийн Картын хэвлэл, баталгаажуулалт, картын систем хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Ийм учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу Д.Отгонхишигийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлоход нэг өдрийн цалин 63,051 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацаа болох 49 хоног буюу 2 сар /1 сарын дундаж цалин 1,355,590 төгрөг х 2 сар = 2,711,180 төгрөг/, 6 хоног /1 хоногийн цалин 63,051 төгрөг х 6 = 378,306 төгрөг/ үржүүлэн тооцоход 3,089,449 төгрөг болж байх тул хариуцагч "Улаанбаатар смарт карт" ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Отгонхишигийг урьд эрхэлж байсан ажил буюу "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн "Мэдээлэл технологийн хэлтсийн Картын хэвлэл, баталгаажуулалт, картын систем хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 3,089,486 төгрөгийг хариуцагч "Улаанбаатар смарт карт" ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Отгонхишигт олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонхишигийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч "Улаанбаатар смарт карт" ХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонхишиг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч "Улаанбаатар смарт карт" ХХК-иас 64,333 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                        Х.ДАШДЭЧМАА