Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 38

 

          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн     1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Ш холбогдох эрүүгийн 2040000610058 дугаартай хэргийг 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг оршин суух,             “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Автотээврийн цехэд жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж.Ш

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Ш нь 2020 оны 05 сарын 04-ний өглөө ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн “Баргилт” цехээс хүдрийн дээж аваад буцаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “жолооч дараахь зүйлийг хориглоно...эсхүл...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн дүрмийн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

                        1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Ш нь 2020 оны 05 сарын 04-ний өглөө ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн “Баргилт” цехээс хүдрийн дээж аваад буцаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “жолооч дараахь зүйлийг хориглоно...эсхүл...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн дүрмийн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гэрэл зургууд /хх-ийн 4-11-р ху/

            -Хохирогч Д.О “Би Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрикт дээж авагч хийдэг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 19 цагаас ажилдаа гарч шөнийн ээлжинд явж байсан. Миний хариуцсан ажил Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс машинтай яваад “Арвижих хүдэр” ХХК, Баргилт цехээс хүдрийн дээж авч үйлдвэрт авчрах үүрэгтэй байдаг. 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 19 цагаас гараад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг хүртэл нийт 4 удаа явж хүдрийн дээж авчрах ёстой байдаг. Би ажлаа хүлээж аваад 3 удаа яваад хүдрийн дээж авчирсан байсан. Сүүлийн хүдрийн дээжээ авчрахаар ..... улсын дугаартай Фурган маркийн машинтай жолооч нь Ш, мөн хамт А гэдэг ажилтантай хамт явсан. А ах Баргилт цехээс хүдрийн дээж авдаг, би “Арвижих хүдэр” ХХК-иас хүдрийн дээж авдаг юм. Бид нар өглөө 06 цагийн үед хүдрийн дээжээ авчихаад Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр рүү буцаж явсан. Би Фурган машины голын зааланд арагшаа харсан суудал дээр хэвтээд явж байсан. А ах миний өөдөөс харсан Фурганы зааланд байдаг суудал дээр суугаад явж байсан. Урд Ж.Ш ганцаараа машинаа бариад явж байсан. Тэгтэл гэнэт машин шарваад, замаасаа нэг удаа гарах шиг болоод буцаж зам руугаа ороод хажуу талаараа унасан. Тэгээд машинаас гараад үйлдвэр рүү мэдэгдээд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан ирсэн. Би Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг очиж үзүүлэхэд миний баруун эгэмний яс цуурсан байсан, надад өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Ш, А ах 2-т ямар нэгэн гэмтэл шарх учраагүй гэж байсан. Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан, тэгээд зүгээр гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р ху/

-Иргэний нэхэмжлэгч С.Н “Би уулын баяжуулах "Бор-Өндөр" үйлдвэрийн захирал Б.М 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/1119 дүгээр тушаалаар Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс Баргилт цех явах сайжруулсан шороон зам дээр 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ж.Ш нь тус үйлдвэрийн эзэмшлийн ..... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хохирол учруулсан хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилсон. Ж.Ш нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 19 цаг 30 минутаас ажилдаа гарч 2020 оны 05 дугаар сарын 04-ны өглөө 07 цаг 30 минут хүртэл шөнийн ээлжинд ажилласан. Ш  ажилд нь гарахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хяналтын механикч инженер Э өгч, гарын үсэг зуруулсан. Мөн Ш  тухайн шөнийн ээлжинд гарах үед нь ажлын хуваарь буюу ажлын нарядыг өгсөн. Ж.Ш нь тухайн шөнө ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө үүрээр Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехээс уг үйлдвэр рүү батлагдсан маршрутад заагдсан замаар явж байгаад унасан байсан. Тухайн үед Ж.Ш нь үйлдвэрийн ..... улсын дугаартай авто машиныг жолоодож явсан. Үйлдвэрийн ..... улсын дугаартай автомашин унасны улмаас 1.590.000 төгрөгний хохирол учирсан. Уг учирсан хохирлын 60 хувийг даатгалаас 40 хувийг Ж.Ш өөрөө төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р ху/

-Гэрч Т.Г-ын “Би Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр дээр байхад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 07 цагийн орчимд УБҮ-ийн десфичерээс Баргилт-УБҮ чиглэлийн замд хүн тээврийн УАЗ Фурган маркийн автомашин замын хашлага шүргэн хажууд тийш унасан гэх мэдээллийг өгсөн. Тэгээд би Мандал Шанд харуул хамгаалалтын албаны ахлах мэргэжилтэн С хамт хэрэг болсон гэх газарт очсон. Биднийг очиход Фурган маркийн автомашин замын голд баруун талаараа хажууд тийш харан зам хаасан байдалтай унасан байсан. Тухайн үед машин жолоодож явсан Ж.Ш, хамт явсан зорчигч Д.О , А нарыг Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт хүргэх үүрэг өгч хүнээр хүргүүлсэн. Хэргийн газрын тухайн үеийн байдлыг фото зургаар баталгаажуулаад дэлбэрэлт галт түймэр үүсэхээс сэргийлж машиныг босгох арга хэмжээ авсан. Тэгээд би Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн шуурхай зөвлөгөөн дээр болсон асуудлын талаар мэдээллийг хүргээд 10 цаг 30 минутанд Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтэст мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р ху/

-Гэрч Т.А-ын “Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн техник хяналтын хэлтсийн дээж авагч хийдэг. 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 19 цагаас ажилдаа гарч шөний ээлжинд ажилласан. Миний хариуцсан ажил             Бор-Өндөр уулын баяжуулахаас үйлдвэрээс албаны машинтай яваад Баргилт цехийн хүдрийн дээж авч ирэх үүрэгтэй байдаг. Шөнийн ээлжинд нийт 4 удаа Баргилт цех рүү явж хүдрийн дээж авдаг. Мөн надтай хамт Д.О  гэдэг дээж авагч залуу явж “Арвижих хүдэр” ХХК-наас хүдрийн дээж авдаг юм. Би ажлаа хүлээж авснаас хойш нийт 3 удаа явж хүдрийн дээж аваад ирсэн байсан. Сүүлийн хүдрийн дээж авахаар Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 06 цагт яваад Баргилт цех болон “Арвижих хүдэр”        ХХК-иас хүдрийн дээж аваад буцаж явсан. Буцаж явахдаа Д.О  бид 2 фурган автомашины заалны голын суудал дээр урагшаа буюу жолооч руу хараад сууж явсан. Харин Д.О  миний өөдөөс харсан суудал дээр буруу харсан суудал дээр суучихсан, тухайн хэвтээд явж байсан. Хүдрийн дээжээ аваад буцаж явах замдаа би үүрэглээд унтсан. Машины урд талын хэсэгт Ж.Ш жолооч ганцаараа явсан, хажууд нь хүн байгаагүй. Унтаад явж байсан чинь гэнэт машин шарваад хажуу талаараа унасан. Ямар учраас шарваад унасныг нь унтаж байгаад мэдээгүй. Тэгээд машин унасан хойно машинаас гарсан. Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан ирсэн. Хэн дуудлага өгч, дуудсаныг нь мэдээгүй. Бодвол Д.О , Ж.Ш 2 уурхай руу мэдэгдсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р ху/

            -Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №48 тоот шинжээчийн дүгнэлт:  /хх-ийн 37-38-р ху/

1.Д.О биед баруун эгэмний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх.

            -Хэнтий аймгийн Замын цагдаагийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “..... улсын дугаартай автомашины жолооч Ж.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. ..... улсын дугаартай автомашины жолооч Ж.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан жолооч дараахь зүйлийг хориглоно. Хөдөлгөөний аюулгүй дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна” гэх /хх-ийн 56-р ху/

                        -Яллагдагч Ж.Ш-ын “Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехийн жолоочоор 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехийн ..... улсын дугаартай УАЗ фурган маркийн автомашиныг жолоодож ажил үүргээ гүйцэтгэдэг. Миний хариуцсан ажил бол ..... улсын дугаартай УАЗ Фурган маркийн автомашиныг жолоодож Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс явж “Баргилт” цех болон “Арвижих хүдэр” ХХК-нд очиж хүдрийн дээж авчрахаар явах ёстой. Хүдрийн дээж авдаг хүмүүс нь тусдаа, би зөвхөн машин барьж явах үүрэгтэй. Би 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагаас ажилдаа гарч шөнийн ээлжинд ажил үүрэг гүйцэтгэсэн. ...2020 оны 05 дугаар сарын 03-ны орой ажлаа хүлээж аваад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зураад тухайн ээлжинд хийж гүйцэтгэх ажлын нарядаа авч ажилдаа гарсан. Би ажлаа хүлээж аваад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг хүртэл нийт 3 удаа “Баргилт” цех рүү явж ирээд байсан. Сүүлийн удаа хүдрийн дээж авахаар Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс дээж авч Д.О , А нарын хамт 06 цагт ..... улсын дугаартай машинаа бариад явсан. “Баргилт” цех болон “Арвижих хүдэр” ХХК-иас хүдрийн дээжээ авчихаад буцаж байсан. Буцаж явахдаа Баргилт цехээс Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр явах сайжруулсан, хуссан замаар явж байсан. Тэгтэл Бор-Өндөр сумын хойд талд 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Отвальны шорооны баруун хойно явж байгаад зүүрмэглэж, нойрмоглоод сайжруулсан замын хажуу руу баруун гар тийшээ гарах үед сэрсэн. Тэгээд машинаа буцаж замд нь оруулах гээд зүүн гар тийшээ дараад тормоз гишгэтэл машин шарваад хажуу тийшээ машины буруу талаар унасан. ...Д.О , А бид 3 Бор-Өндөр сумын эмнэлэгт ирж үзүүлэхэд Д.О ын эгэм гэмтсэн байсан, А бид 2-т учирсан гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, Ж.Ш холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Ш нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О биед хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №48 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Д.О “Ж.Ш-т гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 117-р ху/-ийг прокурорт гаргасан байна.

Иргэний нэхэмжлэгч С.Н нь Үйлдвэрийн ..... улсын дугаартай “Фурган” маркийн автомашин унасны улмаас 1.590.000 төгрөгний хохирол учирсан. Уг учирсан хохирлын 60 хувийг даатгалаас, 40 хувийг Ж.Ш өөрөө төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.О , иргэний нэхэмжлэгч С.Нармандах нарт шүүгдэгчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Ш-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр  төлөхийг үүрэг болгов.

Шүүгдэгч Ж.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Шинэбаярын 769649 дугаартай жолоочийн үнэмлэх, ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00850280 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Ш  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Ш оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Ж.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Шинэбаярын 769649 дугаартай жолоочийн үнэмлэх, ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00850280 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Ш буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ