Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 709

 

 “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 81 949 810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Батдэлгэр, О.Сугарсамбуу,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хас банк” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Б.Болдбаатар нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хас банктай 5001132242 тоот зээлийн шугамын гэрээ, 1700001373-01 баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн шугамын зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн зориулалтаар авсан. Үүний дараа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр уг шугамын зээлийг бичил бизнесийн зээлд хөрвүүлж 1700011568 дугаартай нэмэлт өөрчлөлтийг байгуулсан болно. Энэ гэрээнд зээлдэгчийн эхнэр болох Ц.Цэвэлмаа нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр буюу нөхөх хариуцлага хүлээхээр оролцсон. Зээлдэгч нь тус зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 1-р хороолол, 33 байр 216 тоот хаягт байрлалтай, Ү-2201008044 улсын бүртгэлийн дугаартай, 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зөрчиж 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн төлөлтөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Хугацаа хэтрүүлж өнөөдрийг хүртэл 260 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөлгүй, зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.4-т заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрлээ ... зээлдэгч нар нь зээлийн хүүгийн төлбөрт нийт 8 582 840 төгрөг төлсөн, харин үндсэн зээлээс төлөөгүй. Шугаман зээлийн гэрээний онцлог, зээлдэгч үндсэн зээлээ авсан боловч хумих нөхцөлөө биелүүлээгүй тул үндсэн зээл төлөгдөөгүй гэж ойлгох ёстой.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 66 276 254 төгрөг, зээлийн хүүнд 15 633 012 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 044 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг нийт 81 949 810 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нар нь төлбөрийг сайн дураараа төлөхгүй бол барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэлмэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нар нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5001132242 тоот шугамын зээлийн гэрээ байгуулж, Хас банкнаас 50 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөг банкнаас 2014 оны 06 сард бүрэн шилжиж орж ирсэн. Зээлийн төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хуваарийн дагуу төлж байгаад 2015 оны 12 дугаар сараас зээл төлөлт үндсэндээ зогссон. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр хийсэн. Учир нь зээлдэгч нар нь Хятадын компанитай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгааг ажлын хөлсөө авч чадаагүй. Ийнхүү санхүүжилт зогссоноор бид зээлээ төлөх боломжгүй болсон. Тэр үед банкнаас шүүхэд хандаж барьцаа хөрөнгө авах эсвэл гэрээг сунга гэсэн шаардлага тавьсан тул бид орон байраа алдахгүйн тулд арга буюу гэрээг сунгаж гарын үсэг зурсан. Ингэж гэрээг сунгахдаа буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үндсэн зээл болох 50 000 000 төгрөг дээр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байсан зээлийн хүүний өр болох 16 276 254 төгрөгийг нэмж, үндсэн зээлийн дүнг 66 276 254 төгрөг болгон өсгөж, шинээр зээлийн гэрээ байгуулсан нь хууль бус болсон. Энэ нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг зөрчиж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй, зээл, хүүгийн төлбөр 66 276 254 төгрөг л төлөхийг зөвшөөрч байна, харин илүү гарсан хэсгийг зөвшөөрөхгүй. Зээлдэгч нар нь зээлийн хүүнд 8 582 840 төгрөг, үндсэн зээлд 4 348 200 төгрөг нийт 12 931 040 төгрөг төлсөн гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нараас 78 111 319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк”-нд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 1-р хороолол, 33-р байр, 216 тоот 40 м,кв, ГД-0082026, Ү-2201008044 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,699 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нараас 548 506 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк”-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 78 111 319 гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн явдал нь хууль бус юм. Учир нь нэхэмжлэгч Хас банк нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн шугамын гэрээг дуусгавар болгож, зээлийг хаасан болно. Зээлийн дансыг хаасан болох нь зээлийн дансны хуулгаар нотлогддог бөгөөд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ийм байтал 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болоогүй хэмээн тооцож, 287 хоногийн хүү 11 794 520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 044 төгрөг нэмж тооцон, нэхэмжлэгчид олгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нартай 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн шугамын гэрээг дуусгавар болгож, зээлийн гэрээг цуцалсан болох нь Монгол банкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар баталгаажиж байгаа бөгөөд үүнийг шүүх хуралдаан дээр ч хэлж байсан болно.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 11 794 520 төгрөгийн үндсэн хүү, 22 044 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81 949 810 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 4835 дугаар захирамжаар  “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Болдбаатар, Ц.Цэвэлмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 81 937 310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Нэхэмжлэгч хариуцагч нараас 81 949 810 төгрөг нэхэмжилсэн байтал шүүх  иргэний хэрэг үүсгэх захирамжид 81 937 310 төгрөг гэж бичсэн нь буруу, алдаатай болжээ.

 

Шүүх иргэний хэрэг үүсгээгүй нэхэмжлэлийн шаардлага дээр талуудыг мэтгэлцүүлж, уг шаардлагыг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, давж заалдах шатны шүүхээс энэ алдаа зөрчлийг засах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Зохигчид энэ талаар давж заалдах гомдолдоо дурдаагүй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мэдүүлсэн ба  давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Болдбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 016 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

 

                                                                                                Б.НАРМАНДАХ