Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 502

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Торгууд Цэнд овогтой Д-н П /РД:**/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд:  “Х б” ХХК /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.П-д холбогдох хэсгийн “Х б” ХХК-ийн ашиглаж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн захирал Ц.Д, иргэдийн төлөөлөгч Ш.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “...Миний бие Д.П нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 501.07 м.кв талбайг ашиглах эрхтэй болсон. Ингээд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2016/350 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-г аван тус газраа ашиглаж байна. 

Газар ашиглаж байх хугацаанд “Х б” ХХК нь миний газар ашиглах эрхийг зөрчсөн үйлдэл гаргаж байсан бөгөөд уг үйлдлээ таслан зогсоохыг шаардсан боловч тус газар нь манай газар хэмээх тайлбар хэлж, миний эрхийг зөрчсөн үйлдлээ зогсоогоогүй. Энэ талаар тодруулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтэст хандан хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн бөгөөд манай газар нь “Х б” ХХК-ийн газартай давхцалтай байна гэсэн хариу өгсөн.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар “Х б” ХХК-д манай газартай давхцуулан 0.55 га талбайг ашиглах эрх олгосныг мэдлээ. Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт байна гэж миний хувьд үзэж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Миний бие Д.П нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ. Ингэхдээ “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х б ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт цугларсан баримт, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар өөрчилж байна. Үүнд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х б” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “орц гарцын асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.П нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан аманд 501.07 м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 2016/350 дугаар бүхий улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг авсан юм.

“Х б" ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 398 дугаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээтэй, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 1/21 дугаар гэрээ байгуулан Богдхан уулын Зайсангийн аманд 0.42 га газар ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ашиглаж буй газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/21 хүсэлтийг ирүүлж байсан. Энэ хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй байх үед иргэн Д.П-ийн хүсэлт шийдвэрлэгдэж, 501.07 м.кв газар ашиглах эрх баталгаажсан байна.

Гэтэл “Х Б” ХХК-ийн 2015 оны 15/21 тоот хүсэлтийг ханган хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар “Х б" ХХК-д 0.55 га газар ашиглах эрх олгох шийдвэр гаргахдаа иргэн Д.П-д олгосон газартай давхардуулан олгосон байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х б” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/187 дугаар тушаалын Д.П-д холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлж, шинээр эрх зүйн акт гаргах замаар шийдвэрлүүлэх саналтай байна.” гэжээ.

Гуравдагч этгээд “Х б” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар болон бие даасан шаардлагадаа:  “Монгол Улсын сайд нарын зөвлөлийн 162 дугаар тогтоолоор 1962 оны 9 дүгээр сард хүнс барааны 49 дүгээр дэлгүүр байгуулагдаж, түүний үндэс суурин дээр 1999 онд “Х б” ХХК нь байгуулагдаж, нийт 55 жил ард иргэдийн дунд үйл ажиллагаагаа явуулж, өргөжүүлэн ажилласаар ирсэн. Уг дэлгүүрийг “Зайсан хоршоо” нэртэй байхад нь 1999 онд С.П-с худалдан авахад 1 га газарт байрлах дэлгүүрийн барилга-1, цайны газар конторын барилга-1, склад-4, усан сан, 20 тонны махны зоорь, муу усны нүхтэй, 2 хаалгатай нийтийн жорлон, 4 тал банзан хашаа, манаачийн байр-1 зэргийг хүлээн авсан. 

Улмаар  Байгаль  орчин,  аялал  жуулчлалын  сайдын  2001  оны  01  дүгээр сарын 25-ны өдрийн 23 тоот тушаал гарч дархан цаазат нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгж байгууллагуудад кадастр хийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах гэрчилгээ олгохоор болсны дагуу тус компани нь 2005 онд төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэснээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Ч.Г газрын хэмжилт хийж, тухайн үед инженерийн байгууламжуудыг ашиглах газрын хэмжээст оруулах шаардлагагүй гэх үндэслэлээр бохирын цооног, усан сангийн газар, цэвэр усны худаг, 40 тонны махны зоорь, дулааны шугамын хоолой явсан газруудыг газрын хэмжээнд оруулахгүйгээр кадастр хийж, ашиглаж байсан 1 га газраас хасагдаж, 0.42 га-аар тогтоосон болно. 

Тэгтэл иргэн Д.П нь 2006 онд гэр бүлийн хамт манай хамар хашаанд байх Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн авто граж байсан “М к ” ХХК-ийн хашаанд манаач н.Н-гийн гэрийн хажууд айлсан ирж буусан. Анх ирж буухдаа манайх 1 дүгээр хороололд байртай замын хажууд болохоор дуу шуугиан ихтэй, нөхөр н.Ө микро автобустай учир тавих газар олдохгүй хэцүү байдаг гэж ярьж байсан. 2008 онд дүүргийн Засаг дарга н.З нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж Зайсангийн 11 дүгээр хорооны иргэдээс санал авахын тулд газар олгох асуудлыг хөндөн иргэдэд хуурамч газрын бичиг олгосон. Д.П нь /н.Ө-нх/ “М к” ХХК-ийн хашааны гадна буюу ард талд нь гарч бууж, тэр газарт н.З-ын бичиг авсан. Гэтэл 2007 онд Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хашааг "М к" ХХК газрыг нь сунган авч гэрчилгээ авснаар н.Ө, Д.П нар нь 3 шатны шүүхэд нэхэмжлэл гарган зарга үүсгэж үнэнд ялагдсан. Ингээд Д.П, н.Ө нар нь "М к" ХХК-ийн хашаанаас шүүхийн шийдвэрээр нүүлгэгдэн гарч, буух газаргүй болсноор 2011 оны 9 сард манай компанийн хашаа баригдаагүй тохижилт хийх ёстой газарт дур зоргоороо хууль бусаар гарч бууж дүүргийн Газрын албаны байцаагч н.Н, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч н.Ц, н.Б нар ирж удаа дараа газар чөлөөлүүлэх шаардлага тавьсан боловч, элдвээр доромжлон гутааж, хөөн явуулж, нүүлгүй байсаар өдий хүрсэн. 

Мөн манай компанийн барилга барих, газар тэгшлэх ажилд удаа дараа саад болж, тракторын шанаган дотор орж хэвтэн, бидний ажил амьдралд төвөг учруулж байсан. Мөн хог хаягдлаа ил задгай хаяж, орчныг бохирдуулан гадна бие засаж,  байгаль  орчныг  бохирдуулж  хэний ч  шаардлагыг үл ойшоон “би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд танилтай хүн, та нар дуугүй бай, би энэ газрыг авахаар хөөцөлдөж байна, чи харж л байгаарай, харин танай компани надад орц гарц гаргаж өг, хашаагаа буулга” гэж удаа дараа дарамтлан доромжилж ирсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, дүүргийн Газрын албанаас байцаагч нар ирж хууль бус байгаа энэ айлыг газар чөлөөлөх шаардлага тавихад ч Д.П н.Ө нар нүүгээгүй. Харин 11 дүгээр хорооны Засаг дарга С.Т хөхүүлэн дэмжиж "энэ газрыг Д.П, н.Ө өгнө, хэн ч нүүлгэж чадахгүй, би мэдэж байна" гэж манай компанитай удаа дараа хэл ам хийж байсан. Тэгтэл сонгуулийн ид бужигнасан үеэр 2 дугаар хэсгийн хэсэг айлуудад “Б э" төсөл хэрэгжүүлэх нэрээр газар ашиглах шийдвэр гаргахад Д.П-гийн бичиг баримтыг жагсаалтанд оруулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах хууль бус шийдвэр гаргуулж гэрчилгээ авсан байна.

 Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт удаа дараа хандаж, албан тоот явуулж, кадастрт ороогүй үлдсэн газраа нэмж авах талаар хүсэлт тавьсаар ирсэн бөгөөд миний Д.П, н.Ө нарын талаарх 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 15/13 тоот албан бичгийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өгч улмаар 6 дугаар сарын 25-нд н.Батсансар даргатай албан бичгийнхээ талаар уулзахад "Би газар шинээр олгох, нэмж олгох талаар мэдэхгүй, халуун цэг дээр ажиллаж байгаа гагцхүү Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтэн нарын санал тодорхойлолтын дагуу мэргэжлийн ажилтнууд газар дээр нь судалгаа хийсний үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны боловсруулсан иргэнд газар ашиглуулах журмын дагуу боломжтой гэж дүгнэлт гарсан тохиолдолд тушаал шийдвэр гаргадаг" гээд таны асуудал үнэхээр үндэслэлтэй бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж санал дүгнэлт гаргуулах учиртай гэсний үндсэн дээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд албан тоотоор хүсэлт явуулж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 98 тоот санал дүгнэлт авч, 2016 оны 03 дугаар сарын 07-нд тухайн  үеийн  нэрээр  Байгаль  орчин,  ногоон  хөгжил,  аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өөрийн компанийн 16/01 тоот хүсэлтийн хамт мэргэжилтэн Д.Ш-ын гарт өгсөн болно. Ингээд би Д.Шижирболдын хэлсний дагуу 14 хоногийн дараа ирж уулзахад одоохондоо ямар нэг тушаал шийдвэр гараагүй байна гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш 7-10 хоногийн зайтай ирсэн боловч тушаал шийдвэр гараагүй гэсэн хариуг удаа дараа өгч байсан. Би цөхрөлтгүй явж хүсэлт өгснөөсөө хойш 2016 оны 06 дугаар сарын 08-нд 11 дахь удаагаа ирж Д.Ш-той уулзахад одоо сонгууль болох гэж байгаа тул ямар ч тушаал, шийдвэр гаргахгүй гэсэн. 

Тэгтэл 2016 оны 06 дугаар сарын 09-нд Бичил эко төсөл нэрээр маш олон хүний нэр дээр газар ашиглах тушаал гарсан байна. Түүний дотор н.Ө-н эхнэр Д.П-гийн нэр дээр тушаал гарсан байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь манай компанийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ашиглаж буй газрын талбайг нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 9 сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 98 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт дэмжсэн санал дүгнэлт хүргүүлсэн мөртлөө, иргэн Д.П-д 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тоотоор ямар ч судалгаагүй санал өгсөн нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан иргэнд газар ашиглуулах журмыг зөрчсөн байна. 

Журамд тухайн газарт 15-с дээш жил амьдарсан, тэр газраа хашаалуулсан уугуул иргэнд, хүн амьдарч үйл ажиллагаа явуулах боломжтой ямар нэг инженерийн шугам сүлжээ, өндөр хүчдэлийн шугам дайраагүй газар байх, байгалийн унаган тогтоц алдагдахааргүй, хэвийн хадгалагдах, ямар нэг айл өрх, албан газартай газрын маргаан давхцал зөрчилгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны судалгаанд хамрагдсан, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөлгүй, байгалийн болоод цаг зуурын гамшиг тохиолдоход саадгүй орц, гарцтай байх, Богдхан уулын дархан цаазат газрын удирдлага болон хариуцсан мэргэжилтэн тухайн газарт дүн шинжилгээ хийж, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр санал дүгнэлт гаргасан байх, тухайн иргэн газар ашиглах зорилгоо тодорхойлсон байх гэж заасан байдаг.

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан журмыг тухайн үеийн сайд н.Б, ахлах мэргэжилтэн Д.Ш, Богдхан уулын дархан  цаазат  газрын  хамгаалалтын  захиргааны  дарга  Ц.Ш*******  нар зөрчин сонгуулийг далимдуулан ямар ч судалгаагүй яаруу сандруу шийдвэр гаргаж, 11 дүгээр хорооны Засаг дарга С.Т-тай хуйвалдан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь ойлгомжтой юм. Хэрэв хууль ёсны судалгаатай шийдвэр гаргасан бол Д.П-гийн авсан газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын мэдээллийн санд 2016 оны 06 дугаар сарын 30-нд газрын гэрчилгээ авсан өдөр орсон байх ёстой. Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 06-нд газрын кадастрын мэргэжилтэн Э.А газрын мэдээллийн санд ороогүйг тодорхойлсон бөгөөд харин манай компанийн нэмэгдсэн газар мэдээллийн санд орсон байсан. 

  Иймд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.П-д холбогдох хэсгийн “Х-б” ХХК-ийн ашиглаж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч Д.П нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан аманд 501,07 м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 2016/350 дугаар бүхий улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг авсан юм.

“Х б” ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 398 дугаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээтэй, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай" 1/21 дугаар гэрээ байгуулан Богдхан уулын Зайсангийн аманд 0.42 га газар ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ашиглаж буй газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/21 хүсэлтийг ирүүлж байсан. Энэ хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй байх үед иргэн Д.П-гийн хүсэлт шийдвэрлэгдэж, 501.07 м.кв газар ашиглах эрх баталгаажсан байна.

Гэтэл “Х Б” ХХК-ийн 2015 оны 15/21 тоот хүсэлтийг ханган хариуцагч нь 2017оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дугаар тушаалаар “Х б” ХХК-д 0.55 га газар ашиглах эрх олгох шийдвэр гаргахдаа иргэн Д.П-д олгосон газартай давхардуулан олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасан байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х б” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.П-д холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлж, шинээр эрх зүйн акт гаргах замаар шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “... нэхэмжлэгч болох Д.П нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газар 0.05 га газар ашиглах хүсэлт болон төслийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хамгаалалтын Захиргааны саналыг авч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалаар газар ашиглах зөвшөөрөлтэй болсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд газар ашиглуулах тухай шийдвэр гаргах харилцааг зохицуулсан бөгөөд 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” хэмээн заасан.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд нь газар ашиглуулах бөгөөд хамгаалалтын захиргааны 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 147 тоот саналыг үндэслэн газар ашиглуулах шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн шийдвэр болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.6-г тус тус зөрчсөн гэх үндэслэлийн талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар онгон бүсийн дэглэмтэй газар гэдгийг судалгаа, шинжилгээний ажил явуулахаас бусад төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон газар хэмээн тодорхойлон Д.П-д ашиглуулахаар олгосон газар нь бичил эко, аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор олгосон газар тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Түүнчлэн хөрс, ус, агаар бохирдуулах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж шийдвэр гаргасан гэх үндэслэлийн талаар дээрхи хуулийн зохицуулалтыг харвал сонголт хийж шийдвэр гаргах эрх нь төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуучлалын сайдад өөрт нь байгаа болох нь тодорхой харагдаж байна.

“Х б” ХХК нь олон жил үйл ажиллагаа явуулсан учир тус газрыг ашиглах эрхийг манай компанид өгөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь олон жил үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь газар ашиглах эрхийг авах давуу байдлыг бий болгохгүй бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг газар ашиглах хүсэлтийг хянан шалгаж, шийдвэрлэх явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсээс нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хийдэг.

Түүнчлэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.П-д холбогдох хэсэг нь “Х б” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч “орц гарц үе үеийн кадастрын зурагт байгаа” гэж тайлбарлаад байгаа. Гэтэл гуравдагч этгээд “орц гарц байгаагүй” гэж тайлбарлаад байна. Үүнийг нийслэлийн газрын мэдээллийн сангаас кадастрын зураг гаргуулбал ямар вэ гэж дүгнэлт гаргаж байна. Мөн тухайн газарт олон жил оршин суугаа хүмүүсээс гэрч оруулбал ямар вэ гэж бодож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П-с гаргасан “1/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Ханбэлчир” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах,  2/ Орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”  тухай нэхэмжлэлийн шаардлага болон

Гуравдагч этгээд “Х б ” ХХК-иас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.П-д холбогдох хэсгийн “Х б ” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах”  тухай бие даасан шаардлагыг хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий газар нь дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт байрших бөгөөд дархан цаазат тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд байгалийн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, аялагчид зориулсан түр буудаллах орон байр барьж, ашиглахыг зөвшөөрдөг ба байнгын амьдах зориулалттай барилга байгууламж барих, ашиглахыг хориглодог болохыг юуны өмнө дурьдах нь зүйтэй.

1994 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох бөгөөд энэ шийдвэрийг хамгаалалтын захиргааны /хамгаалалтын захиргаагүй нутагт сум, дүүргийн Засаг даргын/ саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргана. Харин тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан тэдгээрийн хэнд ашиглуулахыг шийдвэрлэхээр мөн хуулийн 36.2-т тодорхой зохицуулжээ. 

“Х б” ХХК нь иргэн С.П-ийн 1992 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан  хүнс, барааны 49 дүгээр дэлгүүрийн барилгын өмчлөх эрхийг 1999 онд шилжүүлэн авч  Тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах 1999 оны 29 дүгээр гэрээгээр дэлгүүрийн доорх  болон орчны 1 га газрыг ашиглах /орчны 50 метр дэх газрыг хамгаалах/ , 2007 оноос Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 398 дугаартай гэрчилгээгээр 0,42 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах  эрх тус тус авсан байна. 

Тус компаниас 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15/10 тоотоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, мөн өдрийн 15/11, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15/21 тоотоор Байгаль  орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад тус тус хандан “ашиглаж буй 0,42 га газрын хэмжээг 0,12 га-гаар нэмэгдүүлэх тухай” хүсэлтийг нийт талбайн хэмжээгээр буюу 5438.0 м.кв талбайгаар 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр П ХХК-ийн үйлдсэн  кадастрын зургийн /эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас/ хамт гаргасны  дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 98 тоотоор “... “Х б” ХХК нь төслөө өргөжүүлэх зорилгоор ашиглаж буй газраа нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг газар дээр нь шалгаж, ...4276 м.кв газар ашигладаг, ...5562 м.кв болгон нэмэх, талбайн хэмжээ нь 1248 м.кв, өргөтгөн ашиглах талбай давхцалгүй” гэсэн санал авч , 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16/01 тоотоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд , 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 16/04 тоотоор тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт  тус тус “ашиглаж буй газрын хэмжээг 1248 м.кв-аар нэмэгдүүлэх” хүсэлт өгсөн байна. 

Иргэн Д.П 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “0,05 га газар ашиглах эрх хүссэн” хүсэлт , бичил эко аялал жуулчлалын төсөл гэх хуудас, ашиглахыг хүссэн газрын кадастрын зураг, эдлэн газрын улсын бүртгэлийн хуудас, тухайн байршилд баригдсан оршин суугаа гэрийн фото зураг, хорооны Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1123003 тоот хаягийн талаарх тодорхойлолт зэргийн хамт гаргасан байх бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас  2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаар албан бичгээр санал авч  байсан талаар тус газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 203 тоотоор тодорхойлсон байна.  

Дээрх хүсэлтүүдийг буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах талаарх хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ.” гэж заасныг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх талаар ажиллагаа хийгээгүйгээс 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалаар  Д.П-д “Хан-Уул дүүрийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Дайчдын хөшөө, 1-16 тоот” хаягаар 501.07 м.кв газрыг, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар  “Х б” ХХК-д “Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд” хаягаар 0.12 га газрыг тус бүр 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, Д.П-д 2016/350 дугаартай , Х б” ХХК-д ******* дугаартай гэрчилгээ  олгосон /гэрчилгээнд газрын хэмжээг 0.55 га буюу нийт хэмжээгээр бичсэн/ байх бөгөөд уг гэрчилгээнүүдийн хавсралт дахь талбайн солбицлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар агаар сансрын зургаар давхцуулан ирүүлэхэд Д.П-гийн 2016 оны 2016/350 дугаар бүхий гэрчилгээгээр ашиглаж буй 500 м.кв газар болон “Х б” ХХК-ийн 2017 оны ******* дугаар бүхий гэрчилгээгээр ашиглаж буй 5504 м.кв газрууд 418 м.кв давхцалтай байх  ба талууд уг хэмжээний талаар маргаагүй болно.

Мөн нэхэмжлэгчийн гэр барин амьдарч буй бичил эко аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан газар нь орц гарцгүй, бохир усны болон ариун цэврийн байгууламжгүй болох нь маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба “Х б” ХХК болон “М к” ХХК-ийн дундуур орц гарц байсан хэмээн орц гарц гаргуулахаар маргах хэдий ч  өмнө нь буюу Д.П-д ашиглах эрх олгохоос өмнө орц гарц байсан гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 173 тоотоор “... Д.П, Д.Ө нарын хууль бусаар амьдарч буй газар нь ... орц гарцгүй, байгалийн гамшиг, үер усны болон гал түймрийн аюулд өртөх магадлалтай, байгалийн унаган төрх, өнгө үзэмжийг алдагдуулахаар, ... хөрс ус бохирдуулахаар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах байгууламж байгуулах боломжгүй газар” хэмээн тодорхойлсончлон ашиглах эрх олгосон зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үзэхээр байх тул орц гарцыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна. 

“Х  б ” ХХК нь иргэн Д.П , түүний гэр бүлийн хүн Д.Ө  нарыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газар ашиглаж буй маргааны талаар 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15/09 тоотоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад , 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15/13 тоотоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт ,  мөн өдрийн 15/12 тоотоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, улсын байцаагч нарт  гомдол гаргаж байсан хэдий ч гомдлыг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах шийдвэр гаргахдаа энэ байдлыг харгалзаагүй байна.  

Хариуцагч нь “Х б” ХХК-ийн түрүүлж өгсөн хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа тус компанийн хүсэлт гаргасан газарт иргэн Д.П-д газар ашиглах эрх олгож, улмаар ийнхүү давхцуулан “Х б” ХХК-д газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосноо, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг хэрэгжүүлээгүй шийдвэр гаргаснаа, захиргааны актын илэрхий алдааг засах боломжтойг хүлээн зөвшөөрч, маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж, шинээр акт гаргах замаар шийдвэрлэх хүсэлтээ тайлбараараа илэрхийлсэн байдаг.

Хэдийгээр “тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох” хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа ч эрх бүхий этгээдээс тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх түрүүлж олгосон тул нэхэмжлэгч Д.П-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг үгүйсгэх боломжгүй байна. 

Иймд шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах үүднээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, хуульд нийцүүлэн нэхэмжлэгчид  ашиглуулах боломжтой газрыг хээрийн судалгаа, газар дээрх хэмжилт хийх байдлаар тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, дахин шинэ акт гаргах хүртэлх хугацаагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалуудыг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 31 дэх “Д.П-д 501.07 м.кв газар ашиглуулах эрх олгосон” хэсгийг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 7 дахь “Х  б ХХК-д 0.12 га газар ашиглах эрх олгосон” хэсгийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хариуцагч шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 31 дэх “Д.П-д 501.07 м.кв газар ашиглуулах эрх олгосон” хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 7 дахь “Х  б  ХХК-д 0.12 га газар ашиглах эрх олгосон” хэсэг тус тус хүчингүй болохыг мэдэгдсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тус тус урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу)  төгрөг буюу нийт 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

                                           ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН

                                           ШҮҮГЧ                                   С.ТӨМӨРБАТ