Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01236

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00201 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 820 дугаар магадлалтай,

Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Боловсролын их сургуульд холбогдох,

Тэтгэмжид 12.548.316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Д.Э-, Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 57 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан бөгөөд ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/203 тоот тушаал гарган  ажлаас чөлөөлсөн. Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Профессор багш, ажилчин тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан үед Монгол Улсын Боловсролын их сургуульд ажилласан жилээс нь хамааран үндсэн цалингийн хэмжээгээр /20 буюу түүнээс дээш жил бол 12 сарын/ нэг удаагийн тэтгэмж олгоно гэж зааснаар 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж бодож байтал байгууллага зөвхөн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосонд гомдолтой байна. Тэтгэмж олгохгүй байх үндэслэлээ байгууллагын зүгээс тайлбарлахдаа 2017 оны 6 сарын 02-ны өдөр баталсан  Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай А/129 тоот тушаалаар 60 нас хүрээгүй багш, ажилчдад хамтын гэрээгээр тохирсон хэмжээний тэтгэмжийг олгох асуудлыг насаар зааглан ялгавартай тогтоосон байсан бөгөөд ингэж өөрчлөлт оруулахдаа нийт багш ажилчдын төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо, ажил олгогчийн төлөөлөл хэлэлцэн баталсан хамтын гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр дангаараа шийдвэрлэсэн байгаа нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/129 тоот Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалыг хүчингүй болгож, хамтын гэрээний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 12.548.316 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Э- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцална гэх заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж гаргуулах хүсэлтээ сургуулийн захиргаанд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус гаргасны дагуу 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/203 дугаар тушаал гаргаж Д.Э-т 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ажлаас чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Д.Э-т МУБИС-ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1926 тоот албан бичгээр түүний гаргасан өргөдөлд хариу өгөхдөө 2015 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, их дээд сургуулийн багш ажилтанд тэтгэвэр тогтоолгох үед нь төрөөс олгож байсан тэтгэмжийн заалт хасагдсан талаар мэдэгдсэн. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 6.2.8, 6.2.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасны дагуу тооцож үзэхэд Д.Э- 1961 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн байх тул 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 56 нас 19 хоногтой тэтгэвэрт гарах эрх үүссэн байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанаас Д.Э-т 60 нас хүртлээ үргэлжлүүлэн ажиллаад Монгол Улсын Боловсролын их сургуулийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 4.2, Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 6.2.7-д заасны дагуу 12 сарын тэтгэмж аваад, тэтгэвэр тогтоолгох боломжтой гэдгийг мэдэгдсэн боловч өөрийн хүсэлтээр 56 нас 19 хоногтой тэтгэвэртээ гарах шийдвэрээ гаргасан тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00201 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас 11,245,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгож, үлдэх 1,302,356 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 194,885 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 820 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 820 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 820 дугаар магадлал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 16 дугаар зүйлийн 16.3, 18 дугаар 18.1.1-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч төсвийн байгууллага болох МУБИС-ийн эрх ашигт харш шийдвэр магадлал гаргасанд гомдолтой тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэл бүхий  болжээ.

Нэхэмжлэгч Д.Э-ийн “...тэтгэмжид 12.548.316 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургууль эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Боловсролын их сургуульд 28 жил ажилласан, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн тус сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/203 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлж, 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин хамтын гэрээнд заасан тэтгэмж олгох эсэх нь маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь мөн хуулийн 40.1.3-т заасан буюу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдаж байгаа ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан ба хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1-д тэтгэмжийн хэмжээг  хамтын гэрээгээр зохицуулна гэжээ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэнэ.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамтын гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Уг Хамтын гэрээний 4.2-т  зааснаар профессор багш, ажилчин тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан, үед МУБИС-т ажилласан жилээс нь хамааран тодруулбал 20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний  тэтгэмж олгохоор зохицуулжээ.

Дээрх заалтад нэхэмжлэгч хамаарч байгаа тул  12 сарын тэтгэмж  шаардах эрхтэй, тэрээр нэг сарын тэтгэмжийг авсан тул хариуцагч 11 сарын цалинтай тэнцэх 11.245.960  төгрөгийн тэтгэмж олгох үүрэгтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хамтын гэрээ болон  хуульд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 820 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ