| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0010/Э |
| Дугаар | 0021 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Б.Ш
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч П.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 1925000000316 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, П.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч П.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу Шанд багийн нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч Г.Ө-г алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь талийгаач бид 2 тоосго буулгаж 35.000 төгрөг аваад замдаа дэлгүүр орж 1 шил архи авсан. Архиа дэлгүүрийн хажууд уусан. Тэгээд гэр рүүгээ явах замдаа бид 2 маргаж би гудманд 2-3 удаа алгадсан. Өөр цохиж бариагүй. Би нэг их архи уудаггүй. Талийгаач битгий архи уу гэж хэлдэг. Бид 2 амьдраад 8-9 жил болж байна. Би эхнэрээ урьд зодож байгаагүй, шар малтаад байхаар нь ганц нэг алгадаж байсан. Гудманд сууж байхад нь алгадахад суугаагаараа хойшоогоо дагзаараа савж унасан. 2 удаа савж унасан. Тэгээд гэртээ ирээд унтаж амарсан. Гэртээ ирээд 2 удаа алгадсан. Талийгаачийн үхэлд миний буруу байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Оршуулгын зардлыг төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...эгч маань жилдээ 2-3 удаа над руу залгаад намайг ирж ав, Б зодоод хэцүү байна гэдэг байсан. ...би нүдээр харж байгаагүй, гэхдээ эгчийн ярианаас бол зоддог байсан гэсэн. ...баримт гэхээр зүйл байхгүй. Цаасан дээр ямар зардал гарснаа л бичиж авчирсан. Нийтдээ 5 сая гаран төгрөгийн оршуулгын зардал гарсан гэсэн мэдүүлэг /1 хх 24-25 ху/,
-Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Г овогтой Ө гэх хүн баруун шанаандаа хавдсан байдалтай нөхөр гэх хүнтэйгээ ирсэн юм. Г.Ө нь үзлэгийн явцад хүүхэн хараа нь өргөсөж ухаан санаа нь балартаад ирэхээр нь сэхээн амьдруулах тасгийн Э эмчид үзүүлэхэд тархиндаа гэмтэлтэй байж болзошгүй, биеийн байдал муу байна гээд сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн юм гэсэн мэдүүлэг, ...12 цагийн үед үзлэг хийхэд тархи хавагнасан шинж тэмдэг илэрсэн тул эрчимт эмчилгээний эмчийг дуудаж үзүүлээд сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн гэсэн мэдүүлгүүд /1 хх 37, 202-204 ху/,
-Гэрч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 08 сарын 09-ний өглөө 10 цагийн үед Б, Ө хоёр гэрт хоол, унд авчирна гээд гэрээс гарцгаасан, гэхдээ Ө-ийн хувьд урд өдрийн уусан архи нь гүйцэт гараагүй халамцуу байдалтайгаар явсан. Тэгээд тэр хоёрыг ирэхгүй удаад байхаар нь 13 цагийн үед Бийн **** дугаарын утас руу залгаад гэр орондоо ирэхгүй юм уу гэхэд Б архи уучихсан, Ө уусан архиндаа муудаад уначихаад босохгүй байна гэж хэлэхээр нь хаана байгаа юм гэхэд дэлгүүрийн гадаа байна гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгвэл унтуулж байгаад ирэхгүй юу гэж хэлээд утсаа салгасан. Ингээд үдээс хойш 16 цагийн үед Б рүү дахин залгатал Ө сэрэхгүй байна аа, би хажууд байна гэж хэлэхээр нь хурдан ирээч, орой боллоо ш дээ гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш Б-ийн утас руу нь залгаагүй. Харин 19 цаг өнгөрч байхад Б, Ө хоёр орж ирсэн. Тухайн үед Ө бол нэлээн согтолттой хажуугаас нь Б түшчихсэн байсан. Тэгээд шууд л гэртээ хоёулаа ороод унтаж амарсан. Би шөнө, орой гэр лүү нь ороогүй 6 настай хүүхэд нь цуг унтсан. Шөнө ямар нэг дуу чимээ, хэрүүл маргаан сонсогдоогүй. Ингээд өнөөдөр өглөө 06 цагийн үед Б гэрт орж ирснээ Ө орны толгой мөргөж унаад таталт өгөөд байна гэхээр нь би өөрийнхөө утаснаас 103-т дуудлага өгсөн. 103-ын эмч удаа ч үгүй ирсэн бөгөөд үзлэг хийж байгаад нэг тариа хийчхээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед Ө ухаантай байсан боловч хүнтэй ярьж чадахгүй байдалтай байсан. Би араас нь өдөр 14 цагийн үед ирсэн, намайг ирэхэд сэхээний тасагт шилжүүлээд хэвтүүлсэн байсан гэсэн мэдүүлэг /1 хх 38-39 ху/,
-Гэрч И.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 08 сарын 10-ны өдөр Булган аймгийн Цагаан голын рашаанаас Эрдэнэтэд иртэл Ө эмнэлэгт хэвтсэн Б сахиж байсан. Юу болсон талаар Н-с асуутал Ө Б нар архи уугаад хоорондоо зодолдсон, улмаар эмнэлэг дээр ухаангүй ирсэн гэж хэлсэн. Ингээд Өийг эмнэлэгт ухаангүй байгаад байхаар нь би Налайх руу ах дүүс рүү нь холбогдож хэлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 43 ху/,
-Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Талийгаач Ө, Б нар хамт амьдраад 8-9 жил болж байсан. Дундаасаа нэг хүүхэдтэй, анх хамтран амьдарснаасаа хойш л нийлж архи уудаг байсан. Би 2018 оны 09 сард сүрьеэ өвчнөөр өвдөөд эмнэлэгт хэвтэх үед манай дүү нарыг харахаар талийгаач Ө, Б нар Налайхын Уурхайд ажиллахаар ирсэн. Энэ хугацаандаа орой болохоор ундааны саванд архи хийж авчирдаг, архиа уучихаараа хоорондоо зодолдоод манай гэрийн тавилгануудыг эвдчихсэн байдаг. Ер нь архи уухаараа хоорондоо зодолдож маргалддаг байсан. Талийгаач хүүхэд нь жаахан байхад буюу 4-5 жилийн өмнө Б намайг зодоод байна ирж ав гэж над руу 2-3 удаа ярьж байсан гэсэн мэдүүлэг /1 хх 42 ху/,
-Насанд хүрээгүй гэрч Ө.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...аав, ээж хоёрыг дэлгүүр явахад нь би хамт явсан. Н эгч намайг аав ээжтэйгээ хамт яв гээд байсан. Дэлгүүр ороод аав архи авсан, тэгээд аав ээж хоёр архиа уусан, аав ээжийг архи уу, архи уу гээд байсан ээж уухгүй гэсэн чинь аав уу гээд ээжийг зодсон. Аав ээжийг зодохоор нь би ээжийгээ хамгаалаад төмсөг рүү нь өшиглөсөн, бас аавынхаа халааснаас нь мөнгө авч дэлгүүрээс печень, ундаа авсан. Аав, ээжийг түлхээд ор луу унагаасан. Ээж толгойгоороо орны буланг мөргөж унасан. Тэгээд аав ээжид газар ор засаж өгсөн гэсэн мэдүүлэг /1 хх 44 ху/,
-Гэрч А.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...биеийн байдал ухаангүй таталт өгнө гэсэн байдалтай байсан ингээд бүхий л үзлэг шинжилгээнүүд хийгдсэн. Тухайн үед гэмтэл мэдрэл, нүдний эмчид үзүүлсэн мөн эхо, КТГ зэрэгт үзүүлсэн. Дээрх үзлэг шинжилгээнүүдийг хийгдэж байх явцад буюу 15 цаг 10 минутын орчимд өвчтөний амьсгал зогсож зохиомол амьсгалын апратанд орсон учир хагалгаанд орох боломжгүй болсон гэсэн мэдүүлэг /хх 205-207 ху/,
-Яллагдагч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дэлгүүрээс гэрлүүгээ явах замд буюу гудамжиндаа хоёр удаа хацар луу нь алгадсан, энэ үед талийгаач хоёуланд нь газар толгойн ар дагз хэсгээрээ савж унасан. Алгадахдаа би баруун, зүүн хацарт нь нэг нэг удаа л алгадсан. Мөн гудамжинд өвсөн дээр хамт сууж байхад өөдөөс хэрэлдээд байхаар нь хацар луу нь алгадтал бас хойшоогоо саваад газар унасан. Гэртээ орсны дараа бол гар хүрээгүй харин үүрээр 06 цагийн үед талийгаач газар унтаж бос ч ирээд ор түших гэж байгаад хөл алдаад орны толгойг дагз хэсгээрээ мөргөж газар унасан гэсэн /1 хх 87-88 ху/,
... 2019 оны 08 сарын 09-ний өглөө 08 цагийн үед эхнэр бид хоёр сэрсэн, өмнөх өдөр нь архи уугаад хоносон болохоор шартаад байсан. Өөд 14,500 төгрөг байсан ба тэр мөнгөөр архи авч уухаар болоход 10 цагийн үед эхнэр бид хоёр хүү М , эгч Н гийн хүү Г нарыг дагуулаад Давхар ягаан дэлгүүр орж нарийн улаан шонхор тамхи авсан. ...Дэлгүүрээс авсан архийг дэлгүүрийн баруун талд байх блокоор барьсан баригдаж байгаа дэлгүүрийн урд талын хэсэгт орж уусан. Эхнэр бид хоёр архи уусан, өөр хүн байгаагүй. Архи ууж байтал Өөд хандаж битгий архи уугаад бай гэхэд яадгийн бэ, ууж байгаа үхнэ гэж хэлсэн. Би уурлаад Өийн зүүн болон баруун хацарлуу гараараа алгадаж арагшаа нь түлхсэн, тэр үед Ө хойшоогоо саваад дутуу баригдаж байсан блокийн хажууд толгойн ар хэсгээсээ цохисон. ...Орой 19 цагийн үед сэрэхэд архи маань бага зэрэг гарсан, үлдсэн архинаасаа нэг нэг удаа уучихаад архины шилийг ууж байсан газраа үлдээгээд Ө ийг дагуулаад гэртэй харих гээд Их залуу шанд багийн 29 дүгээр гудамжаар явж байхдаа Өдөө маргалдаад дахиад баруун, зүүн хацарлуу нь 2-3 удаа гараараа алгадсан. Намайг Өийг алгадахад хойшоо саваад газарт толгойн ар хэсгээр унасан. Би газраас Өийг татаж босгоод гэртэй авчирсан. Ө бид хоёр цай уучихаад Өийг унтаж амар гэхэд үгүй гээд урдаа хэрэлдээд байхаар нь би дахиад Өийн баруун, зүүн хацар луу нь 2-3 удаа алгадахад Ө хойшоогоо орлуу саваад уначихсан. Ө орноос босоогүй унтсан. ...Өглөө 06 цагийн үед босчихоод бие засаад эргээд гэрт орж ирэхэд Ө орноос унчихсан, дээшээ хараад хэвтэж байхаар нь би босоо гэж хэлээд өргөж орон дээр тавихад толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэр үед гаднаас Н эгч орж ирээд наад хүн чинь үхлээ шдээ, архины шоконд орчихсон юм биш үү, эмнэлэгт дуудлага өг гэж хэлээд Н эгч утсаараа эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед Ө хоёр гараа атгаад таталт өгөөд байсан. Би хашаан дотор гудас дэвсээд Өийг өргөж гаргаад хэвтүүлсэн, цээжин дээр нь норгосон даавуу тавьж байхад гаднаас эмч орж ирээд Өөд тариа тарьсан, яаралтай явах хэрэгтэй гээд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр байхад цагдаа нар ирсэн юм гэсэн мэдүүлгүүд /1 хх 45-46 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 538 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Ө-н биед гавал тархины битүү гэмтэл, баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулайн дэлбэнгүүдийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах зэрэг зовирууд илэрч болно гэсэн дүгнэлт /1 хх 48-50 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 70 дугаартай дүгнэлтэнд:
1. Талийгаач Г.Ө ийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурь хэсгийн аалзан хальсан дор тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдэд няцрал, цус харвалт, зөөлрөлт, хатуу хальсны хөндийн цусан бүлэн, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой шагайд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гавал тархины битүү гэмтэл авсан тохиолдолд толгой эргэх толгой өвдөх, дотор муухайрч бөөлжис цутгах орон зайн баримжаа алдагдах, таталт өгөх, ухаан балартах, ухаангүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно.
4. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
6. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
7. Талийгаачийн өвчний түүх ирээгүй байна гэсэн дүгнэлт /1 хх 54-59 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 155 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 4.8х3.4 см хэмжээтэй наалтуузаар бэхжүүлж 5 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1, 2, 3, 4, 6, 7 гэж дугаарласан наалтуулзанд байх гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжлэгдэж буй 4.8х3.4 см хэмжээтэй наалтуузаар бэхжүүлж 5 гэж дугаарласан “Сэржим” нэртэй архины шилнээс гэсэн тайлбартай гарын мөр MN003010009883 дугаараар санд бүртгэгдсэн Пүрэвдоржийн Бийн баруун гарын ядам хурууны хээгээр үүссэн байна гэсэн дүгнэлт /1 хх 71-72 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 714 дугаартай дүгнэлтэнд:
1. Талийгаач Г.Ө ийн биед эмнэлгийн яаралтай тусламжийг цаг хугацаанд нь үзүүлжээ.
2. Талийгаач Г.Ө нь тухайн өдрөө амьсгал зогсож, зохиомол амьсгалын аппаратанд орсон байх ба тархины мэс засал хийх боломжгүй байжээ гэсэн дүгнэлт /1 хх 217-218 ху/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 93 дугаартай дүгнэлтэнд:
1. Магадлуулагч П.Б нь сэтгэцийн хувьд эрүүл
2. Магадлуулагч П.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх буюу өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгох чадвартай.
3. Магадлуулагч П.Б нь хэрэг хариуцах чадвартай.
4. Магадлуулагч П.Б нь албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн дүгнэлт /1 хх 236-237 ху/,
-П.Бийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 1-2, 84-88, 222 ху/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5-6, 11, 15 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-10, 12-14, 16-18, 20-21, 62-65, 92-94 ху/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 19 ху/
-Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 22 ху/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 89-91 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 95-96 ху/
-Хохирогчийн өвчний түүх /1 хх 131-184 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч П.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу Шанд багийн нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч Г.Ө-г алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...гэр рүүгээ явах замдаа бид 2 маргаж гудманд 2-3 удаа алгадсан. Өөр цохиж бариагүй. Би нэг их архи уудаггүй. Талийгаач битгий архи уу гэж хэлдэг. Бид 2 амьдраад 8-9 жил болж байна. Би эхнэрээ урьд зодож байгаагүй, шар малтаад байхаар нь ганц нэг алгадаж байсан. Гудманд явж байхад алгадахад суугаагаараа хойшоогоо дагзаараа савж унасан. 2 удаа савж унасан. Тэгээд гэртээ ирээд унтаж амарсан. Гэртээ ирээд 2 удаа алгадсан. Талийгаачийн үхэлд миний буруу байгаа. Гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ганбаярын “...эгч маань жилдээ 2-3 удаа над руу залгаад намайг ирж ав, Б зодоод хэцүү байна гэдэг байсан” гэсэн мэдүүлэг /1 хх 24-25 ху/, гэрч Ц.Болдбаатар /1 хх 37 ху/, гэрч П.Н /1хх 38-39 ху/, гэрч И.Ганболд /1 хх 43 ху/, гэрч Г.Ганбаяр /1 хх 42 ху/, насанд хүрээгүй гэрч Ө.М /1 хх 44 ху/, гэрч А.Э /1 хх 205-207 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулайн дэлбэнгүүдийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл бүхий үүссэнийг тогтоосон 538 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн хохирогчид тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурь хэсгийн аалзан хальсан дор тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдэд няцрал, цус харвалт, зөөлрөлт, хатуу хальсны хөндийн цусан бүлэн, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой шагайд зулгаралт бүхий гэмтлүүд үүссэнийг тогтоосон 70 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 155, 714 дугаартай дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 93 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нь хүнд гэмтэл авч, улмаар амь нас нь хохирсон хор уршиг хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч П.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч нь оршуулгын болон Эрдэнэтэд ирсэн унааны зардал зэрэг нийт 5.170.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхэд нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иймд хохирлыг энэ удаад шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нь 145 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн эдлэх 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийн цагдан хоригдсон 145 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээгр зүйлийн 2-т зааснаар хохирогч Г.Ганбаярын нэхэмжилсэн 5.170.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
Ж.ДЭЛГЭРМӨРӨН