Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 0030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.О

Хохирогч О.О

Шүүгдэгч Э.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-т холбогдох эрүүгийн 1925007610477 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.П-т

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.П нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер баарны гадаа 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө иргэн О.О-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1.200.000 төгрөг өгсөн. Үлдэх хохирлыг төлөх талаараа тохирсон байгаа. 200.000 төгрөгийг 2020 оны 02 сарын 15-наас өмнө, 1.000.000 төгрөгийг 04 сарын 25-ны өдрөөс өмнө өгөхөөр тохирсон байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч О.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй адилхан. Хохиролд 1.280.000 төгрөг өгсөн. Цаана нь 1.200.000 төгрөгийг 2 хувааж өгөхөөр тохирсон байгаа. 5 сард эрүүний хадаас авахуулах хагалгаанд орно. Гомдол санал алга. Нэмж цалин 800.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...баарнаас гараад ирэхэд манайд хамт ажилладаг Ж.О , О.О , Э гурав танихгүй 3, 4 залуучуудтай юм яриад зогсож байсан. Тэгээд Э бид хоёр баарны гадаа хашлаган дээр очоод сууж байтал миний таньдаг хүн тэрүүгээр явж байсан би очиж мэнд мэдэж хэсэг юм ярьж зогсоод буцаж Э дээр ирээд суутал О.О нүүрээ цохиулчихлаа гээд ирсэн. Нүүрийг нь хартал зүүн талын хацрын яс наашаа төвийсөн байсан. Тэгээд би хэн цохисон юм бэ гэхэд П гээд шар өнгийн пальто өмссөн залуу байсан. Би тэр залууг маргааш ирж уулзаарай гэж хэлээд хамт ажилладаг Э , Э , Ж.О бид гурав О.О-г аваад эмнэлэг хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

 

-Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б ах бид хоёр баарны гадаа хашлаган дээр очоод сууж байтал Б ах нэг хүнтэй юм яриад явсан. Э нэг залуутай маргалдаад байсан би очоод юу болсон юм бэ гэж асуугаад Э ы маргалдаж байсан хүнтэй маргалдсан гэтэл Б ах араас ирээд намайг аваад бид хоёр баарны гадаах хашлаганы хажууд зогсож байсан. Гэтэл нэг залуу нь ирээд надтай хэрүүл хийгээд байсан чинь хажуунаас нь Х гэсэн байх би нэрийг нь мэдэхгүй байна намайг хашлага руу жийж унагаасан. Тэгээд би босч ирэхэд Б ах О-н нүд болохоо байж эмнэлэг явъя гээд бид нар эмнэлэг аваад явсан. Хэн юугаар цохисон талаар би мэдэхгүй байна. Намайг Х гэх залуу нь жийж унагаагаад би унаад босоод ирэхэд О-д цохиулсан байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Гэрч У.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...тэкен дээр би П таарсан, тэгээд мэнд мэдээд юм яриад зогсож байтал Х хажуунаас ирээд яагаад манай найзад томроод байгаа юм гээд ирсэн. Тэгэхээр нь томорч муудалцсан зүйл алга гээд салсан. Хэсэг хугацааны дараа О.О , Ж.О бид гурав баарнаас гарсан чинь баарны үүдэнд П , О , Х гурав байсан. Тэгээд Х над дээр ирээд уучлаарай найз андуурсан байна гээд Ж.О , Х бид гурав тамхи татах гээд цаашаа яваад юм ярьж байхад Х баарны үүд рүү явсан. Ж.О бид хоёр тамхи татаж дуусчихаад баарны үүдэнд ирэхэд зодоон болсон байсан. ...би юу болсон талаар мэдээгүй гэтэл О.О ын нүд хавдсан байсан. ...зүүн талын нүд нь хавдаад улайсан байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Гэрч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э , О-д бид гурав баарнаас гарсан чинь маргалдсан залуучууд баарны гадаа байсан. Тэгээд Э тай анх маргалдсан залуу нь ахиад маргалдсан. Тэгэхээр нь би Э , Х гээд залуу байсан тэр хоёрыг цааш авч яваад учраа ол гээд буцаад ирэхэд Б , Э хоёр ирчихсэн О-д замын хажууд нүүрээ барьчихсан намайг цохичихлоо гэж хэлсэн сууж байсан. Тэгээд нүүрийг нь харахад зүүн тал нь хавдсан байсан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...бааранд таарсан 2, 3 залуучууд араас гараад ирсэн. Тэгээд Э , П хоёр маргалдсан. Гэтэл О-д Э , Х хоёрыг цааш нь авч яваад учраа ол гээд байсан. Баарнаас О-д , Э эд нартай хамт явж байсан юм уу мэдэхгүй хоёр залуу араас гарч ирсэн. Тэгээд нэг харсан Х-г О-д нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Х-г цохьчихоор нь гүйгээд очих хооронд ПО-д ыг цохисон. О-н нүүрэн тус газарт нь Пнэг удаа цохисон. Гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

 

-Яллагдагч Э.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О-д Х-г ийн нүүррүү цохиод унагаасан, тэгэхээр нь би хажуунаас нь очиж О-н нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх 54-55 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №697 дугаартай дүгнэлтэнд:

1. О.О-н биед зүүн нүдний ухархайн яс, зүүн талын хацрын ястай нийлэх заадлыг дайрсан хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Зүүн нүдний ухархайн яс, зүүн талын хацрын ястай нийлэх заадлыг дайрсан хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 18 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 750 дугаартай дүгнэлтэнд:

1. О.О ын биед нэмэлтээр эрүүний ясны зөрөөгүй хугарал тогтоогдлоо.

2. Энэ гэмтэл нь шинэ гэмтэл байхаар байна.

3. Эрүүний ясны зөрөөгүй хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна.

4. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/

-Э.П-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51-52, 54-55 ху/

              -Хохирлын баримт /хх 57-68 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Пнь Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер баарны гадаа 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө иргэн О.О-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэсэн, хохирогч О.О ын “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтэй адилхан. Хохиролд 1.280.000 төгрөг өгсөн. Цаана нь 1.200.000 төгрөгийг 2 хувааж өгөхөөр тохирсон байгаа. Нэмж цалин 800.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Б /хх 11 ху/, Б.Э /хх 12 ху/, У.Э /хх 13 ху/, Ж.О /хх 15 ху/, Г.О /хх 16 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний ухархайн яс, зүүн талын хацрын ястай нийлэх заадлыг дайрсан хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 697 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн биед нэмэлтээр эрүүний ясны зөрөөгүй хугарал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 750 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.П т Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Э.Пнь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч О.О-н биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос гэм хорын хохиролд эмчилгээний зардал 2.400.000 төгрөг, цалин 800.000 төгрөгийг нэхэмжилж, 1.348.788 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Пнь хохирол 1.200.000 төгрөгийг төлж үлдэх 1.200.000 төгрөгийг шүүгдэгч нэхэмжлэлийн хохирлыг сайн дураараа төлөхийг зөвшөөрч графикийн дагуу төлөхөө илэрхийлж хариуцан тохиролцсон байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Харин хохирогч нь шүүх хуралдааны явцад нэмж цалин 800.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.П нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.П-с 1.200.000  /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж О.О-д олгож, 800.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА