Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/261

 

   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Г.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-ид холбогдох эрүүгийн 1938001300470 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, Г.Л.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Г.Л- нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын төвд оршин суух иргэн М.М-ын сууцны байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, хохирогч М.М-ын эд хөрөнгөд 920 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХнь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Л- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух иргэн М.М-ын сууцны байшингийн цонхоор нэвтрэн орж эмээлийн 2 ширхэг мөнгөн баавар, 7 ширхэг мөнгөн завхаа, эмэгтэй хүний хээтэй бор минчүү торгон сэгсүүргэн үстэй дээл, мөнгөн бөгж зэргийг хулгайлж, хохирогч М.М-ын эд хөрөнгөд 920.000 төгрөгний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
  • Хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 08 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд байрлах манай байшинд эзэнгүй хойгуур цонхоор хулгай орсон байсан. Манай байшингийн баруун талын орон доогуур байсан мөнгөн тоноглолтой эмээлийн завхайг ховхлоод авсан, ээжийн үстэй дээл, мөнгөн бөгж мөн миний ажлын ногоон алаг нимгэн хувцас зэрэг эд зүйл алдагдсан. ...Тэгтэл манайд ажил хийж байсан Г.Л- нь алга болсон бөгөөд маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд манайхаас алдагдсан мөнгөн завхааг хүнд зарах гэж явж байсан гэж Чандмань-Өндөр сумын иргэн Х.Б- гэдэг хүн надад хэлсэн. ...гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 17-18 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 8 сарын сүүлээр хүргэн Г.Л- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас Чандмань-Өндөр суманд ирсэн. Ирэхдээ улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирсэн. Г.Л- хэлэхдээ надад зарах зүйл байна гэж надад хэлсэн. Би юу байгаа юм бэ гэж асуутал үүргэвчтэй хар өнгийн жижиг цүнхнээс 1 ширхэг эмээлийн мөнгөн баавар, долоо билүү найман ширхэг мөнгөн завхаа үзүүлсэн. Эмээлийн завхаа, бааварнаас 1 ширхэг нь дутуу байсан. Мөн манай сумын Хишиг-Ундраа нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн Х.Б- гэдэг хүнд зарахаар болсон. Х.Б- гэдэг хүн хэлэхдээ баавар, завхаа чинь дутуу бас үнэтэй байна гээд аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 08 сард санагдаад байна, би сумын төвийн дэлгүүр дээрээ байж байтал нэг залуу ганцаараа орж ирээд эмээлийн мөнгөн завхаа авах уу гээд 6 ширхэг завхаа үзүүлсэн. Тэгэхээр нь эмээл 10 завхаатай байдаг юм наадах чинь дутуу байна гээд гаргасан. Тэр залуу гараад удаагүй байж байтал Цагаан-Үүр сумаас миний зүс таних М.М- гэдэг хүн над руу яриад танай дэлгүүрт эмээлийн завхаа зарна гээд хүн орсон гэнэ, юу юу авсан явна гэхээр нь би 6 билүү 7 ширхэг эмээлийн мөнгөн завхаа авсан хүн явж байна гэж хэлсэн чинь М.М- наад хүн чинь манай ээжийн малыг харах гэж ирээд хамаг юмыг маань аваад явсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
  • Хохирогч М.М-ын хулгайд алдсан 2 ширхэг эмээлийн мөнгөн бааварыг 180.000 төгрөгөөр, 7 ширхэг эмээлийн мөнгөн завхааг 420.000 төгрөгөөр, 1 ширхэг сэгсүүргэн үстэй дээлийг 300.000 төгрөгөөр, 1 ширхэг мөнгөн бөгжийг 20.000 төгрөгөөр, нийт 920.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Би нэг өдөр раманд ажилладаг хоёр гурван залуутай архи ууж байгаад байсан айл М.М-ын гэрийн онгорхой цонхоор нь орж модон эмээлээс нь мөнгөн завхаануудыг төмрөөр хөшиж аваад гэрээс үстэй дээл зэрэг зүйлийг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 42-45 дугаар хуудас/,
  • Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-117 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-109 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Л- ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Л- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух иргэн М.М-ын сууцны байшингийн цонхоор нэвтрэн орж эмээлийн 2 ширхэг мөнгөн баавар, 7 ширхэг мөнгөн завхаа, эмэгтэй хүний хээтэй бор минчүү торгон сэгсүүргэн үстэй дээл, мөнгөн бөгж зэргийг хулгайлж, хохирогч М.М-ын эд хөрөнгөд 920.000 төгрөгний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 17-18 дугаар хуудас/, гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч Г.Л-ийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.

Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр атлаа өөрт ашиг хонжоо, архины мөнгө олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу хохирогч М.М-ын байшингийн цонхоор нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.Л-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 920.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчээс 920.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Л-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Л-ийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд оршин суух иргэн М.М-ын сууцны байшингийн цонхоор нэвтрэн орж эмээлийн 2 ширхэг мөнгөн баавар, 7 ширхэг мөнгөн завхаа, эмэгтэй хүний хээтэй бор минчүү торгон сэгсүүргэн үстэй дээл, мөнгөн бөгж зэргийг хулгайлан 920.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 93/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 97-109, 112-117/-аар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Л-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хохирол төлбөрийг барагдуулаагүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Л-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Л-ид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Л- нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 64 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Г.Л-ийн цагдан хоригдсон 64 хоногийг хорих ялын 64 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Л-ийг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Л-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Л-оос 920.000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АЗЖАРГАЛ