Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01235

 

    О.Б-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00172 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 808 дугаар магадлалтай,

О.Б-ийн нэхэмжлэлтэй,

Н.Ц-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 17.161.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч О.Б-, Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Үнэгүй.мн сайтаас дүнзэн торхтой зуслангийн газар зарна гэсэн зарын дагуу 95113501 /иргэн Н.Цгийн нөхөр/ дугаарт холбогдож газрыг үзээд 7 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, нотариатчаар гэрчлүүлснээр уг газар болон үл хөдлөх хөрөнгийг 17.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Газраа шилжүүлэхээр 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр харьяа дүүргийн газрын алба дээр очиход дүүргийн газрын албаны зохион байгуулагч тус газар бодит хэмжээнээсээ хэтэрч, үл хөдлөх хөрөнгө нь албан байгууллагын эзэмшил газар дээр баригдсан байна гэж хэлсэн. Дахин хэмжилт хийлгэж, албан байгууллагатай холбогдохыг зөвлөсөн. Н.Ц нь газрын маргаантай, зөрчилтэйг мэдсээр байж санаатайгаар намайг хууран мэхэлж зуслангийн газар болон үл хөдлөхийг худалдсан. Уг газар болон үл хөдлөх хөрөнгө нь эрхийн доголдолтой, өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй учраас шүүхийн журмаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцаах саналтай байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 17.000.000 төгрөг, кадастрын зураг цэг тогтоосон акт 130.000 төгрөг, нотариатын зардал 11.200 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсан зардал 20.000 төгрөг бөгөөд нийт 17.161.200 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.                                                  

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус 700 м.кв 1 айлын газрыг 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/309 тоот шийдвэрийг үндэслэн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулж авсан. Тус газраа авахдаа хууль ёсны дагуу Классик лэнд ХХК гэдэг кадастрын компаниар зураглалаа үйлдүүлж тус газрын албандаа хянуулж кадастрын зургаа баталгаажуулж гэрээгээ байгуулж гэрчилгээ авсан. 2014 оны 8 дугаар сард тус газар дээр 8x10 м хэмжээтэй мансарт керамтай дүнзэн торх буулгуулж хундаам цутгасан. 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байшингийн кадастрын зургаа хийлгэсэн. Цаашид үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар материалаа бүрдүүлээд хот байгуулалтын газрын кадастр мэдээллийн хэлтэст зургаа хянуулж хаяг байршлын зургаа гаргуулж авсан. Манай нөхөр түүнд манайх хууль ёсны үл хөдлөхийн гэрчилгээтэй тул хашааг торхны хойгуур татъя гэж Баянгол бэлх ХХК-ийн захиралд хэлэхэд цэвэрхэн хашааг нь зөөгөөрөө гэж зөвшөөрсөн байдаг. Тус компанийн захирал манай нөхөртэй танайх урагшлуулаад сууриа бэлд надад 500 000 төгрөг өгчих би кранаар торхыг чинь дөрвөн талаас нь сайтар бэхэлж өргөөд тавиад өгье гэж ярьсан. Гэтэл манай нөхөр үл хөдлөхийн гэрчилгээтэй торхыг хөдөлгөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Бид хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00172 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан тогтоогдохгүй байх тул Н.Цтэй байгуулсан Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 17,000,000 төгрөгийг буцааж гаргуулах, гарсан зардал буюу кадастрын зураг цэг тогтоосон акт 130,000 төгрөг, нотариатын зардал 11,200 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсан зардал 20,000 төгрөг, нийт 17,161,200 төгрөг гаргуулахыг хүссэн О.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 808 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 800 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Ц, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 808 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн хариуцагч, түүний өмгөөлөгч бидэнд дээрх хуулиар олгосон эрхийг маань олгоогүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасны дагуу шүүх хуралдааны товыг бидэнд мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийж магадлал гаргасан нь процесс зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2018.03.23-ны өдөр хариуцагчийн 88047759, 99884830, өмгөөлөгчийн 99917113 тоот утсанд мэдэгдээгүй атлаа, хурлын товыг мэдэгдсэн гэж, хавтаст хэрэгт тэмдэглэгээ хийж шүүх хуралдааныг явуулсан. Давж заалдан шатны шүүхийн хурал хэзээ хаана болохыг утсаар ярьсан авахгүй байсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хийсэн нь хуулийн заалтуудыг зөрчжээ. Шүүхийн магадлалд хэргийн буцаасан үндэслэлээ маргааны зүйл болсон газарт 2015.06.04-ны өдөр СБД-ийн ӨГХА нь кадастрын зураг хийсэн байх бөгөөд түүнээс хойш 2017.07.27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үе хүртэл хариуцагч нь хашаагаа сунгасан эсэх талаарх үйл баримтыг шүүх тодруулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг анхан шатны шүүхийн шийдвэр хангасан. Магадлалд дурдсан шиг нотлох баримтыг цуглуулах нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, гэрээний талууд гэрээний нөхцөлөө тохиролцож хийгдсэн хэлцэлд оролцсон байдлаар нотлох баримт цуглуулах гээд байгаа нь дээр дурдсан хуулийн заалтуудыг, зохигч өөрөө нотлох үүрэгт халдсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

Иймд гомдлыг хангаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 808 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.24-ны өдрийн 172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч Н.Цгээс 17.161.200 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан тул гэрээнээс татгалзсан гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө гэрээ хүчин төгөлдөр гэсэн тайлбар гаргажээ.

Хэргийн 5 дугаар талд авагдсан баримтаас үзвэл О.Б- нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб1-р хэсэг гудамж, 110а тоот хаягт орших 80 мкв хувийн орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, Н.Ц нь эд хөрөнгийн үнэд 17.000.000 төгрөг төлөхөөр тохирч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 17.000.000 төгрөгийг шилжүүлж, улмаар гэрээнд заасан хаягт байрлах дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ /хэргийн 15 дугаар тал/.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...О.Б- нь эзэмшлийн газраа бусдын эзэмшлийн газар луу сунгаж үл хөдлөх эд хөрөнгө барьсан, эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан тул гэрээнээс татгалзаж байна...” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хариуцагч нуун дарагдуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэл дурджээ. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед хариуцагч хашаагаа сунгасан эсэх талаарх үйл баримтыг шүүх тодруулаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т заасан.

Хариуцагч нь өөрийн эзэмшиж байсан газраа бусдын газар луу сунгаж үл хөдлөх эд хөрөнгө барьсан талаар нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа дурдсан байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид худалдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн талаар гуравдагч этгээд худалдагч буюу хариуцагчид гомдол гаргасан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийг эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн маргаанд зөв хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шууд дүгнэх боломжгүй байна.   

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар дүгнэлт хийх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 808 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 243.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ