Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

                                           П.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Х.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Ц.Хүрэлбаатар

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн 2017 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 302 дугаар цагаатгах тогтоолтой шүүгдэгч П.Ө-д холбогдох 201619000324 дугаартай 2 хавтас 362 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг  үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол Улсын иргэн, 1954 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, охин 2 ачийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 56 дугаар байр 0 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, П.Ө-д/РД:ЗК9/.

   Шүүгдэгч П.Өнь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 132/143 тэмдэгтийн орчим 83-39 ДУА улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3б, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Эрдэнэ-Очир, Д.Батхишиг нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 302 дугаар шүүхийн цагаатгах тогтоолоор:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Ө-дхолбогдох эрүүгийн 201619000324 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

П.Ө-д авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 2016 оны 7 сарын 15-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 83-39 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0272007 тоот гэрчилгээ, П.Ө-н А,В,С,Д,Е ангилалтай №54591 тоот жолооны үнэмлэхийг П.Ө-д буцаан олгож, хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгийн аргаар бэхжүүлсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг дурдаж,

Энэ хэрэгт П.Өнь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Пүрэвбаатар, Б.Оюунмаа нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

 Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба  тогтоолд шүүгдэгч хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

     Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “ ... П.Ө нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт байрлах асфальтан хучилттай зам дээр Верна аксент маркийн 83-39 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3а, 2.36, 2 дугаар хавсралтын 3.2, 3.5, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Батхишиг, Д.Эрдэнэ-Очир нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдсон байна. Төв аймгийн Прокурорын газраас П.Ө-г2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд "...тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ" бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Батцэнгэлийн гаргасан 53, цагдаагийн хошууч Р.Мөнхбаясгалан, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнх-Эрдэнэ, цагдаагийн дэслэгч Б.Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 67 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 4408, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5004, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6818, 2017 оны 12 дугаар сарын 14-ний 926 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь өмнө гарсан дүгнэлтүүдээ бататгаж, П.Ө-гМонгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а "Жолооч дор дурдсан үүргийг хүлээнэ. Жолоочид хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", 2 дугаартай хавсралтад "тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил"-ын 3.2 "дугуй нэвт цоорсон. утаснууд нь тасарсан", 3.5 "нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан", 2.36-д "хамгаалах бүрээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 9.2 "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болохыг хангалттай тогтоосон байхад дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг хоорондоо зөрүүтэй, зөрүүг арилгах тодорхой ажиллагаа хийгээгүй, жолооч П.Ө-г замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан эсэх, эсвэл тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас гарсан эсэхийг ялгаж хэрэгт нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 Хавтаст хэрэгт авагдсан " П.Ө нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй буюу "тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглосон дугуйтай" замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж, 2 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотолсон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Пүрэвбаатар, Б.Оюумаа нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 56, 57 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд. Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 53, 67 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4408, 5004, 6818, 926 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, П.Ө-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шинжээч Г.Цэндсүрэн, Б.Бат-Очир нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд" зэрэг бичгийн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Г.Цэндсүрэнгийн өгсөн "хэрэг учрал гарахад жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан, дугуй хагарсаны улмаас жолоодлого алдагдаж осол гарсан байх үндэслэлтэй. Жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтлийг жолооч гаднаас нь хараад мэдэх боломжгүй гэмтэл юм. Хэрэг учралын үзлэг хийж, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт №4, 5, 6, 7 -д тээврийн хэрэгслийн мөр асфальтан зам дээр тод гарсан байна. Энэ мөрийг жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж болно" гэх өөрийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 926 дугаартай гаргасан "...жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтэл нь зам ирмэгээрээ ямар нэг сэв, гэмтэл, цохисон ором мөргүй тул металл эдлэлийн ядралын нөлөө болон холхивч суух хоног, могой араа. хэдрэг арааны харьцах хэсгийн ашиглалтын явц дахь элэгдлийн нөлөө зэрэг хоёр хүчин зүйл хавсарч нөлөөлснөөс үүссэн байх үндэслэлтэй. Энэ цуурч хагарсан гэмтэл нь жолоодлого болон жолооны аппаратны ажиллагааг хүндрүүлсэн байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн П.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн тодорхой бус байна.

Иймд П.Ө-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 302 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

   Анхан шатны шүүх шүүгдэгч П.Ө-д холбогдуулж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх” шаардлагыг хангаж чадаагүй байна.

            Шүүх цагаатгах тогтоолдоо хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй, зөрүүг арилгах тодорхой ажиллагаа хийгээгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, зам тээврийн осол  нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөнөөс үү, эсвэл тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас гарсан уу гэдгийг ялгаж  нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон холбогдох журмуудыг ноцтой зөрчсөн, улсын яллагч нь хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн нотолж чадаагүй гэж дүгнэжээ.      

               Хэрэв шүүх дээрх дүгнэлтэнд хүрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй гэж үзсэн бол хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буруу байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           Өөрөөр хэлбэл шүүх хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзсэн атлаа тухайн хэрэгт хамааралтай  бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байна гэсэн хоорондоо зөрчилтэй эрх зүйн дүгнэлт хийжээ.

            Шүүх  шинжээч Г.Цэндсүрэнгийн “жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтлийг жолооч гаднаас нь хараад мэдэх боломжгүй, дугуй хагарсны улмаас жолоодлого алдагдаж осол гарсан байх үндэслэлтэй. жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж болно” гэсэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч П.Ө-н мэдүүлэг, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж, хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон улсын  яллагчийн үндэслэлийг няцаан үгүйсгэж, шүүгдэгч тухайн гэмт хэрэгт гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байна гэж дүгнэжээ.

 Гэвч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хоорондоо юугаараа  зөрүүтэй гэж үзсэн болох,  түүнчлэн шинжээчийн №67 дүгнэлтийн “жолооч П.Өнь...тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн 3.2- “дугуй нэвт цоорсон,утаснууд нь тасарсан”, 3.5-“нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэснийг..зөрчсөн, Зам дээр аюул  саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүйгээс, мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй /дугуй/ замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарсан”  гэх,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4408 дүгнэлтийн “... Автомашины баруун, зүүн талын хойд дугуйны хээ элэгдэж хийцийн бэхэлгээний утас гарсан нь Монгол улсын MNS4598-2003 стандартын 5.4.2-т зааснаар ашиглахыг хориглосон дугуй байна” гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6818 дүгнэлтийн “...зүүн хойд дугуйны хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.5 mm хэмжээтэй,хийцийн бэхэлгээ төмөр болон мяндас утас ил гарсан нь MNS4598-2011 стандартын  5.14.3-д” дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6mm –ээс багагүй байх бөгөөд дугуйн элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно” гэсэн заалт, ЗХД-ийн 2 дугаар хавсралтын тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн 3.2-д “ дугуй нэвт цоорсон, утаснууд тасарсан” нь  техникийн шаардлага хангахгүй байна.” гэх

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №926 дүгнэлтийн “..Жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтэл зах ирмэгээрээ ямар нэг сэв, гэмтэл, цохьсон ором мөргүй тул металл эдлэлийн ядралын нөлөө болон холхивч суух хоног, могой араа, хэдрэг арааны харьцах хэсгийн ашиглалтын явц дахь элэгдлийн нөлөө зэрэг хоёр хүчин зүйл хавсарч нөлөөлснөөс үүссэн байх үндэслэлтэй. Цуурч хагарсан гэмтэл нь жолоодлого болон жолооны аппаратны ажиллагааг хүндрүүлсэн байх боломжтой. Энэ гэмтэл осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй“ гэх дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжээч Б.Бат-Очирын өгсөн “тус мөр нь даралтын мөр байгаа, тормозны мөр бол биш. Зам дээр дугуй хагараад дугуйны хаймар замтай үрэлцсэн мөр гэж үзэж байгаа. Тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох арга хэмжээ аваагүй байна” /хавтас 2, хуудас 94-96/ гэх мэдүүлэг, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүдэд дурьдагдсан Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтууд болон MNS4598-2003, MNS4598-2011 стандартыг зөрчсөн гэх дүгнэлтүүдийг шүүх яагаад үнэлээгүй болох, зөвхөн шүүгдэгчид ашигтай, цагаатгахад хамааралтай хэсгүүдийг тогтоолд дурьдаж, бусдыг орхигдуулсан нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтын аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заах, шүүхийн дүгнэлтэнд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарах  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хуралдаанд шинжээч Г.Цэндсүрэнгийн өгсөн “жолооны могой арааны гадна ган бүслүүр цуурч хагарсан гэмтлийг жолооч гаднаас нь хараад мэдэх боломжгүй, жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж болно” гэсэн  мэдүүлгийг шүүх цагаатгах тогтоолын үндэслэл болгон дүгнэсэн байх боловч дээрх мэдүүлгийг өөр ямар нотлох баримттай харьцуулан дүгнэсэн болох, шинжээчийн дүгнэлтүүдэд дээрх зүйл тусгагдсан эсэх, шинжээч юунд үндэслэн дээрх мэдүүлгийг өгсөн нь тодорхойгүй байна.

            Шүүх шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, тодорхойгүй, бүрэн биш гэж үзсэн бол өөрийн эрх хэмжээний хүрээнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27.1, 27.8 дугаар зүйлд зааснаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах боломжтой юм.

Дээрх байдлаар шүүгдэгч П.Ө-н үйлдэл, оролцооны талаарх нотлох баримтуудыг шүүх ямар нотлох баримтаар үгүйсгэсэн, ямар нотлох баримтад үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх хууль зүйн үндэслэл тодорхой биш байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан  “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг  няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч  шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг  шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд  тооцох зарчим үйлчлэнэ. Гэтэл шүүх  шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гарган шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хууль хэрэглээний алдаа болжээ.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан  шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 302 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Ө-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч П.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

    ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                     Г.БОЛОРМАА