Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0176/З |
Дугаар | 511 |
Огноо | 2018-08-23 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 511
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Батхан овогтой Ж-ын С /РД:***/,
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс.
Нэхэмжлэлийн шаардлага: “Өндөр насны тэтгэврийг 2000-2017 он хүртэл буруу тогтоосон болохыг тогтоолгох, ийнхүү буруу тогтоосон хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 36.373.200 төгрөгийг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч 2017 онд тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор нэмэгдсэн 97.900 төгрөгийн, 2014 оны 15 дугаар тогтоолоор нэмэгдсэн 30.700 төгрөгийн буюу 128.000 төгрөгийн нэмэгдлийг хасч тогтоосныг хууль бус болохыг тогтоож, нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ж.С миний бие анх 2000 онд тэтгэвэр тогтоолгохдоо 1995-1999 оны дундаж цалингаар 238358 төгрөгөөр тогтоолгосон. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаас 1988-1992 оны хоорондох цалингийн дундаж 100 төгрөг, 1995-1999 оны цалингийн дундаж 10700 төгрөг энэ хоёр цалингийн аль нь өндөр вэ? гэж асуухад байцаагчийн зөвлөснөөр мөнгөний ханш унасан 10700 төгрөг нь өндөр гэж зөвлөсний дагуу тэтгэврээ 238358 төгрөг байхаар тогтоож өгсөн.
Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тэтгэвэр тогтоолгон 5 жилийн дундаж цалингаа өөр 5 жилээр сольж тогтоолгох боломжтой болсны дагуу хүсэлт гаргаж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврээ шинэчлэн тогтоолгосон.
Үүнээс үзэхэд 2000 оноос 416600 төгрөгийн тэтгэвэр авах байсан боловч нийгмийн даатгалын байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж 238300 төгрөгийн тэтгэврийг авч байснаас болж 2000-2016 оны 06 дугаар сар хүртэл хугацааны тэтгэврийн зөрүү 36.373.200 төгрөгийн хохирол надад учраад байна. Энэ нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж зааснаар хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ төр буюу нийгмийн даатгалын байгууллага зөрчиж байна.
Энэ талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргахад 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/225 дугаар албан бичгээр тэтгэврийн зөрүүг олгох боломжгүй талаар хариуг өглөө.
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч н.Б шинэчилсэн тэтгэвэр тогтоохдоо 2012 онд 97900 төгрөг, 2014 онд 30700 төгрөгөөр нэмэгдэл нийт 128000 төгрөгийг хасаж тогтоосон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална.” гэж зааснаар даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зарчим, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцах заалт, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн ” 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.
Дээрх байдлаар нийгмийн даатгалын байгууллагын буруутай үйлдлээс болж тэтгэврээ багаар тогтоолгосон бөгөөд нийгмийн даатгалын байгууллага хууль дээдлэх, даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг зөрчсөнөөс болж иргэн надад хохирол учирсан байна.” гэв.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь иргэн Ж.С нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар 2017 оны 08 дугаар сард манай байгууллагын хяналт, шалгалтын газарт өргөдөл гаргаж, хяналт, шалгалтын газрын улсын байцаагч тэтгэврийн хувийн хэрэг болон холбогдох материалыг шалгаж тодруулсан байна.
Улмаар Хяналт, шалгалтын газар нь “таны хүсэлтийн дагуу тэтгэврийг 1988-1992 оны дундаж цалингаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 416602 төгрөг болгон шинэчлэн тогтоож олгосон байна. Таны хүсэлтийн дагуу анх тэтгэвэр тогтооход баримталсан 5 жилийн дундаж цалинг 1988-1992 оны дундаж цалингаар өөрчлөн тогтоож 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс олгосон нь зөв бөгөөд тэтгэврийн зөрүүг нөхөн олгох үндэслэлгүй байна.” гэсэн хариуг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6/225 дугаартай албан бичгээр иргэн Ж.С-д өгсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Мөн өндөр насны тэтгэврийг тухайн иргэний оршин суугаа газрын харьяалах Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн улсын байцаагч баримт материалыг бүрдүүлэн авч холбогдох албан тушаалтнуудаар хянагдсаны эцэст тухайн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэврийг тогтоон олгож байгаа.
Ж.С-гийн өндөр насны тэтгэврийг буруу тогтоосон эсэх асуудлыг түүний оршин суугаа газрын харьяалах Нийгмийн даатгалын хэлтсээс тодруулах шаардлагатай байна.” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж-н С нь 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ ирүүлэн 1986-1990, 1995-1999 онуудын цалингийн тодорхойлолт холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалт “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ... бодож тодорхойлно” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн өндөр насны тэтгэврийг өргөдөл өгсөн он сар өдрөөр тогтоон олгожээ.
Тухайн үед мөрдөгдөж байсан итгэлцүүрээр тооцон гаргасан 1986-1990 оны сарын дундаж хөдөлмөрийн хөлс 55500 төгрөг, тэтгэвэр нь 36360 төгрөгөөр тогтоохоор, 1995-1999 оны сарын дундаж хөдөлмөрийн хөлс 57303 төгрөг, тэтгэвэр нь 37820 төгрөгөөр тогтоохоор 1190 төгрөгийн зөрүүтэй байсан тул 1190 төгрөгийн илүү тэтгэвэр тогтоолгох 5 жилийг буюу 1995-1999 оны хөдөлмөрийн хөлсийг сонгон өндөр насны тэтгэврийг тооцон 37820 төгрөгөөр 2000 онд тогтоосон байна.
2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу тэтгэвэр авагч зөвхөн нэг удаа тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн дундаж цалингаа өөр 5 жилийн цалингаар сольж тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжтой” гэж заасан ба уг хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Энэ эрхийн хүрээнд иргэн Ж.С нь 1988-1992 онуудын цалингаар 2017 оны 04 дүгээр сард нэг удаа тэтгэврээ өөрчлөн тогтоолгосон. Иймд тэтгэврийн зөрүүг нөхөн олгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Засгийн газрын тогтоолоор 2000, 2012, 2014 онуудад тэтгэврийн хэмжээг төгрөгөөр болон хувиар нэмсэн. Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор 23 хувиар буюу 97900 төгрөгөөр, 2014 оны 15 дугаар тогтоолоор 200.000 төгрөг хүртэлх тэтгэврийг 27.000 төгрөгөөр, 600.000 хүртэлх тэтгэврийг 22.000 төгрөгөөр нэмсэн байна. Нэхэмжлэгчийн тэтгэвэр 2014 оны тогтоолоор 22.000 төгрөгөөр нэмэгдсэн нь 2015 оноос нэмэгдлийг тооцсон.
Сүүлд гарсан Засгийн газрын тогтоол батлагдвал өмнөх Засгийн газрын тогтоол хүчингүй болно. Тогтоол гарахаар өмнөх нь хүчингүй болж шинээр гарсан тогтоолоор тэтгэвэр өсөж байвал өссөнөөр нь авна. Харин буурсан бол бууруулахгүйгээр өмнө нь авч байсан тэтгэврийг нь авна гэсэн заавар байгаа. Тиймээс 2017 онд тэтгэврийг шинэчлэн тогтооход 2012, 2014 оны нэмэгдлийг нэмж тооцохгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Өндөр насны тэтгэврийг 2000-2017 он хүртэл буруу тогтоосон болохыг тогтоолгох, ийнхүү буруу тогтоосон хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 36.373.200 төгрөгийг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч 2017 онд тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор нэмэгдсэн 97.900 төгрөгийн, 2014 оны 15 дугаар тогтоолоор нэмэгдсэн 30.700 төгрөгийн буюу 128.000 төгрөгийн нэмэгдлийг хасч тогтоосныг хууль бус болохыг тогтоож, нөхөн гаргуулах” агуулгаар шүүх хуралдааны явцад тодруулан тодорхойлсон болно.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан ба маргаан бүхий үйл баримтад хамаарах 2000, 2017 онд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоосон этгээд нь түүний харьяалах Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн тэтгэврийн байцаагч бөгөөд тэтгэвэр тогтоолттой холбоотой түүний гомдлыг шийдвэрлэж 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 6/225 тоотоор хариу өгсөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар /хуучин нэрээр/ нь ийнхүү гомдлыг урьдчилан шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй актынхаа хувьд жинхэнэ хариуцагч болохгүйг, энэ үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 2371 дүгээр захирамжаар хамтран хариуцагчаар харьяалах дүүргийн нийгмийн даатгалын байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болохыг юуны өмнө дурьдах нь зүйтэй.
Тиймээс ч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан дүгнэж хэргийг шийдвэрлэлээ.
1. Өндөр насны тэтгэврийг 2000-2017 он хүртэл буруу тогтоосон болохыг тогтоолгох, ийнхүү буруу тогтоосон хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 36.373.200 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ж.С нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор харьяалах Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүсэлтээ гарган тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тооцуулахаар 1986-1990 оны дараалсан 5 жилийн болон 1995-1999 оны дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгч, тэтгэврийн байцаагч тухайн үед мөрдөгдөж байсан итгэлцүүрээр тооцоолж 1986-1990 оны “сарын дундаж хөдөлмөрийн хөлс” 55.500 төгрөг, үүнээс тогтоогдох тэтгэвэр 36.360 төгрөг, 1995-1999 оны “сарын дундаж хөдөлмөрийн хөлс” 57.303 төгрөг, үүнээс тогтоогдох тэтгэвэр 37.820 төгрөг буюу 1190 төгрөгийн зөрүүтэй байгаагаас тэтгэвэр авагч илүү тогтоогдсон 1995-1999 оны “сарын дундаж хөдөлмөрийн хөлс”-өөс тооцон сонгож тэтгэврээ 37820 төгрөгөөр тогтоолгосон байна.
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу тэтгэвэр авагч зөвхөн нэг удаа тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн дундаж цалингаа өөр 5 жилийн цалингаар сольж тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжтой” гэсэн заалтаар Ж.С нь хүсэлтээ гарган 2017 оны 04 дүгээр сард 1988-1992 оны буюу 2000 онд тооцуулж үзсэн он /1986-1990, 1995-1999/- уудаас өөр дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцуулан тэтгэврээ өөрчлөн 416.600 төгрөгөөр тогтоолгосон байна.
Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхойлох эрхтэй ба, ингэхдээ 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлснөөс тодорхойлохоор бол хөдөлмөрийн хөлсний индексээр тооцохоор байна. Өөрөөр хэлбэл аль 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тооцон тэтгэврээ тогтоолгох нь тэтгэвэр тогтоолгогчийн сонголт бөгөөд тэтгэврийн байцаагч хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцон авах тэтгэврийн хэмжээг тооцоолж гаргаж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.
Түүнчлэн энэ хооронд буюу 2000 оноос хойш Засгийн газар тэтгэврийн доод хэмжээ, тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний индексийг өөрчлөх байдлаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн байна.
Иймд тэтгэвэр тогтоолгох үеийн буюу 2000 оны хөдөлмөрийн хөлсний индексээр тооцон 1190 төгрөгийн илүү тэтгэвэр тогтоолгохоор 1995-1999 оны дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тэтгэврээ тогтоолгосон нь тэтгэвэр авагчийн сонголт бөгөөд үүнд тэтгэврийн байцаагчийг буруутгах боломжгүй, түүнчлэн цаашид Засгийн газраас тэтгэврийн доод хэмжээ, тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний индексийг хэрхэн өөрчлөхийг тэтгэвэр тогтоолгох үед тэтгэвэр авагч ч, тэтгэврийн байцаагч ч урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй, энэ нь тэтгэврийн байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалахгүй тул 2017 онд тэтгэврийг шинэчлэн тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлснөөс тооцон зөрүүг нөхөн шаардах үндэслэлгүй, ийнхүү тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох шимтгэл төлсөн хугацааг өөрчилсөнтэй холбоотой тэтгэврийн зөрүүгээс хамаарч нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн, хохирол учирсан гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр “өндөр насны тэтгэврийг 2000-2017 он хүртэл буруу тогтоосон болохыг тогтоолгох, ийнхүү буруу тогтоосон хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 36.373.200 төгрөгийг гаргуулах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч 2017 онд тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор нэмэгдсэн 97.900 төгрөгийн, 2014 оны 15 дугаар тогтоолоор нэмэгдсэн 30.700 төгрөгийн буюу 128.000 төгрөгийн нэмэгдлийг хасч тогтоосныг хууль бус болохыг тогтоож, нөхөн гаргуулах шаардлагын тухайд:
Дээр дүгнэсэнчлэн тэтгэврийн доод хэмжээ, тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний индексийг өөрчлөх байдлаар Засгийн газар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн ба нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тэтгэвэр 23 хувиар буюу 97.900 төгрөгөөр, 2014 оны 15 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тэтгэвэр 22.000 төгрөгөөр нэмэгдсэн, энэ нэмэгдэл тухай бүр тэтгэвэр тогтоолтын хуудсаар бодогдсон байна.
Гэтэл 2017 онд тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох шимтгэл төлсөн хугацааг өөрчлөн тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо тэтгэврийн байцаагч “шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээнд багтсан”, “тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн Засгийн газрын тогтоол дараагийн тогтоолоороо хүчингүй болж байсан тул 2012 оны 153 дугаар тогтоол, 2014 оны 15 дугаар тогтоол дараагийн тогтоолуудаараа хүчингүй болсон” гэсэн үндэслэлүүдээр Засгийн газраас нэмэгдүүлэн олгож байсан тэтгэврийн дээрх нэмэгдлүүдийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна.
Учир нь тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлэн тогтоосонтой холбоотойгоор Засгийн газрын өмнөх тогтоол хүчингүй болж байгаа болохоос өмнө нь тооцож олгогдож байсан тэтгэврийн нэмэгдлийг хасах үндэслэл болохгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Засгийн газар амжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн тогтоодог ба өмнөх нэмэгдэлтэй тэтгэврийн дүн дээр дараагийн нэмэгдэл нэмэгдэж тооцогддог, харин 2017 онд тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох шимтгэл төлсөн хугацааг өөр 5 жилээр сольж тогтоолгосон дүнд Засгийн газрын тогтоолоор олгогдож байсан нэмэгдэл багтаагүй.
Ийнхүү Засгийн газрын шийдвэрээр олгогдож байсан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох шимтгэл төлсөн хугацааг өөрчилсөнтэй холбоотой 2017 онд хасч тооцсон нь хууль бус, нэхэмжлэгчийн өндөр наслахдаа хуульд зааснаар тэтгэвэр авах Үндсэн хуулиар олгогдож, салбар хуулиар баталгаажсан эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ийнхүү хууль бус үйлдлээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцах”-аар, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулах”-аар заажээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч 2017 онд тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор нэмэгдсэн 97.900 төгрөг, 2014 оны 15 дугаар тогтоолоор нэмэгдсэн 22.000 төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийг хасч тогтоосныг хууль бус болохыг тогтоож, ийнхүү хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол болох 119.900 төгрөгийн нэмэгдлийг тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоож олгуулах, 2017 оны 4 дүгээр сард тэтгэврийг шинэчлэн тогтоосноос хойших хугацаагаар буюу 2018 оны 8 дугаар сарыг дуустал 17 сараар тооцон 2.038.300 төгрөгийг нөхөн олгуулах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр/-ийн 4 дүгээр зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.С-ийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч 2017 онд тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор нэмэгдсэн 97.900 төгрөгийн, 2014 оны 15 дугаар тогтоолоор нэмэгдсэн 22.000 төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийг хасч тогтоосныг хууль бус болохыг тогтоож, ийнхүү хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол болох 2.038.300 төгрөгийг нөхөн олгуулж, 119.900 төгрөгийн нэмэгдлийг тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоож олгохыг даалгаж”, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “өндөр насны тэтгэврийг 2000-2017 он хүртэл буруу тогтоосон болохыг тогтоолгох, ийнхүү буруу тогтоосон хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд 36.373.200 төгрөгийг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА