Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Н-гийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 124/ШШ2021/0074 дүгээр шийдвэрийг гомдол гаргагч Ж.Н-гийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

   Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

гомдол гаргагч Ж.Н

 

Хэргийн оролцогчид: 

   Нэхэмжлэгч Ж.Н

   Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч

 

Гомдлын шаардлага: Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000950 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 124/ШШ2021/0074 дүгээр 

Шүүх хуралдааны оролцогчид:

   Гомдол гаргагч Ж.Н

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

 

Хэргийн индекс: 124/2021/0088/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.Н-гийн Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000950 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Иргэн Ж.Н давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ж овогтой Н миний бие нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Миний бие нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэн Монгол Ардын намаас нэрийн өмнөөс Улаангом сумын 10 дугаар багт нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд сонгуульд анх орохдоо бүх материалаа бүрдүүлэн Улаангом сумын Монгол Ардын намын хороогоор дамжуулан бүртгүүлж нэр дэвших эрхээ авснаар уг сонгуульд өрсөлдсөн.

Сонгууль эрхэлсэн байгууллага нь Улаангом сумын Монгол Ардын намын хороо байсан. Гэтэл хариуцагч төрийн саН-гийн ахлах мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаач Ч.Э болон төрийн аудитын ахлах аудитор Т.Н нарын тайлбараар нь намуудад тайлан авах талаар албан тоот хүргүүлсэн гэж дурджээ. Гэтэл энэ журам  маягтуудыг би огт мэдээгүй, танилцаагүй бөгөөд надад хэн ч хэлж, мэдэгдээгүй өнгөрсөн байсан. Би үүний төлөө 10 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээх болсондоо гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасан шударга ёс, тэгш байдлыг хангадаг бол аймаг, сумын сонгууль, сонгууль эрхэлсэн байгууллага болох аймаг, сумын Монгол Ардын намын хороо үнэндээ аймгийн аудитын газар байгууллага ч гэсэн тэгш, шударгаар хандан тэр албан тоот, журам маягтуудыг бидэнд, тухайлбал надад итгэж өгч болох байсан. Би мэдсэн, сонссон мөртлөө биелүүлээгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Төрийн байгууллагын албан тушаалтан, иргэдийн харилцан ойлголцол, хамтран ажиллах, уялдаа холбоогүй төрийн гэсэн том актаар иргэдээ дарамталж, ажил хийсэн нэр зүүж, ямар ч амьдралгүй ял шийтгэл, өр авлага, сэтгэл санааны дарамтад оруулж байгаа нь иргэн миний хувьд амь, амьдарлаа алдахад хүргэж байгаад гомдолтой байна. Энэ нь тэгж байдлын зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд надад арга хэмжээ авахаас өмнө надад зөвлөмж байдлаар мэдэгдсэн эсэх, сонгууль эрхэлсэн байгууллагаас тайлан авах талаар албан тоот танилцуулсан эсэхийг тогтоох ёстой байтал тогтоогоогүйд гомдолтой байна. Мөн зөвхөн туслах үүргээ аудитын байгууллага болон Монгол Ардын намын хороо биелүүлээгүй гэж үзэж байна. Аливаа эрх, үүргийг тэнцүү байдлаар шударга ёсны зарчимд үндэслэн тэгж эрхийн хүрээнд шийдэх ёстой. Хуульчилсан зарчмаа зөрчиж шийдвэр гаргах ёс байхгүй. Тэгвэл шударга байдлаар сонгууль эрхэлсэн байгууллага ч бас хариуцлага хүлээх учиртай.

Аливаа хэргийн нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж буруутай этгээдэд шийтгэл оногдуулдаг нь хуулийн зарчим төдийгүй зайлшгүй шалган шийдвэрлэх учиртай тул доорх асуудлуудыг шалган тогтоолгохоор хэргийг аудитын газарт буцааж өгөхийг хүсч байна.

1. Зөрчил гаргагч гэх надад ер нь танилцуулсан эсэх,

2. Зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ямар арга хэмжээг аймгийн сонгуулийн хороо, сонгууль эрхэлсэн байгууллага болох Монгол Ардын намын хороо хэрхэн авч ажилласанг тогтоох,

3. Аймгийн аудитын газар зөвлөн туслах, хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх үргээ хэрхэн биелүүлснийг шалгаж тогтоох хэрэгт хавсаргах /Аудитын байгууллага шийтгэл оногдуулахаас өөр үүрэггүй байгаад харамсаж байна/

4. Аудитын газраас намуудад ирүүлсэн албан тоотыг хэзээ, хэнд, хэдэн оны хэдэн сарын хэдэнд ирүүлж өгснийг шалгах,

Миний бие нь арга хэмжээ авах буруутай үйлдэл огт хийгээгүй бөгөөд нэг ч албан байгууллага, хувь хүнд нэг төгрөгийн хохирол учруулсангүй билээ. Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг жирийн иргэн би болон иргэд ерөнхий ойлголтоороо аль болох ямарваа зүйлийг хэм хэмжээнд нь хэрэг төвөг тарихгүй, хүн хохироохгүй, зөв боловсон мөрөөр хийж чадах ажлаа хийж хөдөлмөрлөж тайван амгалан амьдрах л ёстой гэсэн ойлголттой явахаас хууль нэг бүрийг ягштал цээжилж уншиж мэдэх гэж байхгүй шүү дээ. Үүний төлөө би хохирох ёсгүй гэж үзэж байна.

Ард түмэндээ үйлчилдэг төр, төр ард иргэдийн тэгш эрхийн зарчим эрх зүйт шинж хаана байна вэ? Би Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх болох сонгох, сонгогдох эрхээ эдэлснийхээ төлөө хуулийн туршилтад золиослогдох учиргүй бөгөөд 10 сая төгрөгөөр торгуулсандаа маш их харамсалтай байна. Үнэндээ би энэ их мөнгийг төлөх амьдралын баталгаа, орлого, чадвар байхгүй төлж чадахгүй. Би нөхрийн цалиН-гийн зээл дээр нэмж 2,3500,000 зээл авч орлого орж, зарлага гарган дансыг хуулийн хаасан нь батлагдсан байхад хаанаас энэ их /10 сая/ төгрөг авах юм бэ? Миний бие нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй 5 ам бүлтэй нөхөр 3 хүүхдийн хамт нөхрийн цалингаар амьдардаг.

Жирийн улс, төр нийгмийн идэвхтэй олон түмэн намын журмын нөхдөөр хүрээлэгдсэн эмэгтэй билээ. Хуулийг амьдралд нийцүүлж гаргадаггүй нь ийнхүү би мэтийн хүмүүсийн амьдралыг самарч байна. Надад тийм хөрөнгө мөнгө байхгүй үнэхээр гомдолтой, хохирч байна. Үүнийг яах ёстойг шүүх бол анхаарч үзэн гэдэгт итгэлтэй байсан гэтэл ....

Аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүнд ял шийтгэлийг оногдуулахдаа зөрчлийн тухай хуулийн 3.1-д зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээг харгалзан үзэж гэж хуульчилсан байх юм.

Би эс үйлдэхүйгээр ямар шинжид хамаарсан, хэр хэмжээний хохирол, хэнд юунд учруулсанаа ойлгохгүй байна. Субьектив нөхцөл байдал нь тогтоогдоогүй байхад эс үйлдэхүй гэж таамаглан хуульд заасан хариуцлага хүлээлгэж байгаа нь буруу гэж үзэн гомдолтой байна. Тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс ард түмнийхээ улс төрийн эрхийг зөрчиж шийдвэр гаргаж байгаа шүүгч гэж байх ёсгүй болов уу. Би нь ард түмэн сум багийнхаа ард иргэдийн дуу хоолой гүүр нь байж тулгамдсан асуудал саналыг орон нутгийн захиргааны байгууллагад шийдүүлэх гэж л сонгуульд нэр дэвшсэн болохоос биш ямар ч ажил, албан тушаал, эрх мэдэл горилоогүй гэдгээ хэлье. Иймд хариуцагч: Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, төрийн саН-гийн ахлах мэргэжилтэн Ч.Э-ын шийтгэлийн 0000950 дугаартай хуудсыг хүчингүй болгохыг даалгасан шийдвэр гаргаж өгөн үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар Ж.Н-гийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000950 дугаар шийтгэлийн хуудсаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд Улаангом сумын 10 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Ж.Н нь “сонгуулийн зардлын тайланг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хуульд заасан хугацаанд өгөөгүй” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Анхан шатны шүүх уг шийтгэлийн  хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Ж.Н-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж зааснаас үзвэл зардлын тайландаа хувийн аудитын дүгнэлт гаргуулж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргийг нэр дэвшигчид хүлээлгэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

Улсын байцаагч нь Ж.Н-г “сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, торгуулийн арга хэмжээ авсан нь дээрх хуулиудад нийцсэн байна.

Ж.Н нь давж заалдах гомдолдоо “... энэ журам, маягтын талаар намуудад мэдэгдсэн атлаа надад хэн ч хэлж мэдэгдээгүй, мэдсэн мөртлөө биелүүлээгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн. Надад зөвлөмж байдлаар мэдэгдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна. Тэгш байдлын зарчим зөрчсөн, зардлын тайлангаа гаргаад сумынхаа Монгол Ардын намд хуулийн хугацаанд өгсөн, сонгууль эрхэлсэн байгууллага нам ч бас хариуцлага хүлээх ёстой. Хуулийг ягштал цээжлэх боломжгүй. ард түмэндээ үйлчилж сонгуульд оролцох Үндсэн хуулийн эрхээ эдэлснийхээ төлөө торгуулах болсондоо харамсалтай байна. ..” гэх боловч дээрх хуулиудаар зардлын тайланг аудитын байгууллагад хүргүүлэхийг нэр дэвшигч иргэнд өөрт нь үүрэг болгосон, тус хуулийн талаар мэдээллээр хангах үүргийг улсын байцаагч, аудитын байгууллагад ногдуулаагүй байх тул Ж.Н-гийн гомдлыг хангах үндэслэлгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Ж.Н-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Ж.Н-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

               ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ