Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 711

 

Э.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00176 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Энхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Бямбацогтод холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Золбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ажилтан Г.Бямбацогт надад 6 000 000 төгрөг зээлээч эхнэртээ машин авах гэсэн гэж өргөдөл өгсний дагуу манай эхнэр Э.Мягмарцэрэн дэлгүүрийнхээ касснаас 2 500 000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 500 000 төгрөгийг 3 тасалж банкаар шилжүүлсэн. Хариуцагч нь өргөдөл дээрээ 12 сарын хугацаанд cap болгон 500 000 төгрөгийг цалингаасаа өгч байна гэж тохирсон, мөн энэ талаараа бичгээр өргөдөл гарган өгсөн боловч мөнгөө өгөөгүй. Нэг удаа л 250 000 төгрөг төлсөн. Манай өрөөнд орж ирээд ажлын байрнаас болоод хордчихлоо гэж хэлсэн. Тэгээд шинэ цус сэлбэх хэрэгтэй миний эмчилгээний төлбөрийг ажлаас нь гаргах ёстой гэж хэлж байсан, надтай уулзсаны дараагаар ажилдаа ирэхээ больсон. Тэгээд 4 хоногийн дараа ургийн баяр болох гэж байгаа гээд ажлаа хаяад явсан. Хариуцагчийн ажлын байр нь манайд маш чухал ажлын байр байсан юм. Гэвч ажлаа шууд л хаяад явсан. Одоо 5 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Би хариуцагч Г.Бямбацогтод компаниас биш хувиасаа 6 000 000 төгрөг зээлдүүлж, 250 000 төгрөг авсан өөр төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээ байгуулснаас хойш сард 2 удаагийн төлөлтөөр эхний ээлжид 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 250 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үүргээ гүйцэтгээгүй, дахин төлөлт хийгээгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар учирсан хохирлоо арилгуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж заасан учраас хариуцагчаас 5 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2016 оноос хойш 1 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн компанид ажиллаж байсан. Мөнгөний хэрэгцээ гараад мөнгө зээлсэн гэсэн. Өргөдлөө захирлынхаа өрөөнд сууж байгаад бичиж өгсөн гэж хэлсэн. Тэгээд 3 500 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 4 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байгаа боловч тэр талаарх баримт байхгүй байна. Хариуцагч надад мөнгөө төлнө гэж бодож байсан гэж хэлсэн. Хариуцагчийн бичиж өгсөн өргөдөл дээр 12 сарын хугацаатайгаар мөнгийг зээлэхээр болсон байдаг. 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 12 сарын хугацаатайгаар мөнгө зээлсэн байгаа юм. Гэвч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч мөнгө нэхэж байна. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хугацаанаас нь өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Дансаар л 3 500 000 төгрөгийг өгсөн. Бэлнээр мөнгө өгсөн гэх баримт байхгүй байна. Баримт байхгүй байхад 6 000 000 төгрөгийг өгсөн гээд байгааг ойлгохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Бямбацогтоос 5 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхбаярт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Бямбацогтоос 106 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхбаярт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 106 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Г.Бямбацогтоос нэхэмжлэгчид гаргаж байсан тэрхүү өргөдөлд "уг зээлээ эргэн төлөх хуваарь нь нийт 1 сард 500 000 төгрөг, 12 дугаар сард 6 000 000 эргэн төлөлт хийж барагдуулах хүсэлтэй байна" гэж тодорхой бичсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн төдийгүй "12 сарын хугацаатайгаар мөнгө зээлдүүлсэн "тухайгаа шүүхэд гаргасан нэхэмжлэлд ч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч нэхэмжлэгч тодорхой дурдсан байна. Гэтэл шүүх уг "өргөдлийн дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн" гэж үзсэн атлаа чухам ямар үндэслэлээр тэрхүү өргөдөлд дурдсан "12 сарын хугацаа"-г үгүйсгэж, "...зохигчдын хооронд гэрээний хугацаа тохирсон гэж үзэх боломжгүй бөгөөд гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ч ямарваа тайлбар байхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд "зээлийн мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өгсөн 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн" гэснээс үзвэл, зээлийн мөнгийг буцааж төлөх хугацаа 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дуусах буюу үүргийн биелэлтийг хариуцагчаас буцаан шаардах хуульд заасан хугацаа болоогүйгээс гадна Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт заасныг шүүх анхаарч үзэх учиртай. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан "хариуцагч Г.Бямбацогтын Худалдаа хөгжлийн банкны 417003465 дугаартай дансанд 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Энхбаяраас шилжүүлсэн" тухай нотлох баримтыг хариуцагч Г.Бямбацогт өөрөө шүүхэд гаргаж өгсөн албан ёсны бичгийн нотлох баримт юм. Гэтэл Г.Бямбацогт дээрх баримтыг шүүхэд гаргаж өгөхөд нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа өөрчилж "мөнгийг 3 тасалж банкаар шилжүүлсэн эхнэр Э.Мягмарцэрэн дэлгүүрийнхээ касснаас 2 500 000 төгрөг бэлнээр өгсөн" хэмээж, эхнэрээ шүүх хуралд гэрчээр оролцуулсан. Нэг гэрийн эхнэр нөхөр бие биенийхээ эсрэг мэдүүлэхгүй нь ойлгомжтой боловч нэхэмжлэл гаргах үед огт мэдэгдээгүй байсан үйл баримт, бие биедээ явуулсан гэх гар утасны бичлэг гэнэт гарч ирсэн нь маш их эргэлзээ төрүүлж байна. Тэр тусмаа дэлгүүрийн мөнгө тооцоо барьдаг хүн аливаа бэлэн мөнгийг кассаас гаргахад бэлэн мөнгөний баримтад мөнгийг хүлээлгэж өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсгийг заавал зуруулж санхүүгийн баримтыг бүрдүүлэх журамтайг мэдэхгүй гэхэд бүр ч үнэмшил муутай. Гэвч кассын энэхүү баримтад ч, нэхэмжлэгчийн эхнэр Э.Мягмарцэрэнгийн rap утасны мессенжерт бичигдсэн гэх зүйлд ч мөнгийг чухамхүү Г.Бямбацогтод өгсөн гэх нотлох баримт огт байхгүй билээ. Харамсалтай нь, шүүх эдгээр эргэлзээтэй баримтуудыг "үнэн зөв" гэж дүгнэн, тэдгээрт тулгуурлан шийдвэр гаргасан төдийгүй хэргийн гол үнэн бодит бичгийн нотлох баримт болох банкны дансны хуулга баримтыг хариуцагч Г.Бямбацогт өөрөө шүүхэд гаргаж өгсөөр байхад түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 болон 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийг хариуцагч Г.Бямбацогт "хэрэгжүүлээгүй" хэмээн буруутгасан нь огт үндэслэлгүй бөгөөд шүүгч хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид чухам хэдэн төгрөгийг хэзээ хэрхэн өгсөн эсэх, дансаар 1 500 000 төгрөг эсхүл 3 500 000 төгрөг шилжүүлсний аль нь үнэн болох, бэлнээр мөнгө өгсөн гэх боловч үүнийг батлах хуулийн шаардлага хангасан бодитой нотлох баримт байгаа эсэх, түүнчлэн 12 сарын хугацаатай зээлдүүлсэн гэх мөнгийг ганц хоёрхон сарын дараа гэнэт нэхэмжлэхдээ хариуцагчийг "төлбөрийн чадваргүй болсон" мэтээр бичсэн атлаа үүнийг гэрчлэх нэг ч баримт хавсаргаагүй зэрэг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргасан нь хуулийн шаардлагад нийцээгүй талаар бид өмнө нь хариу тайлбартаа дурдсан. Ийнхүү дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа болоогүй, шаардах эрх үүсээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба ингэхдээ өөр хоорондоо зөрүүтэй, янз бүрийн мөнгөний дүнтэй, үнэн бодитой эсэх нь туйлын эргэлзээтэй, санхүү тооцооны баримтын наад захын шаардлага хангаагүй үйл баримтуудад тулгуурлаж шийдвэр гаргасан зэрэг байдлуудыг харгалзан Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсгийн заалтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Энхбаяр нь хариуцагч Г.Бямбацогтод холбогдуулан зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт 5 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2 500 000 төгрөгийг бэлнээр аваагүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь хариуцагч Г.Бямбацогтод 2016 оны 08 сарын 02-ны өдөр бэлнээр 2 500 000 төгрөгийг, 2016 оны 08 сарын 04-ний өдөр дансаар 3 500 000 төгрөгийг, нийт  6 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сар бүр 2 хувааж 500 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн тухай үйл баримт хэрэгт авагдсан Г.Бямбацогтын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зээл хүссэн өргөдөл, Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга, гэрч Э.Мягмарцэрэнгийн мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэг, хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагч 2 500 000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй тул түүний тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.

 

Талууд гэрээгээр зээлээс сар бүр 500 000 төгрөг төлөхөөр тохирсон боловч нэхэмжлэгч Э.Энхбаярт хариуцагч Г.Бямбацогт 2016 оны 9 дүгээр сард 250 000 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгдээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу Б.Бямбацогтыг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь сар бүр зээл буцаан төлөлт хийх үүргээ 2016 оны 9, 10, 11 дүгээр сард биелүүлээгүй Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоох урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж үзнэ.

 

Ийнхүү нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнээс татгалзсан тул 5 750 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

                          

                                          ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА                                                                                                  

                                                                                    

                                                                                                  Б.НАРМАНДАХ