| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0123/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/263 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Хохирогч Г.Б-,
Шүүгдэгч Б.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох эрүүгийн 1938005460460 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.З.
Шүүгдэгч Б.З- нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Онгоцны буудлын бэл” гэх газарт өөрийн Тоёота Ландкрузер 200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.4.6-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Ш-, Б.Х-нарын хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.З- нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг “Онгоцны буудлын бэл” гэх газарт өөрийн Тоёота Ландкрузер-200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, бороотой, халтиргаа гулгаатай үед мотоцикль гүйцэж түрүүлж явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн 1 дүгээр зүйлийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан өөрийн эхнэр Ж.Ш-, хүү Б.Х-нарын амь насыг хохироож, “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дугаар хуудас/,
- Хохирогч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би талийгаач Ж.Ш-ийн төрсөн эгч нь байгаа юм. Бид хоёр эхээс хоёулхнаа. ...Би энэ хэрэгт харамсалтайгаар зам тээврийн осолд орж нас барсан дүү Ж.Ш-, түүний хүү Б.Х-нарын өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Энэ хэрэг бол санамсаргүй болсон хэрэг учраас надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 дугаар хуудас/,
- Хохирогч Г.Б-ы шүүх хуралдаанд өгсөн: ”...Б.З- бага насны З.Ц-, З.М-, З.Б-нарын 3 хүүдийн хамтаар өрх толгойлон амьдарч байна. Гурван хүүхдийг нь Б.З-гээс өөр асран хамгаалах хүн байхгүй байгаа тул 3 хүүхдийн нөхцөл байдал хүндхэн байна. Иймээс хохирогч миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй учир Б.З-д төлөвлөгдсөн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хүсэлт /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-222 дугаар хуудас/,
- Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хар өнгийн машин маш хурдтай бид хоёрын баруун гар талаар өнгөрсөн. Бид хоёр тухайн үед согтуу юм уу ямар хурдан явдаг юм гэж яриад хойноос нь явж байхад жижигхэн жалга руу хөндлөн шарвахад нь буцаж эргэх гэж байгаа юм байх гэж бодож байтал хоёр удаа өнхөрсөн, машин өнхрөөд зогсоход хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн урд талын хаалганы цонхноос
бололтой газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
- Гэрч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар шууд эмнэлэг дээр ирсэн. Тэгтэл хойно сууж байсан гурван хүүхэд болох манай охин З.М-, Б.З-гийн хоёр охин эмнэлгийн коридорт сууж байсан. Харин Б.З-гийн эхнэр болох Ж.Ш- хүлээн авах өрөөнд байсан эмч нар дусал зүрх дэмжих тариа болон хиймэл амьсгал хийж байсан. Б.З-гийн бага хүү нь намайг эмнэлэгт ирэхэд нас барсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр байсан байх ... улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Ландкруйзер маркын автомашинаа зарын дагуу Б.З- гэж хүнд 30 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед бичиг баримтаа шилжүүлж өгөх гээд итгэмжлэл хийж Б.З-д өгсөн. Бид хоёрын дунд тухайн үед ямар нэгэн тооцоо байхгүй машин зарагдсан. ...би итгэмжлэл хийж өгсөн, одоо шилжүүлгээ хийж авсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- Батхуягийн Б.Э-ын Тоёота Ландкрузер-200 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 87 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай: “...Тоёота Ландкрузер-200 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн 1 дүгээр зүйлийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай “Тоёота Ландкрузер-200 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Б.З- нь бороо их орж байхад замын нөхцөлд хурдаа тохируулж яваагүй. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”. Тухайн замд Тоёота Ландкрузер-200 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 80 км/цагаас хэтрүүлэхгүй хурдтай явна” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
- Талийгаач З.Х-гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
- Талийгаач З.Х-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 109 дугаартай: ”1. З.Х-гийн биед хэвлийн хөндий дэхь шингэн цус, элэгний 5, 6, 7 дугаар сегментийг хамарсан элэгний няцрал, урагдал, дэлүү, баруун бөөрний холбоосын цус хуралт, урагдал, уушигны баруун, зүүн доод дэлбэнгийн угаар цус хуралт, баруун талын 8 дугаар хавирганы зөөлөн эдэд цус хуралт, хамрын үзүүр, ооч, цээж, баруун гуя, баруун өвдөгний хонхорт зулгаралт, цээж, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн байна. ...5. З.Х-гийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. З.Б.Х-нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь хэвлийн хөндий дэх шингэн цус, элэгний 5, 6, 7 дугаар сегментийг хамарсан элэгний няцрал, урагдал, дэлүү баруун бөөрний холбоосны цус хуралт, урагдал зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42 дугаар хуудас/,
- Талийгаач З.Х-гийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 93 дугаар хуудас/,
- Талийгаач Ж.Ш-ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/,
- Талийгаач Ж.Ш-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай: “...Ж.Ш- нь хэвлий цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь цээж хэвлийн хөндий дэх шингэн цус, баруун уушиг цээжний хөндийг дүүргээгүй авчсан, баруун зүүн уушигны уг хэсгээр цус хуралттай, элэгний баруун, зүүн дэлбэнгийн 6, 7 дугаар сегментийг хамарсан элэгний няцрал, баруун бөөрний артер тасарсалт, холбогч эдэд цус хуралт зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-53 дугаар хуудас/,
- Талийгаач Ж.Ш-ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 94 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5370 дугаартай: “...4. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэлд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул дээрх гэмтлүүд осолд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-73 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 82 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Машин шарваад хөндлөн гулгаад онхолдсон. Тухайн үед манай эхнэр, хүү нар жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан учир машины цонхоор шидэгдэж гарсан байсан бөгөөд эмнэлэг дээр очоод нас барсан. Хойно сууж явсан гурван охин суудлын бүсээ зүүж явсан бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй. Би маш их харамсаж гэмшиж байна...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Миний жолоодож явсан ... улсын дугаартай Ланд 200 маркын машиныг би 2019 оны 6 дугаар сард Б.Э- гэх хүнээс худалдаж авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Худалдаж авсны дараа автомашины шилжүүлгийг хийлгүүлж чадаагүй. …Тиймээс энэ автомашин нь Б.Э- гэж хүний нэр дээр байдаг. ...Би жолооны үнэмлэхээ хөдөө явж байгаад хаячихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 86 дугаар хуудас,
- Шүүгдэгч Б.З-гийн талийгаач хүү З.Х-гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 88 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.З-гийн талийгаач эхнэр Ж.Ш-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-92 дугаар хуудас/
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 89 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.З-гийн 3 хүүхэд болох Б.З-гийн З.М-, Б.З-гийн З.Ц-, Б.З-гийн З.Б-нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 223, 224, 225 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.З-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,
- Хүүхдийн эрсдэл нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэл зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, халтиргаа гулгаатай замд автомашины хурдаа тааруулж яваагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.З- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын
мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.З-гийн хууль бус үйлдлээс болж 2 хүний амь нас хохирсон хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба бусдын амь насанд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, 2 хүний амь насыг хохироож төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Б.З-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 2 хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд
Хохирогч Г.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 16, 18/ гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд “....Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ өгч байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг, мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.З-гийн эхнэр, төрсөн хүүхэд нь нас барсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн эцэг, ...нөхрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр буюу хохирогчоор тогтоохоор зааснаас үзвэл угтаа Б.З- давхар хохирч байгаа, өнчирч үлдсэн 2-8 насны 3 хүүхэд нь харж хандах хүнгүй байгаа зэргийг шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.З- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.З-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг,
Хохирогч Г.Б-ы шүүх хуралдаанд өгсөн: ”...Б.З- бага насны З.Ц-, З.М-, З.Б-нарын 3 хүүдийн хамтаар өрх толгойлон амьдарч байна. Гурван хүүхдийг нь Б.З-гээс өөр асран хамгаалах хүн байхгүй байгаа тул 3 хүүхдийн нөхцөл байдал хүндхэн байна. Иймээс хохирогч миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй учир Б.З-д төлөвлөгдсөн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан зэргийг тус тус харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.З- нь одоо ам бүл 4, Б.З-гийн З.М-, Б.З-гийн Болдбаатар, Б.З-гийн З.Ц- зэрэг 2-8 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг болох нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-223-225/, хохирогч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15,18/, болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хүсэлт /хх-222 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэснийг баримтлан шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогч талаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, шүүгдэгчийн буруугаас түүний эхнэр, хүүхэд нь нас барсан, шүүгдэгчийн бага насны буюу 2-8 насны 3 хүүхэд нь өнчирч байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэжээ.
Эндээс үзвэл “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...гурав хүртэлх насны хүүхэдтэй...ганц бие эцэгт..”-т, эсхүл “...гурав хүртэлх насны хүүхэдтэй...ганц бие эцэгт..” энэ хуулийн боломжийг эдлүүлэх эсэхэд эргэлзээ төрж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.З-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д ял хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ