| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/00482/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 445
2017 оны 02 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2017/00445 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, СТӨргөө “В” корпуст байранд байрлах, “Нью Тур” ХХК/РД: 2114615/-ийн хүсэлттэй,
“Том мод” ХХК болон түүнийг үүсгэн байгуулагч Гомбо овогтой Одонтунгалаг, Д.Түмэнбаяр нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нью Тур” ХХК нь Баянзүрх дүүргийн 11-р хороо Бага Тэнгэрийн аманд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд явган зам талбайн ажилд шаардлагатай эко хавтан авахаар “Зэндмэнэ булаг” ХХК-д 79 920 000 төгрөгийг 2015 оны 09, 10-р саруудад шилжүүлсэн. Тус “Зэндмэнэ булаг” ХХК нь дээрх 79 920 000 төгрөгийг хүлээн авч манай компанид нийт 54 476 530 төгрөгийн эко хавтан нийлүүлсэн бөгөөд 25 443 469 төгрөгийн эко хавтанг хүйтний улирал эхэлсэн тул нийлүүлэх боломжгүй байна гэсэн шалтгаанаар нийлүүлээгүй бөгөөд 25 443 469 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.
Мөн “Зэндмэнэ булаг” ХХК-тай харилцан хамаарал бүхий үүсгэн байгуулагч нэг “Том Мод” ХХК нь дээрх үлдэгдэл төлбөр болох 25 443 469 төгрөгийн төлбөрийг “Зэндмэнэ булаг” ХХК-ний өмнөөс бүрэн хариуцаж “Нью Тур” ХХК-д төлж барагдуулахаар 2015.11.01-ний өдөр 16-1409 тоот Зээлийн гэрээг байгуулсан.
“Том Мод” ХХК нь гэрээний үүргээ эс биелүүлж Зээлийн гэрээний дагуу 25 443 469 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул тус компаний хаяг болох Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монелын 32-7226 хаягийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл тус компани нь хаяг дээрээ бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр 2016.12.16-ны өдрийн 101/Ш32016/33679 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд “Том мод” ХХК болон түүнийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Гомбо овогтой Одонтунгалаг /регистр №ГМ72123001/, Д.Түмэнбаяр /регистр №ВЭ79120411/ нарыг эрэн сурвалжилж, тус компаний хаягийг тогтоолгох хүсэлтэй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч “Нью Тур” ХХК нь “Том мод” ХХК болон түүнийг үүсгэн байгуулагч Гомбо овогтой Одонтунгалаг, Д.Түмэнбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
“Том мод” ХХК-ийн оршин байгаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32016/33679 дугаар шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь “Том мод” ХХК/РД: 5697271/-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.”, 83 дугаар зүйлийн 83.8-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасан.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг гүйцэтгэх захирал төлөөлж, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах тул хүсэлт гаргагчийн “Том мод” ХХК-ийн үүсгэн байгуулагч Гомбо овогтой Одонтунгалагийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх хүсэлт гаргагч “Нью Тур” ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Том мод” ХХК/РД: 5697271, түүнийг төлөөлүүлж захирал Дашдоржийн Түмэнбаяр/РД: ВЭ79120411/-ыг эрэн сурвалжлуулах тухай шаардлагыг хангаж, “Том мод” ХХК-ийн үүсгэн байгуулагч Гомбо овогтой Одонтунгалагийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Том мод” ХХК/РД: 5697271, түүнийг төлөөлүүлж захирал Дашдоржийн Түмэнбаяр/РД: ВЭ79120411/-ыг эрэн сурвалжилж, “Том мод” ХХК-ийн үүсгэн байгуулагч Гомбо овогтой Одонтунгалагийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Том мод” ХХК/РД: 5697271/-ийг, түүнийг төлөөлүүлж захирал Дашдоржийн Түмэнбаяр/РД: ВЭ79120411/-ыг эрэн сурвалжилж, “Том мод”-ийн оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Нью Тур” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ