| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0258/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/264 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагчаар, хяналтын прокурор М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-т холбогдох эрүүгийн 2038002910231 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Д.
Шүүгдэгч С.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөргийн ам” гэх газраас хохирогч Э.Б-ийн хүрэн зүсмийн шүдлэн байдас, хүрэн зүсмийн гүү, шар хээр зүсмийн даага зэрэг 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Э.Б-ийн бэлчээрт байсан 117 тооны ямааг өөрийн хариулж явсан хонь, ямаатай нийлэх үед бүрэн ялгаж эзэнд нь өгөлгүй 14 тооны ямааг авч үлдэн тухайн ямаануудыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Хар усны хөндий” гэх газраас хохирогч О.Б-ийн хар зүсмийн шүдлэн үрээ адуунд нь нийлсэн байхад 1 сар гаруй хугацаанд адуундаа байлгаж байгаад тухайн хар зүсмийн шүдлэн үрээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж иргэн Ц.Д-т худалдан борлуулж завшиж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Хар усны хөндий” гэх газраас хохирогч О.Б-ийн хар зүсмийн хязаалан байдас, хүрэн зүсмийн даага зэрэг 2 тооны адууг хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулж 5 тооны бод буюу олон тооны мал хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,
мөн дээрх хохирогч О.Б-ийн 1 тооны бод, хохирогч С.Э.Б-ийн 14 бог зэрэг нийт 15 тооны малыг завшиж “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
2020 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөргийн ам” гэх газраас хохирогч Э.Б-ийн хүрэн зүсмийн шүдлэн байдас, хүрэн зүсмийн гүү, шар хээр зүсмийн даага зэрэг 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Хар усны хөндий” гэх газраас хохирогч О.Б-ийн хар зүсмийн шүдлэн үрээ адуунд нь нийлсэн байхад 1 сар гаруй хугацаанд адуундаа байлгаж байгаад тухайн хар зүсмийн шүдлэн үрээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж иргэн Ц.Д-т худалдан борлуулж, завшиж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч С.Д-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-50 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч С.Д- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч С.Д- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Хар усны хөндий” гэх газраас хохирогч О.Б-ийн хар зүсмийн хязаалан байдас, хүрэн зүсмийн даага зэрэг 2 тооны адууг хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулж,
2020 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөргийн ам” гэх газраас хохирогч Э.Б-ийн хүрэн зүсмийн шүдлэн байдас, хүрэн зүсмийн гүү, шар хээр зүсмийн даага зэрэг 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4, 103, 136 дугаар хуудас/, хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109, 111-112, 141-142, 144-145 дугаар хуудас/, хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-13 дугаар хуудас/, гэрч Ө.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22, 24, 120-121, 150-151 дүгээр хуудас/, гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаан үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч Э.Б-ийн нас гүйцсэн хүрэн зүсмийн гүүг 900.000 төгрөгөөр, хүрэн зүсмийн шүдлэн байдсыг 700.000 төгрөгөөр, шар хээр зүсмийн даагыг 500.000 төгрөгөөр, нийт 2.100.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/, хохирогч О.Б-ийн хар зүсмийн хязаалан байдсыг 900.000 төгрөгөөр, хүрэн зүсмийн даагыг 550.000 төгрөгөөр, хар зүсмийн шүдлэн адууг 700.000 төгрөгөөр, нийт 2.150.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 124-125 дугаар хуудас/, шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 156-157 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
Мөн Шүүгдэгч С.Д- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Э.Б-ийн бэлчээрт байсан 117 тооны ямааг өөрийн хариулж явсан хонь, ямаатай нийлэх үед бүрэн ялгаж эзэнд нь өгөлгүй 14 тооны ямааг авч үлдэн тухайн ямаануудыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.260.000 төгрөгийн хохирол учруулж,
2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Хар усны хөндий” гэх газраас хохирогч О.Б-ийн хар зүсмийн шүдлэн үрээ адуунд нь нийлсэн байхад 1 сар гаруй хугацаанд адуундаа байлгаж байгаад тухайн хар зүсмийн шүдлэн үрээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж иргэн Ц.Д-т худалдан борлуулж 700.000 төгрөгийн хохирол учруулан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 56, 103 дугаар хуудас/, хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109, 111-112, 144-145 дугаар хуудас/, хохирогч С.Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-67 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/, гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-72 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Д.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/, гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/, гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/, хохирогч О.Б-ийн хар зүсмийн шүдлэн адууг 700.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 124-125 дугаар хуудас/, хохирогч С.Э.Б-ийн 14 тооны ямааг 1.260.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 84-85, 131, 156-157 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах, алдуул мал завших гэмт хэргүүдийг үйлдсэн нь дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Олон тооны мал гэдэгт 8 бог, 2 бод, түүнээс дээш малыг ойлгохоор тус тус хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч С.Д- нь хохирогч С.Э.Б-ийн 14 тооны бог малыг 2019 оны 07 дугаар сард өөрийн маллаж байсан хонь, ямаатай нийлэх үед нь Б.Г-ээс зээлсэн 600.000 төгрөгийн өрөндөө өгч, мөн 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Хар усны хөндий” гэх газраас хохирогч О.Б-ийн хар зүсмийн шүдлэн үрээг адуундаа нийлсэн байхад 1 сар гаруй хугацаанд адуундаа байлгаж байгаад тухайн үрээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж иргэн Ц.Д-т худалдан борлуулах зэргээр алдуул мал завшсан нь өмчлөгчид нь уг өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байх, шунахайн зорилгоор өмч хөрөнгийг хууль бусаар ашиглах бололцоог олж авсан нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч С.Д-ийн: “...хүнд өртэй болоод өрөндөө өгсөн” /хх-ийн 38/ гэх мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн амар хялбар аргаар эд хөрөнгө олох зорилготой, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.Д-ийн үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд нийт 5.510.000 төгрөгийн хохирол учирч, 5 тооны бод мал хулгайлагдаж, 1 тооны бод, 14 тооны бог малыг завшсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Д- нь хохирогч Э.Б-д 2.100.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Хохирогч О.Б-ид 2.150.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 109, 145/,
Хохирогч С.Э.Б-эд 1.260.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч С.Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 67/ хэрэгт авагдсан,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д- “өөрт учирсан 350.000 төгрөгийн хохиролд тооцож мал авсан тул гомдол санал байхгүй” гэх гар бичвэрийг шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгч байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчид гэмт хэргийг санаатай гүйцэтгэсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үргэлжилсэн үйлдлээр “бусдын олон тооны мал хулгайлсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, “алдуул мал завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч С.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээ болох 2 жилээс доогуур ял буюу 1 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч С.Д-т ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж, 60 /жар/ хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч С.Д-ийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ