Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/269

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Хохирогч Б.М-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-ид холбогдох эрүүгийн 2038003660306 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Ц.Б.

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Могойн ам” гэх газраас 3.3 куб метр мод хууль бусаар бэлтгэж, ойн санд 1.001.810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь хадлангийн талбайд хашаа барих зорилгоор 2020 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Могойн ам” гэх газраас 3.3 куб метр модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 1.001.810 төгрөгийн хохирол учруулан, “Маяти” маркын ... улсын дугаартай автомашинаар тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
  • “Маяти” маркын ... улсын дугаартай автомашин, 64 ширхэг, 3.3 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтаар 2 талдаа татдаг бариултай төмөр гар хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Тамгын газрын нэрийн өмнөөс төлөөлж хохирогчоор оролцож байгаа. Миний хувьд бол экологи эдийн засгийн хохирлыг төлүүлэх санал хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Гэрч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх хадам аав Ц.Б-ийн гадаа 2019 оны намар ирж хамт өвөлжсөн. Энэ хавар 05 дугаар сарын эхээр хадам аав Ц.Б- хөдөөний хашаа барих хэрэгтэй байна хаваржааны хашааны арын модноос ороод бэлтгээд тавьсан байгаа модыг Маятигаараа ачаад ир гэхээр нь би орж тайраад тавьсан байсан 10 гаран урд хашааны хавиаг хаваржааны хашааны гадаа оруулж ирсэн. Би модноос нь бэлдэлцээгүй хадам аав Ц.Б- бэлтгээд тавьсан байсан. Би очиж ачихад нь л хамт явдаг. Юугаар бэлтгэдэг талаар сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
  • Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн ахлах байгаль хамгаалагч ажилтай. Мод бэлтгэх зөвшөөрөл авах иргэдэд модны эрхийн бичиг баг хамаарахгүй бичиж өгдөг. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн Сангийн далайн “Могойн ам” гэх газар Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн малчин Ц.Б- хашааны мод бэлтгэсэн. Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын байгаль орчны албанд мод бэлтгэх зөвшөөрөл, өргөдөл өгч байгаагүй. Өөр аймгийн иргэнд зөвшөөрөл олгодоггүй. Иргэн босоо мод унагаах эрх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2020/09 дугаартай: “...Ц.Б-ийн бэлтгэсэн гэх 64 ширхэг, 3.3 м.куб хэмжээтэй хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 1.001.810 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн: “экологи эдийн засгийн үнэлгээ 1.001.810 төгрөг, ойн санд учруулсан нөхөн төлбөр 3.005.432 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас,
  • Хөрөнгийн үнэлгээний 114/159 дугаартай: “Маяти” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.040.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн: “... улсын дугаартай Хуандай Маяти маркын 1999 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн KMFGA17FPTC113638 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 03 дугаар хороо Баганаран ... тоотод оршин суугч Б- овогтой Ш-ийн эзэмшилд бүртгэлтэй байна” гэх албан тоот /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Маяти маркын хөх өнгийн автомашинтай. 2009 онд Ш- гэдэг хүнээс моторгүй машин 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ц.Б- ах өөрөө мотор худалдан авч тавьсан. Одоо хүртэл гэрийнхээ ойр зуурын хэрэгцээнд унаж байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг Могойн ам гэх газрын модноос хадлангийн талбайд хашаа барих зорилгоор 3.5 метрийн урттай 64 ширхэг мод бэлтгэж хаваржааны хашаа барих Удганы нүүр гэх газарт буулгасан юм. 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тамгын газраас экологийн байцаагч, байгаль орчны хүмүүс шалгалтаар ирж нөгөө хашаа барих гэж бэлтгэсэн модыг үзээд бичиг баримт байгаа юу гэж асуухаар нь бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Хаанаас мод бэлтгэснийг асуухаар нь мод бэлтгэсэн газраа зааж өгсөн. Миний бэлтгэсэн моднууд бол хуурай унанги мод бэлтгэсэн юм. Босоо хуурай мод 5 ширхгийг л унагаасан. ...Модноос цагаалахдаа биеэрээ цагаалсан. Харин хашаа барих газарт модоо тээвэрлэж хүргэхдээ өөрийнхөө Маяти маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. ...Би модоо бэлтгэхдээ ганцаараа бэлтгэж цагаалсан. Харин модоо ачихдаа бол хүргэн Г.Т-ыг гуйж ачуулсан юм. ...Ш- гэх хүнээс 2009 онд 2.000.000 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Ш-гаас авахад бол моторгүй машин авсан юм. Дараа нь өөрөө мотор авч тавьсан. Өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Надад Ш- машиныг шилжүүлж өгнө гэж хэлээд бичиг баримтыг нь авч яваад одоог хүртэл шилжүүлж өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 54 дүгээр хуудас/,
  • Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг баримт бичгүүд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Ц.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж

үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ц.Б- нь зохих зөвшөөрөлгүйгээр хадлангийн талбайд хашаа барих зорилгоор 2020 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Могойн ам” гэх газраас 3.3 куб метр мод бэлтгэж, “Маяти” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 1.001.810 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.    

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч нь 3.005.432 төгрөгний төлбөртэй байна.

Шүүгдэгчээс ойн санд учруулсан нөхөн төлбөрөөс 2.003.622 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт даруй олгож, харин нь 1.001.810 төгрөгт хууль бусаар бэлтгэсэн модыг тооцон олгож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Б- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч Ц.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлт болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...албадан гаргуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...”, мөн зүйлийн 6 дахь хэсэг “Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана” гэж заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б-ийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 64 ширхэг, 3.3 м.куб хэмжээтэй, 1.001.810 /нэг сая нэг мянга найман зуун арав/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хураан авч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт 1.001.810 /нэг сая нэг мянга найман зуун арав/ төгрөгийн хохиролд тооцож олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Маяти” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, автомашины  үнэ болох 1.040.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-оос гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн  Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн албан тоотод: “... улсын дугаартай Хуандай Маяти маркын 1999 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн KMFGA17FPTC113638 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Ш-ийн эзэмшилд бүртгэлтэй байна” /хх-ийн 51/ гэсэн байх тул уг автомашины үнэ болох 1.040.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-оос гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 талдаа бариултай төмөр гар хөрөөг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ц.Б-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-оос 2.003.622 /хоёр сая гурван мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг даруй гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн “Маяти” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, түүний  үнэ болох 1.040.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-оос гаргуулж улсын орлогод оруулж, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 64 ширхэг, 3.3 м.куб хэмжээтэй, 1.001.810 /нэг сая нэг мянга найман зуун арав/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хураан авч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт 1.001.810 /нэг сая нэг мянга найман зуун арав/ төгрөгийн хохиролд тооцож олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 талдаа бариултай төмөр гар хөрөөг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ