Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/271

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-т холбогдох эрүүгийн 2038000000317 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Ч.

Шүүгдэгч Б.Ч- нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ... тоотод иргэн Д.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ч- нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ... тоотод иргэн Д.Б-ийг хардалтын улмаас хоолойг нь боож, газарт унаган өшиглөн зодож эрүүл мэндэд нь “хоолой, цээж, нуруу, баруун бугалга, зүүн тохойнд цус хуралт бүхий” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед “Номин” ХҮТ-ийн хажууд явж байгаад Г- хүүтэйгээ явж байгаатай таараад намайг хэзээ орж ирээ вэ гэж мэндлээд өнгөрсөн. Тэгээд орой нь буюу 22 цагийн үед Г- над руу залгаад Түнэл сумын Улаагчин гэх газар руу машинаараа яваад өгөөч гэхээр нь би пиво уугаад сууж байна, тийм яаруу ажил юм уу маргааш яваад өгч болох уу гэхэд Г- Түнэл сумын Улаагчин гэх газар манай ахын хүүхэд бурхан болчихоод эндээс хүмүүс одоо авч явах хэрэгтэй байна, өндөр машин л хэрэг болоод байна гэхээр нь за тэгвэл машин бариад явчих хүнтэй бол машин аваад яв гэхэд Г- би эргээд ярья гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй Г- ахиж залгаад машиныг чинь манай ах бариад явья гэнэ, машиныг чинь очоод авья гэхээр нь би байгаа газраа зааж өгтөл удалгүй Г- хүүтэйгээ таксигаар хүргүүлж ирсэн. Тэгээд би Г-ээр машинаа бариулаад цуг явах хүмүүс дээр хүргэж өгье гээд машиндаа суугаад явтал Г- өөрийн байрлаж байгаа гэх гэрээрээ орж хувцсаа сольж, дулаан хувцас өмсье гээд Хөөнгө гээд нийтийн байрны гадаа очсон. Тэгээд намайг машиндаа суугаад үлдэх гэхэд Г- чи зүгээр машинд сууж байхаар орохгүй юу гэхээр нь хамт ороод Г- хүүтэйгээ хамт зузаан хувцсаа өмсөөд би сандал дээр сууж байтал хаалга нь дэлгээтэй байтал гаднаас нэг эрэгтэй орж ирээд “чи энэ гэр оронд юу хийж байгаа юм бэ” гэхэд би хүн гуйгаад юманд яваад өг гэхээр нь ирээд байна шүү дээ, та юун хүн бэ гэхэд урдаас тэр залуу намайг шууд заамдаж, хоолой боож чирээд, шатаар уруудуулж гараад газарт унагаагаад дороо хийж намайг өшиглөж цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд бид нар хөдөө явахаар болоод Гарамжий нагац тэр газар үлдээд ээж, Д- ах бид гурав Хөөнгө дээр байрандаа очоод би цамцаа өмсөөд сууж байсан. Ээж Д- ах хоёр юм яриад сууж байтал гэнэт гаднаас аав орж ирээд Д- ахыг шууд цохиж унагаасан. Тэгээд тэр хоёр барилцаж коридорт гараад зодолдоод бүр гадаа гараад ээж анайг дуудаад, дараа нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
  • Гэрч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд ээжээс юу болсныг асуухад ээж нь хөдөө явах гээд хувцсаа өмсөж байтал аав чинь орж ирээд манайд сууж байсан манай найзыг зодсон. Би одоо яах вэ гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
  • Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 сарын эхээр ...Мөрөн сумын 6 дугаар багийн ... тоотод байх манай нийтийн байрны 2 давхрын коридорт хоёр эрэгтэй хүн барьцалдаж авсан хяналтын камераар харагдахаар нь гэрээсээ эхнэр Ц.О-ийн хамт гарч очиход хоёр эрэгтэй хүн заамдалцаад хэрүүл маргаан үүсгэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны орчим ...2 давхрын коридорт хоёр эрэгтэй хүн барьцалдаж авсан хяналтын камераар харагдсан. ...Тэгтэл танихгүй хоёр эрэгтэй хүн заамдалцаад хэрэлдээд зогсож байсан. ...Тэр үед араас нь манай нийтийн байрны 6 номерын өрөө түрээслэдэг Г- гарч ирээд тэр хоёр залуугийн нэг туранхай залуутай хэрэлдээд орилж хашгираад бөөн дуу шуу болж байснаа амиа хорлоно, боож үхлээ гээд харанхуй руу гүйсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 6 дугаар багт Хөөнгө гээд хаягтай газар хөлслөн амьдардаг байрандаа хүүхдүүд болон найз Д.Б- нарын хамт байж байтал миний сууж байсан нөхөр Б.Ч- гэнэт гаднаас орж ирээд Д.Б-той хэрүүл хийж, чи энд сууж байдаг хэн бэ гээд заамдаж барьж авч цохиж зодоод эргэнэг ухаж чамайг хутгалж ална, та хоёрыг хоёуланг чинь ална гээд бөөн хэрүүл шуугиан гаргаж би урдуур хойгуур нь гүйж гэрээс гадаа коридорт гаргаж дараа нь гадагшаа гаргасан. ...Харин Д.Б-ийг нэлээд хэд цохиж барьцалдаж авч унаж тусаад байсан. Д.Б-ийн нүүр рүү цохиж заамдаж авч, боож авч унагаагаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 344 дугаартай: “1. Д.Б-ийн биед хоолой, цээж, нуруу, баруун бугалга, зүүн тохойнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Д.Б-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 15 нд шөнийн 03 цагт Г- болон хүүхдүүдийнхээ амьдарч байгаа газарт хүүхдүүдтэйгээ уулзах гээд очтол эхнэр Г- маань танихгүй эрэгтэй хүнтэй цуг пиво уугаад сууж байсан. ...Би тэр үед эрүүл байсан ч уур маань хүрээд тэр танихгүй эрэгтэй хүнтэй муудалцаж заамдалцаж барьж аваад ганц нэг түлхэлцээд харилцан бие биетэйгээ цохилцож зодолдсон юм. ...байрны гадаа гараад нөгөө эрэгтэй хүнтэй зууралдаад хэрэлдэж байхад Г- үхээд өгье гээд харанхуй гудамж руу гүйхээр нь би нөгөө эрэгтэй хүнийг тавиад Г-ийн араас гүйж очоод бариад авсан. Тэр хооронд нөгөө эрэгтэй хүн зугтаад явчихсан. ...Би Д.Б-ид хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Ч-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Б.Ч- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Ч- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Ч-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Б- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Ч- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Д.Б- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ