Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/272

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Хохирогч Ц.Б-,

Шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн 2038001830301 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Б.

Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 02 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны Өлөнт нэртэй Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 10.84 м.куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б- нь хувьдаа байшин барих зорилгоор 2020 оны 02 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Өлөнт” нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 10.84 м.куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 3.986.100 төгрөгийн хохирол учруулан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дугаар хуудас/,
  • Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • 15х15 сантиметрийн хэмжээтэй 71 ширхэг палк, 2 ширхэг хэрэглээний хуурай мод, 12 ширхэг унаанги хуурай мод, “Зил-131” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ачааны чиргүүл зэргийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Өлөнт гэх газар Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамаардаг. Хатгал тосгоноос 20 орчим километрийн зайтай газарт байдаг. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Ер нь хууль дүрмээ чанд сахиад гоожин авч болох байсан гэж бодож байна. Нэгэнт ийм асуудал болсон учир хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
  •  Гэрч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 02 сарын 11-ний өдөр Хатгал тосгоны Өлөнт гэх газарт хууль бус мод бэлтгэсэн гэх иргэний мэдээллийн дагуу экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Г-ын хамт очиж шалгахад Өлөнт гэх газраас мод цагаалсан машины мөртэй 12 ширхэг унаанги мод цагаалсан. Мөн иргэн Х.Б- нь Өлөнт гэх газарт 3 ширхэг босоо нойтон мод унагаасан байдалтай байсныг илрүүлсэн. Мөн Өлөнт гэх газрын ойролцоо байдаг иргэдээс энд хэн мод бэлтгэсэн талаар асууж тодруулахад иргэн Х.Б- нь мод бэлтгэж 3 хоногийн өмнө чиргүүл толгойгүй Зил-131 маркийн машинаар ачаад явсан гэх мэдээллийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
  •  Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэн Х.Б- нь манай гэрийн урд байрлах Булгын Өлөнт гэх газар мод бэлтгэж байсан. Би эхнэр, дүүгийн хамт Хатгалын төвөөс гэртээ харих гээд явж байхад Х.Б- нь Хатгал тосгоны иргэн Г.Н- гэх хүний Зил-131 гэх бор өнгийн машинд чиргүүл толгойгүй мод ачсан явж байхыг би харсан. Сүүлийн өдрөө мод бэлдэж байгааг мэдсэн. Тухайн өдрүүдэд би байгаагүй. Манай дээд талын айл Төрөө сайн мэдэж байгаа. Модонд хөрөө дуугарах нь сонсогдож байсан. Би ачаад орж байхыг нь харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
  •  Гэрч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хатгал тосгоны Өлөнт гэх газар Х.Б- гэдэг ах ирж 5 хоног мод бэлдсэн. Уг модоо бэлдэж дуусгаад Зил-131 машинаар чиргүүл толгойгүй ачаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Гэрч Я.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын дундуур л санагдаж байна. Хэдний өдрийг сайн санахгүй байна. Хатгал сумын төвд явж байхад Х.Б- гэх хүнтэй тааралдаад мод ачилцаад өгөөч гэсэн. Ямар хөлсөөр ачуулахыг асуухад нэг тэвш модыг 20.000 мянган төгрөгөөр ачуулна гэсэн. Хоёр ч тэвшийг ачуулж магадгүй гэхээр нь ачиж өгөхөөр болсон. Тэгээд Зил-131 маркын бор ногоон өнгийн чиргүүлтэй машинаар модны эзэн, хоёр залуу, жолоочийн хамт Хатгал тосгоны гүүр гараад урагшаа Булаг гэх нэртэй газар руу явсан. ...Тэгээд арай хийж мод хийсэн газарт очиход цасанд дарагдсан нилээн олон жил болсон бололтой хуучин, хоёроос гурван жил болсон мод шиг санагдсан. Зарим мод нь газрын хөрс рүү шигдээд орчихсон ус нилээн шингэж хүнд болчихсон 4 метрийн урттай моднууд байсан. Зарим моднууд нь 4 метрээс арай урт моднууд ч байсан. Тэгээд Зил-131 машин, чиргүүлийн хамт ачаад буцаж Хатгал тосгоны төв рүү орж ирсэн. Хаана буулгасныг бол мэдэхгүй байна. Би буулгаж өгөөгүй шууд гэр рүүгээ харьсан. ...40 орчим л мод ачсан байсан. Тэр газар байсан модыг бүгдийг нь ачсан. Өөр газар 12 ширхэг мод байгаа гэхээр нь очиж харахад хуучин унаанги мод тайрсан байсан. ...Х.Б- гуай ягаан цаас гаргаж ирээд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж байсан. Би өөрөө бол үзээгүй. Эрхийн бичигтэй л юм байна гэж бодсон. ...Х.Б- гуайгаас хэзээ бэлтгэснийг асуухад хоёр жилийн өмнө бэлдсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  •  Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хатгал тосгонд байрлах Өлөнт гэх газраас 4 метрийн урттай бөөрөнхий 30 ширхэг дүнзийг өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн ... улсын дугаартай 09-19 ГЧ чиргүүлтэй бор ногоон өнгийн автомашинаар тээвэрлэж Улаанбулаг нөхөрлөлийн рам дээр оруулсан. Тухайн үед рам руу оруулахдаа 2 гоожин үзүүлээд оруулж буулгасан. ...Х.Б- намайг дүнз ачиж өгөөч бичиг баримт нь бүрэн байгаа гэхээр нь үзэж байгаад ачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
  •  Шүүгдэгч Х.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-46 дугаар хуудас/,
  •   “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай: “Х.Б- нь Хатгал тосгоны нутагт байрлах “Өлөнт” гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 2 ширхэг хэрэглээний хуурай мод 71 ширхэг 12x15 сантиметрийн палк байв. Уг мод нь хэрэглээний мод мөн. Мод бэлтгэсэн “Өлөнт” гэх газар нь 1 дүгээр мужид хамаарч байна. Тус газар нь тусгай хамгаалалтанд байдаг бөгөөд хамгийн анх 1992 онд Улсын бага хурлын 11-р тогтоол, сүүлд өргөтгөлөөр 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Хатгал тосгоны хилийн заагт багтана. ...Х.Б-ын бэлтгэсэн модны нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 1.130.700 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, гэрэл зураг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
  •    “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай: “...Х.Б-ын бэлтгэсэн 12 ширхэг, 3.3 м.куб хэрэглээний хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 198.000 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, гэрэл зураг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
  •  Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
  •  “Зил-131” маркын ... улсын дугаартай автомашиныг 7.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Анх 2018 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг Чулуутын ар гэх газраас унанги 4 метрийн урттай 40 гаруй мод огтолж бэлтгээд газар дээр нь цагаалаагүй хаячихсан байсан юм. Түүнээс хойш модоо цагаалж авч чадахгүй байж байгаад 2020 оны 02 дугаар сард өөрөө цагаалсан. Модоо цагаалж байхад зам дагуу газар уначихсан унанги мод байхаар 12 ширхэг мод би өөрөө хөрөөдөж огтолсон. Тэр модыг бол их цагаалахгүйгээр бөөн нэг дор мод байсан. Модоо цагаалж дуусаад хэд хоногийн дараа Хатгал тосгоны Г.Н- гэх хүнийг гуйж Зил-131 маркийн машинаар чиргүүлтэй ачихаар болж мод бэлтгэсэн газарт очсон юм. Модоо ачихад бол гудамжинд явсан хоёр залууг гуйж ачуулсан. Мөн манай хүүхэд Эрдэнэбат цуг ачилцахаар явсан юм. Модонд дотор очоод явж байхад машин цасан дээр гулгаад модонд тулчихаар нь хүний машиныг эвдчихнэ гэж бодоод хоёр ширхэг мод огтлоод тэр газарт нь хаячихсан. Тэгээд арайхийж машиндаа чиргүүл толгойгүй модоо ачиж аваад Хатгал тосгоны төв рүү орж “Улаанбулаг морьт” гэх мэргэжлийн байгууллагын хөрөө рам дээр буулгаж зүсүүлсэн. Зүсүүлсэн модноос 71 ширхэг палк гарсан. Одоо манай хашаанд байгаа. Харин 12 ширхэг мод бэлтгэснийг бол авч чадаагүй модны хаяанд байгаа. Шавар ус ихтэй болохоор одоо ачиж авна гэдэг худлаа болсон байх. ...Цахилгаан хужаа, хуучин хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн. ...Хатгалын ойн байцаагч Л.Г-аас мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. Уг 12 ширхэг модыг бэлтгэчихээд дараа авна гэж бодож байсан боловч цагдаа шалгаад ирэхээр нь больчихсон юм. ...Нэгэнт машин тулаад гарах боломжгүй болчихсон болохоор шууд л тайрчихсан юм. Тэр хоёр модыг бол аваагүй. ...2018 онд бэлтгэсэн моднуудыг бол малаа харангаа л ганцаараа бэлтгэсэн. 2020 оны 02 дугаар сард бэлтгэсэн 12 ширхэг модыг бол ганцаараа л огтолж тайрч, цагаалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Х.Б-ын 2020 оны малын тодорхойлолт /хх-ийн 85, 90 дүгээр хуудас,
  • Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/,
  • Б.Э-н үрчлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 93 дугаар хуудас/,
  • Х.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 96 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн “Х.Б-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй” гэх албан тоот /хх-ийн 97 дугаар хуудас/,
  • Х.Б-, З.Г- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 98 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Х.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 02 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Өлөнт” нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 10.84 м.куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 3.986.100 төгрөгийн хохирол учруулан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 3.986.100 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1.328.700 төгрөгийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны төрийн сангийн 100172100988 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 114/-г шүүх хуралдаанд гаргаж өгсөн,

 Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.035.300 төгрөгийн үнэлгээтэй 12х15 сантиметрийн хэмжээтэй 71 ширхэг палк, 95.400 төгрөгийн үнэлгээтэй, 2 ширхэг 1.59 м.куб хэрэглээний хуурай мод, 198.000 төгрөгийн үнэлгээтэй 12 ширхэг 3.3 м.куб унанги хуурай модыг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд 1.328.700 төгрөгөнд тооцон шилжүүлж,

Шүүгдэгчээс ойн санд учирсан хохирлын үлдэгдэл 1.328.700 төгрөгийг даруй  гаргуулж Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, учруулсан хохирлоос 1.328.700 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Х.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь ойн санд учруулсан 1.328.700 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.986.100 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэйгээс 1.328.700 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдсэн хохирлыг төлж барагдуулах талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1.035.300 төгрөгийн үнэлгээтэй 12х15 сантиметрийн хэмжээтэй 71 ширхэг палк, 95.400 төгрөгийн үнэлгээтэй, 2 ширхэг 1.59 м.куб хэрэглээний хуурай мод, 198.000 төгрөгийн үнэлгээтэй 12 ширхэг 3.3 м.куб унанги хуурай модыг, шүүгдэгч Х.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г.Н-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Зил-131” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.035.300 төгрөгийн үнэлгээтэй 12х15 сантиметрийн хэмжээтэй 71 ширхэг палк, 95.400 төгрөгийн үнэлгээтэй, 2 ширхэг 1.59 м.куб хэрэглээний хуурай мод, 198.000 төгрөгийн үнэлгээтэй 12 ширхэг 3.3 м.куб унанги хуурай модыг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд шилжүүлэхийг,

Мөн шүүгдэгч Х.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай “Зил-131” маркын тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Н-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95/ болон гэрч Я.Ц-, Г.Н- нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт хэдийгээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Зил-131” маркын ... улсын дугаартай автомашиныг 7.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 69-70/ авагдсан байх боловч шүүхээс уг тайланд тээврийн хэрэгслийн үнийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн хохирогчийн үнэлгээг /тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, автомашины эзний үнэлгээ зэргийг харьцуулан судалж/ бодит үнэ гэж үзэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрхий моторт хөрөөг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Б-т тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 1.328.700 /нэг сая гурван зуун хорин найман мянга долоон зуу/ төгрөгийг даруй гаргуулж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1.035.300 төгрөгийн үнэлгээтэй 12х15 сантиметрийн хэмжээтэй 71 ширхэг палк, 95.400 төгрөгийн үнэлгээтэй, 2 ширхэг 1.59 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай мод, 198.000 төгрөгийн үнэлгээтэй 12 ширхэг 3.3 м.куб хэмжээтэй унанги хуурай модыг битүүмжлэлээс чөлөөлж, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд шилжүүлэхийг,

 мөн шүүгдэгч Х.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай “Зил-131” маркын тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ