Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 111

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Б.Э, Г.А,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын А, Я овгийн Б-ын Э нарт холбогдох 2028001280114 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .......... оны ............ дүгээр сарын ...........-ны өдөр Өмнөговь аймгийн ........... суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ........................... оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овгийн Г-ын А, регистрийн дугаар ...............,

Монгол Улсын иргэн, ............... оны ......... дүгээр сарын ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Я овгийн Б-ын Э, регистрийн дугаар ..........................,

Шүүгдэгч Б.Э, Г.А нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж 1.2 грамм алт олборлосон  гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Э, Г.А нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй.

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул тайлбар байхгүй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт газрын хэвлийн ашиглалт хамгаалалт нөхөн сэргээлт байгаль орчны үнэлгээ хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Номгон сумын Элстэй гэх газарт иргэд гар аргаар алт олборлож байгаа. Би Элстэй гэх газарт очиж үзээгүй. Гэхдээ мэдээлэл бол авч байгаа. Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй уулзахад газрын хэвлийд халдаагүй өөр хүмүүсийн ил гаргасан шороон дээрээс нь алт олсон гэж байсан. Э, А нарын олборлосон гэх алтыг улсын орлого болгох юм бол нэхэмжлэх зүйл байхгүй. Э, А нарын олборлосон гэх алтыг боломжтой бол орон нутгийн байгаль хамгаалах 100110051407 дугаарын дансанд хийлгүүлэх хүсэлтэй байна. /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод амьдардаг юм. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс урагш байрлах хөдөө айлд ямаа самнах гэж ирсэн. Тэгээд ямаагаа самнаж дуусчихаад хөдөө айлаасаа унаа хайгаад байж байсан чинь миний танил Эрдэнэсүрэн ах над руу залгаад наана чинь миний нэг танил Оч гэх хүн явж байгаа чи тэрний машинд суугаад ирэхгүй юу гэж надад хэлсэн.  2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг авч явах Оч ах миний байсан хөдөө айлд танихгүй нэг ахын хамт ирсэн. Тухайн үед Оч ах надад хэлэхдээ чи ах нартайгаа хамт алт гарсан газар руу явчих, тэгээд буцахдаа хамт Улаанбаатар оръё гэж хэлсэн. Би тухайн үед тэгье гэж хэлээд хамт явсан. ид 3 хөдөө айлаас урагш 50 орчим км яваад алт гарсан газарт ирсэн. Бид нарыг анх тухайн газарт ирэхэд нэг суудлын жижиг тэрэг уулын орой дээр зогсож байгаад бид нарыг хараад хүрээд ирсэн. Тухайн машин дотор миний харснаар 2 эрэгтэй хүн сууж явсан. Тэгээд бид нар 2 машинтай ухсан олон нүхтэй газрын хойд талд нь очиж зогсоод хайгчаа буулгаад ухсан нүх рүү ороод хайгч тавин алт хайж байгаад жижиг хэмжээтэй алт олсон. Тухайн алтаа цагаан өнгийн саванд хийчихээд эргээд нөгөө нүх рүүгээ ороод ухаж байтал цагдаа нар ирсэн... Тухайн үед А ах машинаас хайгч барьж буугаад ухсан нүх рүү ороод хайгч тавьж үзээд тухайн алтыг олсон. Тэгээд А ах жоотуугаар тухайн хэсэг газрыг ухаж байгаад алт олсон. Харин би нүхний дээр зогсож байгаад ухсан шороог гаргаж авсан. Тэгээд олсон алтаа жижиг цагаан саванд хийчихээд эргээд нөгөө нүхээ ухах гэж байтал цагдаа нар ирсэн. /хх-ийн 32-33-р хуудас/

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч Эын ахалсан бүрэлдэхүүнд орж Өмнөговь аймгийн Номгон сумын Элстэй гэх газар олон тооны иргэд гар аргаар хууль бусаар алт олборлож байгаа тул бүлэг бөөгнөрлийг тарааж гэмт хэрэг, зөрчил илрүүлэх зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 08-ны өглөө эрт 10 цагийн үед цагдаагийн 3 авто машинтай 20 орчим алба хаагчид яваад шууд Элстэй гэх газарт очиж иргэдийг тараагаад тэндээсээ хэд хэдэн хууль бусаар гар олборлож байсан иргэдийг барьж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Даланзадгад суманд ирсэн... Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгаас гараад шууд Номгон сумын Элстэй гэх газар мотоцикльтой явж байхад манайхан саарал өнгийн микробус болон саарал өнгийн Subaru Forester болон Impreza маркийн авто машинтай хүмүүс дээр дөнгөж очиж байсан. Тухайн үед би мотоцикльтойгоо яваад очиход ухагдсан нүхний аман дээр нь 4 залуу, нүхэн дотор нэг хайгч барьсан залуу байсныг саатуулаад авто машин болон биед нь үзлэг хийх зорилгоор ногоон өнгийн микробус маркийн авто машины эзэмшигчийн жолооны үнэмлэхийг шалгахад Э гэдэг 50 гаран насны ах байсан. Саарал өнгийн микробус маркийн авто машин дотор нь үзэхэд газ, пилетка зэрэг байсан. Машины бичиг баримтыг нь хураан аваад эрүүгийн ахлах мөрдөгч Батзаяа үргэлжлүүлээд шалгасан би цаашаа яваад бусад цагдаа нар дээрээ очиж тусалсан. Ямар ч байсан нүхэн дотор байсан нэг залуу хайгчтай байсан. Гадна нь байсан бусад хүмүүс нь ямар нэгэн багажгүй байсан. Машин дотор нь хүрж, жоотуу зэрэг харагдаж байсан. Тэхдээ уг авто машины жолооч Э нь тухайн багажуудыг өөр хүнийх түр хийлгэчихсэн байсан гэж хэлж байсан. /хх-ийн 34-35-р хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн нутгийн хуурай дүү болох Аын хамтаар 2020 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 01-36 УБР улсын дугаартай суудлын автомашинтай гарсан. Тэгээд өглөөний 09 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд ирсэн. Даланзадгад сумаас бензин аваад алт гарсан гэх Номгон сум руу явсан. Би шөнөжин машин барьсан болохоор нойр хүрээд аймгийн төвөөс гараад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь алт ухах газартаа ирчихсэн нүхний хажууд зогсож байсан. Машинаас буугаад харсан чинь манай машины хажууд урьд нь харж байгаагүй микро автобус шиг урт машин зогсож байсан. Харин тухайн машины хүн бололтой 1 залуу нүх рүү орчихсон алт ухаж байгаа байдалтай байсан байсан. Харин нэг танихгүй залуу нь нүхэн дээр нь зогсчихсон гаргаж ирсэн шороон дээрээ хайгч тавиад зогсож байсан. Удалгүй тэр 3 залуу нүхний дээд талын шороон дээрээс алт оллоо гэж хэлж байсан. Тэгээд олсон алтаа жижиг цагаан саванд хийгээд машиндаа тавьж байгаа харагдсан. Түүний дараагаар нөгөө 3 залуу эргээд нүх рүүгээ орсон. Харин би машиныхаа хажууд зогсож байсан чинь цагдаа нар ирсэн. Хайгч тавиад тухайн шорооноос алтыг авсан... Намайг машинаас буугаад ирэхэд гурван залуу баахан нүхнүүдийн дунд байх нүхэн дээр зогсож байсан. Тэгээд би хажууд нь очиход сул шороон дээр хайгчаар алт хайж байтал надтай хамт явж байсан Ц.А надад энд ийм алт олсон байна гээд чүдэнзний толгой шиг жижигхэн алт харуулахаар нь би харчихаад буцаагаад Ц.Ат өгсөн. Тэгээд нэг залуу нь нүх рүү орсон. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг барьсан. Би Г.А, Б.Э, Э.М нарыг нүх ухаж байхыг нь хараагүй. /хх-ийн 36-37, 38-р хуудас/

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотолд амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед би өөрийн найз Б хамтаар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд өөрийн 01-36 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. 08-ны өглөө 09 цагийн үед Даланзадгад суманд ирсэн. Даланзадгад сумаас өдөртөө Номгон сум руу явахаар замаа олохгүй аймгийн захад зогсож байсан чинь тухайн үед өөрийгөө Оч гэж танилцуулж байсан нэг ах сүүлд нэрийг нь сонсоход А гэх залуугийн хамт Хайсе маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би тэр хоёроос алт гарч байгаа газар руу яаж явдаг юм бэ гэхэд бид нар бас алт руу явж байна гэж хэлсэн. Тэгээд хамт Даланзадгад сумаас алт гарсан гэх Номгон сум руу хөдөлсөн. Замдаа явж байгаад би олон салаа замаар буруу салаад замдаа бага зэрэг төөрөөд замын хүнээс болон айлаас зам асууж байгаад алт гарсан газарт ирсэн. Бид нарыг ирэхэд Оч машинтайгаа замын хажууд зогсож байсан. Бид хэд нийлээд алт гарсан газар руу явсан. Бид нар алт ухахаар очсон газарт ямар нэгэн хүн байгаагүй. Харин баруун урд толгод дээр 2 жижиг суудлын авто машин зогсож байсан. Бид нар эвдэгдсэн газрын хойд хэсэгт машинаа байрлуулж зогсоогоод машинаасаа буун Очгийн машинд явж байсан А гэх залуу хайгчаа бариад ухсан нүх рүү ороод алт хайж эхэлсэн. Тэгээд тухайн алтаа А жижиг цагаан саванд хийгээд Очгийн машинд тавьсан. Түүний дараагаар А эргэж нөгөө нүх рүүгээ ороод сул шороог нь гаргаж байсан чинь цагдаа нар ирсэн. Би тухайн газраас ямар нэгэн алт олборлоогүй би нэг хүрз шороо ч гаргаагүй. А болон Э, Мягмарсүрэн нар нь металл хайгч ашиглан шорооноос алтыг ялгаж авсан. Бусдаар пайжуур болон бусад багаж хэрэгсэл ашиглаагүй... Тухайн алт нь Э, А, М нарын олсон алт надад ямар нэгэн хамааралгүй. Мөн тухайн алтыг олоход би ямар нэгэн үйлдэл гаргаагүй, оролцоогүй зүгээр хараад зогсож байсан. /хх-ийн 39-40-р хуудас/

Геологийн төв лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжилгээний дүнд: “Au, сорьц 915.81, 915.44” /хх-ийн 50-51-р хуудас/ гэжээ.

Шинжээч Б.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллагад ирсэн грамм шар өнгийн металлыг хэмжихэд 1133.7 мг буюу 1.13 грамм байсан. Тэгээд шинжилгээ хийхэд алт болох нь тогтоогдсон, мөн шинжилгээний явцад бага зэргийн хорогдол гараад уг 1133.7 мг-аас бага зэрэг багсана гэсэн үг. Яг хэдий хэр хэмжээгээр багасахыг сайн мэдэхгүй байна. Цэвэр алтны сорьф нь 999.99 байдаг. Харин шинжилгээнд ирсэн металлыг хоёр удаа сорьцолж үзэхэд эхний удаа дээр нь 915.81, дараачийн удаа нь 915.44 байсан. Уг гарсан 91.5 хувь нь алт байна гэсэн үг. Манай байгууллагаас шинжээчийн дүгнэлт гэж гарах боломжгүй. Учир нь манай байгууллагад шинжээчийн дүгнэлт гаргах бланк байхгүй учраас шинжилгээний дүн л гэж гарна. Тэр дүнгээ шаардлагатай тохиолдолд мэдүүлгээр тайлбарлан өгөх боломжтой. /хх-ийн 52-53-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №026 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Иргэн Б.Эын эзэмшлийн 2000 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн Toyota-Hiace маркийн автомашин нь 2020 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7.500.000 (долоон сая таван зуун мянга)-н төгрөгөөр тогтоов.” гэжээ. /хх-ийн 56-р хуудас/

 “Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №514 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Метал хайгч /Голд монстэр-1000/ нийт дүн: 1.500.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 58-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №603 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Хүрз, 1 ш, нэгжийн үнэ 5.000, зах зээлийн дундаж үнэ 5.000, тайлбар хуучин, Жоотуу 1 ш, нэгжийн үнэ 7.000, зах зээлийн дундаж үнэ 7.000, тайлбар хуучин, Алт /байгалийн/ хэмжих нэгж гр, 1 ш, нэгжийн үнэ 80.000, зах зээлийн дундаж үнэ 90.400, тайлбар 1,13 гр, нийт дүн: 102.400 төгрөг” гэжээ. /хх-ийн 61-р хуудас/

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өмгөөлөгч аваагүй. Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа учир нэмж ярих зүйл байхгүй. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэхийг хүсэж байна. /хх-ийн 70-71-р хуудас/

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө нь гэрчээр тодорхой ярьсан учраас дахин ярих шаардлагагүй. Намайг бага байхад манай аав Галхүү, ээж Бадам нар Улаанбаатар хотод зам тээврийн ослоор нас барсан. Би ах, эгч, дүү нар байхгүй, айлын ганц хүүхэд. Манай эхнэр Сувдсайхан гэдэг Засгийн газрын ордонд засал чимэглэлчин хийж байгаад тэтгэвэрт гарсан хүн байдаг. Манай хүү Батсайхан 28  настай төрөлхийн тархины саажилттай гэрээр байнгын асаргаанд группед байдаг. Би сургуульд байхдаа Галхүү гээд ааваараа овоглоод яваад байсан чинь иргэний бүртгэлд намайг Бадам гээд ээжээр овоглосон байсан юм байна лээ. Өмнөговь аймгийн Архивын газраас нилээн их шүүж байж нэг БНМАУ-н ардын боловсролын яам хөдөө аж ахуйн мэргэжлийн сургуулийн захирлын дугаар 25 тушаалыг олсон. Тухайн үед намайг сургуульд сурч байхад зүгээр барилгын мэргэжил олгов гэсэн тушаал л гарч байсан шиг санагдаж байна. Ямар ч байсан надад ямар нэгэн үнэмлэх, диплом өгч байгаагүй. 2002 онд шиг санагдаж байна. Хорооллын эцэст амьдарч байхад үер урсаад манай гэр юу ч үгүй бүгд байхгүй болчихсон. Надад ямар ч бичиг баримтууд байхгүй болсон. /хх-ийн 74-75-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/

Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-23-р хуудас/

Өмнөговь аймаг Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаартай тодорхойлолт /хх-ийн 79-р хуудас/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 751 дугаартай тодорхойлолт /хх-ийн 87-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92, 93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Э, Г.А нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э, Г.А нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, металл хайгч багажийг ашиглан 1.2 грамм алт олборлосон  гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Э.Мягмарсүрэнгийн: “...Тухайн үед А ах машинаас хайгч барьж буугаад ухсан нүх рүү ороод хайгч тавьж үзээд алтыг олсон. Харин би нүхний дээр зогсож байгаад ухсан шороог гаргаж авсан. Тэгээд олсон алтаа жижиг цагаан саванд хийчихээд эргээд нөгөө нүхээ ухах гэж байтал цагдаа нар ирсэн...”, гэрч М.Түмэндэлгэрийн “...Ямар ч байсан нүхэн дотор байсан нэг залуу хайгчтай, гадна нь байсан бусад хүмүүс нь ямар нэгэн багажгүй. Машин дотор нь хүрз, жоотуу зэрэг харагдсан...”, гэрч Б.Балжирын “...би хажууд нь очиход сул шороон дээр хайгчаар алт хайж байтал надтай хамт явж байсан Г.А надад энд ийм алт олсон байна гээд чүдэнзний толгой шиг жижигхэн алт харуулахаар нь би харчихаад буцаагаад Ц.Ат өгсөн..., гэрч Ц.Аын: “...А гэх залуу хайгчаа бариад ухсан нүх рүү ороод алт хайж эхэлсэн. Тухайн алтаа А жижиг цагаан саванд хийгээд Очгийн машинд тавьсан..., гэх мэдүүлгүүд болон Геологийн төв лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжилгээний дүн, “Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №026 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, “Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №603 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм. Иймд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Иймд шүүгдэгч Б.Э, Г.А нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болно.

Шүүгдэгч нар нь ашиг хонжоо олох зорилгоор үйлдлээрээ санаатай нэгдэж тус гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь нотлогдсон тул бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын  хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Шүүгдэгч Б.Э, Г.А нар хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 92 дугаар хуудас/ гэснээр нотлогджээ.

Улсын яллагч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 1 жил 8 сарын хорих ял, шүүгдэгч Б.Эт 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Э, Г.А нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч нарын Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.Э нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90.400 төгрөгийн үнэ бүхий (1.1) грамм 915.44 сорьцтой алтыг Монгол банкны эрдэнэсийн санд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Gold monster 1000 загварын 3.000.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг, 5000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг, 7000 төгрөгийн үнэ бүхий жоотуу 1 ширхэгийг тус тус худалдан борлуулж, эдгээрийн үнийг  тус тус улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс “Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №514 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд метал хайгч /Голд монстер-1000/ нэгжийн үнэ 1.500.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 1.500.000 төгрөг гэж үнэлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э нь уг металл хайгч багажийг 3.000.000 төгрөгөөр худалдан авсан ба 1.000.000 төгрөгийг төлсөн талаараа мэдүүлж байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнэлгээ нь металл хайгч багажийн зах зээл дээр худалдан борлуулагдаж буй бодит үнээс хэт зөрүүтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх баримтлах үүрэггүй тул нотлох баримтаар үнэлэхгүй байхаар шийдвэрлэж, метал хайгч багажийг зах зээлээс худалдан авсан үнэ болох 3000.000 төгрөгөөр үнийг тооцож, энэхүү үнэлгээгээр худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү шийдвэрлэх нь шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага, холбогдох төлбөр хохирол зэрэгт нөлөөлөхгүй бөгөөд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.А, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Аыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Я овгийн Б-ын Эыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.Э нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90.400 төгрөгийн үнэ бүхий (1.1) грамм 915.44 сорьц алтыг Монгол банкны эрдэнэсийн санд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Gold monster 1000 загварын 3.000.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, 5000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг, 7000 төгрөгийн үнэ бүхий жоотуу 1 ширхэгийг тус тус худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Шүүгдэгч Г.А, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА