| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0102/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 106
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Т.Б,
Өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б зурхайч овгийн Т-ийн Бд холбогдох 2028000000117 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ........-ний өдөр Өмнөговь аймгийн .......... суманд төрсөн, эрэгтэй, ............ настай, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б зурхайч овгийн Т-ийн Б, регистрийн дугаар ......................,
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ................ сумын 1 дүгээр баг Эрдэнэ гүн гэх газарт гэртээ эхнэр А.Быг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Быг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр жоохон архи уусан байсан. Саахалт айлын залууг хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Эхнэрийн дүү нь 5.000.000 төгрөг авсан байснаас болсон. Би нээх архи уугаад байдаггүй. Би одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Буруутай үйлдэл хийсэндээ харамсаж байна. Гар хүрсэндээ харамсаж байна.
Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн нөхөр болох Т.Бтай гэр бүл болоод 8 жил болж байна. Энэ хугацаанд бид хоёр хүү, охин хоёртой болсон. Өмнөговь аймгийн ................................ гэх газарт оршин суудаг юм. 2020 оны 06 сарын 04-ний өдөр саахалт айлын А.Х орой 18 цагийн үед манай малтай нийлсэн малаа авах гэж ирээд Бтай нэг шил архи хувааж уучихаад Быг Х гэрт хүргээд өг гэсэн. Тэгээд манай нөхөр хүргэж өгөх гээд 23 цагийн үед явсан. Би хоёр хүүхдийн хамт гэрийнхээ гадаа унтаж байхад 00 цаг өнгөрч байхад Б согтуу хүрээд ирэхээр нь яах гэж архи уусан талаар асуутал чи дандаа намайг архи уухаар загнах юм гээд уурлаад танай дүү чинь машин авч ирнэ гэж 5.000.000 төгрөг авч яваад одоо машин байхгүй байна гээд миний энгэрээс зулгааж хоолой боож байшингийн хана руу шахаж байгаад намайг түлхэж унгаахад би унахдаа байшингийн хана толгойгоороо мөргөж унасан. Тэгээд би айсандаа чимээгүй гэртээ ороод унтсан. Өглөө болоход толгой маш их хүчтэй өвдөөд байхаар нь саахалт айлын Энхмаа руу цахим захидал /мессеж/ бичиж эмнэлэг дуудуулсан. Удалгүй эмнэлэг ирээд намайг сум руу очиж үзүүл гээд аваад явсан. Суманд ирээд намайг эмнэлэгт хэвт гэсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэж байхад хэсгийн төлөөлөгч дуудаж надаас мэдүүлэг авсан. Тэгээд аймагт очиж шүүх эмнэлэгт үзүүл гэсний дагуу нөхөр бид хоёр аймаг явж шүүх эмнэлэгт үзүүлсэн... Гэр бүлийн хэрүүл маргаан гарах үе бол байдаг... Толгойны зураг авахуулахад 100 гаруй мянган төгрөг гарсан, түүнийг манай нөхөр төлсөн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрсэн. Ямар нэг маргаантай зүйл байхгүй болсон тул энэ асуудлыг хурдан шийдүүлмээр байна. Цаг газар хэцүү гандуу манайх Хүрмэн суманд отроор явж байгаа учраас энэ асуудлыг хурдан дуусгах хүсэлтэй байна... 3 жилийн өмнө 2017 оны 07 дугаар сард Б алдсан адуундаа явсан хойгуур нь бороо ороод мал бутарч алга болоод араас нь явах гэсэн унаагүй байсан болохоор Б руу утасдаад хурдан ир гээд ярьсан чинь удалгүй ирээд тэр хол адуунд явж байхад араас дуудаад гэд уурлаад намайг тэр үед нэг алгадаж байсан. Гуталтай хөлөөрөө өшиглөсөн юм байхгүй, би гэрчээр мэдүүлэг өгөхдөө уурлаж бухимдсан байсан болохоор өшиглөсөн гэж мэдүүлсэн юм. Баруун нүдний хугархай бол урьд нь өвдөг байсан. 8 настайд байхдаа хадан дээр тоглож яваад хальтарч унахдаа нүүрээрээ унахдаа хамраа гэмтээж байсан гэмтэл. Одоо хүртэл өвддөг энэ гэмтэл бол Бы учруулсан гэмтэл биш. /хх-ийн 08-10, 11-12-р хуудас/
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн нутаг Зааргын сухайт гэх газарт оршин суудаг бөгөөд манай саахалт айл Т.Бы 98272766 дугаарын утаснаас 2020 оны 06 сарын 05-ны өглөө “эмнэлэг түргэн дуудаарай хө” гэсэн цахим захидал /мессеж/ ирсэн. Тэгэхээр нь тухайн дугаар руу эргээд залгатал холбогдох боломжгүй байхаар нь манай гэрээс ертөнцийн зүгээр хойшоо 2 км-т байрлах Быд очтол түний эхнэр Б нь гэрийнхээ зүүн талд ор зассан хоёр хүүхдийн хамт хэвтэж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал “шөнө манай нөхөр Б зодсон” гээд уйлаад хэвтэж байсан. Улмаар би тухайн хүнээс яах уу гэж асуутал “надад эмнэлэг дуудаад өгөөч миний толгой хагарах гээд байна” гэхээр нь би 98268004 гэсэн өөрийнхөө дугаараас сум дундын эмнэлгийн их эмч С эмчид дуудлага өгсөн. Түүний дараа би Баас нөхөр чинь хаана байгаа талаар асуухад гэрт унтаж байгаа гэсэн. Тэгээд би гэр рүү нь ороход Б нь орон дээрээ унтаж байхаар нь сэрээгээд “яагаад эхнэрээ зодсон талаар асуухад” надад ямар нэгэн үг дуугарахгүй байж байгаад гэрээс гараад мотоциклио асаагаад явах гэхээр нь би түлхүүрийг нь аваад “чи айл саахалт байж яагаад найзынхаа үгэнд ордоггүй юм бэ” гэж асуухад “би хэзээ чиний найз байсан юм” гэж хэлэхэд мал руугаа явган алхаад өгсөн. Өөр болсон зүйлгүй... Хэрэг болсны маргааш нь Бтай уулзаж ярилцахад “манай нөхөр намайг дандаа битүү цохиж үсдэж зоддог, хүн харахад ямар ч гэмтэл шархгүй зоддог” гэж ярьж байсан. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч М.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн гэр бүл нь хамт амьдраад 8 жил гаруй болж байгаа бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй. Бын дагавар нэг охин байдаг ба тэр нь Хүрмэн суманд эмээ дээрээ амьдардаг. Тухайн Б дээр нөхцөл байдлын үнэлгээ хийж уулзаж ярилцахад гэр бүлийн маргаан нь архидан согтуурахаас болдог бөгөөд хэрүүл маргаан нь эдийн засаг, нэг нэгнийхээ үгнээс зөрүүдэлдэг байдлаас болж нэг маргалддаг. Бтай уулзаж ярилцахад “миний уур гэнэт хүрч, юу хийснээ дараа мэддэггүй” гэж ярьсан ба яагаад уурласан талаар асуухад “Б нь дандаа миний үгнээс зөрүүдэлж, өөрөөр юмыг хийх гээд байдаг, эсвэл миний хийснийг эсэргүүцээд байдаг, тэрнээс болж миний уур гэнэт хүрдэг” гэж ярьж байсан. Миний ойлголтоор тухайн гэр бүл нь амьдралын боломжтой, өөрсдийн гэсэн 100 гаруй малтай, өөрсдийн гэсэн байшин, өвөлжөө бууцтай бөгөөд эхнэр Б нь сумаас зохион байгуулсан 2 төсөлд хамрагдаж хувиараа хөдөлмөр эрхэлдэг боломжтой айл. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. /хх-ийн 18-р хуудас/
Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 05-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Ноён суманд гэрт байж байхад үед өглөө 07-08 цагийн үед тухайн эмнэлгийн сувилагч ажилтай Э “толгой өвдсөн гэсэн зовиуртай дуудлага ирлээ” гэхээр нь би эмнэлгийн тээврийн хэрэгсэлтэй сумаас урагшаа 35 гаруй км-т байрлах Б гэх айлд очсон. Тухайн айлд ороход гэрт нь нөхөр Б болон 2 хүүхэд эхнэр Бын хамт байсан бөгөөд би толгой өвдсөн гэх Быг эмнэлгийн анхны үзлэг хийхэд өвчтөн сандарч айсан, уйлсан байдалтай байсан ба яагаад толгой өвдсөн талаар асуухад “нөхөртөө шөнө зодуулсан” гэж хэлсэн. Улмаар тухайн өвчтөнг үзэхэд нүдэнд ил харагдах зүүн гарын шуун дээр 2 ширхэг жижиг хөхрөлттэй, хүзүүний арьс бага зэргийн зулгаралттай байсан. Тэгээд би өвчтөнг эмнэлгийн байгууллагад авч ирж болсон зүйлийн талаар цагдаагийн байгууллагад журмын дагуу мэдэгдсэн... Намайг тухайн айлд ороход цус нөж гарсан зүйл байхгүй, модон шүүгээний нэг тал цөмөрсөн ба өөрөөр эвдэрч гэмтсэн зүйл ажиглагдаагүй. /хх-ийн 19-р хуудас/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хүмүүсийг би танина. Б нь манай төрсөн эгч бөгөөд Б нь манай хүргэн ах. Тэр хоёр нь хамт гэр бүл болоод 8 жил болж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн .................... суманд оршин суудаг. Манай эгч Б нь надад хүчирхийлэлд өртсөн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, зүгээр мал отроор нүүлгэх гэсэн юм гээд намайг дуудуулсан. /хх-ийн 20-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №356 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Бын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гавал тархины тодосгогч бодисгүй КТГ-ын шинжилгээгээр баруун ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал оношлогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. /хх-ийн 22-р хуудас/
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ байж байхад орой 18 цагийн үед саахалт айлын А.Х манай гадуур байсан малаа авах гээд ирсэн. Манай эхнэр А.Хийг ойрд ирээгүй гээд 0,5 граммын Ерөөл нэртэй архи гаргаж өгсөн. Тэгээд А.Х бид хоёр хувааж уучихаад гарч эхнэр бид гурав манай хоньтой нийлсэн байсан А.Хийн малыг ялгаж малыг нь гэрийнх нь зүг рүү тууж явуулчихаад буцаж гэрт ороод, А.Х бид 2 Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво нэгийг хувааж уугаад А.Х би их согтсон байна намайг гэрт хүргээд өг гэхээр нь 22 цагийн үед гэрт нь хүргэж өгчихөөд буцаад 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн эхнэр хүүхдүүд унтчихсан байсан. Тэгээд гэр рүү орох гэсэн чинь эхнэр намайг гэр дотроос нэг юм аваад өг гэхээр нь би согтуу байсан болохоор сонсоогүй гэрт орчихоод гараад ирсэн чинь эхнэр уурлаад намайг архи уулаа гээд загнаад байхаар нь миний уур хүрээд заамдаж аваад байшингийн хана руу түлхчихсэн юм. Тэгсэн эхнэр толгойгоороо байшингийн хана руу саваад уначихаар нь би очоод одоо орондоо ороод унт гэсэн чинь толгой, зүрх өвдөөд байна гэж байгаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 08 цагийн үед саахалт айлын Энхмаа хүрч ирээд намайг эхнэрээ яагаад зодоод байгаа юм гээд загнаад байхаар нь би малаа харах гээд овоо руу гараад малаа харж байгаад Энхмааг явахаар нь гэрт ирээд эхнэрээ сумын төв рүү очиж толгойгоо үзүүлэх үү гээд ярилцаад байж байсан чинь сумын эмнэлгийн машин ирээд эмч О.Ц сум руу авч явахаар боллоо гээд эхнэрийг аваад явсан. Би хоёр хүүхэдтэйгээ үлдээд маргааш нь сум руу очоод эхнэртэйгээ уулзчихаад хэсгийн төлөөлөгч Г.Д уулзсан чинь бичиг баримт бүрдүүлээд ир гэсэн. Тэгсэн амралтын өдөр байж таараад 1 дэх өдөр ир гэсэн. Тэгээд буцаж хөдөө очиж байж байгаад 1 өдөр төлөөлөгч Г.Д уулзсан чинь чи эхнэрээ аймаг руу авч яваад биеийг нь Шүүх эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд 06 дугаар сарын 08-ны өдөр аймагт ирээд 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд шинжээч эмчийн дүгнэлт гарсан эхнэрийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл гарсан байсан. Эхнэр намайг архи уухаар аашлаад загнаад байхаар нь би уурлаад гар хүрч ганц хоёр удаа алгадаад авсан юм. Бас дүү нь манайхаас мөнгө зээлчихээд өгөхгүй удаагаад тэрнээс болоод гэрт хэрүүл үл ойлголцох асуудал гарсан... Би 3 жилийн өмнө Хүрмэн суманд отроор ирчихсэн байж байгаад Ноён сум руу адуугаа авах гээд явсан чинь эхнэр араас залгаад эзгүйгээр чинь бороо ороод хамаг мал уруудаад явсан араас нь явах унаа алга гээд хурдан ир гэхээр нь буцаад ирсэн чинь мал бүрэн зүгээр байсан. Тэгээд тэр хол газраас худлаа хэлж дуудлаа гээд ганц хоёр алгадаж байсан. Өөрөөр зодож цохиж байсан асуудал байхгүй. /хх-ийн 31-33-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 27-29-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 46-52-р хуудас/
Өмнөговь аймаг, Ноён сумын Сайран багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/
Сайран багийн иргэн Тогооч овогтой Б А дансны тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/
Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59-р хуудас/
Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ноён сумын 1 дүгээр баг Эрдэнэ гүн гэх газарт гэртээ эхнэр А.Быг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №356 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Бын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Гавал тархины тодосгогч бодисгүй КТГ-ын шинжилгээгээр баруун ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал оношлогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. /хх-ийн 22-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч А.Бтай 8 жил хамт амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Т.Б нь эхнэр А.Бын энгэрээс нь зулгааж хоолойг нь боож байшингийн хана руу шахаж түлхэж унагаах зэргээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Хохирогч А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “..Т.Бд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Нөхөр бид хоёр эвлэрч цаашид ямар нэгэн хэрүүл маргаангүй амьдрах болно” гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Б нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 35-р хуудас/ гэснээр, .................................... зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, хохирол төлбөр төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлчлүүлэгчийн маань хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 100.000 төгрөг хүлээн авсан ба одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч А.Бд 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б зурхайч овгийн Т-ийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч А.Бд 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА