Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 132/2018/01199/И |
Дугаар | 001/ХТ2018/01249 |
Огноо | 2018-09-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/01249
М.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02822 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 819 дүгээр магадлалтай,
М.Э-ын нэхэмжлэлтэй,
П.А-д холбогдох,
27.000 ам.доллар буюу 65.971.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.А нь 1998 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол зочид буудлын 908 тоот өрөөнд миний хоолойг боож 27.000 америк доллар дээрэмдсэн. Мөнгийг П.А- өөрийн гараар гардан авсан болох нь тухайн үед миний өгсөн мэдүүлгүүд тодорхой байгаа. Дээрмийн гэмт хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллага хөөцөлдсөн боловч баяраа тэмдэглэж байсан учир цаг хугацаа алдаж, цагдаагийн зарим албан хаагчийн хариуцлагагүй байдлаас болж мэдээллээ шуурхай өгөөгүй, хоцорч хил дээр очсон тул гэмт этгээдүүд амжиж, Алтанбулаг-Хиагтын боомтоор ОХУ руу нэвтрэн гарсан тул түүнийг баривчилж чадаагүй. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгаж, интерполоор эрэн сурвалжлуулах ажиллагааг хийж П.А-г ОХУ-ын Волгоград хотод орос эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгааг тогтоосон боловч баривчилж чадаагүй өнөөдрийг хүрсэн юм. Тухайн үед би Найман шарга төв дээр валютын ченж хийж байсан, хариуцагч нь их хэмжээний доллар солиулна гэж Баянгол зочид буудал дээр хууран аваачиж 27.000 долларыг минь дээрэмдэж их хэмжээний хохирол учруулсан хавтаст хэргийн материалаар бүрэн нотлогдсон. 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийг холбогдогч П.А- оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлж, 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дууссан тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Үүлэн 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж итгэж байсан, гэмт этгээд эх орондоо ирсэн байж болзошгүй сураг сонсоод өмгөөлөгч хөлслөн 2013 оноос хойш цагдаагийн бүх шатны байгууллага, прокурорын байгууллагаар удаан хугацаагаар хайсны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгон Нийслэлийн прокурорын газрын архивт хадгалсныг мэдсэн. Иймд П.А-гаас 27.000 америк доллар буюу 65.971.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож үл болно гэж заасан. Нэхэмжлэгч намайг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, 27.000 ам доллар дээрэмдсэн нь тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг тогтоосон, хэн нэгнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй. Бидний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, ямар нэг гэрээ хэлцэл, шүүхийн болон захиргааны шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02822 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар нэхэмжлэгч М.Э-ын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 27.000 ам доллар буюу 65.971.260 төгрөг гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч П.А-гаас 32.985.630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32.985.630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487.810 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 322.878 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 819 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэнгэлээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 322.878 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэнгэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд иргэн М.Батбаярын гэрчийн байцаалтад М.Батбаяр, М.Э-, өндөр туранхай цагаан залуу, Сурахбаяр нарын мөнгө “Бид нар нийлүүлээд 27.000 ам.доллар байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Энэ талаар иргэн М.Батбаяр, өндөр туранхай цагаан залуу, Сурахбаяр нараас тэднийг шүүхэд төлөөлж, нэхэмжлэл гаргах эрх М.Э-т олгогдоогүй. Энэхүү 27.000 ам.доллараас чухам хэн хэнд хэчнээн нь оногдохыг шүүх тогтоогоогүй. Учир нь дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 1998 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Монгол банкны валютын ханшийн мэдээгээр ам. долларын ханш нь 839.3 төгрөг байсан буюу 22.661.100 төгрөг дээрэмдүүлсэн байтал нийт 65.971.260 төгрөг дээрэмдүүлсэн хэмээн нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т зааснаар шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай шүүхэд болон шүүх хуралдааны үед ямар нэг хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь буруу. Шүүх энэхүү иргэний хэрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд П.А-д холбогдох эрүүгийн хэргийг 1998 оны 07-р сарын 17-ны өдрөөс 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл шалгасан байх тул энэ хугацаанд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөх хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан 5 жилийн хугацаатай хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй ба анхан шатны шүүхэд, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь энэ асуудлаар огт хүсэлт гаргаагүй байхад шүүх дээрх асуудлыг санаачилгаараа шийдвэрлэсэн нь буруу хууль зөрчсөн асуудал. Эрүүгийн хэргийн улмаас үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ, эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй, зэрэг заалтуудыг зөрчиж, иргэний хэргийн шүүхийн харьяаллын асуудал мэтээр төлөөлөгчийн эрхгүй нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын өөрт нь оногдох хөрөнгийн хэмжээг тогтоолгүйгээр Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэж, хууль бус шийдвэр, магадлал гаргасан гэж үзэн гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд дурдсан “Эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд" гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарт /2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, тогтоолын дугаар 15/ гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Түүнчлэн Улсын дээд шүүхийн тайлбарын 5.3-т “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагчаас өөр хүн хариуцахгүй тохиолдолд яллагдагчийг иргэний хариуцагчаар тусгайлан татах шаардлагагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-т эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй байхаар тогтоож өгсөн. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч П.А-гаас 27.000 ам доллар буюу 65.971.260 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл П.А- нь 1998 оны 7 дугаар сарын 17-ний өдөр ОХУ-ын иргэн Ермеленко Александр Николаевичтай бүлэглэн Баянгол зочид буудлын 908 тоот өрөөнд М.Э-ын хоолойг боож, 27.000 ам доллар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр түүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч тэрээр ОХУ руу оргон зайлсан тул хэргийг түдгэлзүүлж, эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан байх ба Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 497.2.-т зохицуулсан.
П.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь түүний бусдад учруулсан хохирлыг арилгахаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон гэм хор учруулснаас үүссэн үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зохигчийн хооронд үүссэн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, шийдвэр, магадлалд тодорхой тусгасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахдаа 1 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2443.38 төгрөгөөр тооцсон нь хууль зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02822 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 819 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэнгэлийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 332.878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ