Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0017

 

   Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б. А-гийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга, Боловсрол соёл урлагийн газарт холбогдох

            “Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2018/0017/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч БСУГ дарга Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие Булган аймгийн Сэлэнгэ сумын Бүрэн дунд сургуулийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалтанд тэнцэж, аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 31-ны өдрийн Б/41 тоот захирамжаар томилогдон ажиллаж байтал аймгийн Засаг дарга З.Батзориг нь 2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн 1.1.1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэж сэлгэн ажиллуулах санал  тавьж, 5 сургуулийн захирлыг  буюу Бугат,  Сэлэнгэ, Хангал сум, Хялганат баг,  Булган аймгийн Спортын төрөлжсөн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудыг өөр хооронд сэлгэн намайг 2017 оны 3-р сарын 30-ны Б/30 тоот захирамжаар Сэлэнгэ сумын сургуулийн захирлын ажлаас чөлөөлж Бугат сумын суурь боловсролын сургуулийн захирлаар томилон сэлгэн ажиллуулсан билээ.

Ажлаас чөлөөлөх захирамжиндаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 буюу харилцан тохиролцсон заалтыг үндэслэсэн бөгөөд тохиролцохдоо Бугат сумын суурь боловсролын сургуулийн ажлыг сайжруулах, шинэ арга барил менежментээр шинэчлэн удирдан ажилла гэсэн үүрэг даалгаврыг надад өгч 2 жил ажиллаад Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуульд буцаан ажиллуулна гэж тохиролцсоны дагуу аймгийн Засаг дарга З.Батзориг, Б.А нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан /Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр энэ гэрээнд заасан ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд шилжүүлэн ажиллуулж болно гэсний дагуу (Боловсрол, соёл, урлагийн газартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр сургуулийн захирлыг солилцох, сэлгэн ажиллуулах) сэлгэн ажилуулахаар тухайн өдрөө Бугат сумын суурь боловсролын сургуулийн захирлаар томилсон.

Бугат сумын суурь боловсролын сургуульд хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байгаад 2 жилийн дараа Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байранд буцаан ажиллуулах байсан атал Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байр, одоо сэлгэн ажиллуулж байгаа Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газраас 2018.06.27-ны 1/181  албан тоотоор  сонгон шалгаруулалт зарлах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг Булган аймгийн Засаг дарга хүлээн авч 2018.09.03-ны өдрийн 01/1112 албан тоотоор хариу ирсний дагуу сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаа эхэлж, Боловсрол Соёл , урлагийн газрын 2018.09.17-ны өдрийн А/25 тоот "Ажлын хэсэг байгуулах тухай" тушаал гаргаж,

2018.10.04-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд хэд хэдэн сургуулийн захирлын ажлын байранд сонгон, шалгаруулалт зарлагдаж байгааг 2018.10.15-ны өдөр сургуулийн Bugatsurguuli9@ gmail.com цахим хаягт ирүүлснийг мэдэж, Булган аймгийн Засаг даргад 2018.10.17-ны өдөр сонгон шалгаруулалт хууль бус болох, хүчингүй болгох гомдлыг гаргасан боловч албан ёсоор бичгээр хариу өгөөгүй ба уг гомдлыг Боловсрол соёл, урлагийн газарт хамааралтай гомдол байна гэж үзэж , манай хэлтэст цохогдон ирсэн байна гэж Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Т утсаар хэлж 2018.10.23-ны 14 цагт ирнэ үү гэсний дагуу уг албан тушаалтантай очиж уулзахад Засаг дарга тухайн сонгон шалгаруулалтыг явуул гэсэн.Тиймээс таны гомдлыг хүлээж авах боломжгүй байна гэж хариу өгсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

 

БСУГ-аас 2018.10.25-нд сонгон шалгаруулалтыг зарлан явуулж, дахин сонгон шалгаруулалтыг 2018.12.21-ний өдөр явуулахаар    болсон нь миний эрх ашигт илтэд халдсан намайг хохироосон үйл ажиллагаа гэж үзэж байна.

Учир нь энэ сонгон шалгаруулалтын талаар урьдчилсан мэдэгдлийг 1 ч удаа өгөөгүй бөгөөд Аймгийн Засаг дарга Б/35 захирамжиндаа "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 37-р зүйлийн 37.1.1 дэхь заалт /харилцан тохиролцсон/, харилцан тохиролцохдоо Хөдөлмөрийн гэрээний 3.1-д ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд сэлгэн ажиллуулж болно гэсэн заалтаар Бугат сумын сургуулийн захирлаар сэлгэгдэн ажилласан, энэ заалтыг Б/30 захирамжиндаа тусгасан нь дээрх тохиролцоог баталгаажуулж байна.

Харин 2 сургууль хоёулаа сул орон тоо, сонгон шалгаруулалт зарлана гэж тохиролцоогүй.

Бугат сумын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг би эргээд ажлын байрандаа томилогдоно гэдгээр энэхүү захирамжийг зөвшөөрсөн бөгөөд хэрвээ миний үндсэн ажлын байрыг сул гэж тооцоод 14 хоног дотор сонгон шалгаруулалт зарласан бол би гомдлоо хуулийн дагуу шүүхэд гаргах байсан.

Гэтэл дээрх 5 сургуулийн захирлууд 1 өдөр ижил үндэслэлтэйгээр хоорондоо сэлгэн ажиллахаар томилогдсон нь /аль нэг сургуульд гаднаас өөр хүн захирлаар томилогдоогүй/ миний бөгөөд бусад 4 захирлын тухайн үед гомдол гаргахгүй байх үндэслэл юм. Энэ нь 5 захирлын бие биенээсээ хамааралтай ажилд томилогдсон захирамжаас харагддаг.

Гэтэл жил гаруй хугацааны дараа сонгон шалгаруулалтанд тэнцэж хуулийн дагуу томилогдсон захирлын ажлыг тасралтгүйгээр гүйцэтгэж байхад миний хамаарал бүхий ажил болон бусад 4 сургуульд сонгон шалгаруулалт зарласан үйл ажиллагаа нь "Захиргааны Ерөнхий хууль"-ийн   47-р зүйлийн 47.1.6 дахь заалт, Аймгийн Засаг даргын Б/35 захирамжийн үндэслэл, Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэхь заалтаа илтэд зөрчсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Мөн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тoo нь “сул орон тоо" гэх үндэслэлгүй бөгөөд Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн 1.1.1-ийн 5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэхь заалтыг хэрэгжүүлж, Сэлэнгэ сумын сургуулиас, Бугат сумын сургуульд, Сэлэнгэ сумын ЕБС-ийн захирлаар Б.Ш мөн гэрээний заалтаар сэлгэгдэж түр ажиллаж байгаа бөгөөд жил гаруй хугацааны турш тэр ажлын байр сул орон тоо гэсэн ямар нэгэн баримтыг Засаг дарга бидэнд мэдэгдээгүй учир Сэлэнгэ сумын сургуулийн захирлын ажил миний үндсэн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа.

Ийм учраас Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгож, миний эрх ашгийг хамгаалж, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн тогтоож  өгнө үү гэжээ.

 

Аймгийн Засаг дарга З.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.А-гийн  гаргасан өргөдөлтэй танилцлаа. Сэлэнгэ сумын Бүрэн дунд сургуулийн захирал Б.А-г Булган аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 30-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлөх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтууд болон талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт байсан өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Б.А-н Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас чөлөөлж, аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 30-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар Бугат сумын Суурь боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Дээрх захирамжуудад Б.А нь гомдол гаргаагүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамжийн дагуу Бугат суманд очиж ажилласан.

Сэлэнгэ сумын Бүрэн дунд сургуулийн захирал ажил олгогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь тухайн албан тушаалыг сул орон тоо гэж үзэх үндэслэл болсон.

Түүнчлэн Бугат сумын сургуулийн захирал мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, тухайн сургуулийн захирлын ажлын байр сул орон тоо болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох үүрэг өгсний дагуу уг сул ажлын байруудыг зарлах тухай албан бичгийг Боловсрол, соёл урлагийн газарт өгсөн болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 30-ны өдрийн Б/30, Б/35 дугаар захирамжуудад Б.А-г Сэлэнгэ сумын сургуулийн захирлаар эгуүлэн томилох тухай ямар нэгэн заалт байхгүй.

2018 оны 08 сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг захирал, эрхлэгч нар хийх үед аймгийн Засаг дарга захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа сургуулийн захирлын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаараа мэдэгдсэн болно. /энэ талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй/

Сонгон шалгаруулалт зарлах гэж байгаатай холбогдуулж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох, уулзалт зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, хувийн хэрэг бүрдүүлэх зэрэг ажиллагаа хийгдээгүй нь үнэн.

Аймгийн Засаг дарга, Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нарын 2016 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалт нь "Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр энэ гэрээнд заасан ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд шилжүүлэн ажиллуулж болно." гэсний дагуу талууд харилцан тохирсоны дагуу ажлаас чөлөөлсөн.

Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор Бугат, Хангал, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны сургуулиудын захирлуудыг шилжүүлэн ажиллуулсан.

Б.А-г сонгон шалгаруулалтад тэнцсэн ажлын байрнаас нь талууд харилцан тохирсны үндсэн дээр уг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн, Бугат сумын суурь боловсролын сургуулийн захирлын сул ажлын байрны сонгон шалгаруулалтад Б.А нь ороогүй учраас тухайн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж хүчин төгөлдөр байгаа, дээрх чөлөөлсөн, томилсон аймгийн Засаг даргын захирамжинд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан, сул ажлын байруудад хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг зарласан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч  Боловсрол Соёл Урлагийн Газрын дарга Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сэлэнгэ, Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад "сул" орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай,  миний үндсэн ажлын байр болох Сэлэнгэ сумын ЕБС-ийн захирлын ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тайлбар 1: Сэлэнгэ сумын сургуулийн хувьд тухайн үед буюу 2017 онд ажиллаж байсан Б.А нь 2017 оны 3 сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/30 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Чөлөөлсөн захирамжийг гардан авч ажлаа хүлээлцсэн.

Тухайн үед аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжийг хүлээн авч гомдол гаргах эрх нь сургуулийн захирал байсан Б.А-т байсан бөгөөд шинэ ажлын байр болох Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байранд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байранд түр томилсон учир Б.А нь тухайн үед 2014 онд зөвхөн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэн, томилогдсон.

Иймд бид Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрыг сул ажлын байр гэж үзэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулсан.

Б.А-г ажлаас чөлөөлөхдөө: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэхь заалт буюу "Талууд харилцан тохиролцсоноор" хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

2. Боловсролын тухай хуулийн 30.1.15 дахь заалт буюу аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын   сургуулийн   захирал,   цэцэрлэгийн   эрхлэгчийг  томилох тэдгээрийг үр дүнгийн  гэрээний  хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн челөөлсөн.

 3.  Аймгийн Засаг дарга, Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирал нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт буюу сэлгэн ажиллуулж болно гэж чөлөөлсөн.

            Дээрх 3 үндэслэлийг баримтлан ажлаас чөлөөлөхөд Бугат сумын ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн, сэлгэн ажиллуулна гэсэн зүйл заалт байхгүй байна.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах гол үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн "32.1, Гамшгийн эрсдэлийг бууруулах. хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно.",

"33.1. Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно".

"34.1. Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ".

Төрийн албаны тухай хуулинд төрийн жинхэнэ албан хаагчийг тус хуулийн 22 дугаар зүйлд зааснаар сэлгэн буюу шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалтыг барихыг хэлнэ гэж хуулинд тодорхой заажээ.

Иймд төрийн үйлчилгээний албан хаагчдад сэлгэн ажиллах хуулийн зүйл заалт байхгүй байна.

Тайлбар 2: Б.А-н гаргасан нэхэмжлэлийн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байр хадгалагдаж үлдсэн гэж үзэх үндэслэл нь ажлаас чөлөөлөх аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжийн үндэслэл 37.1.1 дэх заалтаар үгүй болсон.

Иймд бид сул орон тоо гэж үзэн Сэлэнгэ сумын ЕБС-ын захирлын сонгон шалгаруулалтыг давхар зарласан болно.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Төрийн албаны зевлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолыг баримтлан сул ажлын байруудыг олон нийтэд нээлттэй зарлан сонгон шалгаруулалт явуулсан.

Б.А нь Сэлэнгэ сумын захирлын ажлын байрнаас тухайн үед чөлеөлөхөд татгалзсан зүйлгүй, өргөдөл гомдол гаргаагүй. Ингэснээр Аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга Б.А нарын Сэлэнгэ сумын сургуулийн захирлын албан тушаал дахь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж Сэлэнгэ сумын сургуулийн захирлын ажлын байрыг А-н ажлын үндсэн байр гэж үзэх боломжгүй юм гэв.

Гуравдагч этгээд Б.Ш шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Булган аймгийн Бугат сумын ЕБС-ийн захирал Б.А-н гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг гуравдагч этгээдээр татан оролцуулах шүүгчийн захирамжийг гаргажээ.

Миний бие Б.Ш нь тус аймгийн Бугат суманд сургалтын менежерээр ажиллаж байгаад 2011 оны 01 дүгээр сард аймгийн Боловсролын газраас зохион байгуулсан Хангал сумын сургуулийн захирлын сул оронд тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтанд 2 хүний хамт оролцон шалгарч тэр үеийн журмын дагуу Хангал сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 01-ний 19 дүгээр захирамжаар Хангал сумын ЕБС-ийн захирлаар томилогдсон.

Үүнээс хойш уг ажлыг 6 жил гаруй хугацаанд хийж байгаад Булган аймгийн Засаг даргын Сэлэнгэ, Хангал, Бугат сум, Хялганат тосгоны сургуулийн болон Булган сумын Спортын сургуулиудын захирлуудыг сэлгэн ажиллуулах шийдвэрийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс Сэлэнгэ сумын ЕБС-ийн захирлаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Энэ хугацаанд намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хөрөнгө орлогын шинэчилсэн мэдүүлгийг авлигатай тэмцэх газарт хянагдаж хариу ирэх хугацаанд гэж ойлгуулсан.Ийм дүрэмтэй юм билээ.

Одоо Хангал сумын сургуулийн захирлаар миний адил сэлгэн ажиллуулахаар томилогдсон Х.Т 2018 оны 10 сарын 25-ны өдрийн сонгон шалгаруулалтанд оролцон жинхэлсэн байгаа.

Б.А гаргасан нэхэмжлэлийнхээ дагуу Сэлэнгэ сумын сургуулийн захирлаар эргүүлэн тогтоогдвол Б.Ш миний эрх зөрчигдөнө гэж үзэж байна.

Миний бие Б.Ш нь Хангал сумын болон Сэлэнгэ сумын сургуулийн захирлаар 2011 оны 02 дугаар сарын 01-нээс одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.

Миний бие А-г зөвхөн сонгон шалгаруулалт зарлуулсантай холбоотой нэхэмжлэл гаргаад байгаа юм байх гэж ойлгож явсан, Сэлэнгэ сумын сургуулийн захирлаар томилуулахаар нэхэмжлэл гаргасныг сая шүүхэд ирж гуравдагч этгээдээр татагдан хэргийн материалтай танилцахдаа мэдлээ.

Би Сэлэнгэ сумын сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдвал оролцож, Сэлэнгэ сумандаа  ажиллах хүсэлтэй байна  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А нь Булган аймгийн Засаг дарга болон Боловсрол соёл урлагийн газарт холбогдуулан Бугат, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудад сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгож, өөрийн үндсэн ажлын байр болох Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

2. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.  

3. Б.А нь 2014 онд ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд орж, тэнцэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж, Булган аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/41 дүгээр захирамжаар Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 4 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдож, Аймгийн Засаг даргатай /2016 оны сонгуулиар шинээр сонгогдсон/ 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажиллаж байсан болох нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газрын 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1/48 дугаарын албан бичиг[1], Аймгийн Засаг даргын 2014-03-31-ний Б/41 захирамж[2], Хөдөлмөрийн гэрээ[3], оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” ойлгоно гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “хууль тогтоомж, хамтын болон Хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгална” гэж тус тус заасан бөгөөд

 Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1.1 дэх заалт буюу “Боловсролын салбарын удирдах ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, заах аргыг сайжруулах замаар боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлнэ” гэсэн зорилтын хүрээний 5 дахь заалтад “Сургууль багш, БСУГ харилцан зөвшилцсөний үндсэн дээр сургуулийн удирдлага, багш нарыг солилцох, сэлгэн ажиллуулах, хөрш болон бусад орнуудын сургуулиудтай багш солилцох ажлыг зохион байгуулах” ажил гүйцэтгэхээр төлөвлөснөө хэрэгжүүлж

Булган аймгийн Засаг дарга З.Б  нь Хангал, Сэлэнгэ, Бугат зэрэг сумдын Ерөнхий боловсролын сургуулийн захиралтай Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.3-т заасан Хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллахдаа мөн хуулийн 21.6-д заасны дагуу 3.1 заалт буюу “...гэрээнд заасан ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд шилжүүлэн ажиллуулж болно./сургуулийн захирлыг солилцох, сэлгэн ажиллуулах/” гэсэн заалт оруулж, /харилцан үүрэг хүлээж тохиролцон/

2017 оны 3 дугаар сард Булган аймгийн 5 сумын сургуулийн захирлуудыг хооронд нь Хөдөлмөрийн гэрээний 3.1 заалтын дагуу сэлгэн ажиллуулахаар тэдэнтэй тохиролцож,  

Сэлэнгэ сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.А-г Бугат суманд, Хангал сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан энэ хэргийн гуравдагч этгээд Б.Ш-г Сэлэнгэ суманд тус тус сэлгэн ажиллуулахаар ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1 заалтыг баримтлан өмнөх ажлаас чөлөөлж, шинэ ажлын байранд нь түр орлон гүйцэтгэгчээр томилсон болох нь Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр[4], түүний хэрэгжилтийн тайлан[5], А-г Сэлэнгэ сумын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн Аймгийн Засаг даргын Б/30 захирамж[6], Бугат сумын сургуулийн захирлаар түр томилсон Б/35 дугаар захирамж[7], Бугат сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “”сургуулийн захирлын ажил хүлээлцэх ажлын хэсэг томилох тухай” гээд ” Бугат сумын сургуулийн захирал Х.Т ажлаасаа чөлөөлөгдөж өөр суманд ажиллах болсон тул захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.А нарын ажлыг хүлээлцэх..” гэсэн  А/28 дугаар захирамж[8], гуравдагч этгээд Б.Ш-г Сэлэнгэ сумын сургуулийн захирлаар түр томилсон Б/32 дугаарын захирамж[9], гуравдагч этгээдийн тайлбар[10], Аймгийн ИТХ-аас ирүүлсэн “Засаг даргын Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн “Бугат, Сэлэнгэ, Хангал, Хялганат, Спортын дунд сургуулийн захирлуудыг 2016 оноос эхлэн үе шаттайгаар сэлгэн ажиллуулж байна” гэсэн тайлан[11],  хариуцагч Аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн “..сургуулиудыг үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор Бугат, Хангал, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулсан” гэх тайлбар[12] зэргээр нотлогдож байх ба , өмнөх ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.7-д зааснаар хадгалагдсан гэж үзэхээр байна.  

 Өмнөх албан тушаалаас чөлөөлсөн болон шинэ албан тушаалд түр томилсон захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

5. Аймгийн Засаг дарга эдгээр сургуулийн захирлуудтай тохиролцож, өөр сургуульд сэлгэн ажиллуулсан болон өмнөх ажлаас чөлөөлсөн захирамждаа холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох”-оор заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно” гэж удирдах албан тушаалтантай зэрэгцсэн гэрээ  байгуулахыг хуулиар хориглосон тул А-г Бугат сумын сургуулийн захирлаар сэлгэн ажиллуулахдаа өмнөх Сэлэнгэ сумын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан Хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 37.1.1, Хөдөлмөрийн гэрээний 3.1 буюу “сэлгэн ажиллуулж болно” гэсэн заалтыг баримтлан харилцан тохиролцож дуусгавар болгож, Бугат, Сэлэнгэ, Хангал зэрэг сумдын сургуулийн захирлуудыг сэлгэхээр болж ажлын байр нь түр эзгүй болсон учир мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ ...ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно.” гэж заасны дагуу А-г Бугат сумын, Б.Ш-г Сэлэнгэ сумын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон болох нь дээрх байдлаар /үндэслэх хэсгийн 3-4/ нотлогдсон, эдгээр ажлын байруудад сул орон тоо гараагүй гэж үзэхээр байна.

6. Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь Боловсролын тухай хуулийн 30.1.15-д зааснаар Аймгийн Засаг дарга байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ.” гэж заасанчлан сонгон шалгаруулах захиалгыг сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн Засаг дарга Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэхээр журамлагдсан ба нэхэмжлэгч А-н болон гуравдагч этгээд Ш-н ажлын байранд сул орон тоо гараагүй, аймгийн Засаг даргаас төрийн албаны зөвлөлд сул орон тооны талаар захиалга хүргүүлээгүй, харин Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас Төрийн албаны салбар зөвлөлд захиалга хүргүүлж, зарлуулан сонгон шалгаруулалт явуулсан  болох нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “ Боловсрол соёл урлагийн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргын боловсруулсан зарыг салбар зөвлөл хянаж үзээд Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн цахим хуудаст байршуулсан болно” гэсэн 95 дугаарын албан бичиг[13], түүний хавсралтууд, БСУГ даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/25 дугаар тушаал[14], БСУГ даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/290 дугаарын албан бичгээр ирүүлсэн “...Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, ТАЗ-ийн 60 дугаар тогтоолыг баримтлан сул ажлын байруудыг нийтэд нээлттэй зарлан сонгон шалгаруулалт явуулсан” гэх тайлбар[15] зэргээр нотлогдож байна.  

 7. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлд зааснаар Аймаг, нийслэлийн боловсролын газрын даргад “сургуулийн захирлыг томилж чөлөөлөх, түүний сул орон тоог нөхөх ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг салбар зөвлөлд хүргүүлэх” эрх олгогдоогүй байхад БСУГ дарга нь эрх хэмжээгээ хэтрүүлж, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/182 дугаарын албан бичгээр[16] Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, мөн өдрийн 1/181 дугаарын албан бичгээр[17] Булган аймгийн Засаг даргад “ Хангал, Бугат сум, Хялганат тосгон, Булган сумын 1,3, Спортын төрөлжсөн сургалттай ЕБС захирлууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тул сонгон шалгаруулалт явуулах зөвшөөрөл, чиглэл өгнө үү” гэсэн хүсэлт хүргүүлж шаардсаны дагуу Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр 03-ны өдрийн “Булган аймгийн Бугат, Хангал сум, Хялганат тосгон, Булган сумын ерөнхий боловсролын 1, 3 дугаар сургууль, Спортын мэргэжлийн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулья” гэсэн 01/1112 дугаарын албан бичгийг[18] БСУГ-т хүргүүлсэн, эдгээр албан бичгүүдэд Сэлэнгэ сумын сургуулийн захирлын ажлын байрны талаар тусгагдаагүй болох нь дээрх албан бичгүүд болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

8. Гэтэл Аймгийн Боловсрол соёл урлагын газраас Төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгч Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст Булган аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар 2018 оны 10 дугаар сарын 04-нд “Булган аймгийн Булган сумын 1,3-р сургууль, Спортын сургалттай төрөлжсөн сургууль, Бугат, Хангал, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг”[19], 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн захиалгаар Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг[20] тус тус зарлуулан эхний сонгон шалгаруулалтыг 10 дугаар сарын 25-нд явагдахад Сэлэнгэ сумын сургуулийн захирлын ажлын байранд хүн бүртгүүлээгүй, Бугат сумын сургуулийн захирлаар өмнө нь ажиллаж байсан Х.Т өөрийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Хангал сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн, Бугат сумын сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцогч бүртгүүлсэн боловч шалгалтанд тэнцээгүй нь дээрх зарууд, БСУГ-аас ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалууд[21], оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна. 

9. Ийнхүү БСУГ–аас Бугат, Сэлэнгэ, Хангал сумдын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулах захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлан явуулсан үйл ажиллагаа нь Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор баталсан дээрх журмыг зөрчсөн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол захиргааны акт илт хууль бус болно” гэж заасны дагуу БСУГ-аас “Бугат, Сэлэнгэ сумын сургуулийн захирлын сул орон тоог нөхөх ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг салбар зөвлөлд хүргүүлж, дээрх ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлан явуулсан үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэхээр, сонгон шалгаруулалт зарлуулсан  үйл ажиллагаа болон уг сонгон шалгаруулалтаас үүсэх үр дагавар нь ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байгаа нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөр байна.

10. Хариуцагч Булган аймгийн Засаг дарга нь 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд Сургуулийн захирлуудыг Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлан сэлгэн ажиллуулсан захирамжууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, дээрх ажлын байруудад сул орон тоо гараагүй, энэ талаар яригдаагүй байхад нь Аймгийн  БСУГ дарга Б.Э “ Хангал, Бугат сум, Хялганат тосгон, Булган сумын 1,3, Спортын төрөлжсөн сургалттай ЕБС захирлууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тул сонгон шалгаруулалт явуулах зөвшөөрөл, чиглэл өгнө үү” гэсэн албан бичиг хүргүүлж, Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О болон хариуцагч БСУГ дарга нар нь Хөдөлмөрийн хуульд төрийн үйлчилгээний албан хаагчийг сэлгэн ажиллуулах тухай заалт байхгүй, Хөдөлмөрийн хуулийн 37.1.1-ээр өмнөх албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр сул орон тоо гарсан гэж үзэж уг сул орон тоонд 2018 оны 258 дугаар тогтоолын дагуу түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлуулсан гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна.  

11. Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай”  258 дугаар тогтоолын 1.5-д “төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх, сонгон шалгаруулалтын дагуу удирдах албан тушаалтнуудыг томилох”-ыг үүрэг болгосон нь Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон хүмүүст хамааралтай байх бөгөөд Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хангал сумдын сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаал, захиралуудыг Аймгийн Засаг даргаас сургуулийн захиралтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1 заалтыг үндэслэн сэлгэн ажиллуулахаар тохиролцож томилогдон ажиллаж байгаа, уг ажлын байруудад сул орон тоо гараагүй нь нотлогдсон тул 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж сонгон шалгаруулалт зарлуулсан гэх хариуцагчийн  тайлбар үндэслэлгүй  байна.

12. Нэхэмжлэгч Б.А нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Бугат сумын сургуулийн захирлаар томилогдон, 2018 онд Бугат сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ[22] байгуулан ажиллах хугацаанд ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй, одоог хүртэл сайн ажиллаж байгаа болох нь Аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/200 захирамжаар[23] “ур чадварын нэмэгдлийн 15 хувиар 2017 оны 1 сарын 01-нээс эхлэн олгох”, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны А/238 “2017 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг 39 хувиар олгох” захирамж[24], Бугат сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 “үр дүнгийн гэрээгээ 96 хувийн биелэлттэй дүгнүүлсэн гэж цалингийн 90 хувиар үр дүнгийн урамшуулал олгох” захирамж[25], Аймгийн Засаг даргын А/233[26] “2018 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 33 хувиар олгох”, 2018 оны Б/46[27] “2018 оны 1-7 сар дуустал хугацааны үр дүнгийн урамшуулал 20 хувь”, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” А/574 дугаарын захирамжаар[28] 2018 оны 7-12 сар дуустал 20 хувь,  2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” А/583 дугаарын захирамжаар[29] 2018 оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал 30 хувиар тус тус  нэмэгдэл, урамшуулал аван ажиллаж байгаа, уг албан тушаалын сул орон тоо гарах нөхцөл бүрдээгүй, Булган аймгийн Засаг даргын нэхэмжлэгчийг Бугат сумын сургуулийн захирлын албан тушаалд сэлгэн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2017 оны 3 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаартай захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

13. Нэхэмжлэгч Булган аймгийн Бугат сумын сургуулийн захирал А, гуравдагч этгээд Сэлэнгэ сумын сургуулийн захирал Б.Ш нар нь ажлаа зохих ёсоор гүйцэтгэж, уг ажлын байрны сул орон тоо гараагүй байхад Аймгийн Засаг дарга нь эдгээр сургуулийн захиралд ямар нэг байдлаар мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, БСУГ-т сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу явуулах тухай сул орон тоо хаана хаана хэрхэн гарсан талаар ямарч нотлох баримтгүй, албан бичиг хүргүүлж, БСУГ-аас сонгон шалгаруулалт зарлуулсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйл “нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах”, 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох” өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох, 27 дугаар зүйлийн 27.6-д заасан “сонсох ажиллагааны явц үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус гэж үзэхээр байна.

14. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг хэрхэн хэрэгжүүлсэн ямар ажиллагаа явуулсан талаар Засаг даргаас албан бичгээр удаа дараа шаардсан боловч тайлбар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, тэр талаар нотлох баримт байхгүй, сул орон тоо гарсан гэдгийг зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 37.1.1-д заасныг баримтлан ажлаасаа чөлөөлөгдсөн захирамж гарснаар л сул орон тоо гэж үзсэн гэж тайлбарлаж байгаагаар дээрх ажиллагаа хийгдээгүй гэдэг нь тогтоогдож байна. 

А-г Сэлэнгэ сумын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгах тухайд:

15. Б.А нь Сэлэнгэ сумын сургуулийн захирлаар Аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/41 захирамжаар томилогдон ажиллаж байгаад мөн Засаг даргатай тохиролцож Бугат сумын сургуулийн захирлаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс сэлгэн ажиллаж байгаа бөгөөд Бугат сумын сургуулийн захирлаар өмнө нь ажиллаж байсан Х.Т нь өөрийн хүсэлтээр, Аймгийн БСУГ-аас зарлан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр явуулсан /өөрийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажиллаж байсан/ гуравдагч этгээд Б.Шинэбаярын үндсэн ажлын байр болох Хангал сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд оролцож тэнцсэн болох нь Бугат сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн “Ажил хүлээлцэх ажлын хэсэг томилох тухай” А/28 захирамж[30], БСУГ-аас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Захирлуудын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай тэмдэглэл[31], сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэл[32], гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

16. Дээрх сонгон шалгаруулалтын асуудалтай хэн нэгэн этгээд маргаан гаргалгүйгээр Х.Т Хангал сумын сургуулийн захирлаар томилогдвол түүний үндсэн ажлын байр болох Бугат сумын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоо үүсч, сонгон шалгаруулалт зарлагдах нөхцөл байдал бий болох бөгөөд нэхэмжлэгч нь маргаантай ажлын байранд ажиллах, сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлгүй гэдгээ илэрхийлж, өмнө нь сонгон шалгаруулалтаар томилогдсон үндсэн ажлын байр болох Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар хадгалагдсан ажлын байр болох Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т зааснаар эгүүлэн томилохыг Булган аймгийн Засаг дарга З.Б-т даалгах нь зүйтэй байна.

            Шүүхийн зардлын тухайд:

17. Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” 48 дугаар зүйлийн 48.1-д “.Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно”  гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 120000488535 дугаарын дансанд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёл урлагийн газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгохоор шийдвэрлэлээ. Энэ хэрэгт хариуцагчаар оролцож буй Боловсрол соёл урлагийн газар нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдэлж, томилох эрх бүхий этгээдээс түр ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахыг шаардаж, сул орон тоо гараагүй байхад өөрөө захиалга өгч сонгон шалгаруулалт зарлан явуулснаараа нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг илүү их хөндсөн гэж үзэж УТХ-г БСУГ-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.4 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.6, 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 36 дугаар зүйлийн 36.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 281дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А-н  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг дарга, Аймгийн БСУГ-аас Бугат, Сэлэнгэ сумын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоо гараагүй байхад тус ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлан явуулсан үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, Б.А-г Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг Булган аймгийн Засаг даргад даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А-с Булган төрийн сангийн 120000488535 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх БСУГ-аас / БСУГ-аас/ 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА


[1] Хэргийн материалын 82-р хуудас

[2] Хэргийн материалын 104-р хуудас

[3] Хэргийн материалын 40-42-р хуудас

[4] Хэргийн материалын 47-р хуудас

[5] Хэргийн материалын 101-103-р хуудас

[6] Хэргийн материалын 17-р хуудас

[7]Хэргийн материалын 15-р хуудас

[8] Хэргийн материалын 146-р хуудас

[9] Хэргийн мэтериалын 48-р хуудас

[10] Хэргийн материалын 131-р хуудас

[11] Хэргийн материалын 162-164-р хуудас

[12] Хэргийн материалын 165-р

[13] Хэргийн материалын 141-143-р хуудас

[14] Хэргийн материалын 14-р хуудас

[15] Хэргийн материалын 36-37-р хуудас

[16] Хэргийн материалын 45-р хуудас

[17] Хэргийн материалын 46-р хуудас

[18] Хэргийн материалын 46-р хуудас

[19] Хэргийн материалын 11-13-рхуудас

[20] Хэргийн материалын 77-78-р хуудас

[21] Хэргийн материалын 122-125-р хуудас

[22] Хэргийн материалын 135-140-р хуудас

[23] Хэргийн материалын 49-50-р хуудас

[24] Хэргийн материалын 53-54-р хуудас

[25] Хэргийн материалын 55-56-р хуудас

[26] Хэргийн материалын 51-52-р хуудас

[27] Хэргийн материалын 57-р хуудас, ар тал

[28]Хэргийн материалын 58-р хуудас, ар тал

[29] Хэргийн материалын 59-р хуудас, ар тал

[30] Хэргийн материалын 146-р хуудас

[31] Хэргийн материалын 124-125-р хуудас

[32] Хэргийн материалын 123-р хуудас