Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 710

 

 “Бумбат хайрхан оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00151 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Бумбат хайрхан оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Энхбаатарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Ц.Гансүх

Хариуцагч  Б.Энхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Бумбат хайрхан оргил" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Энхбаатар нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Бумбат хайрхан оргил" ХХК-иас 3 200 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 800 000 төгрөгийг сарын хугацаатайгаар 4 хувийн хүүтэй зээлж авсан. Хариуцагч нь 2015 оны 6 дугаар сараас хойш зээлийн хүүгээ төлөөгүй. Бид 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч болон түүний эхнэртэй уулзаж, зээлийн хүүгээ 2.9 хувь болгон бууруулж, жилийн 1 400 000 төгрөгийн зээлийн хүүг үндсэн зээл 4 000 000 төгрөгийн хамт хариуцагч нь 2016 оны 6 дугаар сард цалингийн зээл авч, төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2016 оны 7 дугаар сард цалингийн зээл авч, үндсэн зээлээс 3 000 000 төгрөгийг төлсөн. Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг зээлийн хүү 1 400 000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр н.Даваасүрэнгээс 700 000 төгрөг 8 хувийн хүүтэй зээлж авсан. Cap бүр хүүг нь төлж явж байгаад 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 800 000 төгрөг нэмж зээлсэн. Ингээд 1 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр төлж байсан. Эхнэр бид хоёр модон эдлэл хийж зардаг байтал борлуулалт байхгүй болж хүү төлж чадахгүй болсон. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 800 000 төгрөгийг зээлж, урд төлөгдөөгүй хүүнээсээ төлж, анхнаасаа авсан мөнгөн дээрээ төлөгдөөгүй тасалдсан хүү нэмээд шинээр зээл авч байгаагаар гэрээ хийнэ гээд нотариатын мөнгө төлүүлж хийсэн гэрээгээ надад өгөөгүй. Үүнээс хойш 4 хувийн хүү төлж байгаад орлогогүй болж тасалдсан. Би "Эрчим дөл" ХХК-д ажилд орсны дараа цалингийн зээл авч төлөхөөр болж н.Даваасүрэн, н.Пүрэв хоёрт өөрсдийнх нь үгээр гэрээ үйлдэж, нотариатаар батлуулж байсан. 2016 оны 7 дугаар сард 3 000 000 төгрөг бэлнээр өгсөн, дараа модоор юм хийлгэнэ, тооцоо дууссан гээд гэрчилгээ өгөөд явцгаасан. Би авсан мөнгөө өгсөн, дээр нь хүү төлж байсан. Тэр хоёроос 2 300 000 төгрөг нийтдээ авсан. Үнэн байдал, мөнгө өгсөн авснаа худлаа бичиж өгсөн байна. Ломбардын бичиг нь хуурамч гарын үсэгтэй өөрсдөө бичсэн байна. Миний авсан мөнгө нийлээд 2 300 000 төгрөг, би 4 000 000 төгрөг аваагүй. Өөрсдийнх нь хэлсэн үгээр зааснаар нь бичиг үйлдэж байсан. Авсан мөнгөө төлсөн, хүү төлж байсан. Энэ байдлыг харгалзан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн заалтыг баримтлан хариуцагч Б.Энхбаатараас 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бумбат хайрхан оргил” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Иргэн н.Даваасүрэнгийн “Бумбат хайрхан оргил” ХХК-ийн ломбардаас 2012 оны 12 дугаар сард 700 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр авч /30 хоногийн/ сар бүрд хүүг нь төлж байгаад 2013 оны 5 дугаар сард 800 000 төгрөгийг нийт 1 500 000 төгрөгийг 30 хоногийн 8 хувийн хүү төлж байсан. Мөн 2015 оны 3 дугаар сард 800 000 төгрөг зээлсэн. Бүгд 2 300 000 төгрөгийг төлөгдөөгүй алданги хүү гэх мэт нийлүүлж бодоод шинээр зээл авч байгаагаар нотариатаар батлуулж гэрээ хийсэн. Нотариатын үйлчилгээний төлбөрийг надаар төлүүлсэн, надад хийсэн гэрээгээ өгөөгүй өөрөө аваад явсан. Нотариатаар батлуулах үед н.Даваасүрэнгээс нэг ч төгрөг аваагүй. 2016 онд цалингийн зээл аваад н.Даваасүрэн түүний эхнэр хоёрт 3 000 000 төгрөг гарт нь өгсөн, тооцоо дууслаа дараа модоор юм хийлгэнэ шүү гээд барьцаалсан гэрчилгээ /үл хөдлөх хөрөнгийн/-ийг өгөөд гар бариад явсан. Миний авсан мөнгө бүгд 2 300 000 төгрөг гэтэл анхан шатны шүүхэд 4 000 000 төгрөг авсан гэж худал мэдүүлээд 1 000 000 төгрөг гаргуулахаар болсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Бумбат хайрхан оргил” ХХК нь хариуцагч Б.Энхбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 400 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 4 000 000 төгрөг зээлж аваагүй, хүүг нэмж гэрээ хийсэн, зээлж авсан мөнгөө төлж дуусгасан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд  2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3 200 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 800 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ тус тус бичгээр байгуулсан тухай үйл баримт тогтоогдсон талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх-31-32/

 

Зохигчдын хооронд  байгуулсан, зээлийн гэрээ тус бүр нь Иргэний хуулийн, 282 дугаар зүйлийн 282.3,  286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Хариуцагч 4.000.000 төгрөг зээлж аваагүй, 2012 оны 12 сарын 20-ноос 2013 оны 05 сарын 02 хүртэлх хугацаанд нийт 2.300.000  төгрөг зээлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, тэрээр өөрийн татгалзлаа нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч хариуцагчид зээлийн гэрээний дагуу 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон хүү төлсөн баримтаар тогтоогдсон бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх 2 зээлийн гэрээнүүдийн үүрэгт хариуцагч нийт 4 160 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгчид хариуцагчаас үндсэн зээлд 3 000 000 төгрөг төлсөн, зээлийн хүү 160 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд 1 400 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үлдэгдэл 1 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

    

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

 

                          ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА                  

                                                                               

                                                                             Б.НАРМАНДАХ