Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 108

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.Б,  

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэ овгийн Баы Бт холбогдох 2028000000118 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .............. оны ........ дугаар сарын .......-ны өдөр .............. аймгийн ........... суманд төрсөн, эрэгтэй, ......... настай, дээд боловсролтой, уламжлалын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............................. оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Бэ овгийн Баы Б, регистрийн дугаар .....................,

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 6-9 тоотод Ч.Оын төмсөг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Быг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Бынд орж байгаагүй. Харин манай эхнэр бол ойр ойрхон л тэднийд орж гараад байдаг. Тэр хэрэг болохоос хэд хоногийн өмнө /яг хэзээ гэдгийг санахгүй байна/ нэг орой манай эхнэр гэртээ байж байгаад гараад алга болчихоор нь би эхнэрийг асуух гээд тэр Бын гэрт очсон чинь хаалга нь цоожтой байхаар нь тогшоод хаалгаа нээ хажуу айлын чинь хүн байна гэж хэлсэн чинь дотор нь хүн дуугараад байгаа хэр нь огт нээхгүй байсан. Түүнээс өөрөөр бол би хаалгыг нь нүдсэн зүйл байхгүй. Би Б гэх залуутай урьд нь огт уулзаж байгаагүй... Намайг хашаандаа орж ирэхэд Чинбат гэрийнхээ гадаа байсан. Тэгээд намайг хажуу талын хашаа руу ороход Чинбат гэр рүүгээ орсон байх. Хамт байгаагүй... Нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байж байсан. Манай нөхөр О хувиараа таксинд явж байсан. Тэгсэн чинь өдрийн 14 цагийн үед байх гэнэт манай баруун талын хашаанд хүмүүс чанга дуугараад юм түжигнэх чимээ гарахаар нь би гайхаад юу болж байгаа юм бол гээд гараад баруун хашаа руу харсан чинь С-гийн гэрийн үүдэн дээр түүний нөхөр гэх Б гэдэг залуу нь манай нөхрийн энгэрээс гараараа заамдаад барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь хөөе яаж байна гэсэн чинь тэр Б би танай нөхрийг алчих уу гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэсэн чинь Б манай нөхрийг тавьчихсан. Тэгээд манай нөхөр гэртээ ороод ирсэн. Тэгээд 1 цаг орчмын дараа манай нөхөр миний төмсөг нэг сонин болчихлоо юм гоожоод байх шиг байна, өвдөөд байна гэхээр нь би түргэн дуудаад түргэний машинаар эмнэлэгт очсон. Тэгээд эмнэлэгт мэс заслын эмч үзээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн... Би Б айлын хүмүүсийг олон жилийн өмнөөс танина. С гэдэг эмэгтэй нь өмнөх нөхөртэйгөө байхад таньдаг байсан. Харин тэр Б гэдэг нь тэр айлд ирээд 1 жил гаран болж байна. Би тэрийг танихгүй. Би Сайханзаяагийнд хааяа орж ярилцаж суудаг. Тэднийх хаалгаа таг хаачихаад дотроо ороод хаалгаа түгжчихсэн байж байдаг. Би тэднийд орохдоо хаалгыг нь нүдээд байхад нээж өгдөггүй болчихсон байсан. /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Бтай сүүлийн 1 жил гаруй хугацаанд хамтран амьдарч байгаа. Манай нөхөр байгаа юм. О нь манай хажуу талын хашааны айлын хөрш байгаа юм, сайн танилууд. Би нөхөр Бын эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 16-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Оын биед 2 талын цавь, хуухнаг, төмсөг, шодойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 18-р хуудас/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байж байгаад хашааны хаалгыг хүн нүдэхээр нь гэрээсээ гарсан чинь манай зүүн талын хашааны О гэдэг хүн орж ирсэн. Тэгэхээр нь яасан юу болсон юм гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд намайг багалзуурдаж авсан. Тэгэхээр нь би гарыг нь түлхэж тавиулсан. Тэгсэн чинь О над руу дайрах гэхээр нь би гэдэс хавьд нь хөлөөрөө жийгээд салсан. Тэгээд би гэр рүүгээ яваад орсон. Өөр зүйл болоогүй. О гэдэг хүн тэр хэрэг болохоос 5-6 хоногийн өмнө шөнө манай хашааны хаалгыг нүдээд байсан. Яах гэж байсныг нь мэдээгүй, би гарч уулзаагүй. Тэгэхдээ согтуу байх шиг байсан. Тухайн үед би Отай муудалцаж хэрэлдсэн зүйл байгаагүй. Тэр хүн өөрөө манай хашаанд орж ирсэн. Тэгээд намайг багалзуурдахаар нь гарыг нь тавиулчихаад би өшиглөсөн. Би гэртээ байхдаа 2 лааз пиво уусан байсан, тухайн үед согтоогүй байсан. /хх-ийн 37-38-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Өвчний түүх /хх-ийн 23-34-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 6-9 тоотод Ч.Оын төмсөг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Оын биед 2 талын цавь, хуухнаг, төмсөг, шодойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 18-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан“...Нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 10-11-р хуудас/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан” /хх-ийн 44-р хуудас/ гэсэн хэрэгт авагдсан баримтаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Бэ овгийн Баы Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА