Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 107

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: И.Б,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овгийн И-ийн Бад холбогдох 2028000000123 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ............... оны ........ дүгээр сарын ..........-ны өдөр Өмнөговь аймгийн ............. суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................................. оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Н овгийн И-ийн Б, регистрийн дугаар ...................,

Шүүгдэгч И овогтой Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7 дугаар гудамжинд Ч.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч И.Быг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч И.Б нь шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 10 цаг өнгөрч байхад би хамт ажиллаж байгаа М, Ууганаа, Б нартай хамт байрандаа пиво ууцгаасан. Тэгээд би Ууганаа, Б нарыг явцгаа одоо архи пиво чинь болно гэж хэлээд явуулсан. Тэгээд байж байтал өдөр 16 цаг болж байхад Б нь эргэж ирсэн. Тэгээд бид нараас таксины мөнгө өгөөтөх гадаа такси хүлээж байгаа гэсэн чинь манай бригадын ахлах М би яахаараа таксины мөнгө өгдөг юм гэсэн чинь би чамаас мөнгө авах ёстой биз дээ гэсэн. Тэгсэн чинь М ажлын хөлс мөнгө ороогүй байгаа чи яах гэж ирээд хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлчихээд Ууганааг нь утсаар дуудсан. Тэгээд удалгүй Ууганаа нь ирээд тэд нар гадаа юм яриад зогсож байсан. Тэгээд би дэлгүүрээс тамхи авах гээд гараад гудамжинд явж байсан чинь Б нь араас ирээд хөөе байж бай гэсэн. Тэгээд чи муу надтай үзнэ гэлүү гээд байхаар нь би чамтай юуг нь үздэгийн чи яасан гэж уурлаад байгаа юм, өглөө хөөж явуулсанд уурлаад байгаа юм уу гэж хэлсэн чинь шууд миний нүүр рүү мөргөсөн. Тэгсэн чинь миний ам, хамраас цус гарсан. Тэгээд би яаж байна чи гээд суусан чинь Б за гар баръя гэхээр нь би гар барьсан чинь татаж босгосон. Тэгснээ дахиад миний нүүр рүү мөргөөд хамар эвгүй болгочихсон. Тэгээд би буцаад гэр рүүгээ яваад гэртээ очиж нүүр, амныхаа цусыг угаачихаад цагдаад дуудлага өгсөн. Би Өмнөговь аймгийн төвд мод үржүүлгийн сургалтын төв барьж байгаа юм. Тэнд Б надтай хамт ажиллаж байгаа юм... Б миний нүүр рүү 2 удаа мөргөснөөс болж миний хамар мурийж хавдсан, 2 нүд хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй. Би гомдолтой байна, хамар эмчлүүлэх зардлыг нэхэмжилнэ, одоогоор хэдэн төгрөгийн зардал гарахыг нь мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу эмнэлгээс асууж байж зардлыг нь хэлнэ... Миний 2 нүд хавдаж хөхөрсөн байсан, мөн хамар руу мөргөснөөс болж хамрын хуучин хугарсан байсан гэмтлийг сэдрээж гэмтээсний улмаас одоо хамар их өвчтэй амьсгалахад хүндрэлтэй болсон байгаа. Эмчид үзүүлэхээр доторх зөөлөн эд нь гэмтсэн байна гэсэн учир Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. Би Улаанбаатар хотод очиж хамрандаа эмчилгээ хийлгэх, бариачаар толгойгоо бариулах зардал, ажилгүй байх хугацааны цалин зэрэг нийлээд 1.250.000 төгрөг болохоор байсан юм. Б надад 1.250.000 төгрөгийг эмчилгээний болон замын зардал гэж өгсөн байгаа. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 07-08, 09-10-р хуудас/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед О бид хоёр байрлаж байсан байрандаа байж байтал Б, У нар гар дрилл авъя гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан. Тэгээд би хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаад байрныхаа хажуу талын хаалганд байдаг айлд ороод уулзаж байж байгаад эргээд өрөөндөө орж ирсэн чинь О надад сая Уугантөр, Б хоёр ирээд энд архи пиво уух гээд байхаар нь би хөөгөөд явуулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд О бид хоёр хэвтэж байтал үдээс хойш 16 цагийн үед Б ганцаараа нилээн их согтуу орж ирээд надаас таксины мөнгө нэхээд байсан. Тэгэхэд нь би мөнгө байхгүй гэдгээ хэлсэн чинь би цалингаа авна чи надад өг гэхээр нь би ажлаа дуусгаж байж цалингаа авна гэж хэлсэн чинь өмнөөс мөнгө нэхэж агсраад байсан. Тэгэхээр нь би У нь утсаар яриад чи энэ хүнээ ирж ав агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд чи Быг дагуулаад хашааны гадаа гараад хамт зогсож байтал удалгүй Уугантөр ирэхээр нь би тэр хоёрыг үлдээгээд дотогшоо орсон. Тэгэхэд О дэлгүүрээс тамхи авна гээд гарч явсан. Тэгсэн чинь удалгүй О хамар амнаас нь цус гарчихсан орж ирээд Б намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд цусаа угаачихаад цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б бид хоёр хамт барилгын ажил хийж байгаад хамт ажиллаж байсан М, О нарынд очсон. Тэгээд тэндээ О, Б бид 3 гэрт нь пиво уусан. Тэгэхэд М хажуу талын айл руугаа орсон гэж байсан. Тэгээд О биднийг гэртээ байлгах дургүй бололтой гэр архи пиво уухгүй шүү гээд байхаар нь Б бид 2 хамт яваад Зүүнсайханд байдаг найзындаа очих архи пиво ууж байгаад би Зүүнсайханы багийн төв дээр очиж хүнтэй уулзаад байж байтал М над руу утсаар яриад Б ирчихсэн таксины мөнгө нэхээд байна согтуу байна гэхээр нь би Мынд очсон чинь Б гадаа байсан. Тэгээд би Быг аваад явах гэж байсан чинь Б гудамжаар хойшоо явчихаар нь би хашааны үүдэнд хүлээж байсан таксины жолоочид мөнгийг нь өгч явуулчихаад Бын араас очсон чинь Солонго дэлгүүрийн хажууд гудамжинд Отай хамт зогсож байсан. Тухайн үед Оын ам, хамраас цус гарчихсан Б намайг мөргөчихлөө гээд байж байхаар нь би Быг дагуулаад явсан. Б их согтуу байсан гуйвж яваад байсан. /хх-ийн 14-15-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Оын биед 2 нүдний дээд, доод зовхи, хамрын угийн болон дунд хэсгийн зөөлөн эдийн няцралт үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ч.Оын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-18-р хуудас/

Шүүгдэгч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 26-ны өглөө би Уугантөр, О нартай хамт барилгын ажил хийсэн. Тэгээд өдөр нь Дундсайханд байдаг нийтийн байранд Мынд бүгдээрээ очиж архи пиво ууцгаасан. Тухайн үед дөрвүүлээ нийлж 2.5 литрийн савлагаатай пиво 2 ширхэгийг уусан. Тэгээд Уугантөр бид хоёр тэндээс яваад Зүүнсайханд Уугантөрийн найз гэх танихгүй айлд очоод хоёулаа нийлж 2 шил архи, 2 пиво хувааж уусан. Тэгээд тэндээ согтоод тасарчихсан хаашаа явснаа, юу хийснээ санахгүй байгаа, нэг мэдэхэд би О, М нар дээр оччихсон таксины мөнгө нэхэж байсан. Тэгэхэд надад мөнгө өгөөгүй. Тэгээд түүнээс хойш юу болсноо санахгүй байна, нэг сэргэхэд эрүүлжүүлэхэд ирсэн байсан... Би тухайн үед Оыг мөргөсөн гэж О, Уугантөр нар хэлж байсан. Тухайн үед би согтсон байсан болохоор мэдэхгүй байна. /хх-ийн 30-31-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27-р хуудас/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хх-ийн 38, 56-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч И овогтой Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7 дугаар гудамжинд Ч.Оыг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Оын биед 2 нүдний дээд, доод зовхи, хамрын угийн болон дунд хэсгийн зөөлөн эдийн няцралт үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байна... Ч.Оын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-18-р хуудас/  гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Б надад 1.250.000 төгрөгийг эмчилгээний болон замын зардал гэж өгсөн байгаа. Одоо миний зүгээс ямар  нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 07-08, 09-10-р хуудас/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч И.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч И.Б нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан” /хх-ийн 39-р хуудас/ гэснээр, ......................................... зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 1.250.000 төгрөг хүлээн авсан ба одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Шүүх шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч И.Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.От 1.250.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Н овгийн И-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч И.Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.От 1.250.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА