| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0100/э |
| Дугаар | 2020/ШЦТ/105 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/105
2020/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж,
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: О.Б
Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О.Б, Т овогт Д.Ж нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инжинер мэргэжилтэй, Баруун наран уурхайд инжинер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилов хутагт Жамсранжавын гудамж, 23 дугаар байрны 71 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт О.Б /РД:АГ/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27-59 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Т овогт Д.Ж /РД:АГ/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б, Д.Ж нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутагт зам ангийн ухсан нүхэн дотор хохирогч Г.Б мал хулгайллаа гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний баруун ба зүүн ар талд, бүсэлхийн 2 талд, зүүн гарын бугалганы ар ба урд хэсэгт, 2 гуяны гадны дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Улаан толгой гэх газарт хохирогч И.А мал хулгайллаа гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч И.А өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 50 минутын үед миний утас руу Б гэх нутгийн ах залгаж, гараад ир, хашааны чинь ард байна гэхээр нь би гартал машиндаа суучих гэхээр нь суусан. Ж гэх залуу машин барьчихсан, Б хажууд нь суучихсан байсан. Тэгсэн намайг дагуулаад Ихтамир сумын Тайхар багийн нутаг, Улаан толгой гэх газар очоод намайг машинаасаа буулгаад Ж нь шууд гараараа миний нүүрлүү цохисон. Би хойш ухрахад Б нь ирж гараараа миний нүүрлүү 4-5 удаа цохиж, гэдэс рүү нэг удаа цохисон. Тэр үед Ж хажуу талаас нь миний 2 гуяруу ээлжлээд өвдөглөж зодсон. Тэгэхэд би газар унахад Б намайг бос гэхээр нь би босч чадахгүй байна гэхэд баашилж байна уу гээд нуруулуу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Намайг босоод иртэл Б нь миний үснээс зулгааж чирээд голын захад аваачиж толгой доош дараад хэргээ хүлээхгүй бол чамайг ална гэж дарамталж байсан юм. Би хулгай хийгээгүй гэдгээ хэлсэн чинь намайг босгосон. Тэгээд машиных нь хажууд очоод байж байтал Б хэлэхдээ миний алдсан адуунуудыг бүгдийг нь чи хулгайлсан. Дахиад миний адуунаас өнчин унага алга болвол би чамтай ярина шүү гэж хэлснээ намайг гараараа заамдаж татаад толгойгоороо мний нүүрлүү мөргөсөн. Тэгэхэд хамарнаас их цус гарсан юм. Б нь машинаасаа савтай ус гаргаж ирснээ миний цусыг угааж өгчихөөд гомдолтой байгаа бол цагдаад хэлж болно шүү гэж хэлээд намайг гэрт хүргэж өгчихөөд явсан юм. Тэгээд гэртээ ороод байж байтал толгой тархи өвдөөд болохгүй болохоор нь ээжийг дуудаж үзүүлсэн юм. Миний ээж эмч мэргэжилтэй юм. Тухайн үед ийм л асуудал болсон юм. Б нь 2019 оны 12 дугаар сард 4 тооны адуугаа хулгайд алдсан юм. Алдсан 4 тооны адуугаа намайг хулгайлсан гэж гүтгэж, дарамталж, хэргээ хүлээ гэж цохиж зодсон юм. Би Б адууг хулгайлсан зүйл байхгүй. Хамар, нүд хөхөрч хавдсан, толгой өвдөж байна. Мөн хоёр гуя хөндүүрлэж, өвчтэй болсон байна. Б, Ж нарыг нэг нутгийн хүмүүс болохоор танина. Төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,
*Хохирогч И.А дахин өгсөн: ...Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хийгээгүй мал хулгайлах гэмт хэрэгт гүтгэж миний бие махбодь, сэтгэл санаанд хохирол учруулсанд гомдолтой байна. Мөн Ихтамир сумын ард түмэнд намайг хулгайч гэж ойлгуулж, миний нэр төрд халдсанд би маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
*Гэрч Б.Д өгсөн: ..2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчим гэртээ байхад миний бэр болох С нь надруу утсаар ярьж И.А хүнд зодуулчихсан юм шиг байна. Та манайд хүрээд ир гэхээр нь би хүү И.А гэрт очсон юм. Тэгэхэд миний хүү И.А баруун талын нүд хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гарчихсан, толгой нь өвдөөд өндийж чадахгүй хэвтэж байсан. Би юу болсон юм, яагаад ийм юм болчихов гэтэл эхнэр С нь хэлэхдээ орой хүн утсаар яриад гараад явснаа ийм болчихоод ороод ирсэн гэж хэлсэн. Би И.А хэн чамайг дуудсан юм гэж асуутал Б, Ж хоёр намайг дуудаж машиндаа суулгаад сумын төвийн доохон талд Улаантолгой гэх газар аваачиж, намайг өөрийнхөө адууг хулгайлсан, хэргээ хүлээ гэж Ж гэх залуу барьж байгаад Б нь цохиж зодсон гэж хэлсэн юм. Сарантуяа нь намайг дуудахаасаа өмнө эмнэлгийн их эмч М дуудсан гэж хэлсэн. М эмч ажилтай болохоор ирж чадахгүй болж, тэгээд надад хэлсэн юм билээ. Баруун талын нүд нь хөхөр хавдсан, хамар нь хөхөрч хавдсан, хамарнаас цус гарсан байдалтай байсан. Толгой нь өвдөөд босч чадахгүй болчихсон байсан. Хоёр гуя нь өвдөөд явж чадахгүй байна гэж байсан. Тэгэхдээ гуя нь хөхөрч хавдсан зүйлгүй байсан. Миний хүүхэдтэй уулзсан юм бол хэл амаараа ярилцаж, ойлголцож, болохгүй байсан юм шиг санаатай оройн цагаар хүнгүй газар аваачиж хэргээ хүлээ гэж дарамтлан бүлэглэж цохиж зодсонд миний бие гомдолтой байна. Хэрвээ И.А хулгай хийсэн бол цагдаагийн байгууллага нь шалгаад тогтооно биз, Б гэдэг хүн хүнийг дарамталж, цохиж зодож, хэрэг хүлээлгэдэг болоогүй байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
*Гэрч Б.М өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр И.А эхнэр С надруу утсаар ярьж манай нөхөр хүнд зодуулчихсан байна. Толгой нь эргээд явж чадахгүй байна. Та ирээд үзээд өгөөч гэхээр нь би дуудлага ихтэй байна. Биеийн байдал нь гайгүй бол эмнэлэг дээр очоод үзүүлчих гэж хэлсэн юм. Тэрнээс би И.А биеийг үзээгүй. Би И.А хэнд зодуулсан талаар асуугаагүй, надад ч хэлээгүй болохоор мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,
*Гэрч Э.С өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны 19 цаг өнгөрч байхад И.А бид хоёр хүүхэдтэйгээ гэртээ байж байтал И.А утсаараа нэг хүнтэй яриад одоо гарлаа гээд гэрээс гараад явсан. Манай нөхөр гарч яваад удаад байхаар нь би утасруу нь залгатал холбогдох боломжгүй байгаад байсан. Дахиж 30 минутын дараа утас руу нь залгатал утас нь дуудаж байсан, И.А өөрөө ч гэртээ ороод ирсэн. Тэгэхэд миний нөхрийн хувцас нь шороо болчихсон, гутал нь цус болчихсон нүд, хамар хэсэг нь хөхөрч хавдчихсан байсан. Би юу болсныг асуухад хүнд зодуулчихлаа гэж байсан. Сумын төвийн доод тал руу хүнгүй газарт аваачиж зодсон гэж байсан. О.Б, Д.Ж нар нь манай нөхрийг адуу хулгайлсан гэж авч яван хэргээ хүлээ гэж цохиж зодсон байсан. Тэгээд би мандах эмчтэй ярьж дуудлага өгсөн боловч дуудлага ихтэй байгаад ирээгүй, утсаар зөвөлгөө өгсөн юм. Би хадам ээж Б.Д утсааар хэлж, хадам ээж ирж, өөрөө эмч болохоор И.А өвчин намдаах тариа хийж өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
*Гэрч Д.Ц өгсөн: ...О.Б миний том хүү болж 1984 онд мэндэлсэн. Ихтамир сумын ЕБС-ын сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж, Монгол Улсын Техникийн Их сургуулийг уул уурхайн инжинер мэргэжлээр төгсөж, нүүрсний уурхайд инжинер мэргэжлээрээ одоог хүртэл ажиллаж байна. Эхнэр С 2009 онд гэр бүл болж одоо 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байна. Хүнтэй зөв боловсон харьцдаг, ажилсаг, хөдөлмөрч хүүхэд, архи дарс хэрэглэдэггүй. Ажилдаа олон амжилт гаргаж байсан, хүмүүжилтэй хүн байгаа юм. Д.Ж нь төрсөн цагаасаа манайхтай нэг дор байж өссөн хүүхэд болохоор би сайн мэднэ. Ихтамир суманд бүрэн дунд боловсрол эзэмшиж, их сургуульд суралцаж эдийн засагч мэргэжилтэй болсон. Улаанбаатар хотод мэргэжлээрээ ажиллаж, гэр бүлийн хамт амьдарч байгаа. Эхнэр С гэр бүл болж, 2 хүүхэдтэй болсон. Бага байхын төлөв томоотой, хүнтэй эвсэг харьцаатай, ажилсаг, хөдөлмөрч, хүүхэд байсан. Одоо ч тэр зангаараа байдаг. Ер нь ямар нэгэн буруу, муу зүйл хийлээ гэж дуулаж байгаагүй. Өөрсдийн гэсэн болосрол мэргэжил эзэмшээд амьдарч байгаад жирийн нэг залуучууд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/, ‘
*О.Б яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг, Хужирт гэх газар байх ахынхаа гэрт 4 тооны адуу хулгайд алдсан болохоор ирсэн юм. Ойр орчмын хүмүүсээс сэжиг бүхий хүн юу байсан талаар сураглахад И.А нь адуу алга болсон шөнө манай адуу байсан газрын ойролцоо хүмүүстэй архи уусан байсан юм. Ер нь нутгийн хүмүүс А хулгай хийдэг гэсэн яриа байдаг болохоор би И.А цагдаад өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр И.А өөрөө уулзахаар шийдэж, Д.Ж хамт түүний утасны дугаарыг олж аваад гэрийнх нь газна очиж залгаж, гэрээс нь гаргаж ирээд машиндаа суулгаад Ихтамир сумын Тайхар багийн нутаг Улаантолгойн ойролцоо очиж, И.А алдсан адууныхаа талаар асуусан юм. И.А нь мэдэхгүй гэж хэлсэн. Би хэлэхдээ чамайг адуу алга болсон орой тэнд хүмүүстэй архи ууж байсан гэсэн, чамайг нутгий хүмүүс хулгай хийдэг гэж яриад байна, бас чи миний ахыг зодсон байна лээ гэж хэлсэн юм. Тэгсэн Д.Ж машинаас буугаад И.А гараараа нүүрлүү нь цохисон. Би ч уурандаа И.А гараараа, нүүр, гэдэс рүү нь нэг нэг удаа цохисон. Толгойгоороо нэг удаа нүүрлүү нь мөргөсөн. Хөлөөрөө 2 удаа бөгс орчимлуу нь өшиглөсөн юм. Тэгээд И.А ярилцаж байгаад гэрт нь хүргэж өгөөд явсан юм. И.А эмчид үзүүлж, эмчийн бичиж өгсөн эм, тариаг авч өгсөн байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай зардлыг өгөхөө илэрхийлж байна. Миний асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 хуу/,
* Д.Ж яллагдагчаар өгсөн: ...О.Б бид 2 эгч дүүсийн хүүхдүүд юм. Нутгийн хүнээс И.А адуу мал хулгайлсан гэж хэлсэн юм. Тэгэхээр нь О.Б ах бид 2 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ихтамир сумын төв орж И.А уулзаж асуухаар ирсэн юм. И.А хашааны гадна очоод утсаар нь О.Б ах дуудаж гаргаж ирээд машиндаа суулгаад сумын төвийн доохон талд Улаан толгой гэх газар очоод машинаасаа бууцгааж байгаад И.А-с О.Б “чи манай ахыг яагаад зодсон? Адуу мал хулгай хийхэд оролцсон уу” гэж асуусан. И.А би согтуудаа ахыг чинь зодчихсон байна лээ, харин адуу мал хулгай хийгээгүй гэж хэлсэн. Би миний ахыг зодсон гэхээр нь уурандаа И.А заамдаж байгаад түлхсэн юм. Хажуу талаас О.Б ах хоёр, гурван удаа цохисон байх. Би гуяруу нь 2 удаа өвдөглөсөн. Сүүлд нь О.Баянжаргал ах нүүрлүү нь толгойгоороо мөргөчихсөн юм. Тэгсэн И.А хамарнаас цус гарчихсан юм. Тэгээд цусыг нь угаагаад гэрт нь хүргэж өгөөд бид 2 гэртээ харьсан юм. Тухайн үед ийм л зүйл болсон. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй байна. Миний асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 хуу/,’
*Хохирогч И.А-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт:
- И.А-ийн биед тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учиржээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
- Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
- Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 24 хуу/,
*Хохирогч Г.Б өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны орой эмээгийнхээ гэрт байж байхад О.Б, Д.Ж нар ирж ирээд намайг гэрээс аваад гарсан. Машинд суулгаад сумын төвийн хойд талд байх зам ангийн ухсан нүхэн дотор орж зогсоод намайг машинаас буулгаад О.Б нь О.Б нь надаас хийсэн хэргээ мэдэж байна уу? гэж асуухлаа нь би ямар хэрэг гэтэл И.А, Ж.Ө хоёр чинь хэргээ хүлээсэн, чи одоо үнэнгээ ярь, ах нь чамайг үнэнгээ хэлчихвэл зүгээр орхиё гэж хэлснээ учиргүй алгадаад авсан юм. Тэгснээ О.Б, Д.Ж хоёр хоёулаа намайг нийлээд миний биеийн хаа хамаагүй газарт гар, хөлөөрөө олон удаа өшиглөж, цохиж зодсон юм. Би тэр үед та нар намайг ингэж нүдэж байхаар алчих гэж хэлж үзсэн. Тэгсэн Д.Ж нь миний 2 гарыг ард уяагаар уясан. О.Б нь хэлэхдээ наад юмныхаа хүзүүгээр нь уячих, машинаараа чирч ална гэж айлгаж, сүрдүүлэн машиныхаа хаазыг суртэй орилуулж байсан. Намайг хулгай хийсэн бол үнэнгээ хэл гэж дарамталж байснаа машиндаа суулгаад эмээгийн гэрт хүргэж өгсөн. Гэрт хүргэж ирчихээд намайг зүгээр үү гэж асуухаар нь би зүгээр гэж хэлчихээд гэртээ ороод унтсан. Маргааш нь миний биеийн нуруу, цээж, гар, хөл тэр чигтээ хөхөрч хавдсан байсан. Миний нүүрлүү цохиогүй. Тухайн үед ийм л явдал болсон юм. Би тухайн үед цагдаад хандаагүй, 5 хоног болсны дара миний эгч намайг зодуулсныг мэдээд цагдаад мэдэгдсэн. Тэр үед миний биед учирсан гэмтэл нь эдгэрч байсан юм. Намайг адуу мал хулгайлсан хэргээ хүлээ гэж цохиж зодсон юм. Би адуу мал хулгай хийгээгүй. Тухайн үед миний нуруу, цээж, хөл, гар зэрэгт олон хэсэг газарт хөхөрч хавдсан байсан. О.Б, Д.Ж хоёрыг нэг нутгийн хүмүүс болохоор нь танина. Төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Миний хувьд О.Б, Д.Ж хоёроос нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/,
* Гэрч Ц.О өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 17-ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд Г.Б манай гэрт байсан. Г.Б намайг гэртээ орж ирэхэд дээлээ өмсөх гэхэд нь нуруу нь хөхөрчихсөн харагдахаар нь би цамцыг нь сөхөөд хартал нуруу, цээж, гар зэрэг нь хөхөрчихсөн байсан. Би Г.Б юу болсон талаар асуухад эхлээд хэлэхгүй байснаа болсон явдлын талаар надад ярьсан юм. 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой гэртээ байхад нь О.Б, Д.Ж гэх 2 хүн машиндаа суулгаад авч яваад сумын төвийн арын зам ангийн ухсан нүхэн дотор орж зогсоод машинаасаа буулгаад О.Б гэх залуу нь чамайг манай адууг хулгайлсан гэж И.А, Ж.Ө хоёр хэлсэн, одоо чи хэргээ хүлээ гэж Д.Ж гэх залуутай нийлж гарыг нь ард нь уяагаа уяж байгаад цохиж зодсон. Хэргээ хүлээхгүй бол машинаар чирч ална гэж, чамайг энд булчихаад явна гэж айлгаж, дарамталж зодсон байсан ба миний дүү Г.Б энэ талаараа надад хэлээгүй нуусан байсан юм. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энэ талаар цагдаад гомдол гаргаж өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,
* Гэрч С.Б өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би сургууль дээр манаатай хоносон юм. Маргааш өглөө нь ажлаа тараад гэртээ харьтал манай эхнэр Г.Б дагуулаад аймаг орж эмчид үзүүлнэ гэхээр нь би юу болсон талаар асуухад Г.Б 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээс нь Д.Ж, О.Б гэх хоёр хүн авч гараад сумын төвийн арын зам ангийн ухсан нүхэн дотор оруулж байгаад зодсон гэж байсан. Г.Б нуруу, цээж, гар, хөл зэрэг нь хөхөрч, хавдсан байсан. Эхнэр бид 2 Г.Б дагуулаад цагдаад өргөдөл өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Г.Б өөрөө хэлэхдээ намайг адуу малыг нь хулгайлсан, хэргээ хүлээ гэж зодсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/,
*О.Б яллагдагчаар өгсөн: ...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би Г.Б алгадаж, өшиглөсөн нь үнэн. Г.Б нь 2018 оны хавар алга болсон танай адуунуудыг хэн авсаныг би мэдэж байгаа, авсан хүн нь тодорхой шүү дээ А, Ө хоёр оролцоотой шүү дээ, би адууг чинь гаргаж өгч чадна гэж манай дүү Б хамт архи ууж байгаад хэлсэн байсан юм. Энэ талаар би сонссон байсан болохоор 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө алга болсон адуунуудыг бас дээрх хүмүүс авсан байж магадгүй, Г.Б энэ талаар юм мэдэж байж магадгүй гэж бодоод 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой Ихтамир сумын Тайхар багийн нутаг Хужирт хороололд байх иргэн Г.Б уулзахаар гэрт нь ортол хоёр хүнтэй хамт архи уугаад сууж байсан юм. Хүмүүс байсан болохоор гараад уулзъя гэж дагуулж гараад машиндаа суулгаад Ихтамир сумын төвийн арын зам ангийн ухсан нүхэн дотор орж зогсоод өөрийн нь ярьсан зүйлийнх нь талаар болон тухайн үед алга болсон 4 адууныхаа талаар мэдэж байгаа зүйл байна уу гэж асуутал Г.Б надад мэдэх зйүл алга байхгүй та нар намайг хулгай хийсэн гэж гүтгэж байгаа юм уу, би тийм хулгай хийдэг хүн биш гэж орилж хашгираад байхаар нь би уурандаа нэг алгадахад газар унасан, тэгэхэр нь бөгсөн бие рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн Г.Б босч ирээд та нар ингэж байхаар намайг алчихаач гэж орилоод байхаар нь Г.Ж чи ямар бааштай юм гээд мөрнөөс нь угзараад газарт унагаасан юм. Ер нь Г.Б нь өөрөө их согтуу байсан болохоор гар хүрээгүй байхад газарт өнхөрч унаад байсан юм. Түүний дараа Г.Б би одоо үнэнээ хэлье даараад байна машинд суугаад яръя гээд машинд суугаад ярьсан нь “2018 оны хавар сумын төвд уяж тэжээж байсан миний хоёр морийг унаад хүнээс адуу аваад ирье гэж И.А унаад явсан, тэгсэн маргааш нь Ж.Ө над руу утсаар ярьж И.А унаж явсан хоёр морийг алдчихсан шүү гэж хэлсэн. Би хоёр морио хайж олоход нэг морь нь Ж.Ө эмээлтэй байсан юм. Тэр үед танай адуунууд алга болсон юм чинь тодорхой байхгүй юу” гэж хэлсэн юм. Тэгээд би Г.Б гэрт нь хүргэж өгөөд явсан юм. Г.Б ярьсанаас би И.А адуу мал хулгай хийсэн гэж хардах сэтгэл төрж тухайн үед уулзсан юм. Мөрнөөс нь татахад газар унасан. Өөр өшиглөж зодохыг хараагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 91-94 хуу/,
*Д.Ж яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О.Б ахтай хамт Г.Б уулзаж түүний ярьсан “2018 оны хавар алга болсон танай адуунуудыг хэн авсаныг би мэдэж байгаа, авсан хүн нь тодорхой шүү дээ И.А, Ж.Ө хоёр оролцоотой, би адууг чинь гаргаж өгч чадна”гэж манай ах дүү нарт ярьсан зүйлийг тодруулж асуухаар гэрт нь очсон юм. Гэрт нь ороход Г.Б өөрөө хоёр залуутай хамт архи уугаад сууж байсан юм. Г.Б дагуулж гараад асуух зүйл байна гэж хэлээд машиндаа суулгаад сумын төвийн арын зам ангийн ухсан нүхэн дотор орж зогсоод өөрийнх нь ярьсан зүйлийг болон 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө алга болсон 4 адууныхаа талаар мэдэх зүйл байна уу гэж асуухад Г.Б би мэдэхгүй та нар намайг хулгайч гэж байна уу би хулгай хийдэггүй гэж согтуурч орилж хашгираад байхаар нь О.Б ах нэг алдахад газарт унасан. Босч ирээд та нар намайг ингэж байхаар алчихаач гэж орилж хашгираад байхаар нь би чи яасан сүртэй юм гэж хэлээд Г.Б татаад газарт унагаасан юм. Г.Б газарт уначихаад уйлж байснаа одоо үнэнээ хэлье машинд сууж байгаад яръя гэсэн юм. Машинд суугаад Г.Б чи 2018 оны хавар алга болсон манай адуунуудыг хулгай хийсэн хүмүүсийг мэдэж байгаа гэж ярьсан байсан тэр хүмүүс чинь хэн юм бэ гэж асуухад “тэр үед А миний уяж тэжээж байсан хоёр морийг унаад явсан, маргааш нь Ж.Ө утсаар залгаад ярьж 2 морийг чинь алчихсан олж аваарай гэж хэлсэн. Тэгэхээр л тэх хоёр хулгай хйисэн байж таарна биз дээ гэх утгатай зүйл хэлсэн юм. Тэгээд өөр учир нь ойлгогдохгүй олон зүйл ярьж байсан. Тэгээд Г.Б гэрт нь хүргэж өгөөд явсан юм. Г.Б хэлсэн зүйлээс О.Б ах бид хоёр И.А, Ж.Ө хоёр манай адууг хулгай хйисэн гэж ойлголт авч И.А уулзсан юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. О.Б ах бид хоёр Г.Б уулзаж уучлалт гуйсан. Бид нар хоорондоо учраа ололцсон. Уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 хуу
*Хохирогч Г.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт:
- Г.Б биед тархи доргилт, цээжний баруун ба зүүн ар талд, бүсэлхийн 2 талд, зүүн гарын бугалганы ар ба урд хэсэгт, 2 гуяны гадны дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд учиржээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
- Тархи доргилт, цээжний баруун ба зүүн ар талд, бүсэлхийн 2 талд, зүүн гарын бугалганы ар ба урд хэсэгт, 2 гуяны гадны дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
- Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй,
- Цаашид амь насанд аюул учруулахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80 хуу/,
*Д.Ж урьд нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 хуу/,
*О.Б урьд нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 хуу/,
*Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 104хуу/,
*Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 106 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 110-112 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Б, Д.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б, Д.Ж нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутагт зам ангийн ухсан нүхэн дотор хохирогч Г.Б зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний баруун ба зүүн ар талд, бүсэлхийн 2 талд, зүүн гарын бугалганы ар ба урд хэсэгт, 2 гуяны гадны дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Улаан толгой гэх газарт хохирогч И.А зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Б, Д.Ж нар нь үйлдсэн болох нь:
Хохирогч И.А өгсөн: ...Тэгсэн намайг дагуулаад Ихтамир сумын Тайхар багийн нутаг, Улаан толгой гэх газар очоод намайг машинаасаа буулгаад Ж нь шууд гараараа миний нүүрлүү цохисон. Би хойш ухрахад Б нь ирж гараараа миний нүүрлүү 4-5 удаа цохиж, гэдэс рүү нэг удаа цохисон. Тэр үед Ж хажуу талаас нь миний 2 гуяруу ээлжлээд өвдөглөж зодсон. Тэгэхэд би газар унахад Б намайг бос гэхээр нь би босч чадахгүй байна гэхэд баашилж байна уу гээд нуруулуу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,
*Хохирогч И.А дахин өгсөн: ...Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хийгээгүй мал хулгайлах гэмт хэрэгт гүтгэж миний бие махбодь, сэтгэл санаанд хохирол учруулсанд гомдолтой байна. Мөн Ихтамир сумын ард түмэнд намайг хулгайч гэж ойлгуулж, миний нэр төрд халдсанд би маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
*Гэрч Б.Д өгсөн: ...Тэгэхэд миний хүү И.А баруун талын нүд хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гарчихсан, толгой нь өвдөөд өндийж чадахгүй хэвтэж байсан. Би юу болсон юм, яагаад ийм юм болчихов гэтэл эхнэр С нь хэлэхдээ орой хүн утсаар яриад гараад явснаа ийм болчихоод ороод ирсэн гэж хэлсэн. Би И.А хэн чамайг дуудсан юм гэж асуутал Б, Ж хоёр намайг дуудаж машиндаа суулгаад сумын төвийн доохон талд Улаантолгой гэх газар аваачиж, намайг өөрийнхөө адууг хулгайлсан, хэргээ хүлээ гэж Ж гэх залуу барьж байгаад Б нь цохиж зодсон гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
*Гэрч Б.М өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр И.А эхнэр С надруу утсаар ярьж манай нөхөр хүнд зодуулчихсан байна. Толгой нь эргээд явж чадахгүй байна. Та ирээд үзээд өгөөч гэхээр нь би дуудлага ихтэй байна. Биеийн байдал нь гайгүй бол эмнэлэг дээр очоод үзүүлчих гэж хэлсэн юм. Тэрнээс би И.А биеийг үзээгүй. Би И.А хэнд зодуулсан талаар асуугаагүй, надад ч хэлээгүй болохоор мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,
*Гэрч Э.С өгсөн: ...И.А өөрөө ч гэртээ ороод ирсэн. Тэгэхэд миний нөхрийн хувцас нь шороо болчихсон, гутал нь цус болчихсон нүд, хамар хэсэг нь хөхөрч хавдчихсан байсан. Би юу болсныг асуухад хүнд зодуулчихлаа гэж байсан. Сумын төвийн доод тал руу хүнгүй газарт аваачиж зодсон гэж байсан. О.Б, Д.Ж нар нь манай нөхрийг адуу хулгайлсан гэж авч яван хэргээ хүлээ гэж цохиж зодсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
*Хохирогч И.А биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 хуу/,
*О.Б яллагдагчаар өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр И.А өөрөө уулзахаар шийдэж, Д.Ж хамт түүний утасны дугаарыг олж аваад гэрийнх нь газна очиж залгаж, гэрээс нь гаргаж ирээд машиндаа суулгаад Ихтамир сумын Тайхар багийн нутаг Улаантолгойн ойролцоо очиж, И.А алдсан адууныхаа талаар асуусан юм. И.А нь мэдэхгүй гэж хэлсэн. Би хэлэхдээ чамайг адуу алга болсон орой тэнд хүмүүстэй архи ууж байсан гэсэн, чамайг нутгий хүмүүс хулгай хийдэг гэж яриад байна, бас чи миний ахыг зодсон байна лээ гэж хэлсэн юм. Тэгсэн Д.Ж машинаас буугаад И.А гараараа нүүрлүү нь цохисон. Би ч уурандаа И.А гараараа, нүүр, гэдэс рүү нь нэг нэг удаа цохисон. Толгойгоороо нэг удаа нүүрлүү нь мөргөсөн. Хөлөөрөө 2 удаа бөгс орчимлуу нь өшиглөсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 хуу/,
*Д.Ж яллагдагчаар өгсөн: ...Би миний ахыг зодсон гэхээр нь уурандаа И.А заамдаж байгаад түлхсэн юм. Хажуу талаас О.Б ах хоёр, гурван удаа цохисон байх. Би гуяруу нь 2 удаа өвдөглөсөн. Сүүлд нь О.Б ах нүүрлүү нь толгойгоороо мөргөчихсөн юм. Тэгсэн И.А хамарнаас цус гарчихсан юм. Тэгээд цусыг нь угаагаад гэрт нь хүргэж өгөөд бид 2 гэртээ харьсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 хуу/,
*Хохирогч Г.Б өгсөн: “...О.Б нь О.Б нь надаас хийсэн хэргээ мэдэж байна уу? гэж асуухлаа нь би ямар хэрэг гэтэл И.А, Ж.Ө хоёр чинь хэргээ хүлээсэн, чи одоо үнэнгээ ярь, ах нь чамайг үнэнгээ хэлчихвэл зүгээр орхиё гэж хэлснээ учиргүй алгадаад авсан юм. Тэгснээ О.Б, Д.Ж хоёр хоёулаа намайг нийлээд миний биеийн хаа хамаагүй газарт гар, хөлөөрөө олон удаа өшиглөж, цохиж зодсон юм. Би тэр үед та нар намайг ингэж нүдэж байхаар алчих гэж хэлж үзсэн. Тэгсэн Д.Ж нь миний 2 гарыг ард уяагаар уясан. О.Б нь хэлэхдээ наад юмныхаа хүзүүгээр нь уячих, машинаараа чирч ална гэж айлгаж, сүрдүүлэн машиныхаа хаазыг суртэй орилуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/,
* Гэрч Ц.О өгсөн: ...Г.Б намайг гэртээ орж ирэхэд дээлээ өмсөх гэхэд нь нуруу нь хөхөрчихсөн харагдахаар нь би цамцыг нь сөхөөд хартал нуруу, цээж, гар зэрэг нь хөхөрчихсөн байсан. Би Г.Б юу болсон талаар асуухад эхлээд хэлэхгүй байснаа болсон явдлын талаар надад ярьсан юм. 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой гэртээ байхад нь О.Б, Д.Ж гэх 2 хүн машиндаа суулгаад авч яваад сумын төвийн арын зам ангийн ухсан нүхэн дотор орж зогсоод машинаасаа буулгаад О.Б гэх залуу нь чамайг манай адууг хулгайлсан гэж И.А, Ж.Ө хоёр хэлсэн, одоо чи хэргээ хүлээ гэж Д.Ж гэх залуутай нийлж гарыг нь ард нь уяагаа уяж байгаад цохиж зодсон. Хэргээ хүлээхгүй бол машинаар чирч ална гэж, чамайг энд булчихаад явна гэж айлгаж, дарамталж зодсон байсан ба миний дүү Г.Б энэ талаараа надад хэлээгүй нуусан байсан юм. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энэ талаар цагдаад гомдол гаргаж өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,
* Гэрч С.Б өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би сургууль дээр манаатай хоносон юм. Маргааш өглөө нь ажлаа тараад гэртээ харьтал манай эхнэр Г.Б дагуулаад аймаг орж эмчид үзүүлнэ гэхээр нь би юу болсон талаар асуухад Г.Б 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээс нь Д.Ж, О.Б гэх хоёр хүн авч гараад сумын төвийн арын зам ангийн ухсан нүхэн дотор оруулж байгаад зодсон гэж байсан. Г.Б нуруу, цээж, гар, хөл зэрэг нь хөхөрч, хавдсан байсан. Эхнэр бид 2 Г.Б дагуулаад цагдаад өргөдөл өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Г.Б өөрөө хэлэхдээ намайг адуу малыг нь хулгайлсан, хэргээ хүлээ гэж зодсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/,
*Хохирогч Г.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80 хуу/,
*О.Б яллагдагчаар өгсөн: ... 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой Ихтамир сумын Тайхар багийн нутаг Хужирт хороололд байх иргэн Г.Б уулзахаар гэрт нь ортол хоёр хүнтэй хамт архи уугаад сууж байсан юм. Хүмүүс байсан болохоор гараад уулзъя гэж дагуулж гараад машиндаа суулгаад Ихтамир сумын төвийн арын зам ангийн ухсан нүхэн дотор орж зогсоод өөрийн нь ярьсан зүйлийнх нь талаар болон тухайн үед алга болсон 4 адууныхаа талаар мэдэж байгаа зүйл байна уу гэж асуутал Г.Б надад мэдэх зйүл алга байхгүй та нар намайг хулгай хийсэн гэж гүтгэж байгаа юм уу, би тийм хулгай хийдэг хүн биш гэж орилж хашгираад байхаар нь би уурандаа нэг алгадахад газар унасан, тэгэхэрэ нь бөгсөн бие рүү нь хоёр удаа өшиглөсөн.гэх мэдүүлэг /хх-ийн 91-94 хуу/,
*Д.Ж яллагдагчаар өгсөн: ...Г.Б дагуулж гараад асуух зүйл байна гэж хэлээд машиндаа суулгаад сумын төвийн арын зам ангийн ухсан нүхэн дотор орж зогсоод өөрийнх нь ярьсан зүйлийг болон 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө алга болсон 4 адууныхаа талаар мэдэх зүйл байна уу гэж асуухад Г.Б би мэдэхгүй та нар намайг хулгайч гэж байна уу би хулгай хийдэггүй гэж согтуурч орилж хашгираад байхаар нь О.Б ах нэг алдахад газарт унасан. Босч ирээд та нар намайг ингэж байхаар алчихаач гэж орилж хашгираад байхаар нь би чи яасан сүртэй юм гэж хэлээд Г.Б татаад газарт унагаасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Хохирогч И.А биед учирсан тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд, хохирогч Г.Б биед учирсан тархи доргилт, цээжний баруун ба зүүн ар талд, бүсэлхийн 2 талд, зүүн гарын бугалганы ар ба урд хэсэгт, 2 гуяны гадны дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний бие эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Д.Ж, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ж, О.Б нарын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Яллагдагч Д.Ж, О.Б нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 125-126 хуу, 127-129 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулах талаар эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ж, О.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учрууулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.Ж, О.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч О.Б, шүүгдэгч Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Б, шүүгдэгч Т овогт Д.Ж нарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Ж 600 нэгжтэй тэнцах хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Д.Ж нар нь шүүхээс оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Д.Ж нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Д.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Д.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ