| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0082/э |
| Дугаар | 2020/ШЦТ/84 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/84
2020/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Д холбогдох 2012............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... аймгийн ....... сумын ....... баг, .......... гэх газар оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Б.Д /РД:/
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө .........аймгийн ......... сумын ....... багийн нутаг, ............ гэх газраас хохирогч А.А эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012............. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.А-ын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед би ......... аймгийн ..............сумын Дойт багийн Хярын өтөг гэх газарт гэрийнхээ гадаа үхрээ бэлчээрээс нь хураагаад хотуулсан. Тухайн үед манай үхрүүд бүрэн байсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр сүргээс хар зүсмийн нас нийлсэн, зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй эр үхэр, улаан зүсмийн, шүдлэн насны, зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй 2 тооны үхэр байхгүй, дутсан байхаар нь хулгай авчихлаа гэж бодоод тухайн өдрөө, маргааш нь гээд 2 өдөр бүтэн 1 машин, 2 мотоцикльтой хайсан. Түүний маргааш өдөр нь Архангай аймгийн Хотонт сум дахь цагдаагийн тасагт ирэхэд манай алдсан 2 үхрийн толгой шир нь дүрээрээ цагдаагийн газарт байсан ба хулгай хийсэн гэх Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх залуутай уулзаж ярилцахад манай үхрийг хулгай хий, гаргаж, янзалснаа хүлээн зөвшөөрч миний 2 үхрийн төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн. Нас нийлсэн эр үхрээ 2.000.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 1.300.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Ямар нэгэн үүлдэр, угсаа байхгүй, жирийн монгол үхрүүд байгаа юм. Би насаараа мал маллаж байна. Тиймээс өөрийнхөө малын арьс толгой шууд л хараад таньсан. Дээрээс нь им нь зөв байсан. Б.Д гэх хүн хулгай хийснээ хүлээн зөвшөөрч, төлбөр мөнгийг нь өгсөн. 2 тооны үхрээ эрж хайхад зарцуулсанбензин тосны 150.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Гэрч Б.У өгсөн:
“Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Хярын өтөг гэх газар өвөлждөг юм. Тэгсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө гэрийн гадаа хураасан байсан үхрээс хар зүсмийн нас нийлсэн зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндөл итмэй эр үхэр, улаан зүсмийн шүдлэн насны зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндөл имтэй 2 тооны үхэр дутсан байхаар нь хулгай авчихлаа гэж бодоод тухайн өдрөө, мөн маргааш нь гээд 2 өдөр бүтэн 1 машин, 2 мотоцикльтой ойр хавийн нутгаар эрж хайгаад сураг чимээ огт гараагүй. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт сум дахь Цагдаагийн тасагт ирэхэд манай алдсан 2 үхрийн толгой, шир нь дүрээрээ цагдаагийн газарт байсан ба хулгай хийсэн хүн нь гээд манайхаас урд зүгт нутаглаж байгаа Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх залуу байсан ба түүнтэй уулзаж яагаад манай 2 үхрийг хулгай хийсэн талаар нь асуухад Б.д нь манай 2 үхрийг хулгайлсан хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрч 2 үхрийг маань гаргаж янзалсан гэдгээ ярьсан. Хулгай хийсэн 2 үхрийн төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн. Нас нийлсэн эр үхрээ 2.000.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 1.300.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Үүлдэр угшил гэх зүйл байхгүй. Нүдээрээ хараад л шууд таньсан, тугалан үхрүүд байгаа юм. Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх хүн хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
Гэрч Ц.Х өгсөн:
“Манайх Архангай аймгийн Хотонт сумын төвд байдаг, Хийдийн 3 тоотод оршин суудаг юм. Манай нутгийн Д гэх айл манай хажуу талд хөрш зэргэлдээ байдаг, хажуу талын хашааны айл байгаа юм. Д бид 2 найзууд. 2019 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Д гэртээ ганцаараа байсан. Эхнэр нь Архангай аймгийн төв явсан байсан. Д эхнэр нь аймгийн төв рүү ажлаар 7 хоногийн хугацаатай явсан байсан юм. Би хэзээ ирсэн талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан явсных нь дараа Д надад хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Гэрч Г.Б өгсөн:
“Би тухайн өдрүүдэд Архангай аймгийн төвд ажлаар явсан байсан. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн төв яваад эргээд 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн. Манай нөхөр Д гэртээ ганцаараа байсан. Намайг Архангай аймгийн төвд ажлаар явсан хойгуур бусдын үхрийг хулгай хийгээд хэрэгт холбогдсон байсан, би ирээд мэдсэн. Д бид 2 гэр бүл болоод 19 жил болж байна. Бид 3 хүүхэдтэй, албан ёсны гэр бүл болсон улсууд Манай нөхөр Д нь шулуун шударга зантай, олон хүнтэй нөхөрсөг, олон найз нөхөдтэй явдаг хүн байгаа юм. Тухайн үед ямар шалтгаанаар хулгайн хэрэгт холбогдох болсон талаар нь би сайн мэдэхгүй байна. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,
Гэрч Д.Б өгсөн:
“Би танина. Манай хажуу талын хөрш айлын хүн байгаа юм. Тухайн өдрүүдэд Д эхнэр Б нь Архангай аймгийн төвд ажлаар явсан байсан. Д гэртээ ганцаараа байсан. Тухайн үед эхнэр нь Архангай аймгийн төв рүү 7 хоногийн хугацаатай ажлаар явах гэж байгаа талаараа надад ярьж байсан юм. Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нь гэртээ байсан. Харин шөнө нь хаана байсан талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
Хөрөнгө, даатгал, хохирлын “ХАС” үнэлгээний ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 320 дугаартай “ нас нийлсэн эр үхэр 1, шүдлэн эр үхэр 1 нийт 2019 оны 12 дугаар сарын зах зээлийн байдлаар нийт 2000.000 төгрөг болохыг тодорхойлов гэх дүгнэлт /хх-ийн 39 хуу/, Хөрөнгө, даатгал, хохирлын “ХАС” үнэлгээний ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 319 дугаартай Б.Д хулгай хийхдээ унаж ашигласан морины зах зээлийн үнэлгээг гаргасан дүгнэлт /хх-ийн 41 хуу/,
Яллагдагч Б.Д өгсөн: “...Би мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,
Б.Д нь өмнө нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-67 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 62 хуу/
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл/ хх-ийн 71-27 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг, Хярын өтөг гэх газраас хохирогч А.А эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь: *Хохирогч А.А-ын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед би Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Хярын өтөг гэх газарт гэрийнхээ гадаа үхээ бэлчээрээс нь хураагаад хотуулсан. Тухайн үед манай үхрүүд бүрэн байсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр сүргээс хар зүсмийн нас нийлсэн, зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй эр үхэр, улаан зүсмийн, шүдлэн насны, зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй 2 тооны үхэр байхгүй, дутсан байхаар нь хулгай авчихлаа гэж бодоод тухайн өдрөө, маргааш нь гээд 2 өдөр бүтэн 1 машин, 2 мотоцикльтой хайсан. Түүний маргааш өдөр нь Архангай аймгийн Хотонт сум дахь цагдаагийн тасагт ирэхэд манай алдсан 2 үхрийн толгой шир нь дүрээрээ цагдаагийн газарт байсан ба хулгай хийсэн гэх Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх залуутай уулзаж ярилцахад манай үхрийг хулгай хий, гаргаж, янзалснаа хүлээн зөвшөөрч миний 2 үхрийн төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,Гэрч Б.У өгсөн: “Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Хярын өтөг гэх газар өвөлждөг юм. Тэгсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө гэрийн гадаа хураасан байсан үхрээс хар зүсмийн нас нийлсэн зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндөл имтэй эр үхэр, улаан зүсмийн шүдлэн насны зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндөл имтэй 2 тооны үхэр дутсан байхаар нь хулгай авчихлаа гэж бодоод тухайн өдрөө, мөн маргааш нь гээд 2 өдөр бүтэн 1 машин, 2 мотоцикльтой ойр хавийн нутгаар эрж хайгаад сураг чимээ огт гараагүй. Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх залуу байсан ба түүнтэй уулзаж яагаад манай 2 үхрийг хулгай хийсэн талаар нь асуухад Б.д нь манай 2 үхрийг хулгайлсан хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрч 2 үхрийг маань гаргаж янзалсан гэдгээ ярьсан. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, Гэрч Г.Б өгсөн: Манай нөхөр Д гэртээ ганцаараа байсан. Намайг Архангай аймгийн төвд ажлаар явсан хойгуур бусдын үхрийг хулгай хийгээд хэрэгт холбогдсон байсан, би ирээд мэдсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/, хөрөнгө, даатгал, хохирлын “Х” үнэлгээний ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 320 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Мал” гэж хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Б.Д нь бусдын хоёр тооны үхэр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Д үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Д бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.
Иймд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Даваадоржийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй, хязаалан насны, хүрэн зүсмийн 1 тооны морь буюу морины үнэ болох 300.000 төгрөгийг түүнээс гаруулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч А.А нь мэдүүлэг өгөхдөө “миний 2 үхрийн төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчид бензиний төлбөр 150.000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг лантууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэсэнг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй, хязаалан насны, хүрэн зүсмийн 1 тооны морь буюу морины үнэ болох 300.000 төгрөгийг түүнээс гаруулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр хутга, 1 ширхэг төмөр лантууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ