| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0081/э |
| Дугаар | 2020/ШЦТ/83 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/83
2020/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Д холбогдох 2012.................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..........аймгийн ........... сумын ...... баг, ............ гэх газар оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Б.Д /РД:/
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ...... аймгийн ...... сумын ........ багийн нутаг, ...........гэх газраас хохирогч А.А эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012........... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.А-ын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед би ........ аймгийн ......сумын ......багийн ............ гэх газарт гэрийнхээ гадаа үхрээ бэлчээрээс нь хураагаад хотуулсан. Тухайн үед манай үхрүүд бүрэн байсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр сүргээс хар зүсмийн нас нийлсэн, зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй эр үхэр, улаан зүсмийн, шүдлэн насны, зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй 2 тооны үхэр байхгүй, дутсан байхаар нь хулгай авчихлаа гэж бодоод тухайн өдрөө, маргааш нь гээд 2 өдөр бүтэн 1 машин, 2 мотоцикльтой хайсан. Түүний маргааш өдөр нь Архангай аймгийн Хотонт сум дахь цагдаагийн тасагт ирэхэд манай алдсан 2 үхрийн толгой шир нь дүрээрээ цагдаагийн газарт байсан ба хулгай хийсэн гэх Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх залуутай уулзаж ярилцахад манай үхрийг хулгай хий, гаргаж, янзалснаа хүлээн зөвшөөрч миний 2 үхрийн төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн. Нас нийлсэн эр үхрээ 2.000.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 1.300.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Ямар нэгэн үүлдэр, угсаа байхгүй, жирийн монгол үхрүүд байгаа юм. Би насаараа мал маллаж байна. Тиймээс өөрийнхөө малын арьс толгой шууд л хараад таньсан. Дээрээс нь им нь зөв байсан. Б.Д гэх хүн хулгай хийснээ хүлээн зөвшөөрч, төлбөр мөнгийг нь өгсөн. 2 тооны үхрээ эрж хайхад зарцуулсанбензин тосны 150.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Гэрч Б.У өгсөн:
“Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Хярын өтөг гэх газар өвөлждөг юм. Тэгсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө гэрийн гадаа хураасан байсан үхрээс хар зүсмийн нас нийлсэн зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндөл итмэй эр үхэр, улаан зүсмийн шүдлэн насны зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндөл имтэй 2 тооны үхэр дутсан байхаар нь хулгай авчихлаа гэж бодоод тухайн өдрөө, мөн маргааш нь гээд 2 өдөр бүтэн 1 машин, 2 мотоцикльтой ойр хавийн нутгаар эрж хайгаад сураг чимээ огт гараагүй. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт сум дахь Цагдаагийн тасагт ирэхэд манай алдсан 2 үхрийн толгой, шир нь дүрээрээ цагдаагийн газарт байсан ба хулгай хийсэн хүн нь гээд манайхаас урд зүгт нутаглаж байгаа Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх залуу байсан ба түүнтэй уулзаж яагаад манай 2 үхрийг хулгай хийсэн талаар нь асуухад Б.д нь манай 2 үхрийг хулгайлсан хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрч 2 үхрийг маань гаргаж янзалсан гэдгээ ярьсан. Хулгай хийсэн 2 үхрийн төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн. Нас нийлсэн эр үхрээ 2.000.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 1.300.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Үүлдэр угшил гэх зүйл байхгүй. Нүдээрээ хараад л шууд таньсан, тугалан үхрүүд байгаа юм. Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх хүн хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
Гэрч Ц.Х өгсөн:
“Манайх Архангай аймгийн Хотонт сумын төвд байдаг, Хийдийн 3 тоотод оршин суудаг юм. Манай нутгийн Д гэх айл манай хажуу талд хөрш зэргэлдээ байдаг, хажуу талын хашааны айл байгаа юм. Д бид 2 найзууд. 2019 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Д гэртээ ганцаараа байсан. Эхнэр нь Архангай аймгийн төв явсан байсан. Д эхнэр нь аймгийн төв рүү ажлаар 7 хоногийн хугацаатай явсан байсан юм. Би хэзээ ирсэн талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан явсных нь дараа Д надад хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Гэрч Г.Б өгсөн:
“Би тухайн өдрүүдэд Архангай аймгийн төвд ажлаар явсан байсан. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн төв яваад эргээд 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн. Манай нөхөр Д гэртээ ганцаараа байсан. Намайг Архангай аймгийн төвд ажлаар явсан хойгуур бусдын үхрийг хулгай хийгээд хэрэгт холбогдсон байсан, би ирээд мэдсэн. Д бид 2 гэр бүл болоод 19 жил болж байна. Бид 3 хүүхэдтэй, албан ёсны гэр бүл болсон улсууд Манай нөхөр Д нь шулуун шударга зантай, олон хүнтэй нөхөрсөг, олон найз нөхөдтэй явдаг хүн байгаа юм. Тухайн үед ямар шалтгаанаар хулгайн хэрэгт холбогдох болсон талаар нь би сайн мэдэхгүй байна. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,
Гэрч Д.Б өгсөн:
“Би танина. Манай хажуу талын хөрш айлын хүн байгаа юм. Тухайн өдрүүдэд Д эхнэр Б нь Архангай аймгийн төвд ажлаар явсан байсан. Д гэртээ ганцаараа байсан. Тухайн үед эхнэр нь Архангай аймгийн төв рүү 7 хоногийн хугацаатай ажлаар явах гэж байгаа талаараа надад ярьж байсан юм. Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нь гэртээ байсан. Харин шөнө нь хаана байсан талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,
Хөрөнгө, даатгал, хохирлын “ХАС” үнэлгээний ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 320 дугаартай “ нас нийлсэн эр үхэр 1, шүдлэн эр үхэр 1 нийт 2019 оны 12 дугаар сарын зах зээлийн байдлаар нийт 2000.000 төгрөг болохыг тодорхойлов гэх дүгнэлт /хх-ийн 39 хуу/, Хөрөнгө, даатгал, хохирлын “ХАС” үнэлгээний ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 319 дугаартай Б.Д хулгай хийхдээ унаж ашигласан морины зах зээлийн үнэлгээг гаргасан дүгнэлт /хх-ийн 41 хуу/,
Яллагдагч Б.Д өгсөн: “...Би мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,
Б.Д нь өмнө нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-67 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 62 хуу/
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл/ хх-ийн 71-27 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ........ аймгийн .......... сумын..........багийн нутаг, ................ гэх газраас хохирогч А.А эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь: *Хохирогч А.А-ын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед би Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Хярын өтөг гэх газарт гэрийнхээ гадаа үхээ бэлчээрээс нь хураагаад хотуулсан. Тухайн үед манай үхрүүд бүрэн байсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр сүргээс хар зүсмийн нас нийлсэн, зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй эр үхэр, улаан зүсмийн, шүдлэн насны, зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй 2 тооны үхэр байхгүй, дутсан байхаар нь хулгай авчихлаа гэж бодоод тухайн өдрөө, маргааш нь гээд 2 өдөр бүтэн 1 машин, 2 мотоцикльтой хайсан. Түүний маргааш өдөр нь Архангай аймгийн Хотонт сум дахь цагдаагийн тасагт ирэхэд манай алдсан 2 үхрийн толгой шир нь дүрээрээ цагдаагийн газарт байсан ба хулгай хийсэн гэх Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх залуутай уулзаж ярилцахад манай үхрийг хулгай хий, гаргаж, янзалснаа хүлээн зөвшөөрч миний 2 үхрийн төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,Гэрч Б.У өгсөн: “Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Хярын өтөг гэх газар өвөлждөг юм. Тэгсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө гэрийн гадаа хураасан байсан үхрээс хар зүсмийн нас нийлсэн зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндөл имтэй эр үхэр, улаан зүсмийн шүдлэн насны зөв талын чих нь догол, буруу чих нь урдаасаа хөндөл имтэй 2 тооны үхэр дутсан байхаар нь хулгай авчихлаа гэж бодоод тухайн өдрөө, мөн маргааш нь гээд 2 өдөр бүтэн 1 машин, 2 мотоцикльтой ойр хавийн нутгаар эрж хайгаад сураг чимээ огт гараагүй. Архангай аймгийн Хотонт сумын иргэн Б.Д гэх залуу байсан ба түүнтэй уулзаж яагаад манай 2 үхрийг хулгай хийсэн талаар нь асуухад Б.д нь манай 2 үхрийг хулгайлсан хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрч 2 үхрийг маань гаргаж янзалсан гэдгээ ярьсан. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, Гэрч Г.Б өгсөн: Манай нөхөр Д гэртээ ганцаараа байсан. Намайг Архангай аймгийн төвд ажлаар явсан хойгуур бусдын үхрийг хулгай хийгээд хэрэгт холбогдсон байсан, би ирээд мэдсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/, хөрөнгө, даатгал, хохирлын “ХАС” үнэлгээний ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 320 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Мал” гэж хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Б.Д нь бусдын хоёр тооны үхэр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Д үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Д бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.
Иймд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй, хязаалан насны, хүрэн зүсмийн 1 тооны морь буюу морины үнэ болох 300.000 төгрөгийг түүнээс гаруулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч А.А нь мэдүүлэг өгөхдөө “миний 2 үхрийн төлбөрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчид бензиний төлбөр 150.000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг лантууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэсэнг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй, хязаалан насны, хүрэн зүсмийн 1 тооны морь буюу морины үнэ болох 300.000 төгрөгийг түүнээс гаруулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр хутга, 1 ширхэг төмөр лантууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ
2020/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Б.Э холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг, Халзан даваа гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Д овогт Б.Э /РД:АД/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Баянжаргалан гэх газар иргэн Г.Л 2 нүд, уруул зэрэг газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012001290081 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Г.Л өгсөн: ..2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Г, Б.Э гэдэг нэртэй 2 хүн манайд морь зарах гэж байгаа гэж ирсэн. Тэр зарах гэж байгаа морийг нь Тариат сумын Цагааннуур багийн иргэн Д гэдэг хүн худалдаж авсан. Тэгсэн манайд орж ирээд цай, хоол идэж, уугаад 3 шил архи хувааж уусан. Тэгсэн тэр хүмүүс явна гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр би цуг гараад морины тэжээл өгсөн чинь хамт цуг явъя гэхээр нь хашаанд байсан морио унаад цуг яваад аргамжаатай байсан морин дээр очоод морины аргамжааг зайлуулаад байж байтал би тасраад унтсан юм шиг байна. Тэгээд сэртэл хээр ганцаараа гутал тайлагдсан байсан. Тэгсэн манай нутгийн 2 залуу таараад хээрээс олоод гэрт авчирч өгсөн гэж манай эхнэр Л.Ч намайг сэртэл тэгж хэлсэн. Миний нүүр хэсэг халцарч хавдсан, толгой өвдсөн, хүзүү хөхөрч, хөндүүрлэсэн байсан. Надад гомдол санал байхгүй, миний эмчилгээнд гарсан зардал болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маргалдсан зүйл байхгүй. Г сайн танихгүй, Б.Э аав, ээжтэй нь найз, сайн танина...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
*Хохирогч Г.Л гэрчээр өгсөн: ..2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Г, Б.Э гэдэг нэртэй 2 хүн манайд морь зарах гэж байгаа гээд ирсэн. Тэр зарах гэж байгаа морийг нь Тариат сумын Цагааннуур багийн иргэн Д гэдэг хүн худалдаж авсан. Тэгсэн манайд орж ирээд цай, хоол идэж уугаад 3 шил архи хувааж уусан. Тэгсэн тэр хүмүүс явна гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр би цуг гараад морины тэжээл өгсөн чинь хамт цуг явъя гэхээр нь хашаанд байсан морио унаад цуг яваад аргамжаатай байсан морин дээр очоод морины аргамжааг зайлуулаад байж байтал би тасраад унтсан юм шиг байна. Тэгээд сэртэл хээр ганцаараа гутал тайлагдсан байсан. Тэгсэн манай нутгийн 2 залуу таараад хээрээс олоод гэрт авчирч өгсөн гэсэн. Өглөө сэртэл миний нүүр хэсэг халцарч, хавдсан, толгой өвдсөн, хүзүү хөхөрч хөндүүрлэсэн байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,
*Гэрч Г.Д өгсөн: ..2020 оны 02 дугаар сарын 07-ны орой Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвийн урд нутгийн айлд сууж байгаад орой гэртээ харих гээд явж байтал манай нутгийн залуу Ц.Г гэдэг нэртэй хүн замд намайг зогсоогоод Г.Л ах гэртээ байхгүй байна, согтуу Э, Г гэдэг 2 хүнтэй цуг явсан байна гэхээр нь мотоциклийн хойно суулгаад эхнэр Л.Ч эгчээс асуусан чинь Бунхан гэдэг нэртэй газар морь нь аргамжаатай байгаа, тэнд очиж мориндоо тэжээл өгнө гэж байсан гэхээр нь Ц.Г бид 2 мотоциклио унаад гэрэлтүүлээд тэр хавиар явж байсан чинь Г.Л ах газар хэвтэж байсан. Очоод хартал нүүр хэсэг нь цус болсон, 2 нүд нь хөхөрч хавдсан, босч чадахгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь бид 2 өргөж босгоод мотоциклийн дунд суулгаад гэрт нь хүргэж өгөөд том охин Л.А утсаар хэлээд эхнэр Л.Ч гэдэг хүнд хүлээлгэж өгөөд, тэгээд би өөрийн гэрт очихоор явсан, өөр юм би сайн мэдэхгүй байна. Эхнэр Л.Ч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн иргэн Б.Э, Г нар гэрт нь байж байсан. Ухаангүй хэвтэж байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Зодуулсандаа ухаан алдсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
*Гэрч Ц.Г өгсөн...2020 оны 02 дугаар сарын 07-ны орой Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төв дээр аав Л.Ц сууж байтал гаднаас Л.Ч эгч манайд орж ирээд Г.Л согтуу, мориндоо тэжээл өгнө гэж яваад байхгүй байна, хайгаад өгөөч гэхээр нь гараад явж байтал Г.Д замд явж байхаар хамт хайя гээд мотоциклийн хойно суугаад эхнэр Л.Ч эгчээс асуусан чинь Бунхан гэдэг нэртэй газар морь нь аргамжаатай байгаа, тэнд очиж мориндоо тэжээл өгнө гэж байсан гэхээр нь Г.Д бид 2 мотоциклио унаад, тэр хавиар гэрэлтүүлээд явж байсан чинь Г.Л ах газар хэвтэж байсан. Очоод хартал нүүр хэсэг нь цус болсон, 2 нүд нь хөхөрч хавдсан, 2 гутлаа тайлчихсан, босч чадахгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь бид 2 өргөж босгоод мотоциклийн дунд суулгаад гэрт нь хүргэж өгөөд, тэгээд би өөрийн гэрт очихоор явсан. Өөр би сайн мэдэхгүй байна. Эхнэр Л.Ч, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн иргэн Б.Э, Г нар гэрт нь байж байсан. Ухаангүй хэвтэж байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Зодуулсандаа ухаан алдсан байх. Б.Э, Г нар согтолт нь гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
*Гэрч Б.Д өгсөн:...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн иргэн Б.Э, Г нар нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт Г.Л гэдэг айлд морь зарна гэж ирсэн гэхээр нь би очиж үзэж байгаад 1 морь худалдаж аваад, тэгээд Г.Л ахынд ороод би 1 шил архи авч өгөөд тэрийг дуусаад морь зарсан Б.Э дахин дэлгүүр орж 1 шил архи худалдаж аваад ууж дуусаад тэгээд би яваад таньдаг айлд очиж унтаж байгаад сэрээд Г.Л ахынд очтол гэрт нь Б.Э, эхнэр Л.Ч нар нь сууж байсан. Удалгүй Э хамт явж байсан Г дээлгүй, цамцтай орж ирсэн. Тэгээд би гараад явсан. Удалгүй Г.Л ах зодуулсан байдалтай гэртээ ирлээ гэхээр нь очтол нүүр хэсэг нь цус болсон, 2 нүд нь хавдсан байсан. Г.Л ахын охин Б, Г-ыг чи яагаад дээлээ тайлсан талаар асуугаад оруулаад ир гэсэн чинь Г гадагш гараад дээлээ оруулж ирсэн чинь дээлний 2 ханцуй цус болсон, гутлын урд хоншоор цус болсон байсан. Г.Л, Б.Э, Г бид нар байсан, гайгүй байсан. Бидний дунд зодолдсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
*Гэрч Б.Г өгсөн:...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Сээр гэх газар гэртээ байж байтал Б.Э манайд ирээд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төв орж Г.Л гэдэг хүн морь худалдан авна гэсэн. Хамт явчихаад хүрээд ирье гэхээр нь морио унаад, зарах морийг нь хөтлөөд, очоод үнэ хөлсөө тохироод 1 морь зарсан. Тэгээд Г.Л ахынд орж хоол, цай идээд, 2 шил архи уугаад бид 2 явах гэтэл Г.Л ах араас гарч ирээд аргамжаатай байсан мориндоо тэжээл өгнө гэхээр нь дэлгүүрээс Б.Э өөрийн мөнгөөр 1 шил архи худалдан аваад хамт морин дээр очоод морины тэжээлийг өгөөд авч очсон 1 шил архийг хувааж уугаад байж байтал миний унаж явсан морь алдуураад яваад өгсөн. Тэгэхээр нь мориныхоо араас явж байгаад Г.Л ахынд очтол Б.Э, Г.Л ахынд ирчихсэн, толгой хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь босгож ирээд цусыг нь угааж, Г.Л ах ирэхгүй болохоор нутгийн 2 залууг гуйж явуулсан. Удалгүй Г.Л ахын нүүр хэсэг нь цус болчихсон орж ирсэн. Би өөр юм сайн мэдэхгүй байна. Хэрүүл, маргаан, зодоон цохион болоогүй. Бүгд нилээн согтуу байсан. Би Г.Л гэдэг хүнийг танихгүй, надтай хамт явж байсан Б.Э таньдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
*Гэрч Л.Ч өгсөн:...2020 оны 02 дугаар сарын 07-нд Толгой ар гэх газар манай нөхөр хүмүүстэй маргалдаж, зодоон хийсэн байсан. Би зодоон болсон газар байгаагүй. Ц овогтой Г, Г.Дүүрэнбаяр нар 00 цаг 30 минутаас 01 цагийн үед гарт авчирч өгсөн. Манай нөхөр толгой хэсэг, нүүр нь нилдээ цус болчихсон, хөл дээрээ зогсож чадахгүй, 2 гар нь хөшчихсөн, дээр нь 2 хөмсөг нь задарсан байсан. Толгой нь энэ тэндээ хагарчихсан байдалтай, хүргэхгүй хагарсан, 2 нүд нь хавдчихсан, хацар нь нилдээ тэгшрээд хавдчихсан, баруун нүд нь харахгүй байна гэж байсан. Би нэг залууг нь танина аа. Б.Э манай хүн аавыг нь таньдаг, адилхан морь уядаг. Тэгээд манайхаар орж гардаг болохоор таньдаг. Нөгөө залууг бол танихгүй, Г гэж ярьж байсан. Тухайн 2 залуу манай нөхрөөс түрүүлээд ороод ирсэн. Ирэхдээ Э гар, хувцас нь бүхэлдээ цус болчихсон байхаар нь манай хүн хаана байна, юу болов гэхэд мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд дахин лавлаж асуухад юм дуугарахгүй, хаанаас ч ирснээ мэдэхгүй байхаар нь ах дүү хүмүүсийг гуйж нөхрөө олж авсан. Тухайн үед Э нь би гэрч болно шүү та 2 муудалцаад байхаар чинь салгах гэтэл та намайг чулуугаар цохисон гэж байсан. Би тэгээд та нар хөгшин хүн зодлоо, учрыг нь олж байж явуулна гээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/,
*Б.Э гэрчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Халзан даваа гэх газраас нутгийн ах Б.Г хамт Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төв орж Г.Л гэдэг хүн морь худалдан авна гэхээр нь морио унаад зарах морио хөтлөөд очоод үнэ хөлсөө тохироод 1 морь зарсан. Тэгээд Г.Л ахынд орж хоол цай идээд 2 шил архи уугаад бид 2 явах гэтэл Г.Л ах араас гарч ирээд аргамжаатай байсан мориндоо тэжээл өгнө гэхээр нь дэлгүүрээс нэг шил архи аваад хамт морин дээр очоод морины тэжээлийг нь өгөөд авч очсон 1 шил архийг хувааж уугаад байж байтал Г.Л ах намайг цохиод авахаар нь зөрүүлээд 1 цохиод, түлхээд унагасан. Тэгээд надтай хамт явж байсан Б.Г морь яваад өгсөн. Б.Г араас нь явсан. Би Л ахынд очоод байж байтал араас Б.Г орж ирсэн. Тэгээд би тэнд унтаад өгсөн. Өөр юм болоогүй. Хуучлаад сууж байгаад маргалдсан. Бүгд нилээн согтуу байсан. Манай аав Б, ээж Ө хоёртой сайн найзууд...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,
*Хохирогч Г.Л биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт:
1. Г.Л биед 2 нүдний зовхинд цус хуралт, уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, духанд зулгаралт, зүүн гарын чигчий хурууны 1-р үе, зүүн хөлийн эрхий хурууны дотор хажууд цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэг, хүзүүний зүүн хажууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Хоёр нүдний зовхинд цус хуралт, уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зулгаралт, зүүн гарын чигчий хурууны 1-р үе, зүүн хөлийн эрхий хурууны дотор хажууд цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэг, хүзүүний зүүн хажууд цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт газаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/,
*Яллагдагч Б.Э өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал байхгүй. Би мэдүүлэг өгнө, ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Халзан гэх газар оршин суудаг юм. Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Тариат сумын Мөрөн багийн иргэн Л 1 морь хүргэж өгөөд Л-д 2 шил архи уусан юм. Тэгээд согтоод Л нь нэг цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд боож унагаад, 1 цохисон. Тэгээд би Л очоод унтсан. Өөр юм болоогүй. Л ахын нэг хамаатан залуу байсан. Тэгээд Л ах, Г бид 4 байсан. Архи ууж байгаад адуу мал дээрээс болоод муудалцсан байх аа. Би тухайн үед гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Боож унагасан. Намайг юм яриад сууж байхад толгойд гараараа нэг удаа цохисон. Өөр намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 хуу/,
*Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 319 дугаартай тодорхойлолт /хх-ийн 54 хуу/,
*Б овогтой Э урьд нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуу/,
*Хохирогч Г.Л эмнэлгийн байгууллагад үзүүлж, эмчилгээ хийлгэсэн талаарх /хх-ийн 28-29, 32-37 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Баянжаргалан гэх газар иргэн Г.Л 2 нүд, уруул зэрэг газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э үйлдсэн болох нь:
*Хохирогч Г.Л өгсөн: ...Тэгэхээр би цуг гараад морины тэжээл өгсөн чинь хамт цуг явъя гэхээр нь хашаанд байсан морио унаад цуг яваад аргамжаатай байсан морин дээр очоод морины аргамжааг зайлуулаад байж байтал би тасраад унтсан юм шиг байна. Тэгээд сэртэл хээр ганцаараа, гутал тайлагдсан байсан. Тэгсэн манай нутгийн 2 залуу таараад хээрээс олоод гэрт авчирч өгсөн гэж манай эхнэр Л.Ч намайг сэртэл тэгж хэлсэн. Миний нүүр хэсэг халцарч хавдсан, толгой өвдсөн, хүзүү хөхөрч, хөндүүрлэсэн байсан. Надад гомдол санал байхгүй, миний эмчилгээнд гарсан зардал болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маргалдсан зүйл байхгүй. Г-ыг сайн танихгүй, Б.Э аав, ээжтэй нь найз, сайн танина...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
*Хохирогч Г.Л гэрчээр өгсөн: ...Тэгэхээр би цуг гараад морины тэжээл өгсөн чинь хамт цуг явъя гэхээр нь хашаанд байсан морио унаад цуг яваад аргамжаатай байсан морин дээр очоод морины аргамжааг зайлуулаад байж байтал би тасраад унтсан юм шиг байна. Тэгээд сэртэл хээр ганцаараа гутал тайлагдсан байсан. Тэгсэн манай нутгийн 2 залуу таараад хээрээс олоод гэрт авчирч өгсөн гэсэн. Өглөө сэртэл миний нүүр хэсэг халцарч, хавдсан, толгой өвдсөн, хүзүү хөхөрч хөндүүрлэсэн байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,
*Гэрч Г.Д өгсөн: ...Ц.Г бид 2 мотоциклио унаад гэрэлтүүлээд тэр хавиар явж байсан чинь Г.Л ах газар хэвтэж байсан. Очоод хартал нүүр хэсэг нь цус болсон, 2 нүд нь хөхөрч хавдсан, босч чадахгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь бид 2 өргөж босгоод мотоциклийн дунд суулгаад гэрт нь хүргэж өгөөд том охин Л.А утсаар хэлээд эхнэр Л.Ч гэдэг хүнд хүлээлгэж өгөөд, тэгээд би өөрийн гэрт очихоор явсан, өөр юм би сайн мэдэхгүй байна. Эхнэр Л.Ч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн иргэн Б.Э, Г нар гэрт нь байж байсан. Ухаангүй хэвтэж байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Зодуулсандаа ухаан алдсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
*Гэрч Ц.Г өгсөн: ... Г.Д бид 2 мотоциклио унаад, тэр хавиар гэрэлтүүлээд явж байсан чинь Г.Л ах газар хэвтэж байсан. Очоод хартал нүүр хэсэг нь цус болсон, 2 нүд нь хөхөрч хавдсан, 2 гутлаа тайлчихсан, босч чадахгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь бид 2 өргөж босгоод мотоциклийн дунд суулгаад гэрт нь хүргэж өгөөд, тэгээд би өөрийн гэрт очихоор явсан. Өөр би сайн мэдэхгүй байна. Эхнэр Л.Ч, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн иргэн Б.Э, Г нар гэрт нь байж байсан. Ухаангүй хэвтэж байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Зодуулсандаа ухаан алдсан байх. Б.Э, Г нар согтолт нь гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
*Гэрч Б.Д өгсөн: ...Удалгүй Г.Л ах зодуулсан байдалтай гэртээ ирлээ гэхээр нь очтол нүүр хэсэг нь цус болсон, 2 нүд нь хавдсан байсан. Г.Л ахын охин Б Г-ыг чи яагаад дээлээ тайлсан талаар асуугаад оруулаад ир гэсэн чинь Г гадагш гараад дээлээ оруулж ирсэн чинь дээлний 2 ханцуй цус болсон, гутлын урд хоншоор цус болсон байсан. Г.Л, Б.Э, Г бид нар байсан, гайгүй байсан. Бидний дунд зодолдсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
*Гэрч Б.Г өгсөн: ...Тэгэхээр нь мориныхоо араас явж байгаад Г.Лх ахынд очтол Б.Э, Г.Л ахынд ирчихсэн, толгой хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь босгож ирээд цусыг нь угааж, Г.Л ах ирэхгүй болохоор нутгийн 2 залууг гуйж явуулсан. Удалгүй Г.Л ахын нүүр хэсэг нь цус болчихсон орж ирсэн. Би өөр юм сайн мэдэхгүй байна. Хэрүүл, маргаан, зодоон цохион болоогүй. Бүгд нилээн согтуу байсан. Би Г.Л гэдэг хүнийг танихгүй, надтай хамт явж байсан Б.Э таньдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
*Гэрч Л.Ч өгсөн: ... Манай нөхөр толгой хэсэг, нүүр нь нилдээ цус болчихсон, хөл дээрээ зогсож чадахгүй, 2 гар нь хөшчихсөн, дээр нь 2 хөмсөг нь задарсан байсан. Толгой нь энэ тэндээ хагарчихсан байдалтай, хүргэхгүй хагарсан, 2 нүд нь хавдчихсан, хацар нь нилдээ тэгшрээд хавдчихсан, баруун нүд нь харахгүй байна гэж байсан. Би нэг залууг нь танина аа. Б.Э манай хүн аавыг нь таньдаг, адилхан морь уядаг. Тэгээд манайхаар орж гардаг болохоор таньдаг. Нөгөө залууг бол танихгүй, Г гэж ярьж байсан. Тухайн 2 залуу манай нөхрөөс түрүүлээд ороод ирсэн. Ирэхдээ Э гар, хувцас нь бүхэлдээ цус болчихсон байхаар нь манай хүн хаана байна, юу болов гэхэд мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд дахин лавлаж асуухад юм дуугарахгүй, хаанаас ч ирснээ мэдэхгүй байхаар нь ах дүү хүмүүсийг гуйж нөхрөө олж авсан. Тухайн үед Э нь би гэрч болно шүү та 2 муудалцаад байхаар чинь салгах гэтэл та намайг чулуугаар цохисон гэж байсан. Би тэгээд та нар хөгшин хүн зодлоо, учрыг нь олж байж явуулна гээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/,
*Хохирогч Г.Л биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт: 2 нүдний зовхинд цус хуралт, уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зулгаралт, зүүн гарын чигчий хурууны 1-р үе, зүүн хөлийн эрхий хурууны дотор хажууд цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэг, хүзүүний зүүн хажууд цус хуралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт газаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Хохирогч Г.Л биед 2 нүдний зовхинд цус хуралт, уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний бие эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 61-62 хуу, 69-70 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Г.Л гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргасан байх боловч хохирогч Г.Л зүгээс эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж, энэ тухайгаа бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 68 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 63 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учрууулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ