| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0096/э |
| Дугаар | 2020/ШЦТ/101 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/101
2020/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б.Б холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Э компанид ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........ аймгийн ........сумын ........баг, .......... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б.Б /РД:АЮ/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ........ аймгийн....... сумын ...........баг, ..........байх гэртээ өөрийн эхнэр, хохирогч З.М-тэй компьютер тоглоом тоглуулсангүй гэх асуудлаас болж маргалдан улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанаа, хацар, зүүн гарын мөр, бугалга, зүүн гарын сарвуу, зүүн ба баруун гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч З.М өгсөн: “...Б.Б нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Одоо бид хоёр 6 жил хамт амьдарч байна. Одоо бид хоёр 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэртээ унтах гэж байхад манай нөхөр компьютер дээрээ тоглоом тоглоод байсан. Тэгэхээр нь битгий тоглоом тоглоод бай ажлаа хий гэж хэлээд тэрнээс болоод бид хоёр маргалдаад, манай нөхөр намайг гараараа цохиж зодох болсон. Өөр ямар нэг асуудал болоогүй. Маргааш өглөө босоод сумын эмнэлэгт үзүүлж, цагдаад болсон асуудлын талаар хандсан. Намайг цохиж зодох үед манай нөхөр бид хоёр хоёулхнаа байсан, өөр хүн байгаагүй. Манай бага хүү байсан. Бага хүү одоо нэг настай, энэ талаар мэдүүлэг өгөх боломжгүй. Миний зүүн талын мөр, гарын шуу, зүүн талын гуя, гарын алаг, зүүн талын шанаа хэсэг хөхөрч хавдсан, эдгээр гэмтэл үүссэн байсан. Миний нөхөр Б.Б нь намайг гар, хөлөөрөө, цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед гэртээ орондоо унтах гээд байж байсан. Намайг урд өмнө цохиж зодож байгаагүй. Манай нөхөр Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, сая анх удаа намайг цохиж зодсон. Өөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Манай нөхөр Б.Б нь архи согтууруулах ундаа хааяа уудаг, зан харьцаа сайтай, даруухан хүн байгаа юм. Өөр бид хоёрт хэрэлдэж, муудалцах шалтгаан байхгүй. Сая анх удаа намайг цохиж зодсон. Өмнө гар хүрч цохиж зодож байгаагүй. Манайх ам бүл тавуулаа, 3 хүүхэдтэй. Манай том 2015 онд төрсөн, дараагийн хүүхэд нь 2017 онд төрсөн бага нь 2019 онд төрсөн. Надад ямар нэг эмнэлэгт үзүүлсэн баримт материал байхгүй. Үлдсэн шарах сорви гэвэл зүүн талын мөр хөхөрч хавдсан. Өөр надаа ямар нэг баримт материал, шарх сорви байхгүй байна. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/,
Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 08-11 хуу/,
Б.Б гэрчээр өгсөн: “...Би танина. З.М нь миний эхнэр байгаа юм Бид хоёр эхнэр нөхөр болж, 2015 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Одоо манай гэр бүл бага насны 3 хүүхэдтэй, албан ёсны гэр бүлээ 2014 онд батлуулсан. Өдөр би ажлаасаа ирээд гэртээ амраад, найз нартайгаа чат бичээд сууж байсан чинь манай эхнэр З.М чи ажлаа хийгээч битгий тоглоом тоглоод бай гэж хэлсэн. Тэрнээс болоод бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад намайг манай эхнэр эхлээд гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд түүний гуяа зүүн талын мөр, хэсэг рүү гараараа цохисон. Мөн түүний зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа өөрийн баруун гараараа алгадаж цохисон. Удалгүй манай эхнэр гэрээсээ гараад яваад өгсөн. Тэгээд би гэртээ бага хүүхэдтэйгээ үлдсэн. Би өөрийн баруун гараараа түүний зүүн талын хацар шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадаж авсан. Дараа нь түүний гуяа, мөр, хэсэг рүү нь гараараа цохисон өөр цохиж зодоогүй. Би урд өмнө эхнэрээ цохиж зодож байгаагүй. Урд өмнө би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, анх удаа сая эхнэртээ гар хүрсэн, миний буруу. Би өөрөө учруулсан, өөр хүн учруулаагүй. Тухайн үед эхнэр манай бага хүүхэдтэйгээ гурвуулаа байсан, өөр хүн байгаагүй. Архангай аймгийн Булган сум, Зуун мод баг, Эрчимийн байр гэх газар манай гэр байдаг. Өөрийн гэртээ эхнэртэйгээ маргалдаж энэ асуудал үүссэн. Хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан хийж, эхнэртээ гар хүрч зодсон миний буруу. манай эхнэр З.М төлөв даруу шудрага ааш зантай элдэв гаж буруу ааш зан авир ариншин байхгүй миний 3 хүүхдийн ээж байгаа юм. Би эхнэр З.М-тэй 2014 онд гэр бүл болсон. Манайх бага насны 3 хүүхэдтэй. Том хүүхэд Б.Э 2015 онд төрсөн, дараагийн хүүхэд Б.Э 2017 онд төрсөн, Б.Э 2019 онд тус тус төрсөн. Манайх ам бүл тавуулаа, Архангай аймгийн Булган сум, Зуун мод баг, Эрчимийн байранд амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,
З.М-ийн гэрчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнө гэртээ унтах гэж байхад манай нөхөр Б.Б гаднаас орж ирээд ажлаа хийх гэж байна гээд компьютер асаагаад сууж байсан. Тэгэхээр нь би чи ажлаа хийгээч, битгий тоглоом тоглоод бай гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр уурлаад чи миний ажлыг мэддэг юм уу намайг гараараа баруун, зүүн талын гуя руу хэд хэдэн удаа цохиж аваад миний зүүн талын мөр, гарлуу гараараа нилээн хэдэн удаа цохиж, зодсон. Тэгээд намайг гэрээсээ хөөгөөд, чи зайлаарай гээд хөөгөөд би гадаа байж байгаад шөнө 02 цагийн үед гэртээ орж ирээд хүүхэдтэйгээ унтсан. Өглөө босоод 102 утсанд хандаж, энэ талаар цагдаад мэдэгдсэн байсан. Баруун талын гуя, зүүн талын гуя, зүүн талын мөр хэсэг хөхөрч хавдсан, хөндүүр өвчтэй байна. Зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохисон. Миний толгой байнга өвдөж байна. Б.Б нь Булган сумын гэрлийн байцаагч хийдэг. Манай гэр бүл 0-4 насны 3 хүүхэдтэй, албан ёсны гэр бүл. Манай нөхөр намайг зодож, гэмтэл учруулсан. Өөр хүн учруулаагүй. Урьд өмнө нь цохиж зодож байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Өчигдөр орой манай бага хүүхэд, нөхөр бид 3 байсан, өөр хүн байгаагүй. Манай нөхөр тоглоом тоглоод байдаг. Одоо боль гэсэн чинь утасны тоглоом тоглоод би байнга тоглоод байдаггүй гээд уурлаад намайг цохиж зодох болсон. Нэхэмжлэх зүйл алга, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/,
Гэрч З.О өгсөн: “...Би танина. М нь миний төрсөн эгч, түүний нөхөр Б байгаа юм. Бид нар ах дүү хамаатан садны харьцаа хамааралтай хүмүүс. Би мэдүүлэг өгнө, татгалзах зүйл байхгүй. Манай эгч, ах хоёр хоорондоо эвтэй, найртай байдаг. Манай эгчийн хувьд юманд хүлээцтэй, түргэн уур ааш байхгүй. Харин манай хүргэн ах уур ааш багатай, зан харьцаа сайтай, даруухан дөлгөөн хүмүүс байгаа юм. Энэ хоёр гэр бүлийн хувьд тогтвортой, 2015 онд гэр бүл болоод, тэрнээс хойш энэ хоёр хамт амьдарч байгаа. Одоо энэ хоёр 3 хүүхэдтэй, бага наснаасаа үерхэж нөхөрлөж байгаад гэр бүл болж суусан. Энэ хоёр хоёулаа дээд сургууль төгсөн, дээд боловсролтой, эхнэр нь бага насны хүүхэдтэй учраас ажил төрөл хийгээгүй. Харин нөхөр нь Булган сумын цахилгаанчин хийдэг. Манай хүргэн ах гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Энэ талаар надаа мэдэх зүйл байхгүй байна. Урд өмнө ийм асуудал гаргаж байгаагүй. Энэ хоёр хүний хооронд ямар нэг таарамжгүй харьцаа өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
Гэрч С.Ж өгсөн: “...М , Б нартай найзууд. Би энэ хоёр хүнийг 10 жилээс нь хойш таньж мэднэ. Бид нар нэг ангид хамт сурч байсан. Өөр харьцаа хамаарал байхгүй. Энэ хоёр хүн хоорондоо таарамжтай, дөлгөөн, тайван зантай, түргэн уур ааш байхгүй хүнтэй эвтэй найртай байдаг хүмүүс. Энэ хоёр гэр бүлийн хувьд тогтвортой 2015 онд гэр бүл болоод тэрнээс хойш энэ хоёр хамт амьдарч байгаа. Одоо энэ хоёр 3 хүүхэдтэй, бага наснаасаа үерхэж нөхөрлөж байгаад гэр бүл болж суусан. Өөр би энэ хоёрын гэр бүлийн амьдралын талаар мэдэхгүй. Энэ хоёр хоёулаа дээд сургууль төгсөн, дээд боловсролтой, эхнэр нь бага насны хүүхэдтэй учраас ажил төрөл хийгээгүй. Харин нөхөр нь Булган сумын цахилгаанчин хийдэг. Манай найз гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Энэ талаар надаа мэдэх зүйл байхгүй байна, урд өмнө ийм асуудал гаргаж байгаагүй. Энэ хоёр хүний хооронд ямар нэг таарамжгүй харьцаа өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,
Яллагдагч Б.Б өгсөн: “...Би хэргийн талаар гэрчийн мэдүүлэг мэдүүлэг үнэн зөв өгсөн. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ цохиж зодсон нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад ахиж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Хохирогч З.М биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт:
1. Иргэн З.М биед, тархи доргилт, зүүн шанаа, хацар. зүүн гарын мөр бугалга, зүүн гарын сарвуу, зүүн ба баруун гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 02 дугаар сарын 16-нд үүссэн баих боломжтой шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх-ийн 24 хуу/,
Архангай аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 25 хуу/,
Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-38хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн /хх-ийн 41хуу
“Э” төрийн өмчит хувьцаат компанийн ............... салбарын тодорхойлолт/хх-ийн 48 хуу/
Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 49хуу/
Хавтаст хэргийн материал оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл/ хх-ийн 50-52хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ....... аймгийн ........ сумын.......баг, ................. байх гэртээ өөрийн эхнэр, хохирогч З.М компьютер тоглоом тоглуулсангүй гэх асуудлаас болж маргалдан зодож, улмаар түүний бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь:
*Хохирогч З.М өгсөн: “...Б.Б нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Одоо бид хоёр 6-жил хамт амьдарч байна. Одоо бид хоёр 3 хүүхэдтэй, хамт амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө гэртээ унтах гэж байхад манай нөхөр компьютер дээрээ тоглоом тоглоод байсан. Тэгэхээр нь битгий тоглоом тоглоод бай ажлаа хий гэж хэлээд тэрнээс болоод бид хоёр маргалдаад, манай нөхөр намайг гараараа цохиж зодох болсон. Өөр ямар нэг асуудал болоогүй. Маргааш өглөө босоод сумын эмнэлэгт үзүүлж, цагдаад болсон асуудлын талаар хандсан. Намайг цохиж зодох үед манай нөхөр бид хоёр хоёулхнаа байсан, өөр хүн байгаагүй. Манай бага хүү байсан. Бага хүү одоо нэг настай, энэ талаар мэдүүлэг өгөх боломжгүй. Миний зүүн талын мөр, гарын шуу, зүүн талын гуя, гарын алаг, зүүн талын шанаа хэсэг хөхөрч хавдсан, эдгээр гэмтэл үүссэн байсан. Миний нөхөр Б.Б нь намайг гар, хөлөөрөө, цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед гэртээ орондоо унтах гээд байж байсан. Намайг урд өмнө цохиж зодож байгаагүй. Манай нөхөр Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, сая анх удаа намайг цохиж зодсон. Өөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Манай нөхөр Б.Б нь архи согтууруулах ундаа хааяа уудаг, зан харьцаа сайтай, даруухан хүн байгаа юм. Өөр бид хоёрт хэрэлдэж, муудалцах шалтгаан байхгүй. Сая анх удаа намайг цохиж зодсон. Өмнө гар хүрч цохиж зодож байгаагүй. Манайх ам бүл 5-уулаа, 3 хүүхэдтэй. Манай том 2015 онд төрсөн, дараагийн хүүхэд нь 2017 онд төрсөн бага нь 2019 онд төрсөн. Надад ямар нэг эмнэлэгт үзүүлсэн баримт материал байхгүй. Үлдсэн шарах сорви гэвэл зүүн талын мөр хөхөрч хавдсан. Өөр надаа ямар нэг баримт материал, шарх сорви байхгүй байна. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/,
*З.М гэрчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнө гэртээ унтах гэж байхад манай нөхөр Б.Б гаднаас орж ирээд ажлаа хийх гэж байна гээд комьютер асаагаад сууж байсан. Тэгэхээр нь би чи ажлаа хийгээч, битгий тоглоом тоглоод бай гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр уурлаад чи миний ажлыг мэддэг юм уу намайг гараараа баруун, зүүн талын гуя руу хэд хэдэн удаа цохиж аваад миний зүүн талын мөр, гарлуу гараараа нилээн хэдэн удаа цохиж, зодсон. Тэгээд намайг гэрээсээ хөөгөөд, чи зайлаарай гээд хөөгөөд би гадаа байж байгаад шөнө 02 цагийн үед гэртээ орж ирээд хүүхэдтэйгээ унтсан. Өглөө босоод 107 утсанд хандаж, энэ талаар цагдаад мэдэгдсэн байсан. Баруун талын гуя, зүүн талын гуя, зүүн талын мөр хэсэг хөхөрч хавдсан, хөндүүр өвчтэй байна. Зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохисон. Миний толгой байнга өвдөж байна. Б.Б нь Булган сумын гэрлийн байцаагч хийдэг. Манай гэр бүл 0-4 насны 3 хүүхэдтэй, албан ёсны гэр бүл. Манай нөхөр намайг зодож, гэмтэл учруулсан. Өөр хүн учруулаагүй. Урьд өмнө нь цохиж зодож байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Өчигдөр орой манай бага хүүхэд, нөхөр бид 3 байсан, өөр хүн байгаагүй. Манай нөхөр тоглоом тоглоод байдаг. Одоо боль гэсэн чинь утасны тоглоом тоглоод би байнга тоглоод байдаггүй гээд уурлаад намайг цохиж зодох болсон. Нэхэмжлэх зүйл алга, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/,
*Хохирогч З.М биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаартай дүгнэлтээр “З.М-ийн биед тархи доргилт, зүүн шанаа, хацар. зүүн гарын мөр бугалга, зүүн гарын сарвуу, зүүн ба баруун гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ, Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ, Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. гэсэн дүгнэлт /хх-ийн 24 хуу/,
Архангай аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 25 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр болох хохирогч З.М-г зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шанаа, хацар. зүүн гарын мөр бугалга, зүүн гарын сарвуу, зүүн ба баруун гуяны гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд уг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаартай дүгнэлтэд дурдсан байх тул шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 53-54, 57-58 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч З.М-ийн хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт, гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуу/, ямар нэгэн гомдол, саналгүй, хэргийг түргэн шийдүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 54 хуу/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ