Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 335

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л-н А, /РД:**/

Хариуцагч: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83, 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хүсэлт гаргасан өдрийг хүртэлх буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч Л.А нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр чөлөөлөгдсөн болно. Л.А нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан 2016 оны Б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн 597 дугаар  шийдвэр  гарч  нэхэмжлэлийг  бүхэлд  нь  хангаж  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Тус шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр 2017 оны 9 дүгээр сард гарч талууд гардаж авсан бөгөөд гомдол гаргаагүй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, хариуцагчийн зүгээс ажилд эгүүлэн томилох тушаал гаргаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэттэх албанд нэхэмжлэгч хандаж байсан. 

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.А нь хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж тухайн цаг хугацаагаар жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Гэтэл хариуцагч байгууллага хүсэлт гаргаснаас өмнөх цаг хугацаагаар буюу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар ажилд томилох тухай тушаал, мөн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр хүүхэд асрах чөлөө олгох тушаалыг гаргаж өгсөн. Ингэснээр Л.А-гийн эерэг үйлчлэл бүхий хууль бус тушаалын улмаас жирэмсний болон амаржсаны 120 хоногийн тэтгэмжийг нөхөн авах боломжгүй болж хохироод байна. Энэ тухай гомдлоо Л.А нь гаргасан боловч хариу өгөөгүй эс үйлдэл гаргаж байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. 

Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 тоот тушаал, мөн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчид дахин тушаал гаргахыг даалгаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0597 дугаар шийдвэрээр Л овогтой А Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон. Мөн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх цалинг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч уг шийдвэрийг хуулийн хугацаанд болон сайн дураар биелүүлэх хугацаандаа биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас хүргүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт биечлэн хүргэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан. Уг шаардлагын дагуу тус газраас ажилгүй байсан хугацааны цалинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн. Харин 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дараах илт хууль бус тушаалуудыг миний өмгөөлөгчид гардуулж өгсөн. Үүнд: 

1. "Л-н А-г ажилд томилох тухай" 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар тушаал, 

2. "Л-н А-т хүүхэд асрах чөлөөг олгох тухай" 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаал,

Эдгээр тушаалууд нь: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд ажилд томилсон тухай тушаал огт гараагүй байсан атал 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар "Л-н А-г ажилд томилох тухай" илт хууль бус огноо, дугаар бүхий тушаал 

2. Миний бие тус газарт хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл огт гаргаагүй байхад Л.А-н гаргасан өргөдлийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон гэх утга бүхий 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр "Л-н А-т хүүхэд асрах чөлөөг олгох тухай" тушаал гаргасан нь огт үндэслэлгүй, илт хууль бус огноо, дугаартай тушаал болно. 

Хариуцагчийн гаргасан эдгээр илт хууль бус тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалт, 43 дугаар зүйл, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудыг тус тус зөрчсөн болно. Мөн миний бие 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч О.А-д эдгээр хууль бус тушаалууд болон шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт, түүнчлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи ажилгүй байгаа хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхтэй холбоотой өргөдөл, гомдлоо бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна.

Харин хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл хүргүүлснээс хойш даруй 1 сар гаруй хугацааны дараа ажилгүй байсан хугацаа болох  2016  оны  09  дүгээр  сарын  05-ны  өдрөөс 

шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлж, зохих бичилт хийсэн болно. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр амаржсан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг бодуулж авах хугацаа 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал байсан. 

Гэвч хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нөхөн төлж, зохих бичилт хийгээгүй байсан учир дээрх тэтгэмжийг бодуулж авах боломжгүй байсан. Ингээд хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нөхөн төлж, зохих бичилт хийсэн учраас миний бие 2018 оны 01 дүгээр сард харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл хүсэлт гаргасны дагуу уг тэтгэмжийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дансанд шилжүүлсэн ба тус газар уг тэтгэмжийг 2018 оны 02 дугаар сард Төрийн банк дахь миний дансанд шилжүүлсэн болно. Л.А би хариуцагч О.А-н 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний өмгөөлөгчид гардуулж өгсөн дараах илт хууль бус тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 

1. "Л-н А-г ажилд томилох тухай" 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар хууль бус огноо, дугаар бүхий тушаал, 

2. "Л-н А-т хүүхэд асрах чөлөөг олгох тухай" 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр хууль бус үндэслэл, огноо, дугаар бүхий тушаал. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/176 дугаар тушаалаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Уг шинэчлэн баталсан хөтөлбөрөөр тус газрын зохион байгуулалтын бүтцийг: 

1. Захиргаа, санхүү удирдлагын газар 

2. Гэр бүлийн хөгжлийн газар 

3. Хүүхдийн хөгжил, хамгааллын газар 

4. Залуучуудын хөгжлийн газар 

5. Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар 

6. Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газар гэсэн 6 газартай байхаар баталсан байна. 

Энэхүү шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөс харахад өмнө үйлчилж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 

08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар баталсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцэд байсан Тамгын газрыг Захиргаа, санхүү удирдлагын газар болгон нэрийг өөрчилсөн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан байдаг. Хариуцагч хуулийн дээрх заалтын дагуу байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг албан тушаалд нь үргэлжүүлэн томилохгүй хохироож байна. Иймд Л.А миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: 

- Эерэг үйлчлэл бүхий Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар,  2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, 

- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын урьд эрхэлж байсан албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилох тушаал гаргахыг даалгуулах, 

- Ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойшхи хүсэлт гаргасан өдрийг хүртэлх буюу 2017 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Л.А-н Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 тоот тушаал, мөн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, дахин тушаал гаргуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Л.А-г Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0597  дугаар  шийдвэрээр  урьд  эрхэлж  байсан  ажилд  нь  эгүүлэн тогтоосон бөгөөд тус шийдвэрийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны  08  дугаар  сарын  24-ний  өдрийн  Б/83  тоот  тушаалаар Л.А-г 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Тамгын газрын даргын албан тушаалд томилж, мөн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг олгосон. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ "... эерэг үйлчлэл бүхий хууль бус тушаалын улмаас жирэмсний болон амаржсаны 120 хоногийн тэтгэмжийг нөхөн авах боломжгүй болж хохироод байна.” гэжээ. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-48.2.5-д заасан тохиолдолд хүчингүй болгохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн дээр дурьдсан үндэслэл нь уг зохицуулалтад хамаарахгүй, мөн нэхэмжлэлдээ уг захиргааны актуудыг ямар хууль зөрчсөнөөс хууль бус гээд байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Л.А-г шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилж, хүүхэд асрах чөлөө олгосон нь эерэг нөлөөлөл бүхий хууль бус шийдвэр биш юм. 

Иймд дээрх захиргааны актууд нь холбогдох хууль журмын дагуу гарсан бөгөөд Л.А-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан хариу тайлбартаа: “Л.А-н нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт, нэхэмжлэгчийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын урьд эрхэлж байсан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилох тушаал гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128\ШШ2017\0597 дугаар шийдвэрээр тус газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон. 

Дээрх шийдвэрийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б\83 дугаар тушаалаар Л.А-г Тамгын газрын даргын албан тушаалд томилсон бөгөөд мөн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б\89 дүгээр тушаалаар түүнд хүүхэд асрах чөлөөг олгосон. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” А\176 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдэж, тус газар нь: 

1. Захиргаа, санхүү удирдлагын газар 

2. Гэр бүлийн хөгжлийн газар 

3. Хүүхдийн хөгжил, хамгааллын газар 

4. Залуучуудын хөгжлийн газар 

5. Хяналт шинжилгээ, үнэлгээний газар 

6. Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газар гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй болсон бөгөөд Тамгын газрын нэгжгүй болсон тул Тамгын газрын даргын орон тоо хасагдсан. 

Нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн үндэслэлд дурдсанчлан өмнө үйлчилж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б\42 дугаар тушаалаар батлагдсан тус газрын зохион байгуулалтын бүтцэд байсан Тамгын газрыг Захиргаа, санхүү удирдлагын газар болгон өөрчилсөн зүйл байхгүй бөгөөд Захиргаа, санхүү удирдлагын нэгжийн үндсэн голлох чиг үүрэг нь эдийн засгийн тооцоо судалгаанд суурилсан санхүүгийн бүртгэл, үүний дотор төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хуваарилах, зарцуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих бөгөөд тус нэгжийн даргын албан тушаал, ажлын байрны зорилго нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, санхүү төсвийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, мөн тус албан тушаалд тавигдах шаардлага нь нийгэм, хүмүүнлэг, төрийн удирдлага, санхүү, бизнесийн удирдлага байна. 

Иймээс Л.А-н Тамгын газрын нэр өөрчлөгдсөн, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж байгаа нь үндэслэлгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс итгэмжлэлээр эрх олгосны дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч анх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, дахин тушаал гаргахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар, 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг тус тус хүчингүй 

болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хүсэлт гаргасан өдрийг хүртэлх буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” хэмээн нэмэгдүүлэн тодорхойлсон тул энэ хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэлээ. 

Нэг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар, 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилохыг даалгуулах шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч Л.А нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар чөлөөлөгдөж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 597 дугаар шийдвэрээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон байна. Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6421 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 137 тоотоор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тогтоон, энэ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхийг хариуцагчид мэдэгдсэн байдаг. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд нэхэмжлэгчийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй байсан нь ийнхүү тогтоогдож байна. 

Гэтэл  хариуцагч  Гэр  бүл,  хүүхэд,  залуучуудын  хөгжлийн  газрын  дарга шүүхийн шийдвэрийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр биелүүлэхдээ огноо, дугаарыг хуурамчаар үйлдэж, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар тушаалаар түүнийг Тамгын газрын даргын албан тушаалд томилсноор, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосноор тушаал гаргасан байна. Энэ нь шүүхийн үзлэгээр буюу тус газрын 2017 оны тогтоол, тушаал, захирамжийн бүртгэлийн “83”, “89” дугаарт өмнө нь бичигдсэн тушаалын бүртгэлийг арилгагчаар дарж, “Б/83”, “Б/89” дугаар тушаалуудыг нөхөж бүртгэснээр, мөн тус газрын бичиг хэргийн ажилтны компьютерийн D дискний “Bayanjargal-/2016Баянжаргал-/2017JOB/-2017Tushaal/-BTushaal/-Томилох” файл доторх “л.а” нэртэй файл нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны Пүрэв гаригт оройн 7:37 цагт анх үүсгэгдсэн, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны Баасан гаригт өдрийн 12:13 цагт  засвар хийгдсэн төлөвтэй, мөн уг файл доторх “а” нэртэй файл нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны Баасан гаригт өдрийн 12:17 цагт анх үүсгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний Даваа гаригт өдрийн 11:46 цагт засвар хийгдсэн төлөвтэй байгаагаар тогтоогдож байна.    

Ийнхүү хариуцагч Л.А-г 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Тамгын газрын даргын албан тушаалд томилохдоо тушаалаа 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөр огноолон, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүүхэд асрах чөлөө олгохдоо тушаалаа 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсноос үүдэн нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн ... төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.” гэж зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож авах эрх нь, улмаар “энэ хугацаанаас хойш хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан” гэх шалтгаанаар ажилдаа үргэлжлүүлэн ажиллах эрх зөрчигдсөн байдаг. 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар төрийн жинхэнэ  албан  хаагчийн  хөдөлмөрийн  харилцаатай  холбоотой  уг  хуулиар 

зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн суурь харилцааг, тухайлбал эмэгтэй хүний хөдөлмөрийн харилцаа, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, ажил албан тушаал хэвээр хадгалагдах зэрэг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. 

Л.А нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан амаржсаны амралт хүссэн, харин хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргаагүй байхад, түүнчлэн жирэмсний амралтаа ч эдлээгүй, хүүхдээ төрүүлээгүй байх хугацаанаас тооцон 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон нь нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны амралт эдлэх хуулиар олгогдсон эрхийг  зөрчсөний дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх “ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэсэн заалтад нийцээгүй байна. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 597 дугаар шийдвэрээр Л.А-д ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалин олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэсний дагуу нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснийг 2017 оны 12 дугаар сарын 22-нд ажил олгогчийн харьяалах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тайлагнаж, энэ үндэслэлээр Л.А-н гаргасан хүсэлтийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн 2-т зааснаар тэтгэмжийн даатгалд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон сайн дураар даатгуулсан хувь хэмжээнээс 70 хувиар тооцож өмнө нь олгогдсон жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар буцаан төлүүлснээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх сэргэсэн байна. 

Хариуцагч нь ийнхүү жирэмсний болон амаржсаны амралт эдлүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалтаар олгогдсон  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй хүүхэд асрах чөлөө  хүсээгүй  байхад  чөлөө  олгож,  улмаар  бүтцийн  өөрчлөлтөөр  орон  тоо хасагдсан хэмээн ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй гэсэн нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдана” гэж заасныг зөрчиж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 597 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэн боловч биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээр дүгнэгдсэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөр огноологдсон бодитой хэрэгжих үр дагавар үүсгээгүй Б/83 дугаар тушаалаар томилсныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй.

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/176 тушаалаар батлагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Тамгын газрын нэгжгүй, Тамгын газрын даргын албан тушаалын орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр түүнийг уг албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй хэмээх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Учир нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн төлөө үндэсний газрын бүтцийн Тамгын газар болон тус нэгжийн даргын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт дахь тухайн ажлын байранд тавигдах шаардлага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар батлагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтэц дэх Тамгын газар болон тус нэгжийн даргын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт дахь тухайн ажлын байранд тавигдах шаардлага ижил, энэ талаар дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэл болж дүгнэгдсэн, мөн энэ чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/176 тушаалаар батлагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц дэх Захиргаа, санхүү удирдлагын газрын даргын чиг үүрэгт хэвээр байх бөгөөд тухайн ажлын байранд тавигдах шаардлага төдийлөн өөрчлөгдөөгүй байна. 

Тухайлбал, нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон албан тушаал болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар батлагдсан бүтэц дэх, тус газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/03, 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолт бүхий Тамгын газрын даргын албан тушаал нь “холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлж удирдан зохион байгуулах, албадын үйл ажиллагааг уялдаа холбоо, удирдлагаар хангах, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, агентлагийн даргыг бүх талын мэдээллээр шуурхай хангах” үндсэн чиг үүрэгтэй, түүний шууд удирдлагад Хуулийн алба, Санхүү, аж ахуйн алба, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Гадаад харилцааны алба зэрэг албадын дарга нар, хүний нөөц, судалгаа мэдээлэл, архив, дотоод үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, олон нийттэй харилцах, хамтын ажиллагаа, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ, төсөл хөтөлбөр, гадаад харилцаа, түншлэл, дотоод асуудал, хууль эрх зүй, салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан мэргэжилтнүүд, ахлах болон тооцооны нягтлан бодогч, үйлчилгээний ажилтнууд харьяалагддаг,  уг ажлын байранд “нийгмийн багш, менежмент” мэргэжилтэй байх шаардлага тавигдаж байсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/176 тушаалаар батлагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц дэх Захиргаа, санхүү удирдлагын газрын даргын ажлын байр нь мөн л “байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, байгууллагын хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, санхүү, төсвийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, агентлагийн даргыг бүх талын мэдээллээр хангах” чиг үүрэгтэй, түүний шууд удирдлагад хүний нөөц, санхүү, аж ахуй, төлөвлөлт, үр дүнгийн гэрээ, төсөв хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, дотоод ажил, албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан мэргэжилтнүүд, ахлах болон тооцооны нягтлан бодогч, үйлчилгээний ажилтнууд ажилладаг, уг ажлын байранд “нийгэм, хүмүүнлэг, төрийн удирдлагын мэргэжилтэй байх” чухал шаардлага, “нийгмийн багш, менежмент, санхүүгийн удирдлагын мэргэжилтэй байх” шаардлага тавигдаж байна.  

Өөрөөр хэлбэл тус газрын бүтцийн Тамгын газар гэсэн нэгж Захиргаа, санхүү удирдлагын газар болон өөрчлөн зохион байгуулагдсан хэдий ч тус нэгжийн чиг үүрэгт өмнө нь санхүү төсвийн үйл ажиллагааг удирдлагаар хангах чиг үүрэг байсан, Санхүү, аж ахуйн алба нь Тамгын газрын нэгжид багтдаг, Тамгын газрын даргын шууд удирдлагад ахлах болон тооцооны нягтлан бодогч 

харьяалагдаж байсан, санхүү төсвийн үйл ажиллагааг удирдлагаар хангах дээрх чиг үүргээс гадна байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, албадын үйл ажиллагааг уялдаа холбоо, удирдлагаар хангах, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, агентлагийн даргыг бүх талын мэдээллээр шуурхай хангах чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул “Тамгын газар гэсэн нэгжгүй болж, Тамгын газрын даргын орон тоо хасагдсан” гэж үзэхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна.   

Өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, албан тушаалын нэр томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байх тул орон тоо хасагдсан гэж үзэхгүй. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь тодорхой эрхийн хязгаарлалттайгаар төрд алба хашиж буйн хувьд “төрийн байгууллага ... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” баталгаагаар хангагдах эрхтэй байдаг. 

Иймд дээрх үндэслэлүүдээр “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаар, 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилохыг даалгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Хоёр. Ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хүсэлт гаргасан өдрийг хүртэлх буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаас үзэхэд Л.А нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр амаржсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар тэрээр жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт эдлэх ба энэ нь 2017 

оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл байх тул хуулиар олгогдсон жирэмсний болон амаржсаны амралтад хамаарах хугацаанд ажил олгогчийг ажиллуулах үүрэгтэй байсан гэж, нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэж үзэхгүй. Түүнчлэн энэ хугацаанд хамаарах жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийгмийн даатгалын сангаас олгогдсон байх тул давхардуулан цалин олгох үндэслэлгүй, энэ хугацаанд цалингаас тооцон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, бичилт хийх мөн үндэслэлгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болохыг, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн томилсны дараа тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан хүүхэд асрах чөлөө хүсэж хүүхдээ 3 нас хүртэл нь асрах, мөн хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан эсхүл өөрөө хүсвэл хугацаа дуусахаас өмнө ажилдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.2, 104 дүгээр зүйлийн 104.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/83, 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Л.А-г урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд шинэ бүтцийн дагуу эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хүсэлт гаргасан өдрийг хүртэлх буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА