Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, С.Г,

Нэхэмжлэгч: “Ю” ХХК,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл ““Ю” ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоосугай” гэснийг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 802 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, С.Г нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2021/0425/З

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.1, 16.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл ““Ю” ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоосугай” гэснийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ